Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00128

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00295 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 669 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.А-

          Хариуцагч: Н.Г-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 4,364,821 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Ү-, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Норжинсүрэн, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Н.Г-гийнх 2018-01-20-ны шөнийн цагаас өглөөний 07 цаг хүртэл ус алдаж 4-1 давхрын бүх айлд ус алдаж манайх хамгийн их хохирсон. Мөн өдрийн 03:00 цагт бидний дуудлагын дагуу шуурхай албаны засварчин ирж 2018-01-24-ний өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв/ОСНААУГ ХҮТ/-2-оос техникийн комиссын акт №4-ийг гаргасан. Комиссын дүгнэлтээр ус алдсаны улмаас манай гал тогоо, ванн, 00-ийн өрөө, коридор, 2 том өрөөний хана, таазны шохой, эмүльс, обой хууларсан, цахилгаан монтаж гэмтэлтэй, паркетан шал хөөж бөмбийсөн, хаалганы хавтас норж гажсан хэмээн тодорхойлсон. Мөн “Вендо” ХХК-д хандаж 3,784,821 төгрөгийн хохирол учруулсан тухай дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар Н.Г- манай хохирлыг барагдуулаагүй, ердөө л ханын обойг хуулж, таазны шохойг цэвэрлэснээс өөр ажил хийгээгүй. Энэхүү байдлын үр дүнд тоосонцор ихтэй, аюултай орчинд сүүлийн 5 сар гаруй хугацаанд амьдарч байна. Мөн түүнчлэн хохирлын шаардлагыг үл зөвшөөрч, хэл амаар удаа дараа доромжилж, гэртээ тав тухтай, тайван амьдрах эрхийг минь 5 сар ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байна. Мөн Хаан даатгалаас бидний хохиролд өгсөн 500,000 төгрөгийг засварын ажилд нэмэрлэх гэж авсан нь хууль бус юм. Иргэн Н.Г- өөрийн хөрөнгөөр хохирол барагдуулж өгөх ёстой. Иймд ус алдасны улмаас үүссэн хохирлыг арилгах засварын төлбөр болох 3,784,821 төгрөг, “Вендо” ХХК-д даатгалын хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 80,000 төгрөг, Хаан даатгалаас манайд өгсөн 500,000 төгрөгийн хамт нийт 4,364,821 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2017-12-27-ны өдөр гадаад улс руу гэр бүлийн хамт яваад 2018-02-24-ний өдөр ирсэн. Явахаас өмнө нүүр гарын угаалтуурын крантаас ус гоожоод байна шалгуулъя гэсэн дуудлагыг ОСНААУГ-т БЗД-н ..-р хороо хариуцсан ХҮТ 2-т дуудлагыг өгч засварлуулсан. Гэтэл 2018-01-20-с 21-ний шилжих шөнө нүүр гарын угаалтуурын холигч тас буудаж, ус алдсан тухай техникийн актад тэмдэглэгдсэн байдаг. ..Манайх Хаан даатгал ХХК-д материалаа өгч даатгалаас хохирлыг үнэлж 1,053,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулан төлбөрийг 4, 2, 1 давхрын айл тус бүрт гаргуулж мөнгийг шилжүүлж, нэхэмжлэгчид 503,000 төгрөгийг У.Ү-гийн дансанд хийсэн. Харин 3 давхрын айл танайх яавч ус алдах айл биш энэ контороос л болсон байх гэж бидэнд хэлсэн. 1 давхрын айл бид хохирлын төлбөрөө авахгүй харин засвараа хийлгэнэ гэснээр бид засварыг хийж өгсөн. Нэхэмжлэгч анх “Бид ийм бага мөнгөөр засвараа хийж чадахгүй нь мэдээж, тэгэхээр танайх засвар хийж өгөөрэй” гэсэн шаардлагыг тавьсан. .. Манайхаас хамаараагүй гэдгийг бид өөрсдийн санаатай болон болгоомжгүй байдлаас уг үйл явдлыг бий болгоогүй нь дараах үндэслэлтэй. Гадаад улс руу явахаасаа өмнө холигчоос ус гоожоод байгааг засварлуулж бүх зүйлсээ сайтар шалгаад явсан. СӨХ-ны зүгээс хуульд заасан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй, олон цагаар ус алдуулж бүр 1 давхарын айл хүртэл ус алдуулсан нь ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Гэвч бид хэн нэгэнд бурууг өгч асуудлыг хүндрүүлэхийг бодоогүй харин асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. .. Нэхэмжлэгч зөвхөн учирсан хохирлыг бус өөрийн байрандаа иж бүрэн засвар хийлгэх хэмжээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Даатгалын нөхөн төлбөрөөс нэхэмжлэгчид төлсөн 500,000 төгрөгийг бид буцаан авч засвар хийхээр нийт 334,500 төгрөгийг, ОСНААУГ-ын ХҮТ-2-ийн цахилгаанчны ажлын хөлсөнд 6,000 төгрөгийг 5 сарын байрны төлбөрт тооцуулж төлсөн, барилгын засварын ажлын хөлсний урьдчилгаанд бэлэн бусаар 350,000 төгрөг, бэлнээр 100,000 төгрөгийг нийт 450,000 төгрөгийг, А шатны түрээст өдрийн 10,000 төгрөгөөр тооцож 10 өдөрт нийт 100,000 төгрөгийг, барилгын материал зөөхөд зарцуулсан шатахууны үнэд нийт 60,000 төгрөгийг нийт 950,500 төгрөгийг зарцуулаад байна. Тухайн өдөр ус алдаж, гэм хор учирсан нь бидний санаатай болон болгоомжгүй үйлдэл (эс үйлдэл)-ээс шалтгаалаагүй харин бид өөрсдөө хохирогчдын нэгж болж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнг эс зөвшөөрч Хаандаатгал ХХК-иас хохирлын нөхөн төлбөрт нэхэмжлэгчид гаргуулсан 500,000 төгрөгт дүйцүүлэн авсан барилгын материалыг нэхэмжлэгч талд буцаан өгөх саналтай байна. ..Иймээс засвар хийхтэй холбогдон гарсан нийт зардал болох 950,500 төгрөгөөс Хаандаатгалаас олгосон нөхөн төлбөр болох 500,000 төгрөгийг хасч, мөн 2018-10-11-ний өдрийн 101/Ш32018/17313 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу шинжээчийн төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн зардлыг нэмээд нийт 950,500 төгрөгийг Л.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 101/ШШ2019/00295 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Н.Г-гээс 3,861,821 төгрөг гаргуулж Л.А-д олгож, нэхэмжлэлээс 500,000 төгрөгийн шаардлага болон,  950,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 81,787 төгрөг, хариуцагчаас төлсөн 27,362 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 76,739 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 669 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа төлсөн 27,362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Вендо компанийн үнэлгээний тайлангийн /хх23-27/ зургаас харахад бүх өрөөний зургийг бус зөвхөн учирсан бодит хохирлын зургийг авсан байгаа нь харагдаж байна. Тухайлбал, /хх 26, 27/ зургаас харахад паркетан шалны 4-н зураг авагдсан байх бөгөөд өрөө тус бүрийг бүхэлд нь авсан ямар ч зургийг хавсаргаагүй мөн зөвхөн паркетан шаланд гарсан завсарын зургийг оруулсан байгаа нь өрөөнүүдэд бүхэлд нь ус орсон гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт ус алдсанаас энэхүү засвар үүссэн гэх ямар ч үг, үсэг бичигдээгүй мөн фото зурагны доод хэсэгт яг аль өрөөний зураг болох талаар ямар ч тэмдэглэл хийгдээгүй байгаа юм. Мөн түүнчлэн 5 давхрын угсармал байруудын нэг онцлог нь угсармал ханаа даган ус 1 давхар хүртлээ гоожсон харин тунаж үлдээгүй нь ус бүх өрөөнд орсон гэх үндэслэлгүйг нотлож байгаа. Гэтэл хоёр шатны шүүх нь “Вендо” компанийн үнэлгээний тайланг тал бүрээс нь, бодитой үнэлэлгүй зөвхөн тус тайланг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй. Мөн /хх 20/ 2018-06-15-ны өдрийн “Вендо” компанийн хөрөнгийн үнэлгээний, нийт барилгын материалын хэрэгцээ гэх хэсгийн цифр 555-д заасан “Паркетан шал нийт 54.81 м2 солихоор үнэлсэн байна. Гэтэл /хх29/ Ү-, А-, Лхамжав нарын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс харахад нийт 39м2 талбайтай гэж тэмдэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс тус тайланг бодитой талбайгаар хэмжсэн гэж үзсэн нь уг тайланг бүхэлд нь тал бүрээс нь, хангалттай, бодитойгоор үнэлээгүйгээр, гагцхүү уг тайлангийн дүнг нотлох баримтын хэмжээнд үнэлэн харин хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан үзэлгүй шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 40.1-т заасныг зөрчиж байгаа юм. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтийг бодитой үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн түүнчлэн ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 2-р төвийн 2018-01-23-ны өдрийн 4 тоот техникийн комиссийн акт, Шинжээчийн 2018-11-15-ны өдрийн 02-07-095 тоот дүгнэлтээр бүх өрөөнд ус алдсан гэх ямар ч нотлох баримт авагдаагүй байхад ус алдсан явдлыг бүх өрөөнд алдсан гэх хэт нэг талд үйлчилсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь зүгээс гаргуулж авсан үнэлгээний тайланг үндэслэсэн нь хэргийг тал бүрээс нь, бодитой, харьцуулан үзсэн гэх үндэслэл хангагдахгүй байгаа юм. Гэтэл хариуцагч бидний зүгээс хэргийг бодитой үнэлүүлэхээр хангалттай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэг ч нотлох баримтуудаас иш татаж харьцуулан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хангасан. ..шүүхээс СӨХЭЗБНЗОСБДӨЭХ тухай хуулийн 13.2.4, 13.2.5 заалт болон ИХ-ийн 497.1, 510.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх дараах үндэслэл хангагдаж байна. ИХ-ийн 497.1 д “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэжээ. Гэтэл хууль бус санаатай үйлдэл гэдэг нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан атал түүнийг зориуд хүсэж үйлдсэн үйлдлийг, болгоомжгүй үйлдэл гэдэг нь гэм хор учруулсан этгээд өорийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсэн боловч гарах үр дагаврыг гаргуулахгүй гэж хөнгөмсгөөр найдсан эсвэл үйлдлийнхээ хууль бус болохыг мөн гарах үр дагаврыг урьдчилан мэдээгүй бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзнэ хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч тус шүүхээс ИХ-ийн 497.1, 510.1 дэх заалтын нөхцөлүүд болох хууль бус санаатай үйлдэл байсан эсэх, хууль бус болгоомжгүй үйлдэл байсан эсэх зэргийг тогтоогоогүй атал дээрх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Ус алдсан шалтгаант холбоог тодруулахаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтийн 2.1 д “...холигчийн голд гэмтэл үүсч, ус алдаж...”, 2.3-т “нэгэнт эзэнгүй байгаа айлд ус алдсаны улмаас хэрэглээний усыг ташираар нь босоо шугамаар нь хаасан байхад холбогдох арга хэмжээг авалгүйгээр дахин ус тавьж алдалтыг ихэсгэж, хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн” гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл тус шүүхээс шинжээчийн дүгнэлт болон бусад холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзэж үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 116.2 дах заалтыг зөрчиж байна. Хянавал хэсэгт “Хариуцагчийн өмчлөлийн орон сууцны угаалтуурын холигч задарсан шалтгааны улмаас зогсоох боломжгүй, уг орон сууц түгжээтэй байсан нөхцөл байдалд хариуцагч гэм буруугаас гадна хариуцагчийн орон сууцны угаалтуурын холигч задарсан, холигчид засвар үйлчилгээ хийлгэсэнд хувь байгууллага буруутай.. болох боловч тэрээр эд хөрөнгөө удаан хугацаагаар эзэнгүй орхин явсан тохиолдолд орон сууцанд ус алдах болон бусад аюул учрахаас урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээг бүрэн гүйцэд авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ИХ 497.2-т зааснаар хариуцагч нь өөрийн гэм буруугүй гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно. ” гэжээ. Гэтэл бид шүүхэд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулаагүй гэдгээ хангалттай, бодитойгоор тал бүрээс нь нотлож, шаардлагатай бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. БЗД-ийн ..-р хороо ..-р байрны .. тоот хаягт оршин суугч Н.Г-, С.Т, Г.Н нарын гадаад паспортын хуулбар; 2017-12-26-ны өдөр ОСНААУГ-ын С1ХҮТ-2-д дуудлага өгч, засварлуулсан талаарх мэдээлэл; НМХГ-н барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаярын 2018-11-15-ны өдрийн №02-07- 095 тоот “Шинжээчийн дүгнэлт”, Хаандаатгалаас бодит хохирлыг үнэлсэн нотлох баримтууд гэх зэрэг. Дээрх баримтуудыг тус шатны шүүхээс нэгээхэн хэсгийг ч үндэслэл болгоогүй, иш таталгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэсэн. Хянавал хэсэгт “...шүүх нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч буруугүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн 950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тал нь засвараа хийлгэхээр хариуцагч талтай харилцан тохиролцсоны дагуу бидний зүгээс учирсан бодит хохиролд засвар хийхээр бодитой 950,000 төгрөгийн зардлыг гаргасан. Тус зардалтай холбоотой бүхий л нотлох баримтуудыг бичгээр шүүхэд гаргаж өгсөн атал шүүхээс хариуцагч буруугүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тал анх манайхтай тохиролцохдоо засвараа хийлгэнэ гэж дээрх зардлыг гаргуулж, засварын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл засвар хийх явцад нэхэмжлэгч тал засварыг хийлгэхээс сайн дураар татгалзсан нь бидэнд дээрх зардлыг нэхэмжлэх хангалттай үндэслэл болж байна. Хэрэв нэхэмжлэгч тал нь засвараа хийлгэхгүйгээр шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхээр анхнаасаа шийдсэн бол биднээс дээрх хэмжээний зардал гарахгүй байсан. Гэтэл шүүхээс бодитой, баримтаар нотлогдож байгаа дээрх зардлыг хангахгүй шийдвэрлэсэн нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой, илэрхий зөрчиж байна. Талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн авсан зүйлээ буцааж өгдөг зарчимтай атал бидний бодитой, баримтаар нотлогдож байгаа зардлыг хариуцагч тал буруутай гэж үзэн хангахгүй шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Л.А- 2018-06-20-ны өдөр шүүхэд хандаж, Н.Г-гээс 4,364,821 төгрөг  шаардаж “...Н.Г-гийнх 2018-01-20-ны өдөр ус алдаж манайд 3,784,821 төгрөгийн хохирол учирсан...иймд уг мөнгийг хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 80,000 төгрөг, даатгалын 500,000 төгрөгийн хамт гаргуулна...” гэжээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... 2017-12-27-ны өдөр гадаад улс руу явж гэр эзгүй байх хойгуур ус алдсан байсан... хохирол учирсан нь бидний санаатай болон болгоомжгүй үйлдэл (эс үйлдэл)-с шалтгаалаагүй...нэхэмжлэгч учирсан бодит хохирлыг бус, харин иж бүрэн засвар хийх хэмжээний мөнгө нэхээд байна... засвар хийлгэнэ гэсэн ч засвараа хийлгээгүй..” гэж марган сөрөг нэхэмжлэл гаргаж “...засвар хийхтэй холбогдуулан гаргасан зардлын мөнгө 450,500 төгрөг...шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөг нийт 950,500 төгрөгийг авна..” гэсэн байна. 

       Анхан шатны шүүх хариуцагчаас хохирол 3,784,521 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 80,000 төгрөг, нийт 3,861,821 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.  

      Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...нийт 54.81 м2 паркет солихоор үнэлсэн ч өмчлөх эрхийн гэрчилгээнд орон сууцыг 39м2 талбайтай гэсэн байна...шүүх нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтийг харьцуулаагүй.... 02-07-095 тоот дүгнэлтээр бүх өрөөнд ус алдсан гэх ямар ч нотлох баримт авагдаагүй...шүүх хууль  буруу тайлбарласан ... хууль бус санаатай үйлдэл байсан эсэх, хууль бус болгоомжгүй үйлдэл байсан эсэхийг тогтоогоогүй... хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулаагүй гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгсөн... засвар хийж өгөхөөр 950,000 төгрөгийн зардал гаргасан...хэрэв засвар хийлгэхгүй гэсэн бол бид зардал гаргаж  материал авахгүй байсан... засвар хийлгэхээс татгалзсан нь уг зардлыг нэхэмжлэх хангалттай үндэслэл болж байгаа...” гэжээ.

       Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух Л.А-гийн орон сууц руу тус байрны .. тоот буюу Н.Г-гийн орон сууцнаас 2018-01-20-ноос 21-ний өдөр шилжих шөнө ус алдсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй, харин ус алдсанд хариуцагч гэм буруутай эсэх, нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан, хариуцагчаас зардал гарсан эсэх талаар маргажээ.

      Хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд буй угаалтуурын эд анги эвдэрсний улмаас ус алдсан, эд хөрөнгөө удаан хугацаагаар эзэнгүй орхин явахдаа аюул учрахаас урьдчилан сэргийлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй буюу өөрийн гэм буруугүй гэх нөхцөл байдлыг нотлоогүй байна. 

     Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

       Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5-д тус тус зааснаар сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууц, эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах үүрэг хүлээнэ. 

      Иймд шүүх хохирол 3,784,521 төгрөг, үнэлгээ тогтоолгоход төлсөн 80,000 төгрөг, нийт 3,861,821 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.

      Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Иймд шүүх  талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

      Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээв. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00295 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 669 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 27,362 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 76,739 төгрөг, нийт 104,101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ