Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2021/1221/Э/220/2022/0333 |
Дугаар | 2022/ШЦТ/304 |
Огноо | 2022-03-01 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/304
2022 03 01 2022/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
Улсын яллагч Л.Төгсжаргал,
Шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, эрэгтэй, нас 39, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлснийг хүчингүй болгож, 640 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, С овогтой Ю.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Г.Г-эд “арматур зээлээр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Г.Гийг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын хаан банкны салбараас 00000000 дугаарын данс уруу 6.700.000 төгрөг шилжүүлснийг авч, Г.Г-эд 6.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Хөвсгөл аймагт “Оюу толгойн далд уурхайд ажилд оруулж өгнө” гэж хуурч, Л.Б-гаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, Б.Ц-гаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, О.Ч-оос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, Х.З 2020 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, Х.М-аас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 7.500.000 төгрөгийг хохирол учруулж залилсан, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 27 дугаар байрны 302 тоотод Т.А-гийн хүү Б.А-г Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч, 2.450.000 төгрөг шилжүүлэн авч Т.А-д 2.450.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Ө.Б-г Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж, Г.Ө-ын “Хаан” банкан дахь 0000000000, 0000000000тоот данснуудаар дамжуулан Д.Э-аас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг “Хаан” банкан дахь өөрийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Э 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан, 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн хажууд байхдаа “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, бүртгэл нь дуусах гэж байгаа учраас яаралтай мөнгөө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар А.Г-ыг төөрөгдөлд оруулсны улмаас А.Г нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.200.000 төгрөг “Хаан” банкны 0000000000 гэсэн дансаар шилжүүлэн авч, бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр П.Ц-г “миний том машин Хөшөөт суманд байгаа би жолооч олчихлоо урьдчилгаа мөнгө шилжүүлчих, манай жолооч яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.000.000 төгрөгийг өөрийн 0000000000 дугаарын данс уруу шилжүүлэн авч, П.Ц-д 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Д-д “...ачаа ачиж өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Д-д 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51 дүгээр байрны 913 тоотод оршин суух Л.Б-г “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, Л.Б-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 50а байрны 22 тоотод Р.С-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ” гэж хуурч, нийт 6 удаагийн гүйлгээгээр 882.500 төгрөгийг “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, Р.С-д 882.500 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Д.З-г “Өмнөговь аймагт том машины зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгүүлсний улмаас хохирогч 7.559.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.З-д 7.599.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ю.О-г “Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авч байгаа, 3 шланз арматурын төмөр ачуулаад өгнө, 1 тонныг нь 1.600.000 төгрөгөөр тооцож, 1.920.000.000 төгрөг болж байна. Урьдчилгаа 25.000.000 төгрөг, үлдсэн мөнгөнд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авъя. Арматур төмөр найдвартай ачуулаад ирнэ, гэрээгээ арматур төмрөө ирсний дараа байгуулъя, эхний ээлжинд урьдчилгаагаа шилжүүлчих гэж” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 25.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 0000000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, Ю.О-д 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний буюу нийт 60.071.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Э мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй... Шүүгч, прокурор, хохирогч нараас уучлалт гуйж байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй...” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хавтаст хэргээс хохирогч Ю.О-ын өгсөн мэдүүлэг /1хх-17-18/, гэрч Т.М өгсөн мэдүүлэг /1хх-31-32/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /1хх-17/, хохирогч П.Ц өгсөн мэдүүлэг /2хх-1/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /2хх-14/, хохирогч Г.Г-ийн өгсөн мэдүүлэг /2хх-84-85/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /2хх-108/, хохирогч Т.А-гийн өгсөн мэдүүлэг /2хх-197/, гэрч Б.А-н өгсөн мэдүүлэг /2хх-198/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /2хх-221-242/, хохирогч Д.Э-н өгсөн мэдүүлэг /3хх-96-97/, гэрч Г.Ө-ын өгсөн мэдүүлэг /3хх-98/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /3хх-110/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /3хх-111-120/, хохирогч А.Г-ын өгсөн мэдүүлэг /3хх-214/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /3хх-208/, хохирогч Л.Б-гийн өгсөн мэдүүлэг /4хх-32/, хохирогч Б.Ц-гийн өгсөн мэдүүлэг /4хх-38/, хохирогч Х.З-ын өгсөн мэдүүлэг /4хх-44/, хохирогч О.Ч-н өгсөн мэдүүлэг /4хх-49-50/, хохирогч Х.М-ын өгсөн мэдүүлэг /4хх-56-57/, гэрч Х.Г-н өгсөн мэдүүлэг /4хх-70-71/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-101-108/, хохирогч Д.З-ийн өгсөн мэдүүлэг /4хх-167-168/, гэрч А.Ц-ын өгсөн мэдүүлэг /4хх-172/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-77-78/, хохирогч Р.С-ын өгсөн мэдүүлэг /4хх-211/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-201/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-202-205/, хохирогч Б.Д-ийн өгсөн мэдүүлэг /5хх-23/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /5хх-26/, хохирогч Л.Б-ийн өгсөн мэдүүлэг /5хх-59-60/, гэрч Н.Л-ийн өгсөн мэдүүлэг /5хх-78/, гэрч Б.С-ын өгсөн мэдүүлэг /5хх-76/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /5хх-88/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /5хх-97/, хохирогч О.Ч-ийн гаргасан тайлбар /5хх-158/, Х.З-д хохирол төлбөр төлсөн тухай баримт /5хх-168/, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /5хх-170/, хохирогч Б.Д-д хохирол төлбөр төлсөн тухай баримт /5хх-177/, шинээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн тухай баримтууд, захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ бүхий 26 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний буюу нийт 60.071.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Ю.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ю.О-г “Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авч байгаа, 3 шланз арматурын төмөр ачуулаад өгнө, 1 тонныг нь 1.600.000 төгрөгөөр тооцож, 1.920.000.000 төгрөг болж байна. Урьдчилгаа 25.000.000 төгрөг, үлдсэн мөнгөнд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авъя, арматур төмөр найдвартай ачуулаад ирнэ, гэрээгээ арматур төмрөө ирсний дараа байгуулъя, эхний ээлжинд урьдчилгаагаа шилжүүлчих гэж” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 25.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 0000000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, Ю.О-д 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.О-ын өгсөн: “...Ю.Э-тэй ярилцахад өөрийгөө “Петровис” ХХК-нд ажилладаг, түлшнийхээ оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1000 тонн төмөр авна, өнөө маргаашгүй авна бэлэн болсон байгаа, надад 3 шланз байгаа тэр автомашинаар арматурын төмөр ачуулаад ирнэ, та надад урьдчилгаа 25.000.000 төгрөг өгчих, 20.000.000 төгрөгийг нь нэг хүнд өгнө, 5.000.000 төгрөгийг нь тээврийн зардалд өгнө” гэхээр нь ярьсан үгэнд нь итгэж, найз Г.Н-аас 25.000.000 төгрөг асууж, Ю.Э гэх хүний өгсөн “Хаан” банкны 0000000000 тоот дансанд шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.М өгсөн: “...О ахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрт бартераар арматурын төмөр олох хүн байна” гэхэд О ах “тэгвэл наад хүнтэй чинь уулзъя” гэсэн. Тэгэхээр нь бид нар хоорондоо холбогдож байгаад уулзахаар болж “Хөсөг” Трейд ХХК-ны гадаа уулзаж, Ю.Э, О ах хоёр арматурын төмрийн талаар наймаагаа ярьж байгаад салаад явсан...Тэрнээс хойш 2 хоногийн дараа над уруу О ах яриад “нөгөө Ю.Э рүү арматурын төмрийн урьдчилгаа гэж 25.000.000 төгрөг шилжүүлсэн чинь арматурын төмөр нь Дарханаас ирдэггүй” гэхээр нь “бараагаа хараагүй байж яагаад мөнгө өгсөн юм бэ” гээд Ю.Э рүү залгаад “мөнгө төгрөгийг нь авчихаад арматурын төмрийг нь яагаад өгөхгүй байгаа юм бэ” гэхэд Ю.Э нь “Дархан-Уул аймагт арматурын төмрийг ачуулах гээд байна, нэг хүн ирээд гарын үсэг зурах юм бол манай 2 автомашин ачих гээд бэлэн зогсож байна” гэсэн. Тэрнээс хойш гар утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,
Ю.Э-гийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 5099012131 данснаас 25.000.000 төгрөгийг “otgonbataas, armaturiin une 00000000” гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байна...”/1хх-17/ зэрэг болно.
2. Шүүгдэгч Ю.Э нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр П.Ц-ыг “миний том машин Хөшөөт суманд байгаа би жолооч олчихлоо урьдчилгаа мөнгө шилжүүлчих, манай жолооч яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.000.000 төгрөгийг өөрийн 0000000000 дугаарын данс уруу шилжүүлэн авч, П.Ц-ад 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ц-ын өгсөн: “...Би сая хөдөө орон нутагт өвс нийлүүлэх тендерт оролцоод Баянхонгор аймаг уруу өвс нийлүүлэх тендер авсан юм. Тэгээд өвсөө Баян-Өлгий аймгийн “Ногоон нуур” сумаас Баянхонгор сумын Онцгой байдлын газарт нийлүүлэх болсон юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгаас өвс татахад унаа хэрэгтэй болсон ба хөлсөлнө гээд өөрийн “Purew Bataa” гэсэн фейсбүүк хаягаас зар оруулсан. Удалгүй 00000000 гэсэн дугаараас иргэн Ю.Э “миний унаа буюу том машин Ховд аймгийн Хөшөөт суманд байгаа ба тэр машиныг аваад жолооч олоод өвсөө ачаад Улаанбаатар хотод машин аваад ирнэ” гэхээр нь би тэр хүнд хандан “надад жолооч олдохгүй та өөрөө зохицуул” гэж хэлсэн. Тэгээд байж байхад тэр дахиад гар утаснаасаа залгаад “би жолооч олчихлоо урьдчилгаа буюу түлшний 2.000.000 төгрөг шилжүүлчих манай жолооч яваад очно” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нийт 4.000.000 төгрөгөөр тохироод би урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5131028920 дугаарын данснаас иргэн Ю.Э-н 0000000000 дугаарын данс уруу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ю.Э дахиж гар утас уруу залгаад “энд бас нэг том машин байна ханиндаа яваад очъё, урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би өөрийн данснаасаа Ю.Э-гийн данс уруу шилжүүлсэн. Энэнээс хойш машин ирэхгүй 3 хоног болохоор нь Ю.Э-гийн гар утас уруу залгаад “машин яагаад ирэхгүй байна” гэхэд “машин очиж байгаа, замдаа жаахан саатсан юм шиг байна, маргааш машин очихгүй бол мөнгийг чинь эргүүлээд шилжүүлнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-1/,
П.Ц-ын эзэмшлийн “Хаан” банкны 5131028920 дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0000000000 дугаарын данс уруу 2.000.000 төгрөгийг “ows achaa yridchilgaa” гэсэн утгаар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 0000000000 дугаарын данс уруу 2.000.000 төгрөгийг “ows achaa yridchilgaa” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байна...”/2хх-14/ зэрэг болно.
3. Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Г.Г-д “арматур зээлээр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Г.Г-ийг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын “Хаан” банкны салбараас 0000000000 дугаарын данс уруу 6.700.000 төгрөг шилжүүлснийг авч, Г.Г-д 6.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ю.Э-тэй “барилгын арматур зээлээр олдох уу” гэж утсаар ярилцахад “Багануур дүүрэгт манай найз Г нь арматурын үйлдвэртэй дүү нь өөрийн компанийн нэр дээр 1 сарын хугацаатай авч өгье” гэж байсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн орой над уруу залгаад “бичиг баримт бүрдүүлэхэд 700.000 төгрөг хэрэгтэй байна яаралтай шилжүүлчих” гэхээр нь би 700.000 төгрөгийн 350.000 төгрөгийг нь өөрийн “Голомт” банкны 1905134846 тоот данснаас Ю.Э-гийн 0000000000 тоот данс уруу шилжүүлж, үлдсэн 350.000 төгрөгийг хүний дансаар шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “над уруу өглөөний 09 цагаас өмнө 6.000.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би хүнээс мөнгө зээлээд тэр хүнийхээ данснаас Ю.Э-гийн 0000000000 тоот данс уруу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш холбогдоход арматур ачуулаагүй юм. Мөн би Багануур дүүрэгт очиж асуухад Г гэх нэртэй захирал огт байхгүй гэсэн юм. Тэгээд Ю.Э-тэй ярихад “та буруу сонссон байна, би удахгүй аваачиж өгнө. Одоо арматур ачиж байна” гэх зэргээр удаагаад байгаа юм...” гэх мэдүүлэг /2хх-84-85/,
Шүүгдэгч Ю.Э-гийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаарын харилцах дансны хуулга “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 0000000000 данснаас 350.000 төгрөгийг “gansuxees” гэсэн утгаар, 0000000000 дугаарын данснаас 350.000 төгрөгийг “150000 Г” гэсэн утгаар, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 0000000000 дугаарын данснаас 6.000.000 төгрөгийг “Арматур урьдчилгаа До-оос” гэсэн утгаар шилжүүлсэн байна...”/2хх-108/ зэрэг болно.
4. Шүүгдэгч Ю.Э нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 27 дугаар байрны 302 тоотод Т.А-гийн хүү Б.А Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч, 2.450.000 төгрөг шилжүүлэн авч Т.А-д 2.450.00 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.А-гийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын дундуур би Ю.Э гэгчээр өөрийн хүү Б.А-г Дотоод хэргийн их сургуульд оруулахаар ярилцаж тохиролцсон. Учир нь манай хүү уг сургуулийн оноогоороо тэнцсэн боловч өндрөөрөө хасагдсан юм. Тэгээд Ю.Э нь “манай хүүг Дотоод хэргийн их сургуульд оруулаад өгье” гэж над уруу ярьсан. Тэгээд би түүнтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин”-ын замын харалдаа машин дотор уулзаж ярилцсан. Тухайн үед эхний ээлжинд сургалтын төлбөрийг нь өгчих гэж ярьж байсан. Тэгээд би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр сургалтын төлбөр болох 1.500.000 төгрөгийг..., 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Ю.Э хүүхдийн чинь сургуульд оруулахад хэрэгцээтэй юм байна 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байр 305 тоот гэртээ байхдаа өөрийн 000000000 гэсэн данснаас Ю.Э гэгчийн 0000000000 гэсэн данс уруу 300.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөдөө хээр байна дугуй хагарчихлаа 50.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь...мобайл банкаар 50.000 төгрөг шилжүүлсэн...2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ю.Э нь надад танай хүүхдийн сургуульд орох нь одоо бүртгэж байна. Ерөнхий газраас зөвшөөрөл ороод ирвэл болох гээд байна. Сургууль нь оюутнуудаа аваад хээрийн сургалтад яваагүй учраас хээрийн сургалтад явсан болгох хэрэгтэй байна 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байр 305 тоот гэртээ байхдаа өөрийн 0000000000 гэсэн данснаас Ю.Э гэгчийн 0000000000 гэсэн данс уруу 300.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн...2020 оны 9 дүгээр сарын сүүлээр хэзээ гэдгийн нь сайн санахгүй байна. Ю.Э нь сургуулийн хувцасны мөнгө гэж надаас 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь би тухайн үедээ хөдөө Өвөрхангай аймагт байсан тул өөрийн хүү А-эд найз Долгормаагийн дансаар 300.000 төгрөг шилжүүлэн тухайн үед манай хүү Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх АТМ-аас Ю.Э гэгчийн 0000000000 гэсэн данс уруу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш Ю.Э нь надтай холбоотой байсан удахгүй бүтнэ гэж хэлж байсан боловч сургуулийн эхний семестрийн хичээл дууссан. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын сүүлээс өөрийн өгсөн мөнгийг нэхэхэд утсаа авахаа больсон... Надад нийт 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан...“ гэх мэдүүлэг /2хх-197/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.А-ийн өгсөн: “...Энэ хугацаанд би Ю.Э гэх хүнтэй хэд хэдэн удаа уулзсан. Тухайн хүн намайг нэг удаа Дотоод хэргийн сургуулийн гадаа аваачаад “би хүнтэй уулзана” гээд намайг гадаа нь орхиод өөрөө уулзаад гарч ирэхдээ “надад болчихлоо” гэхээс өөр зүйл хэлээгүй. Харин түүнээс хойш надтай уулзахдаа миний бичиг баримтыг бүрдүүлж байгаа, хөөцөлдөж байгаа гэдэг байсан. Мөн сүүлд надаас миний хувцасны размерыг асууж байсан. Тэгээд байж байтал 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай ээж над уруу 300.000 төгрөгийг хүний дансаар шилжүүлнэ, Ю.Э-гийн данс уруу хий гэхээр нь би тухайн өдрөө Ю.Э гэгчийн 0000000000 гэсэн данс уруу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ТБД андууд”-ын АТМ-аар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-198/,
Шүүгдэгч Ю.Э-гийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 0000000000 данснаас 1.500.000 төгрөгийг “altansuh” гэсэн утгаар, 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 0000000000 дугаарын данснаас 300.000 төгрөгийг “ariunaa” гэсэн утгаар, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 0000000000 дугаарын данснаас 50.000 төгрөгийг “ariunaa” гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг “А-” гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр 13-ны өдөр 300.000 төгрөгийг 5501002184 дугаарын данснаас “ariunaa” шилжүүлсэн байна...”/2хх-221-242/ зэрэг болно.
5. Шүүгдэгч Ю.Э нь Ө.Б-г Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж, Г.Ө-ын “Хаан” банкан дахь 0000000000, 0000000000тоот данснуудаар дамжуулан Д.Э-аас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг “Хаан” банкан дахь өөрийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Э 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Э-гийн өгсөн: “...Аав нь заавал хүүгээ хууль сахиулахын их сургуульд оруулна гэж зөрсөөр байгаад Ю.Э гэх хүнтэй холбогдоод Б-г хууль сахиулахын их сургуульд оруулж өгөхөөр тохиролцоод тэр хүн рүү мөнгө шилжүүлэхээр болсон. Тэгээд миний группийн тэтгэмжийн дэвтрийг “Хаан” банкан дээр тавиад 1.800.000 төгрөг авсан. Тэгээд нөгөө Ю.Э гэх хүнтэй холбогдоод 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 0000000000 дугаарын данс уруу манай талийгаач нөхөр өөрийнхөө данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дахиад тэр хүний данс уруу 830.000 төгрөг шилжүүлсэн. Мөн маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ю.Э гэх хүний данс уруу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай хүү Б-г Улаанбаатар хот уруу Хууль сахиулахын Их сургууль дээр хүрээд ир гэж дуудсан. Манай хүү тус сургууль дээр очиход “би одоо очиж байна, байж байгаарай” гэж утсаар яриад уулзаагүй. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөгөө Ю.Э гэж хүн манай талийгаач нөхөртэй утсаар яриад “мөнгө хэрэгтэй байна 50.000 төгрөг шилжүүл” гэхээр нь дахиад нөгөө данс уруугаа 50.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахиж яриад “одоо сургууль руугаа хүрээд ир бараг л бүтлээ, багш нарыг нь хоол унданд оруулна 450.000 төгрөг явуул” гэхээр нь Ю.Э-гийн данс уруу 450.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ тэр Ю.Э гэх хүний данс уруу 2.480.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш Ю.Э гэж хүн утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /3хх-96-97/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ө-ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Ю-гийн Э гэх хүнтэй 80706666 гэсэн дугаараар холбогдож тухайн үед манай хүүхдийг Хууль сахиулахын их сургуульд гэж тохиролцон эхлээд надаас урьдчилгаа мөнгө гэж 1.000.000 төгрөг авсан бөгөөд уг мөнгийг би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 25 минутад Ю.Э-ийн 0000000000 дугаарын данс уруу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр нэг хүнтэй уулзсан чинь ахиад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд намайг мөнгө шилжүүл гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12 цаг 49 минутад Ю.Э-гийн 0000000000 дугаарын данс уруу 830.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ю.Э гэх хүн утсаараа холбогдоод 150.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 16 цаг 34 минутад Ю.Э-ийн 0000000000 дугаарын данс уруу 150.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Ю.Э-ийн 80706666 дугаарын утсаар холбогддог байсан бөгөөд одоо хүүхдийн чинь сургуулийн асуудал бүтэж байна. Тушаал нь удахгүй гарах гэж байна гэх мэтээр надтай ярьдаг байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ю.Э гэх хүн утсаараа холбогдоод 50.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 17 минутад Ю.Э-ийн 0000000000 дугаарын данс уруу 50.000 төгрөг шилжүүлсэн. Ю.Э нь надаас мөнгө авчихаад л одоо болох гэж байна, хүүхдээ Улаанбаатар хот уруу явуулчих гэж яриад явуулахаар өөр ажилтай амжихгүй болчихлоо гэж хэлээд, эсвэл цаашаа хүнээр мөнгө дамжуулж байгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд дахиад 450.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 50 минутад Ю.Э-ийн 0000000000 дугаарын данс уруу 450.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш дахиж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь явуулаагүй бөгөөд хүүхдийн чинь сургуулийн асуудал бүтэж байгаа гэж хэлээд мөнгө ч байхгүй, сургууль ч байхгүй намайг залилаад одоо холбогдохгүй алга болсон...Анх надад өөрийгөө танилцуулахдаа цагдаад ажилладаг гэж ярьж байсан...нийт 2.480.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-98/,
Г.Ө-ын эзэмшлийн “Хаан банк”-ны 0000000000 дугаарын дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 7-нй өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг тус тус Ю.Э-ийн 0000000000 дугаарын данс уруу шилжүүлсэн тухай баримт /3хх-110/,
Шүүгдэгч Ю.Э-ийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг Г.Ө-ын 0000000000 дугаарын данснаас шилжүүлсэн тухай баримт /3хх-111-120/ зэрэг болно.
6. Шүүгдэгч Ю.Э нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн хажууд байхдаа “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, бүртгэл нь дуусах гэж байгаа учраас яаралтай мөнгөө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар А.Гыг төөрөгдөлд оруулсны улмаас А.Г нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.200.000 төгрөг “Хаан” банкны 0000000000 гэсэн дансаар шилжүүлэн авч, бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Г-ын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр уг оруулж өгнө гэсэн хүнтэй 3 дугаар эмнэлгийн хажууд очиж уулзахад бүртгэл дуусах гээд байна чи яаралтай мөнгөө өг гээд эхний 1.500.000 төгрөг авсан. Тэгээд өөрөө Дотоод хэргийн дарга ч билүү менежер гэх хүнтэй уулзчихсан байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүн хоолонд оруулах хэрэгтэй байна мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэхэд бүтнэ гэж хэлсэн бөгөөд би дүүргийн эмнэлгийн хажууд машинаа угаалгаж байхдаа 1.500.000 төгрөг 0000000000 гэсэн “Хаан” банкны данс уруу шилжүүлж өгсөн юм. Тэгээд би тохирсон өдрийн өглөө буюу 2020 оны 8 дугаар сарын 21-ний орой 17 цагт сургуулийн гадаа уулзъя гэсний дагуу очиж хүлээхэд уг хүн ирээгүй. Утсаар нь холбогдохоор бүтэхгүй болчихсон буцааж мөнгийг чинь шилжүүлнэ гээд алга болчихсон учир цагдаагийн байгууллагад хандсан...Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэсний дагуу уг хүнд өөрийн дансаар 3 удаагийн гүйлгээгээр 2.700.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-214/,
А.Г-ын эзэмшлийн 5920448836 дугаарын дансны хуулгаар 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг Ю.Э-ийн 0000000000 дугаарын данс уруу шилжүүлсэн тухай баримт /3хх-208/ зэрэг болно.
7. Шүүгдэгч Ю.Э нь Хөвсгөл аймагт “Оюу толгойн далд уурхайд ажилд оруулж өгнө” гэж хуурч Л.Бгаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, Б.Цгаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, О.Чоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, Х.З 2020 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, Х.М-аас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 7.500.000 төгрөгийг хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б-гийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын эхэн үед над уруу С гэж хүн 89823019 дугаарын утсаар яриад “Оюутолгойн далд уурхайд ажилтан авна гэж байна Эхний ээлжинд 2.000.000 төгрөг өгчихвөл ажилд оруулж өгье гэж Ю.Э гэдэг хүн хэллээ. Чи нөхрөө ажилд оруулах юм уу” гэхээр нь би нөхрөөсөө энэ талаар асуухад ажилд оръё гэхээр нь би С гэж хүнтэй эргэж утсаар холбогдоод “энэ ямар учиртай хүн юм бэ” гэж асуухад Энх хүн урьд нь Завхан аймагт цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн гэж хэлсэн. Одоо Оюутолгойд хүн ажилд оруулж өгөхөд том нөлөөтэй хүн байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хадам эгч М-с 500.000 төгрөг зээлээд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг би хүүхдийнхээ хадгаламжаас 1.000.000 төгрөг гаргаж аваад нийт 1.500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ю.Э гэж хүний 0000000000 дугаарын “Хаан” банкны данс уруу шилжүүлсэн. Дараа нь энэ утсаа авахгүй ор сураггүй алга болохоор нь залилуулсан байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц-гийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай урд хашааны залуу болох С гэж хүн манай нөхөрт “Би Оюутолгойд ажилд орох болчихлоо” гэж надад хэлсэн. Цалин нь нэг сарын 4.000.000 төгрөг гэж байна. Одоо 2.000.000 төгрөгийг нь аваад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь ажилд орсны дараа өгч болно гэсэн. Би яриад 2.000.000 төгрөг өгөөд ажилд орохоор болчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд энэ хүнтэй холбогдоод ярьчих Оюутолгой компанид сайн таньдаг хүнтэй гэж байна лээ гээд 80706666 дугаарын утас өгөхөөр нь тэр хүн рүү ярьтал “Оюутолгой компанид манай найз А ажилладаг юм. Одоо хэдэн хүн ажилд авч байгаа. Өнөөдөр 15 цагаас өмнө 2.000.000 төгрөг шилжүүлчихвэл би 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэхэд Оюутолгойд ажилд оруулж өгье” гэхээр нь тэр хүнээс өөрийнх нь 0000000000 тоот дансыг өгөхөөр нь тэр данс уруу манай нөхөр, манай төрсөн аав Бямбажавын данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Э утасдаад “Ажил нь хойшилчихлоо 5 дугаар сарын 18-ны өдөр очоорой” гэх мэтээр худал зүйл ярьж хуурсаар байгаад 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр болохоор нь бид нар залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.З-ын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард манай хүү М-н ах Ж утсаар яриад манай хамаатны хүмүүс Оюутолгойн далд уурхайд ажилд орохоор болсон байна. Тэгтэл одоо дахиад нэг хүн дутуу байна гэж байна. М-г ажилд оруулчихъя та тэтгэврийн зээлээ аваад 1.300.000 төгрөг ажилд оруулж өгөх гэж байгаа хүн рүү явуулчихмаар байна гэхээр нь би “Хаан” банк ороод 1.440.000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад тэр мөнгөнөөсөө 1.000.000 төгрөгийг хүү М-г ажилд оруулж өгнө гэсэн Ю.Э гэж хүний данс уруу шилжүүлсэн. Тэгтэл удалгүй ажилд орох хугацаа нь хойшилчихлоо баярын дараа явуулж өгье гэж байна гээд ажилд орох хүмүүс нь эргээд ирсэн сурагтай байсан. Ер нь энэ маягаар байс хийгээд л ажилдаа явахаар боллоо Улаанбаатар хот уруу дуудаж байна гээд бөөнөөрөө явцгаагаад ямар нэг шалтгаан гарлаа хойшиллоо гэх зэргээр буцаж ирцгээх болсон. Тэгээд сүүлдээ ажилд оруулж өгөх нь худал боллоо удалгүй мөнгөнүүдийг нь буцааж өгье гэж хэлсэн байсан боловч одоог хүртэл мөнгийг нь өгөөгүй залилсан байна....” гэх мэдүүлэг /4хх-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ч-ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард манай эхнэрийн төрсөн ах Ц нь Оюутолгой компанийн хүний нөөцөд таньдаг хүнтэй болчихлоо. Тэр хүний маань төрсөн дүү нь А гэж хүн Оюутолгой компанийн далд уурхайн ерөнхий инженер хийдэг учраас ажилд асуудалгүй оруулж өгнө гэж байна гэдгийг сонссон. Тэгээд тэр ажилд хэрхэн орох талаар асуутал “Ю.Э гэх хүн байгаа, чи утсыг нь аваад яриад асуу” гээд 80706666 гэсэн утсыг өгөхөөр нь тухайн хүн рүү утсаар ярьтал манай А гэж хүн Оюутолгой компанийн далд уурхайн ерөнхий инженер хийдэг учраас би Оюутолгойн далд уурхайд хүмүүсийг асуудалгүй ажилд оруулж чадна. Ер нь бол ажилд оруулах ханш нь 3.500.000 төгрөг байдаг юм. Та нар эхний удаа урьдчилгаа болгож 1.500.000 төгрөг өгчих дараа нь ажилд ороод цалингаа аваад үлдсэн мөнгөө өгөөрэй. Хэрэв ажилд орохоор болвол би та нарын утас уруу нэг код явуулна та нар миний явуулсан кодыг мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь бичээрээ гэж хэлэхээр нь Ю.Э гэж хүний “Хаан” банкны 0000000000 гэсэн данс уруу 1.500.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр Ю.Э-ийн явуулсан кодыг бичиж явуулаад эргэж яриад мөнгө шилжүүлчихлээ. Энэ ямар утгатай код юм бэ гэж асуутал наад кодыг чинь ажлын ярилцлагад орохдоо хэлбэл шууд ажилд тэнцүүлж өгнө гэж хэлсэн. Тэгтэл удалгүй эргэж яриад ажилд ороход бүрдүүлэх материалын жагсаалт гээд эрүүл мэндийн цагаан хуудас, гурван үеийн намтар, өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолт, 4 хувь цээж зургийг бэлтгээд намайг дуудах үед Улаанбаатар хотод ажлын ярилцлагад ирж ор гэхээр нь бид нар явж очтол ярилцлага нь хойшилчихлоо учир нь цаг агаар муу байгаа учир орон нутгийн зам хаагаад онгоц нисэхгүй болсон байна. Одоо Оюутолгой компаниас ирж ярилцлага авах хүмүүс нь ирж чадахаа болилоо гэж хэлсэн. Энэ мэтээр удаа дараа худал хэлж өөрийгөө Оюутолгой компанид хүн таньдаг зэрэг нь бүгд худал бөгөөд зохиомол байдлыг зориудаар бий болгоод бид нарыг залилсан...” гэх мэдүүлэг /4хх-49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.М-ын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын үед манай хамаатны эгч Г гэж хүн надад Оюутолгой компанид найдвартай ажилд зуучлах хүн байна. Ажилд орохын тулд урьдчилгаа гэж 1.500.000 төгрөг шилжүүлэх ёстой юм байна. Чи тэр мөнгө төгрөгийг нь өгөөд ажилд орохоо бод гэж хэлэхээр нь би Г эгчийн ярианаас найдвартай хүн юм байна, итгэж болох юм байна гэж бодоод эхнэртэйгээ ярилцаж байгаад өөрийнхөө “Хаан” банкны 0000000000 тоот данснаас Ю.Э-ийн 0000000000 тоот дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга хэсэгт нь нэр утасны дугаараа явуултал бид нар уруу 4 оронтой тоо явуулаад энэ тоог ажлын ярилцлагад орохдоо үзүүлбэл шууд тэнцүүлнэ гэж хэлсэн. Дараа нь Г гэж хүн надтай ярихдаа 14 хоног хүлээж бай. Тэгээд Оюутолгойд ажилд оруулах юм байна гэж хэлсэн. Тэгтэл 14 хоног хүлээгээд хариу ирэхгүй байхаар нь дахиж холбогдтол ажилд оруулж өгөх хүмүүс ажилтай завгүй байгаа юм байна хүлээж бай гэхээр нь бид нар хүлээсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бид нарыг Улаанбаатар хотод яваад ир, ажлын ярилцлагад оруулъя гэхээр нь бид нар яваад очтол бас л утсаа авахгүй алга болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа бид нарыг дахиад Улаанбаатар хот уруу дуудаад Оюу толгой компаниас хүмүүс ирсэн. Маргааш өглөө 10 цагт “Өргөө” кинотеатрын үүдэнд цугла гэхээр нь бид нар “Өргөө” кинотеатрын гадна очоод нэг цаг орчим хүлээтэл Ю.Э явж ирээд Оюутолгой компаниас ирсэн хүмүүс нь энд ирээд залгана гэсэн гээд үдээс хойш болтол хүлээлгэсэн боловч хүн ирээгүй. Тэгтэл Ю.Э нь “би асуучихаад ирье” гэж хэлээд тэр чигтээ утсаа авахгүй явсан. Ер нь энэ мэт байдлаар бид нарыг олон удаа хуурч мэхэлсэн. Мөн өөрийгөө бид нарт цагдаагийн хурандаа цолтой хүн гэж танилцуулж ойлгуулсан...” гэх мэдүүлэг /4хх-56-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Г-ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын үед манай хүүхэд Ц надад хэлэхдээ Оюутолгой компанид найдвартай ажилд оруулдаг хүнтэй танилцсан ажилд орох хүн байвал оруулж өгч болно шүү гэж Сүхбаяр ах ярьж байна лээ гэхээр нь би энэ талаар тодруулахаар Сүхбаяртай холбогдон ажилд оруулж өгнө гээд байгаа Ю.Э гэж хүний утасны дугаарыг аваад холбогдтол “Би Оюутолгой компанид найдвартай ажилд оруулж өгнө. Худал хэлж байгаа асуудал огт биш. Би цагдаагийн хурандаа цолтой Ю.Э гэж хүн байгаа юм гэж ярихаар нь би итгээд хамаатныхаа М, О хоёрт хэлсэн. Тэгтэл тэр хоёр бас ажилд орохоор тохиролцоод Ю.Э гэх хүнтэй холбогдоод данс уруу нь мөнгө шилжүүлж залилуулсан байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл алга. Манай хүүхэд Ц мөн адил энэ хүнтэй холбогдоод ажилд орохоор залилуулсан. Би хүнд тус болж ажилд оруулах санаатай л хамаатныхаа хүмүүст зуучилж өгсөн. Гэхдээ энэ хүний залилан мэхэлж байна гэж огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /4хх-70-71/,
Шүүгдэгч Ю.Э-ийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаарын дансны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-101-108/ зэрэг болно.
8. Шүүгдэгч Ю.Э нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Д.З-г “Өмнөговь аймагт том машины зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгүүлсний улмаас хохирогч 7.559.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.Зд 7.599.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.З-ийн өгсөн: “..Би Өмнөговь аймагт “Ичован” ХХК ажилдаг. Манай байгууллагад 50 том оврын 100 тонны автомашины “Цагаан хадны” боомтоор урагшаа БНХАУ-ын хилийн боомтоор урагшаа БНХАУ-ын хилээр гардаг “С” зөвшөөрөл авах хэрэг гараад тэр хавиар хүнээс сураглахад 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Баярсайханы найз Жамцан Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Б гэх хүн дээр дагуулж очсон. Тэгэхэд Б гэж хүн гарч ирээд Жамцангийн машин дотор суугаад Ю.Э гэх хүн рүү залгаад чанга яригч дээр нь тавьж байгаад ярихад Ю.Э нь нарийн бичгээ 9 цаг хүртэл ажил дээр суулгаж байгаа наад хүмүүстээ машины жагсаалтыг Жи майл хаяг уруу хурдан явуул гэж хэлээ би гялс хэлээдэхье гэсэн. Би Б-ээс энэ хаана ямар ажил эрхэлдэг хүн бэ гэж асуухад Зам тээврийн яаманд ажилдаг гэсэн. Би зөвшөөрөл тэр хүнээс авахаар болоод Ж бид хоёр явж байхад Б Ж руу залгаад мөнгө нэхээд эхэлсэн. Тэгсэн Ж ажил бүтээсний дараа мөнгө өгнө гэж хэлсэн. Дахин дахин Ж луу залгаад байхаар нь би Б рүү залгаад наад Ю.Э гэх хүнийхээ дугаарыг өгчих гээд авсан. Би тэр Ю.Э гэх хүний 98118464 дугаарын утас руу өөрийн гар утсаараа залгаад та найдвартай гаргаж өгөх үү гэхэд би зам тээвэрт ажилладаг наадах чинь асуудалгүй гээд надаас 14 сая төгрөг нэхсэн. Би надад тийм их мөнгө байхгүй манай байгууллагын дарга нар зөвшөөрөл гарсны дараа өгнө гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн улсад тушаах мөнгөө заавал авна гээд байн байн залгаад за явуул мөнгөө яасан, би хүнтэй уулзах гээд байна гээд байсан. Тэгээд би өөрийн данснаас 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг 0000000000 дугаарын данс руу явуулсан. Маргааш нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ю.Э над руу залгаад ажил нь бүтэх гээд байна. Мөнгөө өг гээд байхаар нь байгаа нь энэ гээд 6.000.000 төгрөг өөрийн дүү Б.Цэрэнлхагвын данснаас 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн...Маргааш нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Цас мөнгө аваад дүүгийн 000000000 гэсэн данснаас 6.599.000 төгрөгийг Золоогоос гэсэн утгаар хийсэн...” гэх мэдүүлэг /4хх-167-168/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ц-ын өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Д.З яриад машины Өмнөговь аймагт “С” зөвшөөрөл гаргуулахаар болсон урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө асуусан. Тэгээд Золзаяагийн нөхөр машинаа барьцаанд тавиад 3.100.000 төгрөгөөр тавиад Золзаяа 1.000.000 төгрөг над уруу хийгээд нийт 4.100.000 төгрөг гаргаад би үлдсэн 3.500.000 төгрөгийг нь гаргаад би өөрийн дансаар 0000000000 дугаарын Ю-гийн Э-ийн данс уруу 7.599.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-172/,
“Хаан” банкны 0000000000 дугаарын дансны эзэмшигч нь Ю.Э бөгөөд дансны хуулгад 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 700.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг “золоогоос” гэсэн утгаар, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 6.000.000 төгрөг, 559.000 төгрөгөөр нийт 6.599.000 төгрөгийг “золоогоос 33м”, “13 онш золоогоос” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн баримт /4хх-77-78/ зэрэг болно.
9. Шүүгдэгч Ю.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 50а байрны 22 тоотод Р.С-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ” гэж хуурч, нийт 6 удаагийн гүйлгээгээр 882.500 төгрөгийг “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, Р.С-д 882.500 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.С-ын өгсөн: “...Би 2016 онд жолоодох эрхээ хасуулж байсан юм. Тэгээд машин тэрэг барих шаардлага нээх их гараагүй учраас эрхээ сэргээлгэх гэж хөөцөлдөж яваагүй юм. Саяхнаас машин тэрэг барих хэрэг гараад эрхээ сэргээлгэе гэж бодоод байж байхад “Э Т” гэх нэртэй хаягаас 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр сайн байна уу ахаа гээд юм бичсэн. Тэгээд би хариу өгсөн ба юм бичилцэж байгаад миний утасны дугаарыг надаас авсан. Ингээд маргааш орой нь миний 90001267 дугаар уруу 80706666 дугаарын утаснаас залгаад цагдаа Э байна гэхээр нь намайг таньдаг хүн байна гэж бодоод цааш нь ярихад манай найз лицензийн төвд ажилладаг юм аа одоогоор хүүхдийнх нь бие муу байгаа учраас мөнгөний хэрэг гараад байгаа юм байна. Үнэмлэхийн асуудалтай ангилал даруулах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ганц нэг юм байгаа. Би өөрөө хүртэл эрхгүй байгаа. Минийхийг янзлаад өгчих гэсэн чинь за ахаа таных бол асуудалгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь надтай холбогдоод 300.000 төгрөг өгчих орой үнэмлэхийг чинь аваад гэрт чинь очьё гэж хэлэхээр нь би эхнэр С-ын 000000000 дугаарын данснаас 0000000000 тоот Ю.Э-ийн данс уруу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хуурай дүү Б “Е” ангилал даруулах гээд 250.000 төгрөгийг, 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Мсүрэн ахын жолооны эрх нь сэргэсэн байсан жолооны үнэмлэхийг гаргуулах авахаар 50.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр М гэх утгаар дахин 50.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 150.000 төгрөгийг Төрөө гэх найзын үнэмлэхийг сунгуулахаар, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 82.500 төгрөгийг М үнэмлэхээ хаячихсан гаргуулахаар өгч байсан юм. Нийт 882.500 төгрөгийг Ю.Э-ийн данс уруу шилжүүлж байсан юм. Эдгээр мөнгөнүүдийг би бүгдийг нь өөрөөсөө гаргаж өгч байсан. Тэр үед хөл хорих гээд байна тэрнээс өмнө ажлыг чинь амжуулаад өгье хурдан мөнгөө шилжүүлчих гээд байхаар нь мөнгө шилжүүлээд байсан юм. Тэгээд хөл хорьсон чинь үнэмлэх хэвлэлт нь их болсон учраас амжсангүй, би өөрөө үйлдвэр дээр нь очоод ирлээ гэж хэлж байсан. Удалгүй хорио тавигдлаа тэгсэн чинь удахгүй гаргана ахаа гэж хэлж байсан ба 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хэвлэлтэд орох юм байна гэж надад дахин хэлээд хугацаа хойшлуулсан. Тэгээд л утсаар ярихаар нэг шалтаг шалтгаан хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахаа больсон учраас залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /4хх-211/,
Д.С-ын эзэмшлийн “Хаан” банкны 00000000 дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-201/,
Р.С-ын эзэмшлийн “Голомт” банкны 0000000000 дугаарын данснаас 582.500 төгрөг шилжүүлсэн тухай баримт болох дансны хуулга /4хх-202-205/,
10. Шүүгдэгч Ю.Э нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дд “...ачаа ачиж өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Д 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Д-ийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 54 тоот найзынхаа гэрт байж байгаад фейсбүүк цахим сүлжээнд Дорноговийн нэгдсэн зарын групп дээр “ачаа ачуулна” гэсэн зар тавьсан. Тэгээд удалгүй 0000000 дугаарын утаснаас миний 86106188 гэсэн дугаар уруу залгаад “ ачаа ачна одоо гарах гэж байна. 700.000 төгрөгөөр ачна. Урьдчилгаа 300.000 төгрөг өгчих тэгээд бараагаа хүргэж өгсний дараа үлдэгдэл 400.000 төгрөгийг нь авна ” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нягтлангийнхаа “Хаан” банкны 00000000000 тоот данснаас Ю- овогтой Э гэх хүний 0000000000 тоот данс уруу 300.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөгөө хүн маань миний барааг ачаагүй. Миний мөнгийг аваад алга болсон. Тэгээд би удаа дараа залгаад мессеж бичсэн боловч мөнгийг чинь буцааж өгнө гэсэн хариу өгдөг. Гэхдээ одоо болтол миний мөнгийг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /5хх-23/,
О.Аын эзэмшлийн “Хаан” банкны 000000000 дугаарын данснаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ю- Э-ийн 0000000000 дугаарын данс уруу 300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт болох шилжүүлгийн мэдээлэл /5хх-26/,
11. Шүүгдэгч Ю.Э нь 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51 дүгээр байрны 913 тоотод оршин суух Л.Б-г “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, Л.Б-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б-ийн өгсөн: “... 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 16 цагийн үед ээж Б-гийн утас уруу хуучны танил гэх Э Оюутолгойд 3 хүн ажилд оруулах гэсэн юм танд таньж мэддэг ойрын хүн байна уу? найдвартай оруулаад өгнө гэсэн тул ээж Б- хүргэн ах болох Б, баз хүргэн Л, манай найз А гэх 3 хүн рүү яриад Оюутолгойд хийх ажил байна гэж хэлсний дагуу тэр 3 зөвшөөрсөн тухай ээжээс мэдэж өөрөө сонирхож Э гэх хүнтэй нь түүний 00000000 дугаар уруу өөрийн 00000000 дугаараас залгаж холбогдон ямар ажил байгаа талаар сонирхож асуутал надад Ю.Э гэх хүн одоохондоо эрчим хүчний 3 туслах ажилтан хэрэгтэй байна. Сарын цалин 3 саяас эхэлж байгаа гэхэд би надад тохирсон бичиг хэргийн ажил байгаа юу гэж лавлаж асуухад одоохондоо бол тийм ажил байхгүй байгаа 2021 оны 5 дугаар сарын 20 дөхүүлж ажилдаа очихдоо хүний нөөцтэй уулзаад болгочихно гэхэд би намайг марталгүй байж байгаарай, би ямар ч байсан Оюутолгойд ажилтнаар орно шүү гэж хэлээд өөр зүйл ярьж байгаад тасалсан. Тэгээд тухайн өдрийн 17 цаг 20 минутын үед над уруу Ю.Э гэх хүн 80706666 дугаараас миний 0000000 дугаар уруу залгаж 2 ажлын орон тоо байна. Нэг нь “Оюутолгой”-д төлөвлөгөөний ажилтан, нөгөө нь “Моннис” ХХК-д бичиг хэргийн ажилтан байна гэхэд би Оюутолгойд ормоор байна цалин нь 4.500.000 төгрөг юм байна гэхэд Ю.Э тэгвэл оруулахад 2.500.000 төгрөг шаардлагатай байна. Тухайн мөнгийг хүний нөөцийн дарга Лхагвасүрэн гэх хүнд шилжүүлэх юм. Даваа гаригт Төв номын сангийн хойд талд байрлах Оюутолгойн оффис дээр хүрээд ирээрэй би хүний нөөцийн дарга Лхагвасүрэнтэй уулзаадахъя гээд одоо 17 цаг 30 минутаас өмнө мөнгийг нь хийчихмээр байна гээд над уруу миний фейсбүүк “Лувсандагва Баатарсүрэн” хаяг уруу “Э Т” нэртэй 0000000000 дугаарын данс, 0000000000 дугаарын данс явуулсан. Би эхний данс уруу 2.250.000 төгрөг өөрийн 5514005181 дугаартай данснаас шилжүүлж, 0000000000 дугаарын данс уруу 250.000 төгрөгийг шилжүүлж, нийт 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө авсны дараа Ю.Э гэх хүн над уруу 00000000 дугаараас миний 00000000 дугаарын утас руу залгаж мөнгө нь орчихсон байна. Даваа гаригт бичиг баримтаа бүрдүүлээд ирээрэй би өнөө орой хөдөө явна, морь уядаг юм. Хэдэн адуугаа эргэж ирэхээр хөдөө явлаа. Ням гаригийн орой би ирнэ гээд утсаа тасалсныхаа дараа ажилд ч оруулж өгөөгүй, мөнгө ч буцааж өгөөгүй өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /5хх-59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Л-ийн өгсөн: “...Би Ю-гийн Э гэх хүнийг танихгүй...Би хүлэмжийн гялгар уут, төмөр уяа, маниул, хар тор гэх мэт зүйлс хятадаас оруулж ирж зардаг. Би хөдөө орон нутагт унаанд хийж өгдөг. Хот дотор бол өөрөө хүргэж өгдөг, эсхүл таксигаар хүргүүлдэг. 2.225.000 төгрөгийн бараа нь зиг заг төмөр уяа, базагч хавчаар, гялгар уут гэх мэт зүйлс байсан байх. Би хэзээ хаана ямар байдлаар үйлчлүүлэгчдээ хүлээлгэж өгч байсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /5хх-78/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С-ын өгсөн: “...Би харж байсан хүн байна. 2021 оны 5 дугаар сарын эхээр манай гэрийн доорх дугуй засвар дээр надаас хүлэмжийн скоч авах гэж надтай уулзаж байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 9811-тэй дугаараас энэ хүн над уруу хүлэмжийн зам төмөр, гялгар бүрхүүл уут авмаар байна гэж надтай холбогдож байсан хүн ба би худалдаа хийхдээ заавал урьдчилгаа мөнгө явуулах шаардлагатай гэхэд надад бүх төлбөр 2.250.000 төгрөгийг 0000000000 гэсэн дугаартай данснаас манай нөхөр Л-н 0000000000 дугаарын данс уруу шилжүүлсэн. Тэгээд би захиалга болох хүлэмжийн зам төмөр , гялгар бүрхүүл уутыг түүнд хоёр хувааж түүнд нэг хэсгийг нь нөхөр Л-р, нөгөө хэсгийг нь хүргэлтийн компаниар хүргүүлсэн. Хилчин хотхоны урд байдаг шатахуун түгээх түгээх станц дээр бүх бараагаа Э гэх хүнд хүлээлгэн өгсөн. Дараа нь Э гэх хүн гялгар уутаа солиулмаар байна гээд байхаар нь хамаатны ах болох Бээр хүргүүлж гялгар уутаа солиулсан...Би Оюутолгой компанитай холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй...”гэх мэдүүлэг /5хх-76/,
Н.Л-ийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаарын дансанд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 0000000000 дугаарын данснаас 2.250.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /5хх-88/,
Шүүгдэгч Ю.Э-ийн эзэмшлийн “Хаан” банкны 0000000000 дугаарын дансанд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 250.000 төгрөг 0000000000 дугаарын данснаас шилжиж орсон тухай депозит дансны хуулга /5хх-97/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний буюу нийт 60.071.500 төгрөгийн хохирол учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Г.Г-д “арматур зээлээр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Г.Г-ийг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын хаан банкны салбараас 0000000000 дугаарын данс уруу 6.700.000 төгрөг шилжүүлснийг авч, Г.Гэд 6.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Хөвсгөл аймагт “Оюу толгойн далд уурхайд ажилд оруулж өгнө” гэж хуурч, Л.Б-гаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, Б.Цгаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, О.Чоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, Х.З 2020 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, Х.Маас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 7.500.000 төгрөгийг хохирол учруулж залилсан, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 27 дугаар байрны 302 тоотод Т.А-гийн хүү Б.А-ийг Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч, 2.450.000 төгрөг шилжүүлэн авч Т.Ад 2.450.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Ө.Б-г Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж, Г.Ө-ын “Хаан” банкан дахь 0000000000, 0000000000тоот данснуудаар дамжуулан Д.Э-аас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг “Хаан” банкан дахь өөрийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Э 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан, 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн хажууд байхдаа “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, бүртгэл нь дуусах гэж байгаа учраас яаралтай мөнгөө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар А.Г-ыг төөрөгдөлд оруулсны улмаас А.Г нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.200.000 төгрөг “Хаан” банкны 0000000000 гэсэн дансаар шилжүүлэн авч, бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр П.Ц-ыг “миний том машин Хөшөөт суманд байгаа би жолооч олчихлоо урьдчилгаа мөнгө шилжүүлчих, манай жолооч яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.000.000 төгрөгийг өөрийн 0000000000 дугаарын данс уруу шилжүүлэн авч, П.Цад 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Д-д “...ачаа ачиж өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн 0000000000 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Д-д 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51 дүгээр байрны 913 тоотод оршин суух Л.Б-г “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, Л.Б-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 50а байрны 22 тоотод Р.С-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ” гэж хуурч, нийт 6 удаагийн гүйлгээгээр 882.500 төгрөгийг “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, Р.С-д 882.500 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Д.З-г “Өмнөговь аймагт том машины зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгүүлсний улмаас хохирогч 7.559.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.З-д 7.599.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ю.О-г “Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авч байгаа, 3 шланз арматурын төмөр ачуулаад өгнө, 1 тонныг нь 1.600.000 төгрөгөөр тооцож, 1.920.000.000 төгрөг болж байна. Урьдчилгаа 25.000.000 төгрөг, үлдсэн мөнгөнд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авъя. Арматур төмөр найдвартай ачуулаад ирнэ, гэрээгээ арматур төмрөө ирсний дараа байгуулъя, эхний ээлжинд урьдчилгаагаа шилжүүлчих гэж” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 25.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 0000000000 дугаарын данс руу шилжүүлэн авч, Ю.О-д 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдэж, нэр бүхий 15 хохирогчид их хэмжээний буюу нийт 60.071.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ю.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний буюу нийт 60.071.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Ю.Э нь хохирогч Г.Г-д 6.700.000 төгрөг, Л.Б-д 1.500.000 төгрөг, О.Ч-д 500.000 төгрөг, Х.З-д 500.000 төгрөг, Х.М-т 1.000.000 төгрөг, Т.А-д 2.450.000 төгрөг, Б.Д-д 300.000 төгрөг, Л.Б-д 2.500.000 төгрөг нийт 15.450.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Э-гээс 44.621.500 төгрөгийг гаргуулан Б.Ц-д 2.000.000 төгрөг, О.Ч-д 1.000.000 төгрөг, Х.З-д 500.000 төгрөг, Х.М-т 500.000 төгрөг, Д.Э 2.480.000, Д.З-д 7.559.000 төгрөг, Ю.О-д 25.000.000, А.Г-д 2.700.000 төгрөг, Р.С-д 882.500 төгрөг, П.Ц-д 2.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Ю.Э дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ю.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.Э-ийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс яллагдагчаар 30 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогтой Ю.Э үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ю.Э 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ю.Э-ийн цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөс хасч, түүнд нийт 9500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ю.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ю.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Э-гээс 44.621.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д 2.000.000 төгрөг, О.Ч-д 1.000.000 төгрөг, Х.З-д 500.000 төгрөг, Х.М-т 500.000 төгрөг, Д.Э 2.480.000, Д.З-д 7.559.000 төгрөг, Ю.О-д 25.000.000, А.Г-д 2.700.000 төгрөг, Р.С-д 882.500 төгрөг, П.Ц-д 2.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ю.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч Ю.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ю.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС