Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2127000000119 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* /РД:*****************/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Манлай тод” захын зүүн хойд талд иргэн *******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүр лүү зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болохавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би машинтайгаа өөрийн төрсөн дүүг нэг эрэгтэй *******ын нүүрс зарж буй газрын хажуугаар өнгөрсөн чинь миний дүүг нэг эрэгтэй газарт унагааж байгаад зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би очсон чинь тэр зодож байгаа залуу надад хандаж та муу хоёр яагаад нүүрс 5 000 төгрөгөөр худалдаад нүүрсний үнэ унагаад байгаа юм бэ гээд намайг барьж аваад хавсарч газар унагааж байгаад нүүр толгой хэсэг 7-10 удаа цохисон. Сүүлд намайг дахиж босгож ирээд нүүр рүү цохисон. Сүүлийн цохилт нь миний хамар хэсгийг оносон тэр үед миний хамар амнаас цус гоожиж хамар орчим маш их өвдөлттэй байсан. Ам руу хүртэл цус орж ирээд ханиагаад эхэлсэн. Би Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт шууд очиж мэсийн эрэгтэй эмчид үзүүлж толгойн зураг авхуулахад хамрын яс хугарсан байна гээд чих хамар хоолойн эмчид үзүүл гэхээр нь үзүүлсэн чинь хамрын мөгөөрс баруун тийш мурийсан байна гэж хэлээд жижиг цаасан дээр тодорхойлолт бичиж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн үл таних залууд хандаж би өөрийнхөө авч ирсэн нүүрсийг ямар үнээр зарах нь миний дур биз дээ гэж хэлсэн чинь над руу алхаж ирээд цамцны зах хэсгээс барьж аваад хавсарч газар унагааж миний дух хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод босох гэсэн чинь цээж хэсэг рүү 1 удаа өшиглөөд буцаад машин руу явсан. Манай ах ******* ирээд тэр залууд хандаж чи яаж байгаа юм яагаад хүн зодож байгаа юм гэсэн та муусайн шээснүүд яагаад хямдхан нүүрс зардаг юм гээд алхаж ирээд ******* ахыг заамдаж аваад хавсарч газарт унагааж байгаад нүүр рүү нь 7-8 удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёрыг би салгасан чинь манай ахын нүүр битүү цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №522 дугаартай:

“...1. *******ийн биед хамар ясны хугарал, хамар ясны муруйлт, дух хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Манлай тод” захын зүүн хойд талд хохирогч *******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

хохирогч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №522 дугаартай: “1. *******ийн биед хамар ясны хугарал, хамар ясны муруйлт, дух хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийнхээ дагуу хохирогч ******* нь эмчилгээний зардалд 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул түүний нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч *******ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.САРАНТУЯА