Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 843

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан С.Д-ын нэхэмжлэлтэй,  ЗТХЯ ТНБД-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: С.Д

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, .. дугаар байрны .. тоот

            Хариуцагч: ЗТХЯ ТНБД   

            Хаяг: Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө-11, Засгийн газрын .. байр

Нэхэмжлэлийн шаардлага: “ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 335 дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрын хэмжээг  2018 оны 10 дугаар сарын 15-наас 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрөөр тооцож нийт цалин 11,015,019.9 төгрөг (үүнээс ЭМ, НДШ-ийн суутгал 1,120,117.8 төгрөг, ХАОАТ-ын 795,811.8 төгрөг, ЭМ, НДШ-ийн байгууллагаас төлөх 1,120,117.8 төгрөг, гарт олгох 7,978,972.6 төгрөг) болон Авто зам, засвар арчлалтын компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын нийт цалин 4,882,591.3 төгрөг (үүнээс ЭМ, НДШ-ийн суутгал 497,373.9 төгрөг, ХАОАТ-ын 307,117.7 төгрөг, ЭМ, НДШ-ийн байгууллагаас төлөх 497,373.9 төгрөг, гарт олгох 3,580,725.8 төгрөг) тус тус нийт 15,897,611.2 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Д миний бие Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа албаны ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үр дүнгийн гэрээгээ “Сайн”, “Маш сайн” үнэлгээтэй дүгнүүлж, төрийн өмнө хүлээсэн ажил үүргийг амжилттай биелүүлж ирсэн.

ЗТХЯ ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 335 дугаартай хууль бус тушаал гарган намайг ажлаас халсан учир уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.  Миний нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч Н.Д хянаж үзээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/Ш32018/7585 дугаартай захирамжаар дээд шатны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байна хэмээн үзэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Үүний дагуу миний бие Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уг 335 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай өргөдлийг гаргасан юм.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” хэмээн заасан байдаг. Миний бие Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаад хуулинд заасан хугацаанд ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Мөн энэхүү хугацаанд надаас өргөдөл шийдвэрлэлттэй холбогдуулан ямар нэгэн тодруулга огт аваагүй ба миний гаргасан өргөдөл ямар шатанд байгаа талаар нэг ч удаа мэдээлээгүй болно.

Энэхүү асуудлын талаар 2018 оны 12 дугаар сард өөрөө очиж тодруулахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гаргасан миний өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1302 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлийг “...түүгээрээ шийд” гэсэн агуулгатайгаар шилжүүлсэн байна.

Миний бие өөрөө тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тул энэхүү маргааныг салбар зөвлөлөөр шийдвэрлэх боломжгүй, тус салбар зөвлөлийн дарга буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2018 оны 08 дугаар сард чөлөөлөгдсөнөөс хойш дараагийн албан тушаалтан томилогдоогүй, албан ёсны гурван ч гишүүн нь ажлаас чөлөөлөгдсөн байгаа тул асуудлыг хэлэлцэх чадамжгүй хэмээн үзэж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны төв байгууллагад өргөдлөө гаргасан. Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу 30 хоногийн дотор өргөдлийн хариуг өгөхгүй байгааг миний хувьд өөр ашиг сонирхол явагдаж байна хэмээн үзэж байна.

Учир нь, миний эрхэлж байсан Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь маргаантай байгаа энэхүү хугацаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгын дагуу тус албан тушаалд “Удирдах ажилтны сонгон шалгаруулалт”-ыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар өөрийн цахим хуудсаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зарлажээ. Энэхүү асуудалтай холбогдуулан миний бие 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар зарласан “Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-ыг цуцалж өгөхийг хүссэн өргөдлөө Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж өгсөн боловч мөн л өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. Хариу өгөөгүйгээр барахгүй уг сонгон шалгаруулалтыг зарлан товлосон 21-ний өдөр нь зохион байгуулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргаар Я.М гэх хүнийг шалгаруулж, дүгнэлтийг үндэслэн ЗТХЯ ТНБД-ын тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс томилсон байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хугацаа дуусаж, энэ асуудлыг одоог хүртэл нэг мөр шийдвэрлээгүй тул шүүхээр эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

ЗТХЯ ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Мий 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар тушаалд намайг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж ажлаас халахдаа Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтууд болон Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.7-д заасныг тус тус үндэслэжээ. Тушаалын үндэслэл болсон холбогдох хууль, журмын зохицуулалтыг авч үзвэл:

1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалтад Төрийн нарийн бичгийн даргын хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах бүрэн эрхийг тодорхойлжээ.

2. Төрийн албаны тухай хуулийн /хуучин/ 26.1 -д "Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд, мөн 26.1.3-д “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан байна.

3. Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.7-д  “Албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол тухайн зөрчлийн шинж байдал, анх давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлийг сонгож, ногдуулна” гэж тус тус заасан байна.

Дээр дурдсан хуулиуд болон яамны Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг удирдлага болговол:

1. Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхэд хамаарах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх заалтыг үндэслэсэн байна. Гэвч ЗТХЯ ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.М уг тушаалд гарын үсэг зурсан нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байсан эсэхэд эргэлзэж байна. Р.М нь Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх нь хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй, тодорхойгүй байна.

            2. Тушаалд “албаны үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэснээс өөрөөр чухам ямар албаны үүргийг биелүүлээгүй вэ? гэдэг нь тодорхой бус, миний ямар үйлдэл, шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хуулийн эдгээр заалтуудыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулахад хүргэсэн болох нь уг тушаалд тодорхой тусгагдаагүй.

            3. Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.7 дахь заалтыг үндэслэвэл намайг ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын ямар эрхээ, хэрхэн ямар байдлаар хэтрүүлсэн, албаны ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хориглосон ямар заалтыг зөрчсөн эсэхийг нарийн шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэлийг ногдуулах байсан гэж үзэж байна. Гэтэл тушаалд энэ талаар ямар нэгэн үндэслэл, нотолгоо огт тусгагдаагүй төдийгүй, яамны зүгээс энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоосон зүйлгүй болно.

            4. Зам, тээврийн хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн холбогдох этгээдэд заавал мэдэгдэж баримтжуулах бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан хугацааг тоолно" гэснийг удирдлага болгож, надад ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгааг мэдэгдээгүй, албан ёсоор танилцуулалгүй, зөвхөн гаргасан тушаалыг надад гардуулж өгсөн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдэд захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхой заасан байна. Үүнээс онцолбол захиргааны акт нь үндэслэл бүхий байх ёстой ба үндэслэл болгож буй хуулийн заалтыг заавал тусгасан байх шаардлагатай, захиргааны акт нь холбогдогч этгээдэд заавал танилцуулагдсан байх ёстой. Гэтэл ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 335 дугаартай тушаалын үндэслэл нь тодорхойгүй байгаа бөгөөд миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан, тушаал гаргах гэж байгаа талаар надад албан ёсоор танилцуулалгүй ажлаас халсан тушаал гаргасан байгаа юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийн дагуу ЗТХЯ ТНБД-ын ажлаас чөлөөлсөн тушаалыг дээр дурдсан хуулиуд болон эрхийн актуудыг зөрчиж гарсан хэмээн үзэж хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Миний бие холбогдох хууль, журамд заасан аргачлалын дагуу ажилгүй байсан хугацааны цалин, олговроо ажлаас халагдсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тооцоолж үзэхэд Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгох нийт цалин 11,015,019.9 төгрөг бөгөөд үүнээс ЭМ, НДШ-ийн суутгал 1,120,117.8 төгрөг, ХАОАТ-ын 795,811.8 төгрөг, ЭМ, НДШ-ийн байгууллагаас төлөх 1,120,117.8 төгрөг, Гарт олгох 7,978,972.6 төгрөг болно. Үүний зэрэгцээ тухайн албан тушаалаа эрхэлж байх хугацаандаа “Өвө*******-АЗЗА”, “Х*******-АЗЗА”, “А*******-АЗЗА” ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг давхар эрхэлж байсан боловч Зам, тээврийн хөгжлийн яамнаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2018 оны 10 дугаар сарын сүүлээр хүргүүлсэн албан бичгийн дагуу намайг тус албан тушаалаас мөн чөлөөлсөн. Эдгээр Авто зам, засвар арчлалт хариуцсан Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалын цалин нь дээр дурдсан хугацаагаар тооцож үзэхэд нийт цалин 4,882,591.3 төгрөг бөгөөд үүнээс ЭМ, НДШ-ийн суутгал 497,373.9 төгрөг, ХАОАТ-ын 307,117.7 төгрөг, ЭМ, НДШ-ийн байгууллагаас төлөх 497,373.9 төгрөг, гарт олгох 3,580,725.8 төгрөг болно.

Иймд ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 335 дугаартай тушаал нь хууль зөрчиж гарсан, миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зөрчиж халдсан учраас түүнийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговор болох 15,897,611.21 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... иргэн С.Д-ын нэхэмжлэлтэй, ЗТХЯ ТНБДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй, тодорхойгүй байна.” гэжээ. Энэхүү шаардлага нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарах Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид Засгийн газрын тогтоолын энэхүү зохицуулалт нэгэн адил үйлчилнэ гэж ойлгогдож байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...албаны үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэснээс өөр чухам ямар албаны үүргийг биелүүлээгүй вэ гэдэг нь тодорхой бус миний ямар үйлдэл, шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хуулийн эдгээр заалтуудыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулахад хүргэсэн болох нь уг тушаалд тодорхой тусгагдаагүй...” гэжээ. ЗТХЯ ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26.1,-д "... албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг үндэслэн түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.

Учир нь Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.4.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтуудыг үндэслэн Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05/5636 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэн түүнд ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” тушаалаар албан тушаалын сарын цалинг 2 сарын хугацаатай 30.0 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсныг харгалзан ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг гаргасан болно.

Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам/-ын 14.7-д заасан Ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл нь түүний Зам, тээврийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б чөлөө олгон, улмаар тухайн өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй зам барилгын ажилд түүнийг удирдамжгүйгээр ажиллуулсан үйлдэл нь Төрийн Хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаартай тушаалыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасантай нийцүүлэн түүнд мэдэгдэж улмаар энэхүү сонсох ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч С.Д 2018 оны 10 дугаар сарын 04 ний өдөр уг асуудлаар тайлбар гаргаж байсан болно.

Мөн нэхэмжлэгч С.Д-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлд дурдсан "... гарт олгох 7,978,972.6 төгрөг гэсэн нь тус яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсээс гаргасан түүнд 2018 оны 10 дугаар сараас 04 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд олговол зохих тооцоотой зөрүүтэй байгаа буюу нэхэмжлэгчид дээрх хугацаанд гарт нь 7,133,474.36 төгрөг олгогдох тооцоолол гарсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3-д заасан “төрийн захиргааны албан хаагч болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан байх” гэж заасантай нийцүүлэн ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/5126 тоот албан бичгээр түүнийг чөлөөлүүлэхээр хүргүүлсэн.

Мөн нэхэмжлэлд “...Авто зам, засвар арчлалтын компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 4,882,591,3 төгрөг...” гэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг “ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно. Мөн “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7-д “... цалин хөлсний хэмжээг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, санхүү, эдийн засгийн байдлыг харгалзан Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно. Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна” гэж заасны дагуу тус яамнаас түүнд Авто зам, засвар арчлалтын компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалинг олгох үндэслэлгүй төдийгүй хариуцагчийн зүгээс гаргасан захиргааны актаа дэмжиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 335 дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай 355 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч С.Д-ыг ажлаас халж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Маргаан бүхий тушаалд дурдсанаар Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарласан. Тэгэхээр нэхэмжлэгч Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх үүрэг бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

Маргаан бүхий тушаалд дурдагдсан удаа дараа давтан зөрчил гаргасан талаар талууд өнөөдрийн шүүх хуралдааны үеэр дурдаж байна. Авилгатай тэмцэх газрын албан бичгээр нэг зөрчил нь тогтоогдож байна. Энэ талаар 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд энэ тушаалтай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр, хэн нэгэн энэ тушаалыг хүчингүй болгоогүй байхад шүүх өнөөдөр хууль бус байсан гэж үзэхгүй.

Авилгатай тэмцэх газрын албан бичигт нэг зөрчлийн талаар яриагүй гурван зөрчлийг дурдсан байгаа. Нэгдүгээрт, Худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж өөрийн эхнэрийн компанитай гэрээ байгуулсан, хоёрдугаарт: ийнхүү гэрээ байгуулахдаа гэр бүлийн буюу хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулж байгаагийн хувьд төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчлөө урьдчилж мэдэгдэх ёстой байсан. Гуравдугаарт, цалин, хөлс, орлого, гэр бүлийн гишүүний орлогыг бүрэн мэдэгдээгүй гэсэн зөрчил гаргасан. Энэ зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гол нь зөрчилд шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан.

Авилгатай тэмцэх газраас ирсэн энэ бичгүүд нь нэхэмжлэгч буюу тухайн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зохицуулалтын хүрээнд ажлаас халах хангалттай үндэслэл байсан. Гэвч тухайн үед Төрийн нарийн нарийн бичгийн дарга цалин хөлс бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ гурван зөрчилд 335 дугаар тушаалаар давхар шийтгэл ногдуулсан биш. Маргаан бүхий тушаалаар зөвхөн сүүлд гаргасан Ц.Б мэргэжилтэнд чөлөө олгосон зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан. Зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан зөрчил давтан гаргасан эсэхийг харгалзан үзэх ёстой.

Төрийн албаны тухай хуульд сахилгын шийтгэлгүй болох хугацааг 1 жил гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл 2018 оны 7 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулсан бол 2019 оны 7 дугаар сард сахилгын шийтгэлгүйд тооцогдоно. Энэ хугацаанд ямар нэгэн их, бага хэмжээний зөрчил гаргасан тохиолдолд үүнийг давтан зөрчил гэж үзнэ. Тэгэхээр давтан зөрчил гаргасан энэ байдлыг харгалзан үзэж Төрийн нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно, 10.1.1-д эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол, 10.1.2-т үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол, 10.1.3-д чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол гэж хуульчилсан. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага туслалцаа үзүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байх туслалцаа авч байгаа болон туслалцаа үзүүлж байгаа төрийн захиргааны байгууллагын аль аль нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын хувьд байгууллагыг төлөөлж туслалцаа үзүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Энэ харилцааг зохицуулж буй зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйл мөн. Тиймээс ажилтанд чөлөө олгох биш эрх бүхий байгууллагын туслалцаа үзүүлэх албан бичгийг үндэслэж Төрийн нарийн бичгийн дарга юм уу саяд, дэд сайд өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалаас хэтэрсэн бүрэн эрх байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Чөлөө олгосон гэж үзэж байгаа бол энэ асуудлаар чөлөө олгох эрх хэмжээ нэхэмжлэгчид байгаагүй. 1 өдрийн чөлөө олгох эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ямар тохиолдолд чөлөө олгох ёстойг Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан, 9.2-т нэг өдрийн чөлөөг нэгжийн дарга олгох ёстой гэдэгтэй маргахгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д 5 нөхцөлд нэг өдрийн чөлөө олгохоор заасан. Бөгөөд энэ 5 нөхцөлөөр чөлөө олгоогүй юм. Тэгэхээр чөлөө олгох эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд хэцүү юм. Ц.Б өөрийнхөө мэдлэгийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын зохих албан тушаалтны хүсэлтээр тухайн зам дээр очиж хяналт шалгалт, зөвлөгөө өгсөн. Үүнийг чөлөө өгсөн гэж үзэхгүй бөгөөд өөрийн бүрэн эрхэд хамаарах юм уу Зам, тээврийн хөгжлийн яамны чиг үүрэгт хамаарах асуудал гэдэг нь тодорхой, төрийн албан хаагчийн үүргээ хэрэгжүүлж ажилласан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Тиймээс энэ нь төрийн захиргааны байгууллагын харилцан туслалцаа үзүүлэх үүргийн хүрээнд зохих журмын дагуу процессыг хэрэгжүүлж эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэх байсан бөгөөд хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод энэхүү асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг байгаагүй. Энэ утгаараа өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх буюу Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан харилцан туслалцаа үзүүлэх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулийн энэ зохицуулалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдоно.

Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлүүд нь хоорондоо зөрчигддөг. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэрийг гаргуулах, маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Захиргааны акт илт хууль бус болох, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзсэн. Илт хууль бус захиргааны акт гэж хэн ч харсан ойлгомжтой, илт хууль бус шийдвэр гаргасныг ойлгох бөгөөд маргаан бүхий 335 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт биш.

Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлийг дурдсан боловч хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй юм. Магадгүй нэхэмжлэгч хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэх ёстой байсан, мөн хуулийн 47 дугаар үйлийг үндэслэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан шийдвэрийг гаргуулахаар буюу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх байсан.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байсан А*******-АЗЗА ТӨХК, Өвө*******-АЗЗА ТӨХК, Х*******-АЗЗА ТӨХК-иудын төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалын цалинг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

...Нэхэмжлэгч шуурхай хуралдаан болон газрын дарга н.Э өөрт нь 3 удаа хэлсэн гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан бөгөөд нэхэмжлэгч надад хэлсэн гэж хүлээн зөвшөөрч байна. ...Ц.Быг томилолтгүйгээр ажиллуулсан нь зөрчил гэж томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан Төрийн нарийн бичгийн дарга үзэж байна гэж нэхэмжлэгч ойлгосон талаарх тайлбараа гаргаж өгсөн.

...Төрийн нарийн бичгийн даргын тушаалд дурдсан өөрийн эрх мэдлээ давуулан хэтрүүлж зөрчил гаргасан, үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийг зөрчсөн гэж тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-д заасан сахилгын шийтгэлийг авахад тухайн төрийн албан хаагчийн зөрчлийн шинж байдал, давтан зөрчил гаргасан гэсэн зүйлтэй нийцэж байна.

...2018 оны 08 дугаар сард Ц.Быг томилолтгүйгээр ажиллуулсан зөрчил гаргасан. 2019 оны 09 дүгээр сард Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан дээр анх сөхөгдөж яригдсан, 10 дугаар сарын 04-ний өдөр тайлбар, мэдүүлэг бичгээр авсан. 10 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий тушаал гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан Засгийн газрын 1995 оны журмаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад зөрчлийн нийгмийн аюулын шинж байдал, хор уршиг, хохирол учирсан эсэх хамааралгүй юм. Нийгмийн аюулын шинж байдлын шалтгаан гэмт хэрэг юм уу зөрчил гэж үзнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

 ...Ц.Бын хувьд төрөөс баталгаагаар хангагдаж, цалин хөлс авч, татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж ажиллаж байгаа субъект. Төрөөс өөрт олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хэрэгжүүлэх ёстой. Нэгжийн дарга Зэвсэгт хүчний жанжин штабын эрх бүхий албан тушаалтан утсаар ярихад нь чөлөө олгох эрх хэмжээ байсан эсэх, чөлөө олгож, төрийн албан хаагчийн хувьд чөлөө авч ажилласны хувьд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан. ...Төрийн албан хаагчийг ажлын байрны тодорхойлолтод зааснаас гадуурх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж чөлөө олгохгүй. Энэ нь Төрийн байгууллагын хоорондын туслалцаа үзүүлэх үүргийн хувьд хэрэгжүүлсэн ажил байсан.

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалын тухайд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гаргасан байна.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төсвийн талаар баримтлах зарчмуудыг дурдсан байдаг. Авто зам засвар ашиглалтын компаниудын мөнгө төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Энэ мөнгийг хариуцагч би өгье, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэдэг үндэслэлийг олгох нь буруу бөгөөд энэ мөнгө төсвийн мөнгө юм. Тиймээс хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үндэслэлээр шүүх гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй, үүнд шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлах ёстой гэж үзэж байна. Тиймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь ажилтныг, төрийн албан хаагчийг томилж, чөлөөлөх, халах эрхтэй субъект мөн. Үүнтэй холбогдуулан ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөл ажиллах шаардлагыг хуулиар тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Төрийн нарийн бичгийн дарга, эрх бүхий төрийн албан хаагч, хүний нөөцийн мэргэжилтэн ч юм уу эдгээр субъектүүд шаардлагатай гэж үзвэл ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэх, шаардлагагүй гэж үзвэл Төрийн нарийн бичгийн дарга хуулийн олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хэнээс ч хамааралгүй, хэний ч санал, дүгнэлтгүйгээр шийдвэрлэх эрхтэй. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хүчингүй болгож өгнө үү гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээсээ улбаалж гардаг гэж үзэж байна. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын 4 дүгээр хуудасны 4 доголд 47.1.6 гэж байгаа. А*******-АЗЗА ТӨХК, Өвө*******-АЗЗА ТӨХК, Х*******-АЗЗА ТӨХК-иудын төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлыг хийсний төлөө авдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч энэ ажлыг хийгээгүй учир олгогдох ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулж эцсийн байдлаар ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрын гарт олгох 7,978,972.6 төгрөг, Авто зам, засвар арчлалтын компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалингийн гарт олгох 3,580,725.8 төгрөг, нийт 15,897,611.2 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон. Ажилгүй байсан хугацааны цалин олговрын хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцон нэхэмжилж, үлдсэн хугацааны цалин олговор болон бусад хохирлыг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж дараахь үндэслэлээр шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хууль нь /2002 оны/ “... төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, ... зохицуулах” зорилготой, энэ хүрээнд төрийн алба, төрийн албаны албан тушаалыг ”улс төрийн”, “захиргааны”, “тусгай”, “үйлчилгээний” гэж 4 ангилан, төрийн захиргааны болон төрийн тусгай албыг “төрийн жинхэнэ алба” гэж нарийвчлан тодорхойлжээ.

            Төрийн алба, албан тушаалыг ийнхүү ангилсан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг ялгавартай тогтоох хууль зүйн үндсийг тавьсан тул Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг бусад төрийн албан хаагчийн эрх зүйн байдлаас ялгавартай байдлаар хуульчлан тогтоосон байна. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 27 дугаар зүйлийн 27.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна мөн хуулийн 27.2-т заасан нэмэлт баталгаагаар мөн хангагдахаар хуульчилжээ. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Д-ын хувьд тус яаманд 2012 оноос эхлэн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар 10-ны өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан төрийн захиргааны албан тушаалтан байх бөгөөд төрийн албаны эрхэлсэн түшмэл ангиллын ТЗ-10 зэрэглэлтэй, Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Хариуцагчийн маргаан бүхий 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал[1] нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.7-д заасныг тус тус үндэслэж “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн ...  С.Д-ыг ... төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсугай” гэжээ.  Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “Хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” заалтаар Төрийн нарийн бичгийн даргад эрхийг олгохдоо “хууль тогтоомжид заасны дагуу” гэсэн нь хуулиас давсан хэмжээ хязгааргүй эрхийг эдлэхээр бус харин хууль тогтоомжид заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн тохиолдолд хуульд заасан дээрх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. 

Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 26.1.3. Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах заалтын хувьд. Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй байх урьдач нөхцөл тогтоогдсон тохиолдолд зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан мөн хуулийн 26.1.1-д “сануулах”, 26.1.2-т “Албан тушаалын цалингийн хэмээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.3-д “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах” гэж заасныг зөрчсөн гэх тайлбарыг хийж маргасан. Тайлбарын үндэслэлээ томилолт удирдамжгүйгээр тус яамны мэргэжилтэн Ц.Б ажлын нэг өдрийн чөлөө олгож, Дорноговь аймаг руу явуулсан, мөн Авилгатай тэмцэх газрын 2018 оны 05/5636 тоот албан бичгийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 206 тоот тушаалаар  С.Д-д албан тушаалын сарын цалинг 2 сарын хугацаатай 30 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан тул зөрчлийг давтан үйлдсэн гэж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан гэж мэтгэлцсэн.

Гэрч П.Дгийн мэдүүлэгт[2] “...  Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас үүрэг авч Дорноговь аймгийн Алтанширээ суманд хийгдэж байгаа хатуу хучилттай авто замын ажлыг очиж харсан, Ц.Быг таньдаг тул хувийн журмаар хамт явахыг гуйсан, би С.Д даргатай утсаар ярьж Ц.Быг явуулахыг гуйсан. Бид очоод замын ажлыг харж Ц.Б зөвлөгөө өгсөн, албан ёсоор шалгалт хийж, шаардлага тавиагүй...”, гэрч Ц.Бын[3] “... надаас мэргэжлийн зөвлөгөө өгөөч гэж хүссэн, тус газар очоод барилгын ажлын талбай дээр цуг явж ажилтай танилцсан ... энэ зам нь өөрөө тусгай зориулалтын зам баригдаж байгаа болохоор хэлтсийн даргыг мэдэж байх нь зүйтэй болов уу гэж цаасаар бичиж өгсөн ...”, нэхэмжлэгчийн тайлбарт[4] “...Батлан хамгаалах яам хариуцан Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр хүрэх авто замын барилгын ажлын явцтай танилцах зорилгоор явах гэж байгаа тул танай хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б 1 өдрийн чөлөө олгож өгнө үү, манайд авто замын мэргэжлийн хүн байхгүй тул өмнө нь хамтран ажиллаж байсны хувьд мэдэх учир мэргэжлийн зөвлөгөө авах зорилгоор хамт явах гэсэн юм гэх хүсэлт тавьсан ... Зам, тээврийн дэд сайдыг томилсон 08 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын тэргүүн, гишүүдээс дэд сайдад өгсөн үүрэг даалгавар дотор Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр хүрэх авто зам, төмөр замын барилгын ажилд онцгой анхаарал хандуулж ажиллах тухай заасан...”  гэжээ.

  Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэр хүрэх авто замын ажлын явцтай танилцах зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт дотоод аудитын газрын дарга, бригадын генерал Н.Д утсаар хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр Ц.Б нэг өдрийн чөлөө олгосон нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр албан тушаалаас нь халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. Учир нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эзгүй байсан тул тус газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Д орлон ажиллаж байсан үйл баримттай талууд маргадаггүй харин нэхэмжлэгчийг эрх хэмжээгээ хэтрүүлэн томилолт удирдамжгүйгээр яамны мэргэжилтэн Ц.Быг Дорноговь аймагт ажиллах нэг өдрийн чөлөө олгосон гэдэгтэй хариуцагчаас маргаж нэхэмжлэгчээс газрын даргыг түр орлон гүйцэтгэж байсны хувьд нэг өдрийн чөлөө олгох эрхтэй гэх тайлбарыг хийсэн. 

Хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд захиргааны байгууллагын харилцан туслах үүргийг хуульчилж, 10.1.2-т “үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол”, захиргааны байгууллага бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно” гэж заасны дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас бичгээр хүсэлтийг тус яаманд гаргаагүй боловч эрх бүхий албан тушаалтнаас тус штабт авто замын мэргэжлийн хүн байхгүй учир мэргэжлийн зөвлөгөө авах хүсэлтээ утсаар илэрхийлсний дагуу Ц.Б ажлын нэг өдрийн чөлөө олгож явуулсныг шууд буруутгах боломжгүй.

Учир нь Засгийн газрын холбогдох тогтоолын үндсэн дээр улсын хэмжээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил байх тул тус салбарын яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Д-ыг эрх хэмжээгээ хэтрүүлэн аливаа нэгэн ашиг сонирхлын үүднээс ахлах мэргэжилтэн Ц.Быг Дорноговь аймагт ажиллуулсан гэж шууд буруутгах ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд энэ нь хэргийн оролцогчид болон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Маргаан бүхий 355 дугаар тушаалын бас нэг үндэслэл нь Зам, тээврийн хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 14.7-д “Албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол тухайн зөрчлийн шинж байдал, анх давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлийг сонгож, ногдуулна” гэсэн заалт байсан. 

Хэрэгт авагдсан баримтаар С.Д тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаал хашиж байх хугацаанд 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлт 86.3 хувь, 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлт 91.0 хувь буюу “сайн” “маш сайн” үнэлгээтэй тус тус үнэлэгдэж байснаас дүгнэхэд түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн С.Д-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил давтан үйлдсэн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл оногдуулсан нь Ц.Б томилолт, удирдамжгүйгээр ажлын нэг өдрийн чөлөө олгож Дорноговь аймагт ажиллуулсан гэх зөрчлийн шинж байдалд тохироогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан нэмэлт баталгаа, болон  Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэд халджээ гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримтын талаар Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09  дүгээр сарын 12-ны өдрийн шуурхай хуралдааны үеэр яригдаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энэ талаарх тайлбарыг[5] С.Дас гаргаж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар болон тус яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын түр орлон гүйцэтгэгч М.Эын тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт гаргасан танилцуулга[6] зэргээр тогтоогдож байх боловч үүнийг хариуцагчийн үзэж байгаагаар маргаан бүхий 355 дугаар тушаалыг гаргахын өмнө тухайн захиргааны акттай холбогдуулан сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохдоо сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлж, тухайн мэдэгдэлд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар сонсох ажиллагаа явуулах журам, хэзээ, хаана, хэдэн цагт сонсох ажиллагааг явуулах, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тусгахаар нарийвчлан зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах тушаал гаргахын өмнө ямар хууль зүйн үндэслэл, заалтын дагуу түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй талаар сонсох  ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй зөвхөн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 355 дугаар тушаалыг яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Б гээс С.Д-д тушаал гарсан тухайн өдөр  хүлээлгэн өгсөн нь баримтаар[7] тогтоогдож байна.

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн маргаан бүхий 355 дугаар тушаал нь    нэхэмжлэгчийн  хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож С.Д-ыг өмнө эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албан тухай хуулийн / 2002 оны / 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрөөр тооцож, түүний өмнө нь авч байсан ТЗ-10 зэрэглэлийн 4 дүгээр шатлалын үндсэн цалинг 2018.10.15-2018.12.31-нийг дуустал 870,767 төгрөгөөр, 2019.1.1-2019.4.30-ний дуустал 1,015,663 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар, албан тушаалын зэрэглэлийн нэмэгдлийг 25 хувиар тус тус тооцон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Төрийн Захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг батлахдаа ТЗ-10 зэрэглэлийн 4 дүгээр шатлалын үндсэн цалинг 1,015,663 төгрөгөөр баталсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин хоол унааны мөнгө болон Авто зам, засвар арчлалтын компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын нийт цалин 4,882,591.3 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  Учир нь Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 27 дугаар зүйлийн 27.1.3-т төрийн албан хаагч гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах баталгаагаар хангагдахаар заасан нь ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн зардлын зохих хэсгийг бодит байдлаар ажилласан өдрөөр тооцон олгохоор хуульчилсан тул хоол унааны зардлыг гаргах боломжгүй.  

Хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/5126 тоот албан бичгээр С.Д-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул Өвө******* АЗЗА”, ТӨХК, “А******* АЗЗА” ТӨХК, “Х******* АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлт[8] гаргаснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 521 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг эдгээр ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна гэж заасан тул С.Д яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалаас халагдсан тул түүнийг дээрх ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөх хүсэлт гаргасныг шууд буруутгах боломжгүй. Мөн “Өвө******* АЗЗА”, ТӨХК, “А******* АЗЗА” ТӨХК, “Х******* АЗЗА” ТӨХК нь төсөвт байгууллага биш учраас төсвөөс ямар нэгэн татаас авдаггүй бөгөөд “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7-д “... цалин хөлсний хэмжээг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, санхүү, эдийн засгийн байдлыг харгалзан Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно...” гэж зааснаар эдгээр ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг дээрх журмын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтоож, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор баталж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг байна.

Иймд хариуцагч яамны Төрийн нарийн бичгийн даргаас С.Д-д Авто зам, засвар арчлалтын компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалинг олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч дээрх ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус яамнаас санал болгосноор ажиллаж байсан ба түүний хашиж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хувьд хамааралгүй, үндсэн ажил үүрэгтэй хамт хавсран гүйцэтгэх ажил, албан тушаал биш байх тул ажиллаагүй хугацааны цалин урамшуулал олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ төрийн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх нь хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй, тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн гомдлын тухайд. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч маргаан бүхий 355 дугаар тушаалыг гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ЗТХЯ ТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгасугай.
  2.  Төрийн албаны тухай хуулийн / 2002 оны / 11 дүгээр зүйлийн 11.6, 2 дугаар зүйлийн 27.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрын үндсэн цалингийн хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-наас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 870,767 төгрөгөөр, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөн оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал 1,015,663 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар, албан тушаалын зэрэглэлийн  нэмэгдлийг 25 хувиар тус тус тооцон олгохыг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэгчийн “хоол унааны зардал 1,080,000 төгрөг, “Өвө******* АЗЗА”, ТӨХК, “А******* АЗЗА” ТӨХК, “Х******* АЗЗА” ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 3,580,725.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] 1-р Хавтаст хэргийн 8 дахь тал

[2] 2-р хавтаст хэргийн 4-6 дахь тал

[3] 3-р хавтаст хэргийн 11-12 дахь тал

[4] 1-р хавтаст хэргийн 55 дахь тал

[5] 1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал

[6] 1-р хавтаст хэргийн 57 дахь тал

[7] 1-р хавтаст хэргийн 58 дахь тал

[8] 1-р хавтаст хэргийн 238 дахь тал