| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2015/06885/И |
| Дугаар | 2178 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2178
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 15 дугаар байр, 29 тоотод байрлах “Эс Жи Би Юу” ХХК /РД: 5567475/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1-39 тоотод байрлах “Даяар хас” ХХК /РД:5072395/-д холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Даяар хас” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамжаар нэгж талбайн 168009/0003 дугаар бүхий 1000 м.кв газрыг эзэмшдэг. Гэтэл манай эзэмшлийн газар дээр "Даяар хас" ХХК нь өөрсдийн дураар хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Бид дээрх компанид "газрыг чөлөөлж өгнө үү" гэсэн албан бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Бид өөрсдийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу барилга барихаар бүх зураг төслүүдийг хийж, холбогдох эрх бүхий газруудаас зохих зөвшөөрлүүдийг авч, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Манай орны онцлогоос хамаарч барилгын ажил үргэлжлэх хугацаа богино байдаг тул бусдын хууль бус эзэмшлээс хугацаа алдалгүй газраа чөлөөлүүлэх шаардлагатай байна. Иймд өөрсдийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эс Жи Би Юу” ХХК нь “Даяар хас” ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Манай компани нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагагаасаа татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эс Жи Би Юу” ХХК нь хариуцагч “Даяар хас” ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Эс Жи Би Юу” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Эс Жи Би Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Даяар хас” ХХК-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН