Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнхАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч *******, *******,

Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2127001100113 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* /РД: ************/.

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:*************/ гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* гэх найзындаа эхнэрийн хамт орсон. *******ынд ороод байж байтал *******ын эхнэр нь хоёр найзыгаа дуудсан гэж хэлсэн. Би *******ынхаас гараад гэртээ харьж ямаагаа хашчихаад байж байтал манай эхнэр над руу залгаад намайг хүн зодоод байна гэж хэлсэн. Би буцаад *******ынд хүрээд иртэл ******* манай эхнэр хоёр *******ын гэрийн гадаа үснээсээ таталцсан байдалтай зогсож байсан. Би ирээд энэ хоёрыг салгах гэж дундуур нь орсон. Тэгэхдээ хохирогч *******гийн нүд рүү гараараа санаандгүй цохьсон байсан” гэв

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нөхөр *******ы хамт ******* гэж найзындаа орсон. Бид нар нэг том пиво хувааж уучхаад манай нөхөр гэртээ харьж ямаагаа хашихаар явсан. Би *******ын гэрт байж байтал *******ын эхнэр нь ******* гэж найз руугаа видео каллоор залгаад дуудаад байсан. Удалгүй *******ын гэрт *******, ******* гэж хоёр хүн ирсэн. Тэр хоёрыг ирэхээр нь бид хоёр 2 том пивоны мөнгө өгөөд дэлгүүр рүү пивонд явуулсан. Тэр хоёр дэлгүүрээс 2 том пиво авч ирээд, бид 4 тухайн пивыг хувааж уусан. Тэгээд *******, ******* нар гэрээс гарч яваад удалгүй хроп пиво авч ирсэн. Бид нар тэр пивоноос уух гэж байтал ******* орж ирсэн. Тэгээд *******, ******* нар гэрээс гарч яваад удалгүй *******г дагуулаад ороод ирсэн. Намайг *******ын гэрт байж байхад *******, ******* хоёр намайг үгээр өдөөд гэрээс нь хөөгөөд байсан. Удалгүй *******ын хашааны гадна гараад ******* бид хоёр үсдэлцсэн. Тэгээд байж байтал манай нөхөр ******* ирээд бид хоёрыг салгасан. Би уурандаа *******г чи манай хорооноос яв гэж хөөсөн. Тэгээд бид 2 хоёр тийшээ салаад явсан” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 10 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байтал манай найз ******* манай гэрийн гадаа ирээд хоёулаа хамт айлд очъё гээд намайг дуудаад байсан. Би найздаа завгүй байна гэж хэлээд буцаагаад явуулсан. Тэгтэл 30 минутын дараа *******гийн нөхөр ******* над руу залгаад ******* чамайг аваад ир гэнээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт ******* гэж айлд очтол *******, , ******* нар пиво уугаад сууж байсан. Би тухайн айлд ороод *******тай юм яриад сууж байтал ******* гэж хүн намайг хэл амаар өдөөд байсан. Тэгээд сууж байтал гэрт байсан хүмүүс пивоны хэрүүл хийгээд байсан. Тэр үед *******, ******* нар нь хоорондоо хэрэлдээд гэртээ харихаар ******* гэж хүний гэрээс гараад явсан боловч удалгүй буцаж орж ирээд би пиво ууя гээд нөхрийгөө ******* гэж хүнтэй пивонд явуулсан. Тухайн хоёр хүнийг пивонд явсны дараа ******* гэж хүн надаас хэрүүл өдөөд байхаар нь би *******г ирэхээр хүргүүлэх санаатай *******ын хашааны гадаа зогсож байтал ******* гэж хүн гарч ирээд намайг үсэдсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд ******* гэж хүнийг үсэдсэн нь үнэн. Тэгтэл *******ийн нөхөр ******* миний баруун нүд рүү гараараа цохьсон. Би хэсэг толгой манараад газар суутал ******* гэж хүн миний үснээс тавихгүй намайг цохиод байсан. Тэр үед ******* гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Бид хоёрыг салгасны дараа *******, ******* нар нь хоорондоо хэрэлдэж ноцолдоод цаашаа явсан. Хэрвээ ******* нь толгойдоо гэмтэл авсан бол нөхрөөсөө авсан гэж бодож байна. Би *******ийг цохиж зодсон асуудал байхгүй” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Машинаа хүлээгээд зогсож байтал гараад ирсэн. Тэгсэн намайг “чи яасан том юм бэ” гээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдээд байж байтал нөхөр Одсайхан нь миний баруун талын нүд рүү цохьсон. Тэгээд цохиулаад доошоо суугаад толгой эргээд босож чадахгүй байхад нь миний үснээс зулгаагаад толгой руу 3-4 удаа цохьж зодсон. Тэгээд байж байтал найз ******* гарч ирээд салгаад... Миний баруун нүдний алим, баруун нүдний доод зовхинд болохоор Одсайхан гэх хүн миний нүд рүү баруун гараараа 1 удаа цохиж гэмтээсэн. Харин толгой дух нүүр хэсэгт *******ы эхнэр ******* нь үсдээд цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуу/,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... гэр рүүгээ хүргүүлэх гээд ******* гэх хүний хашааны гадна талд зогсож байсан чинь гэж дууддаг эмэгтэй гэх хүний хашаанаас ганцаараа гарч ирээд гүйж ирээд *******г үсдээд доош нь дарсан хариуд нь ******* тэр эмэгтэйг үсдэж эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гээд салгаж чадахгүй байж байсан чинь гэх хүний хашаанаас нөхөр нь гүйж гарч ирээд *******гийн нүүр хэсэгт доороос дээшээ өлгөж цохисон тэр үед ******* яаая гэж хэлсэн. *******ын гэрт байсан хүмүүс бас гарч ирээд тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуу/,

Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн зодооныг гэх хочтой *******ы эхнэр гэх намхан эмэгтэй эхлүүлсэн. Би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан учраас бүх зүйлийг тод санаж байна. Би г хүргэж өгөх гээд хашааны гадна талд зогсож байсан чинь *******ы эхнэр ар талаас гарч ирээд нэг гараараа үснээс нь барьж аваад нөгөө гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Цохиж байхдаа Хархориноос зайл гэж орилж байсан. ******* удалгүй гарч ирээд *******гийн нүүр хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохисон чинь ******* орилоод доошоо суугаад уйлсан. Уйлж байгаад босоод ирсэн чинь нүд нь хөхөрсөн, дух нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуу/,

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...1. *******гийн биед тархи доргилт, баруун нүдний алим, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2- оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19-р хуу/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-р хуу/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуу/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 69-р хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******/, гэрч Д.*******, А.******* нарын мэдүүлэг /хх-ийн 27, 37, 40-р хуу/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19-р хуу/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 69-р хуу/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “...гэм буруугийн асуудлын хувьд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилсэн нь тогтоогдоогүй байна. Хохирогчид учраад байгаа гэмтлийг хэн нь учруулсан гэдгийг тогтоогоогүй тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч ******* шүүх хуралдаанд “....шүүгдэгч нараас 200,000 төгрөг авсан, нүдний дусаалга, толгойны эм, өөр бусад эмчилгээндээ зарцуулсан юм. Сая эмчид үзүүлээд гарсан зардал баримтаар хохиролд 859,800 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэж тайлбарласан бөгөөд хохирогчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардал 859,800 төгрөгийн баримт нь /хх 122-131/ нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 429,900 төгрөгийг гаргуулан 859,800 төгрөгийг хохирогч *******д олгох нь зүйтэй. Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчид 200,000 төлсөн, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчид 200,000 төлсөн, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 429,900 төгрөгийг гаргуулан 859,800 төгрөгийг хохирогч *******д олгосугай.

6. Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЭНХ-АМГАЛАН