Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 2022        03          15                                    2022/ШЦТ/386

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-нын Г-т холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, дээд боловсролтой, хөтлөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай, урьд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ХХ00000000, Б овогтой М-нын Г.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод найз охин болох хохирогч Д.Х-тай “ урьд үерхэж байсан залуутайгаа утсаар ярьсан байна” гэх асуудлаар маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохих, үснээс үсдэх, хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөх, хутгаар баруун гарын сарвууг зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хохирогч Д.Х-гийн биед баруун сарвуунд шарх, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Д.Х-гийн өгсөн мэдүүлэг /хх-5-6/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2603 дугаартай дүгнэлт /хх-25-26/, М.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53/, шүүгдэгч М.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-58-59/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Г-ийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод найз охин болох хохирогч Д.Х-тай “ урьд үерхэж байсан залуутайгаа утсаар ярьсан байна” гэх асуудлаар маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохих, үснээс үсдэх, хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөх, хутгаар баруун гарын сарвууг зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хохирогч Д.Х-гийн биед баруун сарвуунд шарх, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Х-гийн өгсөн: “...Тэгтэл Г-тэй маргалдаад намайг хувцсаа аваад гэртэй харь, би чамайг гэрт чинь хүргэж өгнө, чи өмнө нь холбоотой байсан хүнтэйгээ холбоотой байдаг юм байна, уулздаг юм байна би чамд хангалтгүй байна уу гээд гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд одоо ингээд яв гэсэн. Би хутга барьсан хүнийг орхиж явж чадаагүй. Би тэгээд Г-т хандаж чи буруу ойлгоод байна гэхэд ойлгоогүй тэгээд босож ирээд намайг дарж суулгаад үсдэж зодсон, хэвлий хэсэг рүү өшиглөсөн бөгөөд миний зүүн нүд рүү тохойгоороо цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна. Г бид хоёр 2021 оны 07 сард танилцаж, 11 сараар хамт амьдарч эхэлсэн. М.Г бид хоёр дундаас ямар нэгэн хүүхэдгүй, мөн албан ёсны гэрлэлтийн баталгаагүй.” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2603 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Х-гийн биед баруун сарвуунд шарх, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн баруун сарвуунд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.  

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолоос ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-53/,

Шүүгдэгч М.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-58-59/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Г-ийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод найз охин болох хохирогч Д.Х-тай “ урьд үерхэж байсан залуутайгаа утсаар ярьсан байна” гэх асуудлаар маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохих, үснээс үсдэх, хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөх, хутгаар баруун гарын сарвууг зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хохирогч Д.Х-гийн биед баруун сарвуунд шарх, зулайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч М.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Д.Х-гийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар М.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой М-нын Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар М.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС