Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 2022        03           17                                   2022/ШЦТ/400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт М-н А-д холбогдох эрүүгийн 00000 00000 0000 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух хаягтай,

Сэлэнгэ аймгийн сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5-д тус тус зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 4 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, А овогт М-н А.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хамт архи ууж байсан О.Э-тай маргалдаж, нүүр, шүд хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт, 1,2 шүдний буйлны цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч О.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Г.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2563 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-33-34/, М.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-7-8/, шүүгдэгч М.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-51-52/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.А-ын согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хамт архи ууж байсан О.Э-тай маргалдаж, нүүр, шүд хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт, 1,2 шүдний буйлны цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Э-ын өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхнэр, хүүхдийнхээ хамтаар 13 цагийн үед эхнэрийн найз болох Б-гийн гэрт очиж цай уухаар очсон. Бид хэд байж байтал Б-гийн нөхөр болох А-ын найз нь эхнэртэйгээ ирсэн. Бид хэд хоол цай идчихээд архи ууцгаасан. Бид хэдийг 22 цагийн үед архи ууж байтал А-ын эхнэр нь 1 шил архи аваад нуучихаар нь А эхнэрээсээ архиа авах гээд очихоор нь манай эхнэр араас нь очоод “Аоо болно” гээд хэлтэл манай эхнэртэй муудалцаад байхаар нь би уурлаад “одоо болно оо бөөнөөрөө хэрүүл хийхгүй байя” гээд хэлтэл А гараараа миний толгой руу 1 удаа цохисон. Удалгүй манай найз ирээд би явахаар болоод гэрийнх нь гадаа явах гээд манай эхнэрийн куртик байхгүй болохоор нь би эхнэрийгээ куртикээ авчих гээд манай эхнэр хаалгыг нь цохитол А хаалгыг нь онгойлгоод гарч ирээд А миний шүд рүү 2 удаа цохиод гэр рүүгээ яваад орсон. А-ын эхнэр нь архи уулгахгүй гээд нуучихаар нь А архиа авна гээд хэрэлдээд байхаар нь манай эхнэр очиж, болно гээд хэлтэл манай эхнэр рүү уурлаад дайраад байхаар нь би өмнөөс нь болж намайг согтуудаа зодож, цохих болсон.” гэх мэдүүлэг /хх-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-гийн өгсөн: “...Манай нөхрийн найз эхнэрийн хамт манай гэрт ирсэн. Бид нар хөзөр тоглоод хоол идээд, эрэгтэй хүмүүс 2 шил архи уусан ... А-ын найз нь тоглоод Э-тай маргалдаад байсан тэр үед А ирээд найзыгаа өмөөрч Э-ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон, өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2563 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. О.Э-ын биед зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт, 1,2 дугаар шүдний буйланд цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүдээс зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт, 1,2 шүдний буйлны цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.  

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.А-ын яллагдагчаар өгсөн: “...М Д-тэй маргалдсан тэгээд М Э- нар маргалдаад Э- гэрээс гараад явсан. Удалгүй Э- буцаж ирээд гэрээс хувцас ханараа авах гэж буцаад ирж байхад нь байрны үүдэнд тааралдаад би Э-ын нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-7-8/,

Шүүгдэгч М.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-51, 52/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.А-ын согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хамт архи ууж байсан О.Э-тай маргалдаж, нүүр, шүд хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт, 1,2 шүдний буйлны цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Хохирогч О.Э нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч М.А-ын зүгээс бэлнээр 600.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар М.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А овогт М-н А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар М.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС