Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02297

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02297

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 014 байр, 6 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эмэгтэй, Булгатай овогтой Ламжавын Уранчимэг /РД:чз58011000/-ийн

 

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Уранчимэг, прокурор Н.Ням-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өвөө Ширнэнгийн Дүлзэн бөгөөд түүний төрсөн хүү Ламжавын охин нь би юм. Аав маань амьд ахуй цагтаа өвөө болон өвөөгийн дүүг хэлмэгдсэнийг олж авах гэж өргөдөл өгөөд өөрийн ааваа 1997 онд цагаатгуулаад, харин дүү Ш.Лувсанг нь олж чадаагүй билээ. Би үргэлжлүүлэн хөөцөлдөөд Ш.Лувсан ахыгаа олж авлаа. Одоо ач дүү нь мөн гэдгийг тогтоолгохоор холбогдох зарим бичгийг олж хавсаргав. Иймд намайг Ш.Лувсангийн ач дүү мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Прокурор Н.Ням-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад     

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь: 

 

Л.Уранчимэг нь тус шүүхэд Ширнэнгийн Лувсангийн ач дүү мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ “...Би Ш.Лувсантай садан төрлийн холбоотойг тогтоолгосноор улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Ш.Лувсангийн нөхөн олговорыг авах эрх үүснэ” гэж тайлбарлажээ.  

 

Л.Уранчимэг нь Ширнэнгийн Лувсангийн ач дүү мөн болох нь Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын харьяа, 68 настай гавж, Сэрээнэн /Ширнэн/-гийн Дүлзэн /Должин/-г цагаатгасан БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлал, Төв аймгийн Мандал сумын харьяа, 56 настай лам, Ширнэнгийн Ховоо хэмээх Лувсанг цагаатгасан БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар магадлал, Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын 7 дугаар багын 1933 оны бүртгэлийн талаарх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3333 тоот архивын магадлагаа, Дүлзэнгийн Ламжав нь Уранчимэгийн эцэг мөн болохыг тодорхойлсон Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45/026549 тоот лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.  

 

Иймд Булгатай овогтой Лхамжавын Уранчимэгийг 1938 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн Ширнэнгийн Лувсангийн ач дүү мөн болохыг тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан Булгатай овогтой Ламжавын Уранчимэгийг 1938 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн Ширнэнгийн Лувсангийн ач дүү мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ