Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/434

 

 

 

 

 

 

 

  2022       03          24                                    2022/ШЦТ/434   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогтой Г-н Т холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, тэтгэвэрт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Хар усан тохойн задгай тоотод оршин суух хаягтай,

урьд 1976 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.б-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ХХ00000000, Ш овогтой Г-н Т.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Хар усан тохойн задгай тоотод оршин суух иргэн А.И-гийн гэрт, А.Б-тэй маргалдаж, улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч А.И-гийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/, гэрч П.Ө-н өгсөн мэдүүлэг /хх-40-41/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2728  дугаартай дүгнэлт /хх-45-46/, Г.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-6-7/, шүүгдэгч Г.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-56-57/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.Т-ийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Хар усан тохойн задгай тоотод оршин суух иргэн А.И-гийн гэрт, Б-тэй маргалдаж, улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б-ийн:“...Онги гэх нэртэй 0,5 литрийн архи хувааж ууж байгаад Г.Т бид хоёр маргалдсан. Нэг мэдэхэд Г.Т миний толгой руу ууж байсан архины шилээр цохиход миний толгойноос цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.И-гийн өгсөн: “...Г.Т ширээн дээр байсан дотроо бага зэргийн архитай шилийг авч хүү Б-ийн толгой хэсэгт нь хоёроос гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ө-н өгсөн: "... Б Т руу хийсэн ажлын хөлс гэж надад 30.000 төгрөг өгсөн. Надад 50.000 төгрөг өгөх ёстой байсан, чи муу луйварчин гээд дайраад байсан. Тэгээд Б ширээн дээрээс хутга аваад Т руу далайсан чинь Т ширээн дээр байсан, ууж байсан, дотроо архитай архины шилийг аваад Бийн толгой руу 1 удаа цохисон. Тэгээд шил нь газар унасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Тийн яллагдагчаар өгсөн: “...Б амархан согтдог юм. Тэгээд надад агсам тавиад ширээн дээрээс хутга авахаар нь би ширээ нь дээрээс ууж байсан архины шилийг аваад толгой хэсэгт нь архины шилээр 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-6-7/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2728 дугаартай дүгнэлтэд:

1. Б-ийн биед зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-45-46/,

 

Шүүгдэгч Г.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-56-57/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Т-ийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойн задгай тоотод оршин суух иргэн А.И-гийн гэрт, Б-тэй маргалдаж, улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Хохирогч Б-ийн зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Г.Т-ийн зүгээс эмчилгээний зардалд 583.000 төгрөгийг төлж хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ш овогтой Г-н Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Г.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС