| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2017/02156 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/02156
|
|
| 2017 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2017/02156
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайьны өргөн чөлөө гудамж, 7б байр, 69 тоот хаягт оршин суух, Өөлд овогт Оюунчимэгийн Билгүүн /РД: УХ01273112/-ий нэхэмжлэлтэй,
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оюунчимэг овогтой Билгүүн миний бие 2001 оны 7 сарын 31-ны өдөр эх Г.Болормаа эцэг Н.Мөнхбаатар нарын том хүү болж Солонгос улсад төрсөн ба төрсөн аав, ээж дээрээ амьдарч байгаад 2010 оны 8 сарын 04-ний өдөр 9 настайдаа нагац эгч Тогтохбаатарын Оюунчимэгт үрчлүүлсэн билээ. Хэдийгээр нагац эгч Т.Оюунчимэгт үрчлүүлсэн нэртэй боловч би өөрийн төрсөн ээж Г.Болормаагийн хамт амьдарсаар байсан. Намайг төрсөн эх маань асран халамжилж, сургаж хүмүүжүүлсэн хэвээр байсан бөгөөд би нэг ч өдөр үрчилж авсан гэх Т.Оюунчимэгтэй хамт амьдарч байгаагүй. Одоо би Солонгос улсад дунд сургуулийн 11 дүгээр ангийг төгссөн ба сургуулийн төлбөр, дотуур байр болон бусад зардлыг миний төрсөн эх Г.Болормаа хариуцсаар байгаа тул цаашид өөрийн төрсөн ээжээрээ овоглож үрчлэлтийг буцаах хүсэлтэй байна. Миний төрсөн аав Н.Мөнхбаатар 2009 онд нас барсан ба өдийг хүртэл ээж минь намайг ганцаараа өгсөн хүмүүжүүлсэн. Тухайн үед яагаад үрчлэлт хийлгэсэн талаар асуухад Солонгос улсаас виз хүсэхэд нагац эгч Т.Оюунчимэг нь байнгын оршин суух визтэй байсан учраас надад виз гарахад илүү амар гэж намайг үрчлүүлсэн тухай ээж Г.Болормаа хэлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу би өөрөө 14 насанд хүрсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Хэдийгээр Т.Оюунчимэгт үрчлүүлсэн нэртэй боловч нэг удаа намайг асарч хамгаалж байгаагүй, би өөрийн төрсөн эхээр өдийг хүртэл өсгөн хүмүүжүүлсэн тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15.30 цагт зарлагдсан шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дүү Т.Оюунчимэг нь өөрийн төрсөн эгчийн охин болох Т.Болормаагаас том хүү болох О.Билгүүнийг БНСУ-ын визанд оруулж, авч явах зорилгоор үрчилж авсан билээ. Үрчилж авснаас хойш миний дүү болох Т.Оюунчимэгтэй хамт амьдарч байгаагүй, өөрийн төрсөн ээж Г.Болормаатай хамт амьдарч байсан тул үрчлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Болормаа миний бие 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүү О.Билгүүнийг төрүүлсэн. 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин М.Цэлмүүнийг төрүүлсэн. Амьдрал амьжиргаа муутай болоод Т.Оюунчимэгт том хүү О.Билгүүнийг үрчлүүлсэн. Түүнээс хойш би дахин гэрлэж, БНСУ-д амьдарч байгаа. Тиймээс миний хүүгийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Билгүүн нь өөрийн үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь 16 насанд хүрсэн байх тул түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзэн шүүх хүлээн авсан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Болормаа нь 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүү М.Билгүүнийг төрүүлсэн байх ба хүү М.Билгүүн нь төрсөн эцэг Н.Мөнхбаатараар овоглодог байсан, түүнийг 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нагац эгч Т.Оюунчимэгт үрчлүүлсэн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч О.Билгүүн нь хүсэлтийн үндэслэлээ “Нагац эгчдээ үрчлүүлсэн нэр төдий болохоос өнөөг хүртэл төрсөн эхтэйгээ хамт амьдарч, асрамжид нь байсан. Надад виз мэдүүлэхийн тулд эгчдээ үрчлүүлсэн” гэж тайлбарласныг гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч маргаагүй, үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг дэмжсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаас Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа хэдий ч 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн О.Билгүүнийг Т.Оюунчимэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч О.Билгүүний үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэн, түүний төрсөн эцэг нь нас барсан тухай лавлагааг үндэслэн 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн үрчлэлтийн 61 дугаарт бүртгэгдсэн хүү О.Билгүүнийг Т.Оюунчимэгт үрчилснийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагч О.Билгүүнийг эх Г.Болормаагийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Билгүүнийг Тогтохбаатарын Оюунчимэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Билгүүнийг асран хүмүүжүүлэх эрхийг эх Г.Болормаад шилжүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ