Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

2021        12          24                                  2022/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0002/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ц.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балсан овогт Ц.А-д холбогдох эрүүгийн “2109008061418” дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, Этүгэн их сургуульд оюутан , ам бүл 5, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хэсэг Их Дарь Эхийн 10 дугаар гудамжны 247 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, 5-62 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Балсан овогт Ц.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 11 тоотод хохирогч Э.Гтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний гарыг хутгаар зүсэх, хамар хэсэгт цохих, түлхэж унагаах, дээрээс нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь аалзан хальс доторх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, зүүн хамрын таславчийн хугарал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. ” гэв.

Эрүүгийн 2109008061418 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Г-ийн “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баалаа гэх найзын хамт манай гэрт архи уусан. Үүний дараа Баалаа утсаар Итгэл, Лувсанбалдан нартай ярьж Цирк дээр уулзахаар болсон. Ингээд цирк дээр иртэл байхгүй учир байгаа газрыг нь асуутал А гэх найзындаа байна хүрээд ир гэж хэлсний дагуу бид хоёр 18-р байрны 11 тоотод очсон. Итгэл ухаангүй согтоод уначихсан байсан. Лувсанбалдан, Нямбаяр, А нар архи ууж байсан. Баалгаа бид хоёр тэр гуравтай хамт үргэлжлүүлэн архи ууж байтал А-ы хоёр найз гэх үл таних хүмүүс орж ирчихээд явах үед А гаргаж өгчсөн. Орж ирээд хаанаас авсан нь үл мэдэх хутга гаргаж ирээд над руу дарахаар нь зүүн гараараа хаатал миний зүүн гар зүсэгдсэн. Үүний дараа миний хамар руу гараараа цохиж хамраас цус гарсан. А намайг “цусаа угаа” гэж хэлэхээр нь угаалгын өрөө рүү орж цусаа угааж байтал араас орж ирээд ванн руу түлхсэн. Энэ үед би толгойгоороо савж унаад тархи эвгүй болсон. Тэгээд унасан байхад миний дээрээс хэд хэдэн удаа хүчтэй дэвссэн. Одоо миний толгой байнга өвдөж, хамар битүүрдэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 25 дугаар хуудас/

Гэрч Ч.Батбилэгийн “...Өглөө намайг бөөн юм болсон байдалтай Итгэл сэрээсэн. Тэр үед А, Г, Лувсанбалдангийн дүү нар байхгүй байсан. Тэгээд болсон явдлын талаар Гоос асуухад “А гэнэт хутга бариад босоод ирэхээр нь боль гээд барьж авсан” гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Ц.Лувсанбалдангийн “...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найз Аы гэрт орой 21 цагийн үед А, Итгэлтөгс, Өлзийбадрах нарын хамт дөрвүүлээ байж байхад Г Батбилэг нар Аы гэрт орж ирсэн. Тэгээд бид нар нийлээд Эден нэртэй архи хувааж уусан. Тэгтэл Батбилэг, Өлзийбадрах нар хоорондоо маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Намайг жижиг өрөөнд утсаар ярьж байхад нөгөө өрөөнд “наад хутгаа тавиач” гээд орилоод байсан. Дараа нь харахад Г гараа зүсчихсэн цусаа хисвэн дээр асгаруулаад яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.А-ы яллагдагчаар өгсөн: “...Г манай гэрт гараа зүсчихэд цусаа гоожуулаад яваад байхаар нь өргөж 00-н өрөө рүү оруулаад түлхтэл Г ванн руу унасан. Унасан байхад нь дэвсэж цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн“...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5696 дугаартай:  Э.Г-ийн биед аалзан хальс доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.А-ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Ц.А нь согтуугаар 2021.06.25-26-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 11 тоотод хохирогч Эрдэнэбаатарын Г-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн гарын алган тус  газар нь хутгаар зүсч, нүүр хамар хэсэгт нь цохих, түлхэж унагаан дээрээс нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь аалзан хальс доторх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, зүүн хамрын таславчийн хугарал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, харгис хэрцгий зан байдал нь нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.А нь хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Шүүх хуралд оролцохгүй. Хохирол төлбөрт 1.384.000 төгрөгийг авсан. Одоо гомдол саналгүй...” гэсэн байна.

Хохирогч Э.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар цаашид шүүгдэгч Ц.А-аас нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балсан овогт Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 /найман зуу/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу             800 000 /найман зуу/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Хохирогч Э.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ц.А-аас нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.А нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР