Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02155

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02155

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр, 1-0 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ТБ62071304, 55 настай, эмэгтэй, Боржигон овогт Сүхбаатарын Мөнхбатын хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батхүү /ШТҮД: 2220/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Мөнхбат нь 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуульд номын санчаар ажиллаж байсан бөгөөд энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, мөн ажлаас чөлөөлсөн тушаал нь байгаа боловч анх ажилд авсан тушаал нь архиваас олдохгүй байгаа байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг номын санчаар ажиллаж байсныг гэрчилсэн. Иймд С.Мөнхбатыг 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуульд номын санчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан  бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч С.Мөнхбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар  зүйлийн 15.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана”, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2, 135.2.6-д “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

   Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.

   Нэхэмжлэгчийн ажилд орсон тушаал нь архивт байхгүй байгаа нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ. 

   Нэхэмжлэгч С.Мөнхбат нь 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуульд номын санчаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуулиас 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуулийн захирлын 1982 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 28 тоот номын санч С.Мөнхбатыг ажлаас чөлөөлсөн тушаал,  гэрч Ц.Мөнхтуяагийн “Би 1977 онд Дархан хотод томилолтоор явж, 4 дүгээр дунд сургуульд орос хэлний багшаар томилогдон ажилд орсон. Дархан хотод 1982 он хүртэл ажиллаж байгаад 1982 ондоо 9 дүгээр дунд сургуульд 1984 он хүртэл шилжин ажилласан. С.Мөнхбат нь намайг 9 дүгээр сургуульд шилжиж очиход манай сургуулийн номын санчаар ажиллаж байсан. Түүний дараа С.Мөнхбат нь сургуульд сурахаар Улаанбаатар хот руу шилжиж явсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Дэлгэрмаагийн “Би Дархан хотын 9 дүгээр дунд сургуульд 19820 онд багшаар ажилд орсон. С.Мөнхбат нь надтай ойролцоо ажилд орсон. С.Мөнхбат нь номын санч хийдэг байсан. Би 1984 он хүртэл 9 дүгээр сургуульд ажиллаж байгаад 4 дүгээр сургууль руу шилжиж ажилласан. С.Мөнхбат нь ажиллаж үлдээд сүүлд сургуульд сурахаар Улаанбаатар явсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотолсон хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Мөнхбатыг 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуульд номын санчаар ажиллаж байсныг тогтоох  үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Сүхбаатарын Мөнхбатыг 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дархан хотын 8 жилийн 9 дүгээр дунд сургуульд номын санчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.МӨНХЦЭЦЭГ