Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0329/З |
Дугаар | 724 |
Огноо | 2019-10-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 724
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нарыг оролцуулан “Ш.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, НГЗБАнд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: "Ш.Г" ХХК /РД:27377../,
Хаяг: Улаанбаатар, 17040 Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хауз, .. давхар,
Хариуцагч: НЗД,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон,
Хариуцагч: НГЗБА,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон,
Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх заалтаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 390 м.кв талбайтайгаар сунгасан нь хууль бус болохыг тогтоолгож, 452 м.кв болгож залруулга хийхийг даалгах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: “ “Ш.Г" ХХК нь НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийн дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд нэгж талбарын 2/0065 дугаартай, 452 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.
Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч байсан тул 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас жил гаруй хугацаанд манай хүсэлтийг шийдвэрлээгүй ба тус хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ “Ш.Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг хүссэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн В/109 дугаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 887 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгаж шийдвэрлэсэн.
Гэтэл НЗД 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх заалтаар "Ш.Г" ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан боловч 452 м.кв газар эзэмших эрхтэй байсныг 390 м.кв газар болгож, үндэслэлгүйгээр 62 м.кв талбай хасч газар эзэмших эрхийг сунгасан байна.
Бид дээрх захирамжийн манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 390 м.кв талбайн хэмжээтэйгээр сунгасан хэсгийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.
1. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 887 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч "Ш.Г" ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших ямар нөхцөлийг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, "Ш.Г" ХХК-ийн шилжүүлэн авч эзэмшиж байгаа газрын эргэлтийн цэг өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг багасган, байшингийн сууриар зураг хийлгэх шаардлага тавьсан хариуцагч Нийслэлийн Газрын албаны үндэслэл тодорхойгүй бөгөөд хууль бус болжээ..." гэж манай компанийн газар эзэмших эрхийг сунгахгүй байх болон газрын хэмжээнээс хасах үндэслэл байхгүй талаар тодорхой дүгнэсэн.
Гэтэл НЗД "Ш.Г" ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа 62 м.кв талбай хасч газар эзэмших эрхийг сунгасан байгаа нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг зөрчсөн байна. НЗД болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрт "сунгахыг даалгах" л гэж заасан, шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарладаг.
2. Захиргааны ерөнхий хууль зөрчсөн.
Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэж байгаа ч уг захирамжаараа манай компанийн эзэмших эрх бүхий газрын зарим хэсгийг хассан байгаа тул тус захиргааны акт нь манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх, сонсгох үйл ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл ямар ч үндэслэл тайлбар хэлэлгүй, бидний санал, тайлбарыг сонсолгүй, талбайн хэмжээнээс хассан энэ үйл ажиллагаа нь хууль бус байна.
3. Газрын тухай хууль зөрчсөн.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй.
Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа огт хуулийн үндэслэлгүйгээр газар эзэмшигчийн газрын хэмжээнээс мэдэгдэлгүйгээр хассан байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг зөрчсөн.
Манай компанийн зүгээс газар эзэмших эрхийн хугацааг сунгасантай нь маргаагүй ч газрын хэмжээг хасч сунгасантай нь маргаж байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар:
Тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаар гүйцэтгэх хуудас, 2489 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан.
Манай компани А/255 дугаар захирамжийг мэдсэнийхээ дараа шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байна гэж үзэж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан. Тус албан бичигт хариу өгөхгүй байсан тул очиж уулзахад Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Ө-ны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/876 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай бидэнд мэдэгдсэн.
Шийдвэр гүйцэтгэгч нь "...шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст "...сунгахыг даалгах" гэж заасан, сунгасан захирамж гарсан тул шүүхийн шийдвэр биелэгдсэн..." гэж тайлбарласан.
Хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Бид 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, 452 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжаа авахаар Нийслэлийн Газрын албанд очиход, А/255 дугаар захирамж гарсан, мөн талбайн хэмжээнээс хасч сунгасан тухай хэлсэн. Манай компанийн газар эзэмших эрхийг зөрчсөн захирамж гаргачхаад бидэнд захирамж гарснаас хойш өдийг хүртэлх хугацаанд огт мэдэгдээгүй.
Бид тус захирамжийг мэдсэнийхээ дараа НЗД-д 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/255 дугаар захирамжийн холбогдох заалтыг өөрчилж, 452 м.кв газар эзэмших эрхтэйгээр гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргаж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 94.3-т тус тус заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх ёстой байтал хариу ирүүлээгүй тул ийнхүү хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байна.
Иймд НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх заалтаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 390 м.кв талбайтайгаар сунгасан нь хууль бус болохыг тогтоож, 452 м.кв болгож залруулга хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “ 1. Газар эзэмших эрх олж авсан үйл явц болон газрын хэмжээний талаар:
Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 255.75 м.кв талбай бүхий Төрийн өмчийн хорооны 23 дугаар байрны өмчлөгчийн эрхийг “М.Т.Э” ХХК- д олгосон.
Төрийн өмчийн хорооны өмчид байсан 23 дугаар байр нь 255.72 м.кв талбайтай байр байсан ба дор байсан газар нь Төрийн өмчийн хороонд байхдаа нэгж талбарын 2/0065 дугаар 288 м.кв хэмжээтэй газар байсан.
23 дугаар байрны өмчлөгчийн эрхийг “М.Т.Э” ХХК-д шилжүүлсэнтэй холбоотойгоор Төрийн өмчийн хорооноос 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2/534 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын албаны дарга Ц.С “Төрийн өмчийн 23 дугаар байрыг “М.Т.Э’’ ХХК-д шилжүүлсэн тул дор нь байгаа газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хүссэн” мэдэгдэл хүргүүлсэн тул тус газар эзэмших эрх “М.Т.Э” ХХК-д шилжих болсон.
2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “М.Т.Э” ХХК Нийслэлийн Газрын албанд тус 288 м.кв газрыг “Ш.Г” ХХК-д шилжүүлэх хүсэлт, 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Ш.Г” ХХК Нийслэлийн Газрын албанд 288 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, 288 м.кв хэмжээтэй байгааг хашааны хэмжээгээр 452 м.кв болгож эзэмшил талбайг нэмж баталгаажуулах, зориулалтыг өөрчлөх хүсэлтийг гаргасныг үндэслэн НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 401 тоот шийдвэрээр 452 м.кв газар эзэмших эрхийг “Ш.Г” ХХК-д олгож, гэрчилгээ гарч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг.
2. Газрын байршлын зураг газрын мэдээллийн санд алдаатай бүртгэгдсэн гэх талаар:
“Ш.Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч байсан тул 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр В/108 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул бид шүүхэд хандсан.
Хүсэлт шийдвэрлээгүй шалтгаанаа тайлбарлахдаа.
1. Нийслэлийн Газрын албаны дарга “... тухайн газар нь газрын мэдээллийн санд алдаатай бүртгэгдсэн байх тул уг зөрчлийг арилгаж, барилгын сууриар кадастрын зургийг дахин хийлгэж ирүүлэх” шаардлага тавьсан.
2. Шүүхэд өгсөн хариу тайлбартаа НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц "... “Ш.Г” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “Ө.Ч.Б” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа талаар мэдэгдээд байсан. Орц гарц гаргах, газрын давхцлын асуудлыг шийдвэрлэсний дараа газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжтой” гэсэн хариу тайлбар гаргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хүсэлт гаргахдаа “Тус газар нь Төрийн өмчийн мэдэлд байхдаа талбайн хэмжээ 288.4 м.кв байсан, улмаар талбайн хэмжээ нэмэгдэж 451.58 м.кв болсон боловч тус нэмэгдсэн талбай нь маргаан бүхий талбайн ертөнцийн зүгээр зүүн талд нэмэгдсэн байдаг. Үүнээс биш орц, гарцын асуудал дээр нааш, цааш болсон зүйл байхгүй бөгөөд “Ш.Г” ХХК-ийн барилга маргаан бүхий газраар өөрчлөгдөж өргөтгөл хийгдээгүй. Иймд “Ө.Ч.Б ” ХХК-д энэ байдлыг ойлгуулах шаардлагатай байна. Эсхүл тус газар нь Төрийн өмчийн хорооноос хувьчлагдахдаа хил, зааг нь өөрчлөгдөөгүй тул нэхэмжлэгч компани болон “Ө.Ч.Б” ХХК-иуд хоорондоо орц гарцаа ярилцахгүй бол уг асуудлыг НЗД-ын захирамжаар шийдвэрлэх боломжтой” гэж хэлсэн байна.
4. Мөн НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт "... Тус компанийн кадастрын зургаас харахад “Ө.Ч.Б” ХХК-ийн барилгын сууриас 1 метрийн зайтай байна. Иймд нэхэмжлэгч гуравдагч этгээд нар харилцан тохиролцсоны дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой” гэсэн байна гэж тайлбарлаж ирсэн. Хариуцагчийн төлөөлөгч тухайн үед орц, гарын асуудлыг шийдэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой, “Ш.Г” ХХК, “Ө.Ч.Б” ХХК харилцан тохиролцох асуудал гэж тайлбарлаж байснаас харахад “кадастрын зургаа дахиж хийлгэн ирэх шаардлага тавьсан” нь манай кадастрын зураг мэдээллийн санд буруу орсон буюу бодит байдал дээр эзэмшиж байгаа газар кадастрын зурагтай таарахгүй байгаадаа биш орц, гарцын хэсгээ хасаад кадастрын зургаа зуруулж ирэх шаардлагыг л анхнаасаа тавиад байсан.
Мөн НЗД-ын төлөөлөгч нь ямар үндэслэлээр манай эзэмшил газар буруу орсон гэж үзэж байгаагаа огт тайлбарладаггүй, буруу орсон, дахиж хийж авчир гэж хэлдэг. Бид тухайн үед 452 м.кв газрын кадастрын зургийг өөрсдөө мэргэжлийн байгууллагаар хийлгэж аваачсан тул дахин хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.
Мөн хариуцагчийн зүгээс бодит байдал дээр 452 м.кв-ыг эзэмшдэггүй байхад 452 м.кв хэмжээгээр гэрчилгээ гарсан гэж /хэмжээнд/ огт маргадаггүй болно.
Иймээс бодит байдал дээр 452 м.кв биш байхад 452 м.кв эзэмшсэн, мөн кадастрын зурагт байгаа болон бодит байдал дээр эзэмшиж байгаа газрын байршлын зураг нь өөр гэх үндэслэл байхгүй.
3. Уг маргааны хувьд манай компани 452 м.кв газар эзэмших эрхтэй байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа 390 м.кв хэмжээгээр сунгасан буюу 62 м.кв хассан нь хууль бус гэж маргаж байна.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” шийдвэр гарахаар заасны дагуу гаргаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл, НЗД-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 452 м.кв хэмжээтэйгээр сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 390 м.кв хэмжээг 452 м.кв болгож залруулсан захиргааны акт гаргахыг даалгах шаардлага гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар “хүчингүй болгуулах” шаардлага гаргаж болох байсан ч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан захирамж хүчингүй болбол бид дахиад газрын албанд хүсэлт хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, энэ процесс дахин эхнээсээ явагдахаар байна. НЗД захирамжаараа гэрчилгээний хугацааг сунгасан нь үндэслэлтэй ч хэмжээг хассан нь хууль бус байх тул бид “газрын хэмжээг өөрчилж, залруулсан захиргааны акт гаргах” боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхойлсон болно.
Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа орц, гарц гаргасан тул 62 м.кв хассан гэсэн тайлбар хэлсэн ба манай эзэмшил газрын байршлын зураг кадастрын мэдээллийн санд буруу орсон тухай тайлбар хэлээгүй, Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, талбайн хэмжээг хасч сунгасан нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Төр бусдад эзэмшүүлэхээр өгсөн газраа буцааж авахад хуулийн зохицуулалттай байдаг. Газрын тухай хуулиас харахад газар эзэмшигч нь газар эзэмших эрхийг олж авсан бөгөөд бусдад шилжүүлээгүй, газар эзэмших эрх дуусгавар болоогүй, эрхийн гэрчилгээ хүчингүй болоогүй, улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор аваагүй бол иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхэд халдах үндэслэлгүй.
Мөн тус газар нь “нийтийн эдэлбэрийн газар” биш юм. Газрын тухай хуулийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлэхээр заасан.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарахаар заасан байна.
Тус газар нь хашаан дотор байрлалтай ба “Ө.Ч.Б” ХХК болон “Ш.Г” ХХК-ийн ажилчдаас өөр иргэд тухайн газраар дамжиж цаашаа гарах байдлаар орц гарцаар ашигладаггүй, ашиглах шаардлагагүй ба нийтийн эзэмшлийн талбай биш юм.
Өөрөөр хэлбэл, хашаан дотор байгаа машин оруулах зориулалтаар ашиглаж байгаа хэсэг юм. Түүнчлэн хэрэв 2 компани тохиролцвол тухайн хэсгийг орц гарцны хэсгээр ашиглахгүйгээр газар эзэмших эрхтэй хэсгээрээ барилгаа өргөтгөсөн ч бусад этгээдийн эрхэд халдахгүй бөгөөд энэ асуудал тухайн хоёр компанийн хоорондоо ярилцаж шийдэх асуудал.
Ийм байхад Газрын алба ямар ч ач холбогдолгүй, шаардлагагүй зүйлд хөндлөнгөөс оролцож байна. 2 компанийн дунд маргаан үүсч болно гэж сэргийлж байгаа бол Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэх, дайран өнгөрөх” тухай болон Иргэний хуульд мөн тодорхой зохицуулалтууд байгаа болно.
Хэрэв үнэхээр тухайн хашаан дотор байгаа машин орж гарах хэсгийг гудамж, зам талбай болгон ашиглах шаардлагатай иргэд цаашаа орц гарц болгож гарах шаардлага бодит байдал дээр байсан бол бид нийтийн эдэлбэрт авахыг зөвшөөрнө. Гэтэл тухайн газар нь хашаан дотор бөгөөд цаашаа граж зам талбай байхгүй гэдэг нь үзлэг хийх үед тодорхой болсон.
Мөн Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.” гэж заасан байна.
Хэрэв нийтийн эдэлбэр газар болгох бол энэ тухай тухайн хэсэг газрыг нийтийн эдэлбэрт авсан шийдвэр албан ёсоор гарсны дараа “Ө.Ч.Б” ХХК-ийн болон манай газраас хасах ёстой байтал огт шийдвэр гараагүй байхад, эзэмшиж болно гэж эзэмшүүлчхээд ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй газрын хэмжээнээс хасч байгаа нь манай компанийн газар эзэмших эрхэд халдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... НЗД-ын 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 401 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан 452 м.кв газрыг “Ш.Г” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар Контор үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлж улмаар НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 390 м.кв газрыг Контор үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Ш.Г” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн В/13 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороонд байрлах газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 тоот албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл ирүүлсний дагуу НГЗБАны “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар оруулж “Ш.Г” ХХК-ний эзэмшлийн газраас 62 м.кв газрыг хасч орц, гарц гарган барилгын суурийн хэмжээ буюу 390 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус хурлын дүгнэлтийг үндэслэн НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгаж шийдвэрлэсэн ба тус захирамжийг НГЗБАны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-04/3393 тоот албан бичгээр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэн Б.С-д тус тус мэдэгдсэн байна.
Дээрх маргаан бүхий эрхийн акт нь шүүхийн шийдвэр мөн нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хуульд нийцэж гарсан захиргааны шийдвэр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ш.Г” ХХК “НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх хэсэгт манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 390 м.кв талбайтайгаар сунгасан нь хууль бус болохыг тогтоолгож, 452 м.кв болгож залруулга хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 887 дугаар шийдвэрээр тус компанийн газар эзэмших эрхийг сунгахгүй байх болон газрын хэмжээнээс хасах үндэслэл байхгүй талаар тодорхой дүгнэж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байхад НЗД "Ш.Г" ХХК-ийн эзэмшлийн 62 м.кв талбай хасч газар эзэмших эрхийг сунгасан нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг зөрчсөн, газрын хэмжээг хассан сөрөг нөлөө бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх, сонсгох үйл ажиллагаа хийгдээгүй, компанийн зүгээс газар эзэмших эрхийн хугацааг сунгасантай нь биш харин газрын хэмжээг хасч сунгасантай нь маргаж байна гэх тайлбарыг хийсэн.
Хариуцагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 тоот албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл ирүүлсний дагуу НГЗБА-ны “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар оруулж “Ш.Г” ХХК-ийн эзэмшлийн газраас 62 м.кв газрыг хасч орц, гарц гарган барилгын суурийн хэмжээ буюу 390 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунган шийдвэрлэж тус захирамжийг НГЗБА-ны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-04/3393 тоот албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэн Б.С-д тус тус мэдэгдсэн гэж маргасан.
Хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор[1] Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 255.75 м.кв талбай бүхий Төрийн өмчийн хорооны 23 дугаар байрны өмчлөгчийн эрхийг “М.Т.Э” ХХК-д шилжүүлсэнтэй холбоотойгоор Төрийн өмчийн хорооны 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2/534 дугаар албан бичгээр[2] “...Төрийн өмчийн 23 дугаар байрыг “М.Т.Э’’ ХХК-д шилжүүлсэн тул дор нь байгаа газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хүссэн” мэдэгдэл хүргүүлснээр маргаан бүхий газрын газар эзэмших эрх “М.Т.Э” ХХК-д шилжсэн байна. Улмаар 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “М.Т.Э” ХХК-ийн Нийслэлийн Газрын албанд тус 288 м.кв газрыг “Ш.Г” ХХК-д шилжүүлэх хүсэлт[3], 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Ш.Г” ХХК Нийслэлийн Газрын албанд 288 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, 288 м.кв хэмжээтэй байгааг хашааны хэмжээгээр 452 м.кв болгож эзэмшил талбайг нэмж баталгаажуулах, зориулалтыг өөрчлөх хүсэлт[4] гаргасныг үндэслэн НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 401 тоот захирамжаар[5] 452 м.кв газар эзэмших эрхийг “Ш.Г” ХХК-д олгожээ.
Төрийн өмчийн хорооны өмчид байсан 23 дугаар байр нь 255.72 м.кв талбайтай байр байсан ба доорхи газар нь тухайн үед нэгж талбарын 2/0065 дугаартай 288 м.кв хэмжээтэй байсныг газрын хэмжээг хашааны хэмжээгээр 452 м.кв болгож нэмж баталгаажуулсан тул 288 м.кв байсан үйл баримт “Ш.Г” ХХК-ийн газар эзэмших эрх үүсэхээс өмнөх асуудал гэх тайлбарыг нэхэмжлэгчээс хийсэн.
Хариуцагчийн маргаан бүхий “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 2018 оны А/255 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.”, 44 дүгээр зүйлийн 44.6-д “Энэ хуулийн 44.4-т заасан иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар ашиглуулах газрын хэмжээ 0,05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар олгох газрын хэмжээ 0,1 га-гаас тус тус илүүгүй байна. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.” гэж заасныг үндэслэжээ. Гэтэл “Ш.Г” ХХК-ийн хувьд хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг нь 15 жилээр сунгахдаа эзэмшил газрынх нь хэмжээг багасгасан байх бөгөөд үүнийгээ НГЗБА-ны “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж орц, гарц гаргасан гэж тайлбарладаг. Хэрэв нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг багасгасан бол хариуцагчаас газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай захирамжийг мөн гаргаж, “Ш.Г” ХХК-ийн эзэмшил газрын чухам аль хэсгээс хасаж байгаагаа тодорхой болгох ёстой байжээ. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-т зааснаар НГЗБА нь газрын кадастр эрхлэх, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх эрх үүргийг хэрэгжүүлэхээр байна. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичиг болон хавсралтаас дүгнэхэд нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаар бүхий 451 м.кв талбайтай болж өөрчлөгдсөн бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар “Ш.Г” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ 451 м.кв хэвээрээ байна.
Хэдийгээр хариуцагч НГЗБАнаас “... “Ш.Г” ХХК-ийн эзэмшлийн газраас 62 м.кв газрыг хасч орц, гарц гарган барилгын суурийн хэмжээ буюу 390 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн..” гэх тайлбарыг хийх боловч тухайн барилгын суурийн хэмжээ хэд болох, барилгын суурийн хэмжээнд өөрчлөлт ороогүй бол Төрийн өмчийн хорооны өмчид байхдаа 23 дугаар байр нь 255.72 м.кв талбайтай байсан бол яагаад доорх газар нь тэр үед нэгж талбарын 2/0065 дугаартай 288 м.кв хэмжээтэй байсан, газрын хэмжээг 452 м.кв болгож нэмж баталгаажуулахдаа хариуцагчаас тухайн газрын хэмжээ 288 м.кв байсан үйл баримттай маргаж байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д НГЗБА-ны эрх хэмжээг заасан бөгөөд 23.3.5-д зааснаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхтэй тул орц гарц гаргах асуудлыг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Харин захиргааны шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг сонсох, мэдэгдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар гарсан тул нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг мэдсэн байх ёстой гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Хэдийгээр маргаан бүхий захирамжийг НГЗБА-ны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-04/3393 тоот албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэн Б.С-д тус тус мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн мэдэгдсэнээ хариуцагч талаас нотолж чадаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь маргаан үүсэх шалтгаан болжээ гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тухайн газраар олон нийт явдаггүй, зөвхөн “Ш.Г” ХХК, “Ө.Ч.Б” ХХК-ийн ажилтнууд явдаг, орц гарц гаргах зайлшгүй шаардлагатай бол хоёр компанийг байлцуулж, ярилцаж байгаад хоёр талаасаа ижилхэн байдлаар эзэмшил газрынхаа хэмжээг яг хаанаас нь ямар хэмжээтэй багасгах талаар шийдвэрлүүлэхэд нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй гэх тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд хэргийн оролцогчдын тайлбар, дээр дурдсан үндэслэл болон бодит нөхцөл байдлыг үндэслэн НГЗБА-ны “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “Ш.Г” ХХК-ний эзэмшлийн газраас 62 м.кв газрыг хасч орц, гарц гарган 390 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гарсан НЗД-ын 2018 оны А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх хэсэгт заасан буюу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.5-д заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл НЗД-ын 2018 оны А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх буюу нэхэмжлэгч “Ш.Г” ХХК-д холбогдох хэсгийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол НЗД-ын 2018 оны А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх хэсэгт заасан буюу нэхэмжлэгч “Ш.Г” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 108 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 106 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас