Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ариунжаргал

Шүүгдэгч Д.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Халтар овгийн Данцанжидын Гантөмөрт холбогдох эрүүгийн 2227000000008 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарыг 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 25-нs өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, Рамын дэнжийн 500 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************* овгийн *************ын Гантөмөр, /РД:**************/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Гантөмөр нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Рамын дэнжийн 500 тоотод хохирогч Б.Төмөртогоо, Г.Мөнхтогтох нарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Д.Гантөмөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өглөө 7 цагийн үед сэрээд хартал манай эхнэр Б.Төмөртогоо, манайд хоносон Г.Мөнхтогтохын ар талд хэвтэж байсан. Гэнэт миний уур хүрээд шүүгээнд байсан хутгаа аваад Г.Мөнхтогтох болон, эхнэр Б.Төмөртогоо нарыг хатгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

Хохирогч Б.Төмөртогоогийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өнөөдөр буюу 2021 оны 12 удгаар сарын 07-ны өдрийн өглөөний 07 цагийн үед болсон хэрэг байгаа юм. Би нөхөр Гантөмөртэй унтаж байсан бөгөөд манай гэрт манай нөхрийн танил гэх Мөнхтогтох манайд хоносон. Тэгээд нөхөр бид 2 сэрээд зурагтаа асаасан. Би тэгээд нөхрийгөө хашраамаар санагдаад зүүн талын орон дээр унтаж байсан Мөнхтогтохын хажуугаар дээлээрээ нөмрөөд хэвтсэн. Хэвтээд удаагүй байж байтал манай нөхөр намайг бос гээд 1 удаа дуудахаар нь би тоогоочгүй хэвтэж байтал нөхөр орноосоо босч ирээд нөмрөөд хэвтэж байсан дээл сөхөөд миний зүүн талын хөх рүү 1 удаа хутгалсан, зүүн талын гар руу 2-3 удаа хутгалсан юм шиг санагдаж байна. Тухайн үйл явдал хурдан болсон бөгөөд би зарим үйл явдлыг нь санахгүй байна. Тэгээд байж байтал Мөнхтогтох Гантөмөрийн хутгийг авах гээд ноцолдож байгаад гараа нэг удаа зүсүүлчихсэн байсан. Тэгээд манай нөхөр хэсэг байж байгаад гайгүй тайвшраад уур нь гараад буцаад орондоо ороод хэвтээд өгсөн. Надад болон Мөнхтогтох гэх хүнд ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд шууд орондоо ороод унтаад өгсөн. Мөнхтогтох бид 2 цусаа цэвэрлэчихээд эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт очоод би хөх болон гарандаа хэд хэдэн оёо тавиулсан, Мөнхтогтох гарандаа бас оёо тавиулсан. Тэгээд бид хоёр дээр сумын цагдаа нар ирсэн...Гантөмөр хутгаар миний зүүн талын хөх рүү 1 удаа, зүүн талын гар руу 2-3 удаа хутгалсан. Өөр зүйл болоогүй. Манай гэрт байдаг бор өнгийн модон иштэй хутга хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуу/,

Хохирогч Г.Мөнхтогтохын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 12 удгаар сарын 06-ны өдөр би Төмөрөөгийнд очиж үхрийн шир зүссэн юм. Тэгээд би сураа зүсч дуусаад тэднийд хонохоор болоод Төмрөө бид хоёр 2 шил архи хувааж уугаад унтацгаасан. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07- ны өдрийн өглөөний 07 цагийн үед байх намайг унтаж байтал Төмөрөөгийн эхнэр нь миний хажуу талаар ороод хэвтсэн. Миний нөмөрсөн хөнжил рүү орж ирээгүй дээлээ нөмрөөд хажуугаар хэвтээд өгсөн. Миний хажууд хэвтээд удаагүй байж байтал Төмөрөө хутга барьчихсан босоод ирсэн. Тэгээд эхнэрийнхээ нөмөрсөн байсан дээлийг хуу татаад шууд хутгалсан эхлээд цээж хэсэг рүү нь хутгалаад мөн зүүн талын гар руу хутгаараа дүрээд байсан тэгээд би хутгыг нь барих гэтэл миний гарыг ширвээд зүүн талын гарын бугуй хэсгийг зүссэн. Тэгээд байж байгаад Төмөрөө юм ярилгүй шууд орондоо ороод унтаад өгсөн. Тэгээд бид 2 цусаа цэвэрлэчихээд эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. Надад 2 ширхэг оёо тавьсан. Төмөрөөгийн эхнэрт бас оёдол тавьсан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуу/,

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "...Үзүүлэгч Б.Төмөртогоогийн биед зүүн хөх, зүүн гарт шарх, дух хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 06 дугаартай дүгнэлт, /хх-ийн 36-37-р хуудас/,

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "...Үзүүлэгч Г.Мөнхтогтохын биед зүүн гарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 07 дугаартай дүгнэлт, /хх-ийн 28-29-р хуу/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Гантөмөр нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Рамын дэнжийн 500 тоотод хохирогч Б.Төмөртогоо, Г.Мөнхтогтох нарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06-р хуудас/,

-Хохирогчоор тогтоосон тухай тогтоол /хх-ийн 8, 13-р хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 2-4 хуудас/

Хохирогч Б.Төмөртогоогийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуу/,

Хохирогч Г.Мөнхтогтохын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуу/,

-гэрч М.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

-Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-27, 33-35-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №06 дугаартай Өвөрхангай аймгийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №07 дугаартай Өвөрхангай аймгийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Гантөмөр нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Рамын дэнжийн 500 тоотод хохирогч Б.Төмөртогоо, Г.Мөнхтогтох нарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Гантөмөрт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Д.Гантөмөр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймд Шүүгдэгч *********** овогтой **************ын Гантөмөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Гантөмөр нь хэргийн хохирогч Г.Мөнхтогтох, Б.Төмөртогоо нар нь “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаарх шүүхэд мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гантөмөрт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Д.Гантөмөрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд шилжиж ирсэн 1 ширхэг хутгийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************ын Гантөмөр нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Данцадмидын Гантөмөрийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацааны дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн 2227000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гантөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гантөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА