| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0004/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/04 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнхАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Хохирогч *******, *******,
Шүүгдэгч *******, *******,
Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2227000000007 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гийн ******* /РД: *****************/.
Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ийн ******* /РД: *************/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 07- ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэр, Намаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч *******гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр манайд мал тооллогын хүмүүс ирсэн. Мал тооллогын хүмүүс явсны дараа манай нутгийн ******* гэх айл манайхыг хүрээд ир гэж дуудаад эхнэр бид хоёр очсон. Бид нар *******ийнхээс гараад ******* гэх айлд очсон. Тухайн айлаас гараад манай гэрт бүгдээрээ ирсэн. Манай гэрт байхдаа ******* бид хоёр малын бэлчээрийн асуудлаас болж хоорондоо маргалдаж бие биенээ цохиж авсан. Тэгээд хүмүүс тараад явсан” гэв
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манайд мал тооллогын хүмүүс ирээд явсны дараа манай гэрт ******* ах ирээд хоёулаа хойшоо *******ийнд очъё гээд бид хоёр хамт очсон. Бид хоёр *******ийнд архи уугаад байж байтал ******* ах эхнэртэйгээ ирсэн. Бид нар *******ийн гэрээс гараад *******гийнд оччихоод дараа нь ******* ахынд ирсэн. Бид хоёр архи уугаад сууж байгаад үл ялих зүйлээс болж маргалдаад, бие биенээ цохиж авсан” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн Хүр багийн нутаг Намаг гэх газар байдаг, тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай нутгаар мал тооллогын хүмүүс ирсэн юм. Энэ өдөр эхнэр бид хоёр Хархорин сумын төв ороод буцаж гэртээ ирсэн чинь мал тооллогын хүмүүс манай гэрийн хойгуур байдаг айлаар орж мал тоолсон. Тэрний дараа манайд ирж манай мал сүргийг тоолсон, тухайн үед 17 цаг болж байсан байх, нар жаргаж байсан. Тэгэхэд манай гэрт ******* байгаагүй. Мал тооллогын дараа би эхнэрийн хамт Бага буюу *******ийн гэрт очсон. Намайг очиход манай нутгийн ******* эхнэрийнхээ хамт мөн ******* нар *******ийн хамт ирсэн байсан. Тэр үед ******* архи уучихсан, согтуу байсан, *******ийн гэрт байхаас эхлэн ******* нь хэрүүл нэхээд байсан. Тэрний дараагаар *******ийн гэрээс гараад *******гийн гэрт нутгийн бид нар очсон, тэдний гэрт 1 шил 0,75 литрын Эден нэртэй архи уусан, дараа нь манай гэрт ирэхэд ******* зөндөө их согтсон байсан. Манайд ирээд удаагүй нэг шил архи гаргаж уух гэж байтал ******* надтай хэрэлдсэн. ******* манай гэрийн баруун талд сандал дээр сууж байснаа гэнэт босож ирээд намайг цохисон. Тухайн үед би гэрийнхээ хойд хэсэгт сандал дээр сууж байсан юм. Бид хоёр хэсэг зууралдаж нэг нэгнийгээ ганц цохисон. Тухайн үед манай гэрт эхнэрээс өөр хүн байгаагүй, ******* бид хоёр өвөлжөө, хаваржаа, газар нутгийн маргаан хийж хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хархорин сумын төвөөс мал тооллогын хүмүүс манайхаар болон манай нутгийн малчдын гэрээр мал тоолсон. Манай гэрт ******* ах ирсэн тэгээд хойшоо ******* ахын гэрт хамт очих уу гэхээр нь хамт явсан тухайн тооны хишиг гэж айл болгон хоол хийж нэг архи гаргадаг юм. *******гийн гэрт болсон асуудлын талаар нээх сайн санахгүй байна. Гэхдээ миний ухаан санаа орж гараад байсан, нэг мэдсэн ******* бид хоёр хоорондоо зодолдож байсан. Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирж ганц нэг шингэн хийлгэсэн, тэрнээс өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16- р хуудас/,
Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “..., ******* нар манай нутгийн хүмүүс, олон жил айл саахалт, нэг газар мал маллаж амьдарч байгаа хүмүүс байгаа юм. Манай гэрт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байхад тооны хүмүүс ирсэн, тэд гаднаас манай гэрт орж ирээд явах гэж байхад , ******* нар мотоциклтой ирсэн, ирэхдээ архи уучихсан байсан. Тооны хүмүүс явсны дараа *******, ******* нарыг манай ах *******дагва утсаар дуудсан, тэгээд 19 цагийн үед тэр хоёр ирсэн. Манай гэрт 0,75 литрын Эден нэртэй архи байсныг ууж хэрэглэсэн. Манай гэрт байхдаа *******, ******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэрний дараа бид нар бөөндөө *******гийн гэрт очсон. *******гийн гэрт 0,75 литрын Эден нэртэй архи байсныг ууж, бууз идсэн. Манайхан жилийн жилд тооны дараагаар тооны хишигийг ууж хэрэглэсэн. *******гийн гэрээс гараад *******гийн гэрт очсон. Нэг шил архи уух гэж байтал ******* очоод *******тай зодолдсон. Тэр хоёр хоорондоо харилцан зодолдсон, тухайн үед манай ах *******дагва, ******* нар эхнэрүүдтэйгээ явцгаасан. *******, ******* нар хоорондоо хэсэгхэн хугацаанд харилцан зодолдож байхад би 2 удаа салгасан. Гадаа гараад буцаад орж ирсэн чинь тэр хоёр бие биенийхээ нүдийг цохисон байсан. *******гийн гэрийн баруун талын баганы далбаа хугарсан байсан. Тэр хоёр хэсэг хугацааны дараа зодолдохоо больсон, тэгээд би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн
Үзүүлэгч *******гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, нүүрний зүүн талыг хамаарсан зөөлөн эдийн гэмтэл, эдийн цус хуралт тогтоогдлоо, хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой, хатуу зүйл дээр унаснаас үүсэх боломжгүй байна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 11 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг
Шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Үзүүлэгч *******гийн 2 нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн шанаа, доод уруулд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Хатуу зүйл дээр унасанаас үүсэх боломжгүй байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11-р хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 3-4, 8-9-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэр “Намаг” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч *******гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, *******, гэрч Л.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН