Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 736

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Н.А, Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэргэдэх үйлчилгээний төвийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.А, Б.С нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.

Гомдол гаргагч: МҮЭХ дэргэдэх ҮҮТ,

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж,  байр,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.А, Б.С нар,

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс,

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн МҮЭХ дэргэдэх ҮҮТийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, .. дугаар хороолол, /14230/ нарны зам гудамж, .. тоот хаягт байрлах Ү-22030300.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөнд ногдуулсан 5,072,100.00 /таван сая, далан хоёр мянга, нэг зуун/ төгрөг бүхий №252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: МҮЭХ дэргэдэх ҮҮТ-д 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Н.А Б.С нар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 10672.. регистрийн дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төв буюу А зочид буудал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарны зам-..-д байрлах Ү-22030300.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн албан татварын ноогдуулалтанд шалгалт хийж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр 252018240 дугаартай шийтгэлийн хуудсаар 3.300.000 төгрөгийн торгууль 1.772.100 алданги оногдуулсан болно. Үүнийг үл зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс хүлээн зөвшөөрсөн тул Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан ба 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/56 тоот тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн.

Бид тухайн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С нарын 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 252018240 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа байгууллага болох Тээвэр үйлчилгээний төв нь 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ү-25000025.. дугаартай 110.766.101 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байсан ба уг барилга нь 2012 оны 04 дүгээр сард бүрэн нураасан байдаг. Гэтэл уг Ү-25000025.. үл хөдлөх хөрөнгийн ногдол татварын сайт хасагдаагүй ба 2013-2017 он хүртэл 5.538.305 төгрөгийн татварын ногдол орсон байдаг.

Энэ нураасан газар дээр 10672.. регистрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа байгууллага болох Үйлдвэр үйлчилгээний төв нь Ү-22030300.. дугаартай 11,000,000.00 үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө болох Зочид буудлыг барьсан. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төв нь 1993 оноос хойш Чингэлтэй дүүрэгт зочид буудлын үйл ажиллагаа явуулж байсан ба 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарны зам-64-д байрлах Альфа зочид буудлын үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд Үйлдвэр үйлчилгээний төв нь Чингэлтэй дүүргийн татварын албанд /91330:../ гэсэн татварын регистрээр үл хөдлөх хөрөнгийн татвар бусад татварын тайлангуудыг тайлагнаж байсан. 2016 онд 10672.. регистрийн дугаартай Ү-22030300.. үл хөдлөх хөрөнгийн тайлангаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тайлагнасан бөгөөд 9 сая төгрөгийг татварт төлсөн.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс Ү-22030300.. Үл хөдлөх хөрөнгөө, Чингэлтэй дүүрэг дээр биш Сүхбаатар дүүрэг дээр тайлангаа илгээнэ гэсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан хүсэлт өгч, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж, Ү-22030300.. дугаартай үл хөдлөх хөрөнгийн 2015-2017 оны ногдол болох 22.301.370 төгрөгийг нөхөн тайлагнасан.

Энэ тухайгаа тухайн хяналт шалгалтын байцаагч нарт тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөхгүй, тухайн хяналт шалгалтын байцаагч нар нь шийтгэлийн хуудас дээр 2016 онд хугацаандаа татвараа төлөөгүй гэсэн үндэслэлээр 5,072,100 төгрөгийн торгууль, алданги тавьсан.

            Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тайлагнасан байсан бөгөөд Нийслэлийн Татварын газрын тайланг илгээснээс хойш бүтэн 1 жил 8 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тайланг буцаасан байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвөөс тайлагнасан 2016 оны үл хөдлөх хөрөнгийн тайлан жилийн хугацаанд шалгасан төлөвтэй байсаар байсан бөгөөд баталгаажихгүй байсан. Иймд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9.1-д заасан харьяалал зөрчсөн байсан учир үүнийгээ залруулж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгүүлэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн тайлан гаргасан. Гэвч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэгт нэгэнт тайлагнасан, шалгаж байгаа төлөвтэй татвараа төлчихсөн байхад шийтгэлийн хуудас гаргасан.

Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана гэж заасан. Чингэлтэй дүүргийн татварын байцаагч нарын 1 жил 8 сарын хугацаанд баталгаажуулаагүй эсвэл буцаагүй мөн Татварын хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас бид хугацааны алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ нарны зам гудамж, 64 тоот хаягт байрлах Ү-22030300.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөд ногдуулсан 5,072,100.00/ таван сая. далан хоёр мянга, нэг зуун/ төгрөг бүхий 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.А, Б.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С бид Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07/3391, иргэн Б.Г-ийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 10672.. регистрийн дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ОНБ-ын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ нарны зам гудамж, 64 тоот хаягт байрлах Ү-22030300.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 252018240 дугаартай шийтгэлийн хуудас бичсэн.

Холбогдогч 10672.. регистрийн дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ОНБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол, 902 байр 1 тоот хаягт оршин суух, ХД811227.. регистрийн дугаартай, Н овогтой Э нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх... гэж заасныг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд:

2016 онд 11,000,000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны өдрийн дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө. гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журнал, анхан шатны баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд 10672.. регистрийн дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ОНБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Н овогтой Э-гийн гаргасан 11,000,000.00 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэсэн. Үүнд:

10672.. регистрийн дугаартай "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ОНБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Н овогтой Э-гийн гаргасан нийт 11,000,000.00 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна., Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн/ 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн 3,300,000.00 төгрөгийн торгууль, 1,722,100.0 төгрөгийн алданги нийт 5,072,100.00 /Таван сая далан хоёр мянга нэг зуу/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан. Уг шийдвэрийг тус байгууллага хүлээн зөвшөөрөөгүй.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Татварын улсын байцаагчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна гэж үзэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоолыг хэвээр баталсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

МҮЭХ дэргэдэх ҮҮТ-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн МҮЭХ дэргэдэх ҮҮТ-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, /14230/ нарны зам гудамж, 64 тоот хаягт байрлах Ү-22030300.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөнд ногдуулсан 5,072,100.00 төгрөг бүхий №252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлыг гаргасан.

Гомдлын үндэслэлээ ...Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа байгууллага болох Тээвэр үйлчилгээний төв нь 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ү-25000025.. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байсан, уг барилга нь 2012 оны 04 дүгээр сард бүрэн нураагдаж газар дээр нь Ү-22030300.. дугаартай зочид буудлыг барьсан, энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн татварын албанд 91330.. татварын регистрээр үл хөдлөх хөрөнгийн татвар бусад татварын тайлангуудыг тайлагнаж байсан, 2016 онд 10672.. регистрийн дугаартай Ү-22030300.. үл хөдлөх хөрөнгийн тайлангаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тайлагнаж 9 сая төгрөгийг татварт төлсөн, гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс Ү-22030300.. Үл хөдлөх хөрөнгөө, Чингэлтэй дүүрэг дээр биш Сүхбаатар дүүрэг дээр тайлангаа илгээнэ гэсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан хүсэлт өгч, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж, Ү-22030300.. дугаартай үл хөдлөх хөрөнгийн 2015-2017 оны ногдол болох 22,301,370 төгрөгийг нөхөн тайлагнасан байхад үл хөдлөх хөрөнгийн албан татварын ноогдуулалтанд шалгалт хийж, хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр 3,300,000 төгрөгийн торгууль 1,772,100 алданги оногдуулсан нь буруу... гэж маргасан.

Хариуцагч Н.А, Б.С нараас ...Шалгалтаар 2016 онд 11,000,000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны өдрийн дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө. гэж заасныг зөрчсөн үндэслэлээр 11,000,000.00 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна., Татварын ерөнхий хуулийн / 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэчилсэн найруулга/ 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн 3,300,000.00 төгрөгийн торгууль, 1,722,100.0 төгрөгийн алданги нийт 5,072,100.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан... гэх тайлбарыг хийсэн.

Хариуцагч нараас Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07/3391, иргэн Б.Г-ийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 10672.. регистрийн дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ОНБ-ын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ нарны зам гудамж, 64 тоот хаягт байрлах Ү-22030300.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг бичжээ.

Хэрэгт нотлох баримтаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний 252018240 [1]дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 252018240[2] дугаартай 2 шийтгэлийн хуудас авагдсан байх бөгөөд дугаар, утга агуулгын хувьд ижил боловч 2018 оны 05, 06 сар гэж зөрүүтэй бичигдсэн байна. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний 10 дугаар тогтоолд[3] ... Татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 тоот шийтгэлийн хуудсаар ...нийт 5,072,100.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн үзлээ. гэж, мөн хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт[4] ...хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай шийтгэлийн хуудас бичсэн... гэснийг дурдах нь зүйтэй байна.

Татварын хяналт шалгалт хийх 25180100020 тоот томилолтын[5] хугацааг анх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 хоногоор тогтоож, улмаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 105 хоногоор сунгасан, Б.Г-аас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 01 дугаартай холбогдогчоос авсан мэдүүлэг[6], Н.Э-гаас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай холбогдогчоос авсан мэдүүлэг[7], хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар тэмдэглэл[8], хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 252018240 дугаар шийтгэлийн хуудас[9] зэргээс дүгнэхэд Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т ... зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана 2.3-д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж заасантай нийцэхгүй байна. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульд заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэлд[10] ...үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил үйлдсэнийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 40 минутад илрүүлж... гэснээс дүгнэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 252018240 дугаар шийтгэлийн хуудас бичсэн өдрөө зөрчлийг илрүүлсэн мэт ойлгогдохоор байна. Хэрэв зөрчлийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 40 минутад илрүүлсэн бол татварын хяналт шалгалт хийх томилолтын хугацааг яагаад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл 105 хоногоор сунгасан нь ойлгомжгүй байна.

Хариуцагч нараас шүүх хуралдаанд томилолтын хугацааг сунгасан шалтгаанаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэрлэл, үйлчилгээний төв ОНБ нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст баримтын шалгалтад орсон тул шаардлагатай баримт материалууд хүлээгдсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 1811000899 дугаартай зөрчлийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нээж, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусгажээ. Харин хариуцагч Н.А, Б.С нарын хяналт шалгалтын томилолтын хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 хоног хийхээр анх тогтоосон байх тул мөн оны 06 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст эхэлсэн шалгалтаас болж баримт, материалууд хүлээгдэх шаардлагагүй байжээ гэж үзэхээр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь, үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч татварын улсын байцаагч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 252018240 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, огнооны зөрүүтэй зэрэг үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй боловч шүүх энэхүү шийдвэрээр гомдол гаргагчийг татварын холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу хэрэв гомдол гаргагч татварын хууль, тогтоомжийг зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилго, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зорилгыг хариуцагч эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан  МҮЭХ дэргэдэх ҮҮТ-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 16 дахь тал

[2] Хавтаст хэргийн 66 дахь тал

[3] Хавтаст хэргийн 24 дэх тал

[4] Хавтаст хэргийн 84 дэх тал

[5] Хавтаст хэргийн 46 дахь тал

[6] Хавтаст хэргийн 47 дахь тал

[7] Хавтаст хэргийн 52 дахь тал

[8] Хавтаст хэргийн 59 дахь тал

[9] Хавтаст хэргийн 66 дахь тал

[10] Хавтаст хэргийн 62 дахь тал