Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127001120120 дугаартай, 146/2022/0009/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа автомашины засварын газар ажилладаг, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ******** дугаар байрны ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *************/ гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байрлах амралтын газарт иргэн *******г гараараа нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бид нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын нутагт байх “*******” гэдэг газар ирсэн. Би машин барьж явсан учир тухайн өдөр архи, пиво уугаагүй. Би хохирогч ******* гэж хүний нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Хохирогч ******* нь анхнаасаа хоорондоо тохиролцъё гэж эмчилгээгээ хийлгэснийхээ дараа цагдаад өргөдөл гомдол гаргаж байгаад гомдолтой байна. Хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхээр цагдаад гомдол гаргасан бол өөрөө мэдүүлгээ үнэн зөв өгөхгүй яасан юм бэ гэж хэлмээр байна... гэв.

Хохирогч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ... Бид нар маргааш нь Бат-Өлзий сумын “*******” руу явсан. “*******” дээр очоод морь унаж юм үзэж байгаад орой хонох гэртээ ирсэн. Тэр үед миний бие өвдөөд архи, пиво уухгүй сууж байсан. Тэр үед тэнд байсан ******* болон бусад хүмүүс архи, пиво тойруулаад ууж байсан ба эрэгтэйчүүд нь хоол хийгээд байж байсан. Тэгтэл гэрт бөөн хэрүүл болоод н.******* нөхөртэйгөө хэрэлдээд байсан. Тухайн үед миний хажууд н.******* суугаад н.*******ийн хажууд ******* сууж байсан. Би н.*******г дуугүй бай гэсэн чинь ******* над руу чи дуугүй бай чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би найздаа юм хэлж байна чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* чи гэр бүлийн асуудлыг мэдэхгүй гээд байсан. Би босоод цаашаа явтал *******, н.******* хоёр миний араас ирээд юм ярья гээд байсан. Би тэр үед та хоёртой ярих юм байхгүй гэж хэлэхэд ******* намайг ална шүү гичий миний гээд байсан. Би н.*******тэй унтах гээд машин руу ирэхэд миний араас н.*******, н.******* хоёр ирсэн. н.******* ирээд надтай ярилцъя гээд байхаар нь би зүгээр бай гэж хэлтэл ******* гүйж ирээд намайг цохиод авсан. Тэгээд н.******* намайг салгаж авсан. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гараад байхаар нь н.******* миний хамар луу гэрэл тусгаж хартал миний хамар хавдсан байсан. ... Би тэр өдөр оройтож Улаанбаатар хот ороод маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Намайг анх эмнэлэгт үзүүлэхэд ******* нь хамт явж үзүүлсэн ба би тэр өдөр яаралтай хамрын хагалгаанд орсон. Би нэг сарын дараа давтан хагалгаанд орох байсан боловч ******* холбоо сураггүй алга болсон. Анх намайг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд ******* адилхан эмэгтэй хүмүүс байж хоёулаа тохиролцъё гэж надаас гуйсан. ******* нь намайг дагуулж эмнэлгээр явж миний сидиг хүртэл авч явж таньдаг эмчээрээ үзүүлж байсан... гэв.

гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8739 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /ххийн 2-3 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдаж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байрлах амралтын газарт иргэн *******г гараараа нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******гийн ...*******, Б.******* хоёр ирээд надаас татаад зуураад байхаар нь намайг тавь гээд цаашаа явах гэсэн чинь ******* гараас зуураад гэр рүү түлхээд байсан. Тэгээд би Ж.******* ирж байхаар нь би гаас зугтаад *******ийн араар орсон чинь Б.******* араас “чи янхан ш дээ” гэж орилоод байсан, ******* намайг “энэ гичийг ална эсвэл маргааш алж байж явна” гэж орилсон. ...Д.*******, Ж.******* хоёрт Б.*******г салгах гээд зогсож байсан чинь ******* ирээд миний хамар руу цохисон. Тэгээд Д.******* намайг машины урд гэрэлд очоод харсан чинь миний хамраас цус тогтохгүй, хамар муруйсан байсан. Тухайн үед ******* их согтуу, би бага зэрэг согтуу байсан. ******* миний нүүр рүү гараараа цохисон, миний хамар хугарч, цөмөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

гэрч *******ийн ...миний найз эмэгтэй ******* ******* гэдэг хүүхнийг нэг гараараа нүүрэн тус газар нь цохиод авахаар нь би найз хүүхнээ татаж холдуулаад хоёр тийш салгаад бид нар амарцгаасан. Өглөө босоход миний найз эмэгтэй ******* ганцаараа машинаа бариад явсан байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад О.Болороогийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн “...*******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 8739 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн хамар руу нь гараараа цохисон нь шууд санаатай үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь *******г гараараа нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* ...Би хохирогч ******* гэж хүний нүүр лүү цохисон үйлдлээ зөвшөөрч байна. Би гэм буруутай гэв.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ шүүгдэгч эхний хагалгаанд 2,340,000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардалд бэлнээр 150,000 төгрөг, эм тарианд 146,000 төгрөгийг төлсөн, дахин хагалгаанд орох шаардлагатай, мөн ажилгүй байсан хугацааны цалин, шүдний аппарат хагалгаанаас болж авч дахин шинээр хийлгэсэн зардал, Улаанбаатараас БатӨлзий сум хүртэл ирэх, буцах унааны шатахууны зардал нэхэмжилнэ. Одоо баримт авчирч чадаагүй байна гэв.

Хавтаст хэрэгт хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт байхгүй тул шүүгдэгчийг хохирогчид эмчилгээний зардал төлсөн байна гэж үзэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч эмчилгээний зардал, хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ДУЛМАА