Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000122 дугаартай, 146/2022/0003/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг, ********* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ******* /РД: **************/, хоч нэр ******* гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын бургаст гэх газраас ирсэн *******ын 1 тооны сувай хар зүсмийн үнээг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...2018 онд найзаасаа адуу авсан оронд нь үхэр өгөх байсан юм. Тэгээд 2021 онд найздаа айлын үхрийг хулгайлж аваачиж өгсөн нь үнэн. Миний буруу... гэв.

Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ӨХЦ21-31 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын бургаст гэх газраас хохирогч *******ын хар зүсмийн сувай үнээг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ын ...Би үхрээ 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн чинь буруу чихэндээ ээмэгтэй хар үнээ алга байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан үхэр буруу чихэндээ ээмэгтэй хар зүсмийн сарлагийн сувай үнээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

гэрч *******гийн ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны 17:00 цагийн үед ээжийн утсаар ******* ярьсан. Найз адуугаа өгч чадахгүй нь үхэр өгье, ээжийн чинь гадаа авч ирээд уячихлаа гэж хэлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13:00 цаг өнгөрч байхад ах *******, эгч нартай хамт сумын төвөөс Тээл рүү явах үхрээ гаргаж ирэхээр явах гэж байтал , таарч хамт явсан. Тээлд 15 цагийн үед очиход малын саравч дотор сарлагийн хар сувай үнээ уяатай байсан. Үхрээ төхөөрч дуусаад 20 цагийн үед сумандаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

гэрч *******ын ...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ..., ах, эгч, манай эхнэр болох бид хэд гийн автомашинтай Хужирт сумын 2 дугаар баг гэх газарт байх гийн ээж эгчийнх рүү үхэр гаргахаар явсан. Тэгээд 15 цаг өнгөрөөд тухайн газраа очиход хар зүсмийн сарлагийн үнээ хашаан дотор уяатай байсан тэрийг бид хэд гаргаад гэдэс махыг нь аваад Хужирт сум руу буцсан. ...Надад , эгч хэлэхдээ Бат-Өлзий сумын нутагт байдаг ******* авчирч өгсөн гэж хэлсэн. болон манай дүү нар тухайн *******гээс авлагатай байсан түүнийхээ оронд авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр хуудас/,

гэрч *******ын ...Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс 15 цагийн үед ирсэн манай охин , нөхрийнх нь ах , , гэдэг хүн эхнэрийн хамт гийн автомашинтай ирсэн. Манай охин БатӨлзий сумын харьяат ******* буюу Үйзэнхорлоо гэх залуугаас наймааны оронд авсан хар зүсмийн сарлагийн үнээ хийгээд орой гэгээ тасарсан үед явсан. Тухайн үнээг ******* 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед тууж ирээд манай гадаа уяад явсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, яллагдагчаар *******гийн ...тухайн үед *******ын үхэр гэж мэдээгүй. 200-300 тооны үхэр байхаар нь дундаас нь ороод хар сувай үнээг туугаад ын гадаа очоод малынх нь хашааны гадаа уяад орхисон. тэй утсаар яриад адууны чинь оронд сарлагийн сувай үнээ авчраад уячихлаа чи өрөндөө авчих гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,250,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ21-31 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт үйлдэл нь хүний идэвхитэй үйл ажиллагаа бөгөөд сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлттэй хийснийг харуулдаг.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх өрөө төлөх зорилготой, бусдын эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж байгаа үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй, ашиг хонжоо олох зорилготой үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохоо зөвшөөрч байгаа гэж дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* би мал хулгайлсан үйлдлээ зөвшөөрч байна. Миний буруу гэв.

Иймд шүүгдэгч *******г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчид хохиролд 1,250,000 төгрөгийг хүний дансаар шилжүүлэн төлсөн гэж мэдүүлж байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохиролд 1,250,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. /хх-ийн 56-57, 164-165 дугаар хуудас/

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өөрийн малтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож /хх-ийн 60-63 дугаар хуудас/ байх ба өрөө төлөх зорилгоор, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр мал хулгайлж байгаа үйлдэл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан атлаа үүндээ дүгнэлт хийхгүй дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сувай үнээний ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн зээрд зүсмийн морь унаж явсан болох нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн .. .Би гэрээс гарахдаа өөрийнхөө эзэмшлийн зээрд зүсмийн зөв талын гуян дээрээ өлзий тамгатай зээрд зүсмийн морьтойгоо явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-27 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зураг /хх-ийн 36, 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох шүүгдэгчийн эзэмшлийн, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн, 1200000 төгрөгийн үнэлгээтэй зээрд зүсмийн нас гүйцсэн морийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн нэг тооны морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4- т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сувай үнээний ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох шүүгдэгчийн эзэмшлийн, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн, 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй, зээрд зүсмийн нас гүйцсэн морийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн нэг тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ДУЛМАА