Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/357

 

 

 

 

 

 

 

 

 2022       03          10                                   2022/ШЦТ/357

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

          Улсын яллагч Л.Галав,

          Хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч Т.Э,

          Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг шүүх 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 5, нөхөр, хүү, бэр, ач охины хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин хотхоны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, И овогт С.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Б нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 234.200.042 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг завшиж, иргэн Ч.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: “...Хүүхдүүд болон нөхөр нь байнга архи уудаг, ажлаа байнга тасалдаг байсан учир ажлаас гаргаж байсан. Гомдолтой байгаа. Нийт Хохирол төлбөрөөс 1.872.000 төгрөг төлсөн... Надаас гадна хохирсон олон хүн байгаа. Бид хамтдаа гомдол өгөх гэсэн боловч Баянзүрх дүүрэг дээр хүлээж авахгүй байсан. Тус тусын дүүрэг дээр өг гэж байсан. Хохирсон олон хүнийг болон тэдгээрийн ар гэрийг хэцүү байдалд оруулсан. Хэрэг хийчхээд хариуцлагаа хүлээх болохоор бусдаар өрөвдүүлэх гэж байгаа нь буруу. Тэр мөнгийг олох гэж олон хүн хичээж байдаг. Би дөрвөн хүүхэдтэй. Тэр мөнгийг буцааж төлөх гэж маш их зовж байна. Ийм байдал гаргачихаад яагаад бусдаар өрөвдүүлэх ёстой юм бэ гэж бодож байна...” гэв.

 

   Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хавтаст хэргээс хохирогч Ч.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-39-42/, гэрч Ч.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-48-50/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-69-73/, “Улиастай ван аудит” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 256/2020 дугаартай дүгнэлт /хх-79-81/, С.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-116-118/, шүүгдэгч С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-202/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас, шүүгдэгч С.Б-гийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

  Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Б нь Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 234.200.042 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг завшиж, иргэн Ч.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б-ийн өгсөн: “...Манайх хувиараа 2015 оноос хойш жижиг ахуйн бараа гадуур захуудаар борлуулж байгаа. 2017 оны 5 дугаар сараас нагац эгч С.Б борлуулагчаар ажилд авсан. 2017 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын 20-ны хооронд ажиллаж байх хугацаандаа бараа зөвшөөрөлгүй зээлээр гаргаж, мөнгийг нь надад тушаалгүй залилан мэхэлж өөрөө авч завшсан байсан. Бүр заримдаа харилцагчгүй хаяг дээр хүртэл бараа гаргаж өөр газар зарж борлуулан мөнгийг нь завшдаг байсан. Барааныхаа тооцоог өөрийнхөө 000000000000 тоот болон нөхөр П.П-гийн 0000000000 тоот данс руу хийлгэдэг байсныг өнгөрсөн 6 дугаар сарын 1-ний өдөр мэдсэн. С.Б эгчид сард 800.000 төгрөг, нөхөр П-д сард 300.000 төгрөгөөр цалинжуулдаг. Шилжүүлэх хүмүүс нь над руу шилжүүлж, бэлнээр өгснийг нь С.Б эгч надад хүлээлгэж өгдөг юм. С.Б эгч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс анх эхэлсэн байгаа юм. Энэ хугацаанд 227 удаагийн үйлдлээр нийт 235.904.020 төгрөг надаас залилан авсан. Захиалсан газруудаас мөнгөө нэхэхээр цаг хугацаанд нь өгчихсөн гэж хэлэхээр нь мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-39-42/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Б-ийн өгсөн: “... С.Б миний нагац эгч. С.Б эгч борлуулагч, нөхөр П нь манаачаар ажилладаг байсан. Тэднийх манай эгчийн хашаанд амьдардаг байсан. Өнгөрсөн 4 дүгээр сард намайг Ч.Б эгчийнд ирэхэд С.Б эгчийг бараа материал завшиж залилаад явсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-48-50/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд: “... Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтууд нь шинжилгээний объектын шаардлагыг хангаж байна. “ Улиастай ван аудит” ХХК-ний 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 256/2020 тоот шинжээчийн дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр борлуулагч С.Б-гийн хариуцаж байсан бараа борлуулалтын тооцоог тулган шалгахад иргэн Ч.Бээс 3.899.282.440 төгрөгийн бараа хүлээн авснаас тушаасан мөнгө нийт 3.483.891.608 төгрөг, бараа буцаалт 152.017.690 төгрөг, бусад зардал 29.173.100 төгрөг хасагдаж, 234.200.042 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох борлуулагч С.Бгийн хариуцсан түгээлтийн тайлан, борлуулалтын зарлагын баримт, харилцагчдын дансны хуулга зэрэг санхүүгийн баримтуудыг үндэслэн дансны үлдэгдэл тогтоогдож байна. Мөн иргэн Ч.Б, иргэн С.Б нар нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар батлуулсан өр барагдуулах гэрээг байгуулсан байна. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд борлуулагч С.Б нь 234.200.042 төгрөгийн үлдэгдлийг хариуцахаар байна. Харин зээлээр өгсөн гэх үйлдлийг нотлох харилцагчдын тооцоо нийлсэн акт болох санхүүгийн баримт шинжилгээнд ирээгүй тул харилцагчдад зээлсэн эсэх, ямар аргаар завшсан зэрэг үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээнд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээ, тушаал зэрэг хөдөлмөрийн харилцааны баримтууд ирээгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд иргэн С.Б нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Бийн түгээлтийн борлуулагчаар ажиллаж байсан байна ..." гэх дүгнэлт /хх-69-73/,

 

          “Улиастайн ван аудит” ХХК-ий 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 256/2020 дугаартай аудитын тайлан /хх-79-81/,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн төрсөн эгчийн охин болох Ч.Б-ээс уучлалт гуйж байна, мөн хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /2хх-116-2хх-105/,

 

           Шүүгдэгч С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-202/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч С.Б нь Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 234.200.042 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг завшиж, иргэн Ч.Б-т их хэмжээний хохирол учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг завших идэвхитэй хөдөлгөөн байна. Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдсэн буюу захиран зарцуулсанаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг. Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Шүүгдэгч С.Б-гийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 234.200.042 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг завшиж, иргэн Ч.Б-т их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 234.200.042 төгрөгөөс 1.872.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 232.328.042 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч С.Б-г дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.О-ийн зүгээс: “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Өршөөлд үзүүлэх хуульд хамруулж өгнө үү...” гэх тайлбарыг гарган мэтгэлцжээ.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамруулахгүй...” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийн тайлбар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И овогт С.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас 232.328.042 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-т олгосугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

                              

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС