Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/458

 

 

 

 

 

 

 

  2022         03         29                                    2022/ШЦТ/458

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

               Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

               Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

               Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Б.Т-т холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

              

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ам бүл 3, аав, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, Б овогтой Б.Т.

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар:

              

               Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй зочид буудлын гадна гудамжинд, хохирогч Э.Л-тай маргалдаж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Э.Л өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Х.Г өгсөн мэдүүлэг /хх-12/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт /хх-30, 31/, Б.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-48/, гэрч Д.Б өгсөн мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч Б.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-54, 56/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй зочид буудлын гадна гудамжинд, хохирогч Э.Л-тай маргалдаж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Л : “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өглөө 06 цагийн үед ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ж” нэртэй караокены орчимд явж байсан чинь үл таних 2 эрэгтэй хүн надаас “тамхи байна уу” гэж асуухаар нь “надад тамхи байхгүй” гэж хэлээд бид 3 муудалцаж, маргалдаж эхэлсэн бөгөөд үл таних 2 эрэгтэй шууд над руу дайрч, миний толгой, нүүр хэсэг рүү цохиж эхэлсэн. Улмаар тухайн газрын орчимд явган зам янзалж байсан тоосго эсхүл бродюрээр миний баруун талын шанаа хэсэг рүү цохисон юм. Тэр үед миний толгойн хэсгээс маш их хэмжээний цус асгарч гарч байсан ба замын хойд талын элчин сайдын газрын хамгаалалтын цагдаагаар дуудлага өгүүлсэн юм. Тэгээд л нэг мэдсэн чинь Улсын хоёрдугаар эмнэлэгт сэрсэн.” гэх мэдүүлэг /хх-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн: “...Би 2021 оны 08дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз болох Б.Т-ийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ж” нэртэй зочид буудал руу ороод өрөө байхгүй гэхээр нь гараад иртэл гадаа нэг үл таних залуу нэг эмэгтэйтэй муудалцаад толгой руу нь гараараа түлхээд байсан. Тэгээд манай найз Б. Т тэр залуугаас эмэгтэйг нь өмөөрч маргалдсан. Тэгээд би найзыгаа салгаад цааш зам гараад Ш гээд хоолны газрын тэнд явж байсан чинь нөгөө залуу араас ирээд амнай найзын цамцнаас зуураад зулгаасан. Тэгэхээр нь манай найз залуу эргэж хараад гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэр залуу газар унасан, унасан байхад нь манай найз залуу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд найзыгаа тэр залуугаас салгаад явах гэж байхад нөгөө залуугийн дух хэсгээс цус гарсан байсан. Тэгээд манай найз эмийн сан ороод бент болон хөвөн авч нөгөө залуугийн толгойг нь боож өгсөн. Би тухайн маргаан зодоонд оролцоогүй харин салгасан.” гэх мэдүүлэг /хх-19, 20/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай:

1. Э.Л биед баруун чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-30, 31/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 08дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз болох Б-тэй хамт Баянзүрх дүүргийн 6дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ж” нэртэй зочид буудал руу орсон. Тэгтэл сул өрөө байхгүй гэхээр нь тус газраас гараад иртэл буудлын гадаа нэг үл таних залуу нэг эмэгтэйтэй маргалдаад элдвээр хэлээд толгой руу нь гараараа түлхээд зогсож байсан. Тус залуугийн тэр эмэгтэйд гаргаж байгаа байдлыг би хараад тэр эмэгтэйг өрөвдөөд хамгаалах гээд боль гээд тэр залууд хэлэхэд тэр залуу над руу чи юу юм, яадаг юм гээд алхаад миний энгэр хэсгээс нэг гараараа заамдаа надтай маргалдаж улмаар бид хоёр муудалцсан. Тэгтэл манай найз Б би хоёрын дундуур орж салгаад би найзтайгаа зам гарч хоол идэх гээд “Ш” хоолны газрын хажууд явж байхад тэр залуу цамцнаас минь татаж хоргоосон. Тэгэхээр нь би эргэж хараад тэр залуугийн нүүрэн хэсэгт нь би өөрийнхөө баруун гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тэр залуу газар унасан. Тэгэхээр нь би тэр залууг баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Б бид хоёрыг салгаж болиулсан. Тэгээд би найзтайгаа салаад явах гэж байтал тэр залуугийн дух хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би тэр залууг дагуулаад зам гараад эмийн сангаас хөвөн бент авч нүүрийг нь цэвэрлэж цусыг нь тогтоосон. Тэгээд би хажууд явж байсан хүнээр цагдаа руу болон түргэн тусламж руу залгуулсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд түргэн тусламж дахин залгаж тэр залууг эмнэлэг рүү авч явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-54, 56/,

Шүүгдэгч Б.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Т-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй зочид буудлын гадна гудамжинд, хохирогч Э.Л-тай маргалдаж, улмаар  түүний толгой, нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Э.Л-ийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Б.Т-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС