Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнхАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Д.Баярпүрэвийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар нарын өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч: Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв

Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саманд овгийн Давгадоржийн Ууганбаяр, Нинж овогтой Дашнямын Баярмагнай, Боржигон овгийн Давгадоржийн Баярпүрэв, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түшээ гүн овгийн Батбаярын Ариунбаатар нарт холбогдох эрүүгийн 2127000000114 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар баг, *************** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Саманд овгийн Давгадоржийн Ууганбаяр /РД: **************/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо баг ********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *********** овгийн Дашнямын Баярмагнай /РД: *************/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 5 дугаар баг “*************” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Түшээ гүн овгийн Батбаярын Ариунбаатар /РД: ***************/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баг “************” гэх газар оршин суух *********** овгийн **************ийн Баярпүрэв /РД: ****************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Д.Баярпүрэв нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн дэвсгэр “Дулааны-Ар” гэх газраас хохирогч Ц.Гүрсэдийн гурван тооны үхрийг хулгайлсан,

Мөн яллагдагч Д.Ууганбаяр, Д.Баярпүрэв, Д.Баярмагнай, Б.Ариунбаатар нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэр “Мааньтын гүүр” гэх газраас хохирогч Д.Маналжавын 2 тооны, хохирогч Г.Базаргүрийн 2 тооны хохирогч Д.Энхжаргалын 1 тооны нийт 5 тооны үхрийг хулгайлсан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ууганбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Баярмагнай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Баярпүрэв шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Ариунбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Гүрсэдийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх 7 дугаар баг “Таван цохио” гэх газар отроор ирж өвөлжсөн юм. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр гэж санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна манай үхрээс 3 тооны монголын үхэр алдагдсан юм. Сартай, улаан зүстэй, нас нийлсэн эр үхэр, эвэргүй, бөөр цагаан, улаан зүстэй, нас нийлсэн эр үхэр, эвэртэй, хязаалан насны хар зүстэй гуна нийт 3 тооны үхэр алдаж байсан юм. Сартай, улаан зүстэй нас хийлсэн үхрийн бие их том эрлийз маягийн үхэр байсан. Бусад үхэртэй харьцуулахад их том биетэй үхэр байсан. Эвэргүй бөөр алаг, улаан зүстэй эр үхэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн үхэр байсан юм тухайн жил хүнсэндээ хэрэглэх гэж байсан юм. Үхрийг нь алдчихаад би С.Чинзориг гишүүнд алдсан үхрийн оронд өөрийн үхрээсээ хүнсэнд хэрэглэх үхэр өгсөн юм. С.Чинзориг гишүүний малыг би хардаг юм. Манай үхэр Хархорин сумын Шанх 7 дугаар багийн нутаг “Таван цохио” гэх газрын баруун урд талын тариалангийн талбайгаас алга болсон юм. Манай үхэр дундаас том биетэй үхрийг нь шилээд аваад явсан байсан. Өвлийн улиралд тариалангийн талбайгаас үхэр ижлээсээ салж өөрөө хөлөөрөө гүйж алга болно гэж байхгүй. Тэгээд би хулгайч авчихлаа гэж бодсон юм... Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Энэ жил ер нь бодоод байхад цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж бодсон юм. Сартай, улаан зүстэй нас нийлсэн үхрийн бие их том эрлийз маягийн үхэр байсан тэр үхэртэй их харамсаж байна... Сартай, улаан зүстэй нас нийлсэн үхрээ 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг учир нь бие их томтой үхэр байсан. Эвэргүй, бөөр цагаан, улаан зүстэй, нас нийлсэн эр үхрээ 2,000,000 (хоёр сая) хязаалан насны хар зүстэй эр үхрээ 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуу/,

Гэрч Г.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх 2018 оны 11 дүгээр сард ганц гэрээрээ Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн нутаг “Ихэн халиар” гэх газар өвөлжиж байсан юм... Сартай хүрэн гуна, хар хязаалан эр үхэр хоёрыг нядалж өвлийн хүнсэнд хэрэглэсэн гэж санаж байна. Би яг нарийн сайн санахгүй байна... Тухайн үхэрнүүд нь манай үхэр биш 2018 оны 11 дүгээр сард манай нөхөр хүнээс 3 үхэр худалдаж авлаа гээд өөрийн эзэмшлийн цайвар цэнхэр өнгийн “Бонго портер” маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа яваад ирсэн. “Ямар учиртай үхэр юм бэ” гэж асуусан чинь мал махны ченж Давгадоржийн Ууганбаяраас худалдаж авлаа гэж надад хэлсэн. Ууганбаяр хэд хоногийн дараа эхнэр Бямбатогтохтой хоёул хар өнгийн суудлын том автомашинтай ирээд үлдсэн мухар улаан бөөр алаг хязаалан эр үхрийг нь нядлаад аваад явсан. Би тухайн үед бодож л байсан юм нөхөр минь надад хэлэхдээ 3 үхэр Ууганбаяраас худалдаж авсан л гэж хэлсэндээ Ууганбаяр яагаад буцаагаад нэгийг нь авч байгаа юм бол доо хоорондоо л ярилцаж тохиролцсон юм байлгүй дээ гэж дотроо бодсон. Манайх идэшний 2 үхрээ нядлах үед Амарсайхан гэх манай хадам ээж Дашнямын төрсөн дүү Сугаржавын нөхөр ирж тусалсан. Би гэдсийг нь янзалж цэвэрлэсэн манай нөхөр Амарсайхан ах хоёр үхрийг нядалсан. Амарсайхан ахыг идэш хоолоо хийх үедээ л гуйж дуудаж авчирдаг тэр үед үхэрнүүдийг нядалж бэлтгэх үед хэзээ нь ирсэн талаар яг нарийн санахгүй байна... Манайд тухайн тээврийн хэрэгсэл олон жил болсон ч би улсын дугаарыг нь огт тогтоодоггүй юм манай нөхөр л улсын дугаарыг нь мэдэж байгаа байх 2019 оны хавар ахынхаа хүүхэд болох Загаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэж дууддаг залууд худалдсан байх... Ураг төрөл хамаатан садангийн холбоо байхгүй. Д.Ууганбаяр нь мал махны ченж хүн байгаа юм манай тэрүүгээр мал цуглуулж явах үедээ орж гардаг болохоор нь таньдаг харин түүний эхнэрийг тэр үед л бараг харж байсан зүс таних төдий л мэднэ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Нас нийлсэн монголын эр үхэр 2, хязаалан насны хар зүсмийн гуна 1, нийт 3 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын байдлаар 4,000,000 (дөрвөн сая) төгрөг болохыг тодорхойлов” гэсэн 159 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 60-р хуу/,

Сэжигтэн Д.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ууганбаярыг одоогоос 10 гаран жилийн өмнөөс таньж мэдэх болсон Ууганбаяраар дамжуулан дүү нартай нь танилцсан. Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Хотонт сумын 5 дугаар багийн нутаг “Улаан чулуут” гэх газраас Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд өөрийнхөө цэнхэр өнгийн “Бонго” маркийн автомашиныг унаж ганцаараа ирсэн юм. Одоо өөрийнхөө унаж ирсэн цэнхэр өнгийн “Бонго” маркийн автомашины улсын дугаарыг санахгүй байна. Намайг хөдөөнөөс Хархорин суманд ирэхэд ойролцоогоор 17 цаг болж байсан байх тэгээд шууд Ууганбаярын нэгдүгээр хороонд байдаг гэрт нь автомашин унаж очсон, Намайг очиход Ууганбаярын гэрт гаднаас хүн байгаагүй Ууганбаяр гэртээ байсан. Ууганбаярын гэрт бид хоёр хэсэг ярилцаж байгаад орой 21-22 цагийн үед хөдөө миний цэнхэр өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг “Дулааны-Ар” гэх газар очсон. Ууганбаяр надтай явж байхдаа хүнтэй утсаар яриад байсан шууд хөдөө хээр тариалангийн талбайн захад очиход Ууганбаярын дүү Баярпүрэв морь унаж ирсэн. Баярпүрэвийн унаж явсан морины эм, тамга, өнгө зүсийг анзаарч хараагүй. Учир нь гадаа харанхуй болчихсон гадаа сар гарчихсан байсан шиг санаж байна. Баярпүрэв морьтой явж зөндөө олон үхэр байсныг хурааж байгаад монголын улаан эр үхэр, хүрэн хязаалан эр үхэр, хар шүдлэн эр үхэр зэрэг гурван тооны үхэр барьж Ууганбаяр бид хоёр цуг миний цэнхэр өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж тухайн газраас буцаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд ирсэн. Хөдөө, хээр тариалангийн талбай дээр Ууганбаярын дүү Баярпүрэв үлдсэн. Хархорин сумын төв асфальтан замаар явж байхад Ууганбаяр гэрийн харалдаа гудамжны үзүүр хэсэгт автомашинаас буугаад үлдсэн. Харин би Ууганбаяртай цуг явж хөдөө хээрээс өөрийнхөө автомашин дээр ачсан байсан гурван тооны үхрийг ачиж яваад Архангай аймгийн Хотонт сумын 5 дугаар багийн нутаг “Ихэн халиарь” гэх газарт байрлах өөрийнхөө гэрт очсон. Манай гэр тухайн үед Хотонт сумын 5 дугаар багийн нутаг “Ихэн халиар” гэх газарт ганц гэр өвөлжиж байсан юм. Тухайн үед манай эхнэр хүүхдүүд байгаагүй. Гурван үхрийг гэрийн гадна буулгаж өөрийнхөө хашаанд оруулж хашиж байгаад Монголын улаан эр үхрийг “Ихэн хариарь” гэх газраас ертөнцийн зүгээр урагш байдаг өөрийнхөө “Улаан чулуут” гэх газар байдаг том гэр байсан өвөлжөө дээрээ очиж тухайн үхрийг хүнсэнд хэрэглэсэн. Улаан үхэр хийх үед манай хүргэн ах Амарсайхан цуг янзалсан. Тэр жил буюу 2018 онд “Улаан чулуут” гэх газарт байрлах өвөлжөөн дээр хүргэн ах Амарсайхан хамт цуг өвөлжсөн юм. Харин хар шүдлэн үхрийг болон улаан зүстэй үхэр идсэн өдрөөс хойш хоёр гурав хоногийн дараа “Ихэн халиарь” гэх газарт нядалсан махыг хүнсэнд хэрэглэсэн. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа Ууганбаяр Хархорин сумын төвөөс эхнэрийнхээ хамт өөрийнхөө хар өнгийн “Прадо” маркийн автомашиныг унаж манай гэрт ирж хоносон. Маргааш өглөө нь нөгөө Хужирт сумын “Дулааны-Ар” хэсэг тариалангийн талбайн хажуу талаас хулгайлсан байсан гурван үхрийн нэг нь болох хүрэн хязаалан эр үхрийг Ууганбаяр бид хоёр цуг нядалж, Ууганбаярын эхнэр болон манай эхнэр Долгорсүрэн нар гэдэс дотрыг цэвэрлэж улмаар үхрийн махыг Ууганбаяр өөрийнхөө унаж ирсэн хар өнгийн “Прадо” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж манай гэрийн гаднаас Хархорин сумын төв явсан ...2018 онд нядалсан үхэр нь эр үхэр байсан тийм болохоор эд хийж ширийг нь зүсэж сур хийсэн... Үхрийн толгой шийр зэрэг нь одоо байхгүй. Ууганбаярын манай гадна хийсэн хүрэн хязаалан эр үхрийг мах болон ширийг Ууганбаяр авч Хархорин сумын төв аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ххийн 75-76-р хуу/,

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 77-80, 89-92-р хуу/,

Сэжигтэн Д.Баярпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэрний жил буюу 2019 онд бас л 11 дүгээр сард Хархорин сумын Шанх багийн нутаг "***************” гэх газарт байрлах тариалангийн талбай дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Би нас гүйцсэн зээрд зүстэй морио унаж очсон. Бас л намайг Ууганбаяр ах дуудсан. Тэгээд очиход Ууганбаяр ах Баярмагнай хоёр миний танихгүй нэг залуугийн хамт ирсэн байсан. Тэгээд би мөн урьдын адил үхрүүдийг хурааж Ууганбаяр ах, Баярмагнай нөгөө танихгүй залуу тэр гурав нийт 5 тооны үхэр барьж аваад унаж явсан ачааны Портер маркийн автомашин дээр ачсан. Би тухайн газраас гэр рүүгээ морио унаж явсан. Ууганбаяр, Баярмагнай нөгөө залуугийнхаа хамт 5 тооны үхэр ачиж явсан. Хаашаа явсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88- р хуу/,

Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай гэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Мааньтын гүүр” гэх газарт байрлах газар тариалангийн талбай байрлах газрын ертөнцийн зүгээр хойд хэсэгт тариалангийн талбайд отор хийж очсон юм... Тухайн цаг хугацаанаас одоог хүртэл ирж хайгаад олохгүй байна. Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 02- ны өглөө үхрээ хураагаад бүртгэж үзэхэд үхэр байхгүй байсан. Би алдсан 1 тооны хар сарман хязаалан насны эр үхрийг нэг сая төгрөгөөр үнэлж байна гэж мэдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 193-194-р хуу/,

Хохирогч Д.Маналжавын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хархорин сум Шанх баг “Наадмын дэнж гэх газрын пойлноос ************ манай хоёрын нийт 4 тооны монголын үхэр алга болсон. Тухайн үед манайх Төв аймаг Баянцогт сум руу оторт явах гээд хөл хөдөлгөөн ихтэй байсан..." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 52-54-р хуу/,

Хохирогч Г.Базаргүрийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн Хархорин сум Шанх багийн нутаг "Наадмын дэнж" гэх газар намаржиж байсан. Тухайн цаг хугацаанд пойл хураагаад дуусчихсан байсан үхэр мал шөнөдөө бэлчээд гэрийн гадна хонохгүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай улаан зүсмийн шүдлэн эр үхэр хоёр чих араасаа ганзага эмтэй, хар зүсмийн сүүлний үзүүр нь цагаан нас гүйцсэн эр үхэр хоёр чих нь араасаа мөн ганзага эмтэй үхрээ алдсан. Манай хүү ************ тухайн өдөр 20 цагийн үед өөрийн үхрүүдийг хураагаад гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш 1 км зайтай байх пойл, тариалангийн талбай дотор хурааж бөөгнүүлсэн юм. Сарны гэрэлтэй байсан байх гэж бодож байна. Баярпүрэвийн гэр нь тухайн үед “ДулааныАр” буюу “Захын булаг" гэх газар байсан. Нас гүйцсэн эр үхрийг 1,200,000 төгрөгөөр, шүдлэн эр үхрийг 750,000 төгрөгөөр тус тус үнэлж байна..." гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 60-63-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ӨХЦ21-27, ӨХЦ21-28, ӨХЦ21-29 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р ххийн 181-182, 4-р хх-ийн 33-34, 43-44-р хуу/,

Хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 35-р хуу, 4-р хх-ийн 143-146-р хуу/,

Дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 197-205, 215, 218-224, 233, 235-239, 245, 247-р хуу/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Д.Баярпүрэв нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэр, “Дулааны ар” гэх газраас хохирогч Ц.Гүрсэдийн гурван тооны үхрийг хулгайлсан,

мөн шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярпүрэв, Д.Баярмагнай, Б.Ариунбаатар нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэр “Мааньтын гүүр” гэх газраас хохирогч Д.Маналжавын 2 тооны, хохирогч Г.Базаргүрийн 2 тооны хохирогч Д.Энхжаргалын 1 тооны нийт 5 тооны үхрийг хулгайлсан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Гүрсэдийн /1-р хх-ийн 29/, хохирогч Д.Энхжаргалын /1-р хх-ийн 193-194/, Д.Маналжавын /4-р хх-ийн 52-54-р хуу/, Г.Базаргүрийн /4-р хх-ийн 60-63-р хуу/, гэрч Г.Долгорсүрэнгийн /1-р хх-ийн 41/ нарын мэдүүлэг, сэжигтэн Д.Баярмагнайгийн /1-р хх-ийн 75-76-р хуу/, сэжигтэн Д.Баярпүрэвийн /1-р хх-ийн 87-88-р хуу/, хөрөнгийн үнэлгээчний 159 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 60-р хуу/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 77-80, 89-92-р хуу/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ӨХЦ21-27, ӨХЦ21-28, ӨХЦ21-29 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 181-182, 4-р хх-ийн 33-34, 43-44-р хуу/, хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 35-р хуу, 4-р хх-ийн 143-146-р хуу/, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 197-205, 215, 218- 224, 233, 235-239, 245, 247-р хуу/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нар нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Д.Баярпүрэв нар нь хохирогч Ц.Гүрсэдийн 3 тооны, Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нар нь хохирогч Д.Маналжавын 2 тооны, хохирогч Г.Базаргүрийн 2 тооны хохирогч Д.Энхжаргалын 1 тооны малыг хулгайлж өөрийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн машин механизмийг ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Б.Ариунбаатар нь бусдын малыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө, 2019 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Д.Баярпүрэв нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ариунбаатарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Д.Баярпүрэв нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ариунбаатарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Д.Баярпүрэв нарын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ариунбаатарын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар нарыг өмгөөлөгч Г.Гандөш нь шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай нарт“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү, Шүүгдэгч Б.Ариунбаатарын хувьд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар улсын яллагчтай ял тохирсон байгаа. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Д.Баярпүрэвийн өмгөөлөгч Д.Дашцэрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих оногдуулж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг...” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ариунбаатарын хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нар нь бусдын олон тооны малыг хулгайлахдаа машин механизм ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд 73-67 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,100,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,025,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэлгээ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 375,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ариунбаатарын эзэмшлийн 6,435,459 төгрөгийн үнэлгээ бүхий 16-76 УБК улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Д.Баярпүрэв нарыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэж,

шүүгдэгч Б.Ариунбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Давгадоржийн Ууганбаярыг 01 жил 03 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

шүүгдэгч Нинж овгийн Дашнямын Баярмагнайг 01 жил 03 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

шүүгдэгч Боржигин овгийн Давгадоржийн Баярпүрэвийг 01 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож,

шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Д.Баярпүрэв нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Саманд овгийн Давгадоржийн Ууганбаяр, шүүгдэгч ******* овгийн Дашнямын Баярмагнай, шүүгдэгч ************** овгийн ************ийн Баярпүрэв нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Түшээ гүн овгийн Батбаярын Ариунбаатарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Саманд овгийн Давгадоржийн Ууганбаярыг 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ******* овгийн Дашнямын Баярмагнайг 01 жил, 03 сарын хугацаагаар хоих ялаар, шүүгдэгч ********** овгийн *************ийн Баярпүрэвийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түшээ гүн овгийн Батбаярын Ариунбаатарыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Саманд овгийн Давгадоржийн Ууганбаярт оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ******** овгийн Дашнямын Баярмагнайд оногдуулсан 01 жил, 03 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ************ овгийн *************ийн Баярпүрэвт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

4. Шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Д.Баярпүрэв нарыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Д.Баярпүрэв нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Саманд овгийн Давгадоржийн Ууганбаярыг 01 жил 03 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч Нинж овгийн Дашнямын Баярмагнайг 01 жил 03 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч Боржигин овгийн Давгадоржийн Баярпүрэвийг 01 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 73-67 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,100,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Д.Баярпүрэв, Б.Ариунбаатар нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,025,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэлгээ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Д.Баярпүрэв, Б.Ариунбаатар нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 375,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ариунбаатар эзэмшлийн 6,435,459 төгрөгийн үнэлгээ бүхий 16-76 УБК улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Баярмагнай, Б.Ариунбаатар, Д.Баярпүрэв нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН