| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/02450/И |
| Дугаар | 2239 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2239
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 15 тоотод оршин суух, Күзментен овогт Мандахын Уянга /РД: УГ84091249/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 15 тоотод оршин суух, Боржигон овогт Баярсайханы Баяртогтох /РД: УГ84041418/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 15 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууц болон автомашинаас ногдох хэсгээ гаргуулах, орон сууц хөлсөлж олсон орлого 2 453 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2 анх 1998 онд танилцаад 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж нийт 7 жил хамт амьдрахдаа Япон улсад 4 жил хамт ажиллаж амьдарч байсан. Тэр үед Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 15 тоот орон сууцыг хадам ээж болох Ж.Алтанхүүгийн нэр дээр авч байрны зээлийг Б.Баяртогтох бид 2 өөрсдөө төлж байсан. 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Зүчийг төрүүлсэн. Нөхөр Б.Баяртогтох нь 2013 оны 8 дугаар сараас эхлэн Ц.Уянгатай гэр бүлийн гадуур харилцаатай болж 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Ц.Уянгатай хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд М.Уянга намайг орон гэрт минь оруулахгүй, хаалганы цоожийг 4 удаа сольж, хэл амаар доромжилж, ална гэж айлган сүрдүүлж мөн миний болон хүүгийн маань хувцсыг одоо болтол өгөхгүй байгаа. Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 15 тоот байрыг нөхөр Б.Баяртогтох болон миний бие М.Уянга нар Япон улсад ажиллаж амьдарч байхдаа авсан. Мөн уг байрны тавилгыг бид 2 өөрсдийн мөнгөөр худалдаж авсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Зүчийг эх миний асрамжид үлдээж, Б.Баяртогтохоос хүүхдийн тэтгэмж гаргуулан, бидний дундын өмчлөлийн орон сууц болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 15 тоот орон сууцнаа миний хүү болон надад оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Уянга шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулах, хүү Зүчийг өөрийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн өөрийн болон хүүд ноогдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу, мөн бусад хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Уянга нь хариуцагч Б.Баяртогтоход холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 15 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууц болон автомашинаас ногдох хэсгээ гаргуулах, орон сууц хөлсөлж олсон орлого 2 453 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Уянга нь нэхэмжлэлээ татан авч байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болох тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Уянгийн нэхэмжлэлтэй, Б.Баяртогтоход холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 15 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууц болон автомашинаас ногдох хэсгээ гаргуулах, орон сууц хөлсөлж олсон орлого 2 453 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 дугаар дансанд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 118 200 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Уянгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН