Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2238

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК /РД: 2077361/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Скай виста трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 212 076 042.86 төгрөг гаргуулахаар “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. “Скай Виста” ХХК нь талуудын хооронд хийгдсэн гэрээ нь дээр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Альфа төв, 102 тоот хаяг дээрээ хийгдсэн байдаг. Хариуцагч “Скай Виста” ХХК-ийг эрэн сурвалжилж, тус компанийн захиралыг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь үйл ажиллагаа явуулж байсан хаягтаа байхгүй нүүсэн, компанийн удирдах албаны захирал эсхүл хувьцаа эзэмшигч байж болох хүмүүс нь өөр нэрээр үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байгааг олж мэдэв. Нэхэмжлэгч компани нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргахын тулд хариуцагчийг эрэн сурвалжлуулж яаралтай оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд шүүх хурлыг нэхэмжлэгчийн эзгүйд хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Скай Виста” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК нь “Скай Виста” ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 212 076 042.86 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Скай Виста” ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Альфа төв, 102 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2017/05948 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Скай Виста” ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Скай Виста” ХХК-ийг төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК /Утас: 88835657, 99491204/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

“Скай Виста” ХХК /РД: 5394619/ нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Альфа төв, 102 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг байсныг дурдах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулж, хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Скай Виста” ХХК /РД: 5394619/-ийг төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Скай Виста” ХХК-ийг төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д /утас: 99491204, 88835657/ мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН