| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02505/И |
| Дугаар | 2162 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 2В дугаар байр, 66 тоотод оршин суух, Мэргэд овогт Найдангийн Батмөнх /РД: ТЗ43090110/-ийн нэхэмжлэлтэй,
Төрсөн он, сар, өдөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1942 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 8 дугаар багт Найдангийн 1 дүгээр хүү болон төрсөн бөгөөд 1-10 нас хүртэл эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 1952 онд Сүхбаатар хотын 7 жилийн дунд сургуулийн 4 дүгээр ангийг 1956 онд төгссөн. Намайг анх төрөхөд эцэг эх Васил гэдэг орос нэр өгсөн бөгөөд энэ нэрээр бага сургуульд орж, 1956 онд 4 дүгээр анги төгсөхдөө ангийн багш орос нэртэй хүүхдүүдийг анга хамт олноороо хэлэлцэж Батмөнх гэсэн нэр өгсөнөөр энэ нэрээр нэршиж ирсэн. Мөн ээж намайг ид ногоо ургаж байхад төрсөн гэж хэлсэн тул миний төрсөн он, сар, өдөр 1942 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болж байна. Хожим сургууль төгсөөд Хэнтий аймгийн Батширээтийн модны үйлдвэрт томилолтоор очиж ажиллахад хотын иргэний үнэмлэхийг хураан авч Хэнтий аймгийн иргэний үнэмлэхээр сольж, 1942 онд төрсөнийг 1943 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэж буруу бичигдсэн байсан. Иймд намайг 1942 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батмөнх нь төрсөн он, сар, өдөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Батмөнх нь 1942 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 8 дугаар багт төрсөн болох нь Архивын Ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03/02/1290 дугаар, мөн өдрийн 03/02/1292 дугаар лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 357/015237 дугаар, 357/015238 дугаар, 357/015239 дугаар, 357/015250 дугаар, 357/015240 дугаар лавлагаа болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 7 жилийн дунд сургуулийн 005272 дугаар гэрчилгээний “...Найдан овогтой Батмөнх бол 10 насандаа Сүхбаатар хотын бага сургуульд 1952 онд орж, 1956 онд онц сайн сахилга баттайгаар 4 дүгээр ангийг төгсөв” гэх бичиглэл болог нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрчилгээнд зааснаар нэхэмжлэгч нь 1952 онд 10 насандаа дунд сургуульд элсэн орсоноос үзвэл түүнийг 1942 онд төрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Н.Батмөнхийг 1942 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөнийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мэргэд овогт Найдангийн Батмөнх нь “1942 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн” болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН