| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01872/И |
| Дугаар | 2160 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2160
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Кёкүшюү цамхаг 16 дугаар давхарт байрлах “Дэлхийн чимээ медиа групп” ХХК /РД:5850355/-д холбогдох
24 661 020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дэлхийн чимээ медиа групп” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 11 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 16 440 680 төгрөгийн шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг хүргүүлснээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаас ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд “Дэлхийн чимээ медиа групп” ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 16 440 680 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 8 220 340 төгрөг, бүгд 24 661 020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ууган-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Дэлхийн чимээ медиа групп” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хажидмаа шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “Дэлхийн чимээ медиа групп” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж барагдуулсан тул бидний эзгүйд шүүх хуралдааныг хийж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Дэлхийн чимээ медиа групп” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын төлбөрт 24 661 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хажидмаа нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болох тул нэхэмжлэгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Дэлхийн чимээ медиа групп” ХХК-д холбогдох 24 661 020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН