Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0181

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 864 дүгээр шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Дорнодын талбай нэртэй газарт ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүргүүлж, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ХХ-20-07 дугаар хуралдаанаар 2009 оноос 2012 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцээд 2 участик /хэсэг газар/-т 76.57.932 тонн хүдрийн нөөцтэй гэж дүгнэж бүртгэлд авсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газарт гаргасан боловч ХV-008616 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс”-тэй давхцалтай байна гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн аваагүй.

Тухайн үед бидний хайгуул хийсэн талбай нь гол усны хуульд хамаарахааргүй буюу голоос 200 орчим метр зайтай байсан ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гаргаж өгсөн зурагт хайгуул хийж нөөцийг баталгаажуулсан талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамааруулж зурсан тул бидний ашиглалтын өргөдөл авах үйл ажиллагаа түр зогссон.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны холбогдох албан тушаалтанд энэ зураг буруу зурагдсан байна гэж хандахад “Бид тухайн сум орон нутгаас ирүүлсэн зураг дээр ажилладаг, сум руугаа ханд” гэж буцаасан. Улмаар Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчид хандахад тусгай ажлын хэсэг гаргаж манай хайгуул хийсэн талбайн солбицлыг газар дээр нь дахин шалгаж үзэж акт үйлдсэн.

Уг актыг үндэслэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам руу эргэн хандахад сумаас ирүүлсэн солбицол зөв байсан ба Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны кадастрын хэлтсийн мэргэжилтэн 2012 онд н.Дашбалбар сумаас ирүүлсэн солбицлыг өөрийн яамны мэдээллийн системд шивж оруулахдаа алдаа гаргаснаас манай компанийн хайгуул хийсэн талбай голын энгийн хамгаалалтын бүсэд орсон мэтээр харагдаж байсан болох нь тогтоогдож 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр засаж зурсан. Ингэснээр манай хайгуул хийсэн талбай нь голын энгийн хамгаалалтын бүсэд ороогүй, давхцалгүй болох нь батлагдсан.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодорхойлолтоо зөв гаргуулах гэж хөөцөлдөх хугацаанд хайгуулын лицензийн хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын нэгэн албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж ашиглалтын лиценз авах өргөдлийн материалаа бүрдүүлэхэд 1 жил гаруй хугацааг зарцуулж хохирсон. Манай компанийн хувьд зохих журмын дагуу хайгуулыг нь хийсэн 2 хэсэг талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах сонирхолтой байгаа бөгөөд ямар нэгэн алданги, нөхөн төлбөрийн асуудал ярихгүй, зөвхөн ажлаа түргэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Геологи-хайгуулын ажлыг зохих журам, стандартын дагуу хийж нөөцийг баталгаажуулан ашигт малтмалын хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн хэдий ч 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны холбогдох ажилтан алдаатай мэдээлэл гаргаж өгснөөс үүдэн ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч чадахгүй одоог хүрсэн.

2014 оны 12 дугаар сард уг алдаагаа Байгаль орчны яамны холбогдох ажилтан хүлээн зөвшөөрч засаж залруулсан боловч энэ хугацаанд хайгуулын лицензийн хугацаа дуусаж цаашид ашиглалтын лиценз авахтай холбоотой бусад ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа юм. Мөн энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд зохих өөрчлөлт орж ашигт малтмалын лицензийн хугацааг сунгах эрх зүйн нөхцөл үүссэн.

Энэ тухай болон үүсэн гарсан бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнаас зөвлөгөө авахад Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх бололцоотой, эрх зүйн гаргалгаа байгаа гэсэн нааштай хариу өгсөн тул энэхүү нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахаар нэмэлт материал гаргаж байгааг хүлээн авна уу.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.23-д тус тус заасан чиг үүргээ төрийн захиргааны байгууллага нь алдаатай биелүүлсэн буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын алдаатай үйл ажиллагаа нь энэхүү асуудлыг үүсгэсэн.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.3-т заасан шалтгаан нь 13.1.1-ийг үндэслэн арилсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д, 13 дугаар зүйлийн 13.5, 13.4-д тус тус  заасны  дагуу  ХV-008616 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн алдаатай тодорхойлолтоос хойш түүнийг засварлуулах хүртэлх хугацаагаар сунгах шийдвэр гаргаж Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст үүрэг болгох бололцоотой.

3. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандах бололцоотой гэсэн зөвлөгөөг хүлээн аваад энэхүү өргөдлийг бичлээ.

2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлд дээр дурдсан хавсралт № 1-ээс 3-уудыг хавсаргасан ба дараах баримтууд мөн хавсаргасан байсан” гэжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Дорнодын талбай нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХV-008616 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар шийдвэрээр иргэн н.Г-д анх олгосон бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1201 дугаартай шийдвэрээр “Т” ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг даалгах”-аар шаардсан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хууль батлагдахаас өмнө дуусгавар болсон уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Өөрөөр хэлбэл, ХV-008616 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болох /2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр/ үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх нийт хугацаа 9 жил байсан бөгөөд уг хуулийн дагуу XV-008616 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг даалгах” шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч өргөдөлдөө, “Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.3-т заасан шалтгаан нь 13.1.1-ийг үндэслэл арилсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 13 дугаар зүйлийн 13.4, 13.5-д тус тус зааны дагуу ХV-008616 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн алдаатай тодорхойлолтоос хойш түүнийг засварлуулах хүртэлх хугацаагаар сунгах шийдвэр гаргаж Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст үүрэг болгох бололцоотой” гэсэн нь огт үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйл нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авах, нөөцөөс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан зүйл болно. Тодруулбал, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хилийн маргааныг шийдвэрлэх, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор Засгийн газрын тогтоолоор тодорхой хугацаатайгаар нөөцөд авах харилцааг зохицуулдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ХV-008616 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зохицуулалттай ямар ч хамааралгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газарт гаргасан боловч XV-008616 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл “Усны сан бүхий хамгаалалтын бүс”-тэй давхцалтай гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн аваагүй”, “...Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргаж өгсөн зурагт хайгуул хийж нөөцийг баталгаажуулсан талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамааруулж зурсан тул бидний ашиглалтын өргөдөл авах үйл ажиллагаа түр зогссон” гэсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолыг баталж, дээрх хуульд хамаарагдах газрын хилийн заагийг солбицлоор баталсан.

Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь уг тогтоолоор тогтоосон нутаг дэвсгэр /хилийн зааг/-т хамаарагдаж байгаа тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу “Т” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмалын газрын үйлдэл нь хууль ёсны үйл ажиллагаа болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр “Т” ХХК-ийн “ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Манай компани нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2013 оны 10 дугаар сарын 15 өдрийн 6/5477 тоот алдаатай бичиг, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлдэггүй хариуцлагагүй үйл ажиллагаа, эс үйлдэхүй зэргээс шалтгаалж Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах” эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, манай компанийн ашигт малтмал ашиглах эрх, ашиг сонирхол шууд зөрчигдөж байна.

Үүнээс шалтгаалж 2008 оноос хойш ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн геологи хайгуулын ажлын зардалд гаргасан нийт 2,8 тэрбум төгрөгийн зардал буюу хөрөнгө оруулалт болоод 7 жилийн хөдөлмөр, үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй болж, манай компанид ихээхэн хэмжээний хохирол учрахад хүрээд байна.

ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 10-р сарын 21-ний өдөр дууссанаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу уг хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байгаа тул нэхэмжлэгчийн дээр дурдсан зөрчигдсөн эрхийг сэргээхийн тул эхлээд ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх шаардлагатай юм.

Ийнхүү сэргээсний дараа уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгаж байж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс лицензийн талбайн хэсэгчилсэн давхцалыг арилгах боломжтой болох ба үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай гол баримт болох байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас авах боломжтой болно.

Улмаар нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж, Ашигт малтмалын газарт уг өргөдлийг гаргасны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрлөө авснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэх учиртай юм.

Иймд манай компаниас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна:

“Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дэх заалтын дагуу ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, XV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 864 дүгээр шийдвэрээр: 2013 онд мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5,  24 дүгээр зүйлийн 24.1, 31, 53 дугаар зүйлийн 53.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Дорнодын талбай гэх газарт ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, XV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нь төрийн буруутай үйлдлээс хамаарч компани эрхээ эдэлж чадаагүй нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дээд тал нь 9 жил байна гэсэн хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч нь тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг төрийн буруутай үйлдэл бий болгосон байсан тул хариуцагчийн “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон” гэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдлэх боломжийг хариуцагч олгоогүйг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон гэж үзэж, талбайг хүлээлгэн өгснөөр мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар уг талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгож болохоор заасан тул шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох хугацааг баримталж, нэхэмжлэгч “Т” ХХК-д тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох боломжтой байсан байхад анхан шатны шүүх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дээд тал нь 9 жил байна гэж хуульд заасан тул боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “Энэхүү шүүхийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болно” гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахын тулд нэгдүгээрт “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх шаардлагатай”, хоёрдугаарт “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй хэдий ч нөгөө талаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” тус “Т” ХХК-ийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргах боломжгүй, шүүхээс ч ийм шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна.

Мөн “Т” ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй юм. Учир нь энэ тохиолдолд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нөгөө л “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй” гэсэн үндэслэлээр өргөдлийг хангахгүй шийдвэрлэх нь тодорхой байна.

Харин ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссанаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу уг хайгуулын тусгай  зөвшөөрөл дуусгавар болсон байгаа тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд ХV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх шаардлагатай, ингэснээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгчилсэн давхцалыг арилгах боломжтой болох ба үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай гол баримт болох байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг БОНХАЖЯ-аас авах боломжтой болно. Улмаар нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 864 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “Т” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартаа өөрийн хөрөнгөөр хайгуулын ажлыг гүйцэтгэж, ашиглалтын зөвшөөрөл авахад бэлэн болсон, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үл хамааран талбай нь ашигт малтмал эрэх хайх, ашиглахад хориглосон талбайн хилийн заагтай давхацсан нөхцөл байдал бий болсон нь төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа нөлөөлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх зүйн үндэслэлгүй болгожээ” хэмээн маргаан бүхий үйл баримтад дүгнэлт өгсөн боловч тусгай зөвшөөрлийн нийт хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг, “Дорнодын талбай” нэртэй газарт 8898 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-008616 дугаартай тусгай зөвшөөрлийг[1]  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1201 дүгээр шийдвэрээр шилжүүлэн авсан байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК нь XV-008616 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2007 оны 10 дугаар сарын 05, 2010 оны 11 дүгээр сарын 24-нд тус тус 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байх ба хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж түүний эзэмшилд байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх зөрчигдсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүргүүлснээр тус зөвлөл 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцээд хайгуулын ажлын зардалд 2.8 тэрбум төгрөг зарцуулсныг дүгнээд, нөөцийг нь тогтоож, ХХ-20-07 дугаар дүгнэлт[2] гаргасан байх ба уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 492 дугаар тушаалаар[3] ХV-008616 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд зэсийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Геологийн мэдээллийн төвд зөвшөөрчээ.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөц тогтоосон дүгнэлт гарсны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 6/5477 дугаар албан бичгээр[4] XV-008616 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг”-тай давхацсан, мөн усны мэдээллийн санд байгаа голын болон нуурын хамгаалалтын бүсийн хилтэй тус тус давхцалтай байна гэж мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагчид гаргасан боловч дээрх албан бичигт дурдсанаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэмээн хүлээж аваагүй байх ба ийнхүү нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй нөхцөл байдал үүссэн тул дээрх байдлыг тодруулахаар холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандсанаар[5] Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/535 дугаар албан бичгээр[6]  “... хэмжилт хийж үзэхэд “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-д хамаарахгүй байгаа тул ... уг талбайг хуулийн хязгаарлалтаас хасахад татгалзах зүйлгүй” гэсэн тодорхойлолт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/23 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан хил заагтай давхцалгүй...” гэсэн лавлагаа[7], гэрч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэхүүгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Дашбалбар сумаас ирүүлсэн солбицлыг кадастрын мэдээллийн системд шивж оруулахдаа алдаа гаргасан...” гэсэн мэдүүлэг зэргээр талбайн солбицол нь давхцалгүй болох нь тогтоогдсон байна. Дээрх нөхцөл байдлуудыг тодруулах явцад Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг”-ийг хавсралтаар тогтоосныг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, эрх бүхий этгээдийн дүгнэлтээр нөөцөө тогтоолгож, тодорхой солбицол бүхий талбайд ашигт малтмал ашиглах нөхцөл бүрдсэн байхад төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас уг талбайг ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглосон талбайд хамаарсан эсхүл хамаараагүй, давхцалтай эсхүл давхцалгүй, өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой эсвэл боломжгүй гэх тодорхой биш тайлбар, албан бичгүүдээр[8] хариу өгч байсны эцэст Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй хэмээн тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж тайлбарлаж байгаа ч дээр дурдсанчлан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч Ашигт малтмалын газарт хандаж байсан[9], тухайн хугацаанд Ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөц тогтоолгохоор тайлангаа хүргүүлсэн байсан, Ашигт малтмалын газар өөрөө тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа нөөц тогтоосон дүгнэлтийг үндэслэн мэдээллийн санд нөөцийг нь бүртгэсэн, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 6/5477 дугаар албан бичгээр хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэсэн бичиг ирүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудаар давхцалгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3005 дугаар албан бичгээр “...Т” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтой байна...” гэж Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад болон нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдэж байсан зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хугацаа дууссаны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК-аас тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллагын буруутай, хууль бус үйлдлийн улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна. 

Нөгөөтээгүүр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгоор Ашигт малтмалын газрын дарга “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” журам баталж, уг журмаар Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох буюу тусгай зөвшөөрлийн эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласантай холбоотойгоор шүүхийн журмаар болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрх үүргийг зогсоосон үеэс эрхийг сэргээх хүртэлх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн нийт хүчин төгөлдөр байх хугацаанаас хасаж тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хөтөлж байхаар шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд хариуцагчаас хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад дахин сунгах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх боломжгүй байсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд төрийн захиргааны буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн, энэ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс үл хамаарсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж өөрчлөлт орсноос өмнө дууссан боловч тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж байсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байдалд хүрсэн нь нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалаагүй, шүүх хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаагаар сунгаж шийдвэрлэхэд одоо мөрдөгдөж буй хугацаа сунгахтай хамааралтай заалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь тухайн үед дууссан тусгай зөвшөөрлийн хугацаанд хамааралгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнээд  шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Т” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Дорнодын талбай нэртэй газарт орших ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

[1] Хэргийн 41

[2] Хэргийн 38-40

[3] Хэргийн 37

[4] Хэргийн 60

[5] Хэргийн 11-19, 108-110

[6] Хэргийн 21,22

[7] Хэргийн 25,26

[8] Хэргийн 23,25,27,28,29,30-33,34

[9] Хэргийн 108