Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1297

 

                                                                 Б.Галиндэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00636 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Галиндэвийн нэхэмжлэлтэй “Биокомбинат” ТӨААТҮГазарт холбогдох “Биокомбинат” ТӨААТҮГазрын технологичийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, сургалтын урамшуулалд байгууллагаас олгосон 5 720 000 төгрөгийг Б.Галиндэвээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Галиндэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2003 оноос 2011 оныг хүртэл “Биокомбинат” ТӨААТҮГазрын чанарын хяналт, шинжилгээний лаборатори, вакцин үйлдвэрлэлийн цехэд эрхлэгчээр, технологич буюу шинжээчээр ажиллаж байсан. 2011 оноос БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, 2015 онд амжилттай төгсөж, анх удаа шүлхийн вакцины чиглэлээр дипломын ажил хамгаалж ирсэн. Түүнээс хойш сургалтын гэрээ байгуулан надад өгч байсан. Сүүлийн мөнгийг “Биокомбинат” ТӨААТҮГазрын дарга надад өгч байсан. Энэ хугацаанд би сургуулиа амжилттай төгсөн, эх орондоо ирж ажилдаа орох гэсэн боловч намайг ажилд аваагүй. Намайг 7 сард ирэхэд амаар “ажилд нь авна” гэж хэлсэн. Би 9 сард үйлдвэрлэлийн ажил эхлэх байх гэж бодоод асуусан боловч хойшлуулсаар байсан. Гэтэл сүүлд намайг ажилд авахгүй, учир нь багаар ажиллах чадваргүй гэж хэлсэн. 4 жил гадаад улсад сурчихаад ирэхэд намайг ажилд авах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2014-2016 оны баримтуудад “шинжлэгч” гэдгээр бичсэн байна. 2017 оны баримтуудад “технологич” гэж бичсэн байна. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7 611 680 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Галиндэвийг БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар явах болсон тул хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар цуцалсан буюу ажлаас түр чөлөөлсөн гэж үзэж байна. Түр чөлөөлөхдөө хариуцагч байгууллагын зүгээс ажилтанд суралцах хугацаанд нь тодорхой хэмжээний урамшууллыг олгож байсан. Хэрвээ тухайн үед нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн бол сургалтын тэтгэлэг болон урамшууллыг олгохгүй байх байсан. Мөн суралцах хугацаандаа байгууллагатай байгуулсан гэрээний үүргийнхээ дагуу зуныхаа амралтаар байгууллагадаа ирж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл түр гэрээ байгуулагдсан. Түр гэрээ нь хэрэгт авагдсан. Иймд Б.Галиндэвийн ажлын байр нь дээрх нөхцөл байдлаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын байр нь хадгалагдаж байх ёстой ажил, албан тушаал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд гэдэг заалтад тохирч байна. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнээс авч үзвэл ажилтныг сургах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл боломжоор ажил олгогч нь хангах үүрэгтэй. Үүний дагуу Б.Галиндэв нь гадаад улсад суралцах хугацаандаа ажил, албан тушаал нь хадгалагдаж байх ёстой. Эргэж ирсэн нөхцөлд тухайн ажил, албан тушаал байхгүй болсон ч өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь дүйцэхүйц ажил, албан тушаалд авах ёстой. Гэтэл ажил олгогчийн зүгээс Б.Галиндэвийг ажилдаа орох тухай хүсэлтийг гаргахад “түр хүлээж бай” гээд олон удаа хүлээлгэж байсан. Б.Галиндэв нь Сангийн Яам болон Хөдөө аж ахуйн яаманд өргөдөл гаргаж, ажилд нь эргүүлж авахгүй байгаа асуудлыг шийдвэрлүүлж байсан. Иймд дээрх газруудад хандсаны эцэст "Биокомбинат” ТӨААТҮГазраас Б.Галиндэвыг “түр хүлээж бай, эгүүлж ажилд нь авна” гэсэн хариуг өгсөн бөгөөд түүнийг ажилд нь авахгүй гэж хэлэлгүй итгэл үнэмшлийг нь төрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хүлээсэн. Б.Галиндэв нь "Биокомбинат" ТӨААТҮГазарт ажилдаа орох тухай хүсэлтийг бичгээр, и-мэйлээр явуулсан байдаг. Өргөдлийн хариуг 14 хоногийн дотор өгөөгүй бөгөөд ажилд нь авна гэж хэлээгүй, авахгүй ч гэж хэлээгүй. Иймд өргөдлийн хариуг өгөх 14 хоногийн хугацаа дууссан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй тул Б.Галиндэвийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Галиндэв нь 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай чанарын хяналт, шинжилгээний лабораторт технологичоор гэрээ байгуулан ажилласан. Ажиллах хугацаандаа 2011 оны 9 дүгээр сард гадаад улс руу cypгуульд явах хүсэлтээр ажлаасаа чөлөөгдсөн. Б.Галиндэв нь сургуулиа төгсөж ирээд “Биокомбинат” ТӨААТҮГазарт ажилд орох тухай хүсэлтээ өгсөн. Анх сургуульд cypалцах гэрээнд захиргаа, аж ахуйн албатай байнга хамтарч ажиллана, гадаад улсад сургуульд сурсан үндсэн мэдлэгээ манай үйлдвэрт нэвтрүүлнэ гэсэн үүрэг хариуцлагыг хүлээсэн ч тухайн үед тэтгэлэг авснаас биш, сурч төгсөж ирээд эхлээд гэрээнийхээ дүгнэлтийг хийж, судалгаа шинжилгээгээ манай "Биокомбинат" ТӨААТҮГазарт хийгээгүй. Манай "Биокомбинат" ТӨААТҮГазрын чанарын хяналт, шинжилгээний лаборатори нь 2013 онд чанарын хяналт, шинжилгээний алба болон 2014 онд энэ орон тоо, бүтцээрээ ажиллаад 2016 оноос эхлэн лаборатори гэсэн бүтцийн өөрчлөлт орсон. 2010 онд технологич гэж байгаад 2013 онд шинжлэгч болсон бөгөөд 2016 оны шинжээч гэж ажлын байр өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч Б.Галиндэв нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа шинжлэгч байсан, технологич байгаагүй гэж маргаж байгаад гэнэт би технологич байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж орж ирж байна. Б.Галиндэв нь анхнаасаа технологич байсан гэдгийг удаа дараа баримтаар нотолсон. Тухайлбал Б.Галиндэв нь анх БНХАУ руу докторантурт суралцахаар явахдаа бичсэн өргөдөлдөө танай үйлдвэрт технологичоор ажиллаж байна гэсэн. Мөн 2010 онд "Биокомбинат" ТӨААТҮГазартай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд зааснаар чанарын хяналт, шинжилгээний лаборатори гэсэн нэгжид технологичийн ажилд ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээгээр тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгч Б.Галиндэв нь 2 cap гаруй хугацаанд “...би шинжлэгчээр ажиллаж байсан” гэж худал ярьдаг байсан. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд "Биокомбинат" ТӨААТҮГазарт очиж албаны олон хүмүүстэй уулзаж, технологич, шинжээч болон шинжлэгч нь ямар ажил үүрэгтэй байсан талаар асууж лавлан тодорхой хэмжээний ойлголт авсан. Түүнээс биш нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг технологич, шинжээч болон шинжлэгч нэг албан тушаал гэж байгаа нь үндэслэлгүй. Манай зүгээс гаргаж өгсөн технологчийн ажлын байрны тодорхойлолтод тухайн үеийн удирдах албан тушаалтнууд буюу байгууллагын захирал н.Насанжаргал болон үйлдвэр, технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох гэсэн хүмүүс гарын үсэг зурж, баталгаажуулсан 2006 оны ажлын байрны тодорхойлолт байна. Үүнд технологичийн ажлын байрыг нарийн тодорхойлж, өөрөөр хэлбэл технологич нь ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой талаар тодорхой заасан. Мөн шинжлэгч гэх албан тушаал нь технологичийн албан тушаалтай адилхан эсэх талаар тодорхойлохын тулд шинжлэгч гэдэг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд чанарын хяналт, шинжилгээний лабораторийн технологич болон шинжлэгчийн ажил үүргийн хуваарь нь өөр байна. Иймд нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг албан тушаал нь нэг бөгөөд ямар ч ялгаа байхгүй гэж байгаад харамсаж байна. Б.Галиндэв нь тухайн үед докторантурт явахдаа гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн. 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр явахдаа байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт суралцах хугацаандаа үйлдвэрийн захиргаатай байнгын хамтран ажиллана гэсэн заалт байна. Мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт мал эмнэлэг, био технологийн шинжлэх ухааны судалгаанд нэвтэрсэн орчин үеийн арга зүйг эзэмшинэ гэж заасан. Б.Галиндэвийг 4 жил суралцсантай нь маргахгүй. Монгол Улсын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлгээр гадаад улсад суралцаж ирээд юу мэдэж ирж, эх орондоо буюу байгууллагадаа ямар тус нэмэр болох мэдлэг эзэмшсэн гэдгээ харуулах ёстой байсан. Гэтэл Б.Галиндэв нь түр амралтаараа зуны хугацаанд ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт зааснаар Б.Галиндэвийг ажилд авах ёстой гэж тайлбарлаж байна. Үүнийгээ дэлгэрүүлж ярьсангүй. Б.Галиндэвийг ажлаас чөлөөлөх тухай тушаал 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл Б.Галиндэв нь тус зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрөө санаачилж цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан. Иймд Б.Галиндэв нь “...би сургуульд явж байгаа учраас намайг чөлөөлж өгнө үү” гэснээс биш энэ тушаалаар буцаад ажилд авах үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа шиг хамтын болон хөдөлмөрийн гэрээнд гадаад улсад суралцаад ирсэн бол ажилд авна гэсэн зүйл заалт байхгүй. Б.Галиндэв нь 2015 онд төгсөж ирснээс хойш байгууллагдаад хандсан зүйл байхгүй. Тушаал нь өөрийнх нь хүсэлтээр 2011 оны 8 дугаар сард гарсан. Гэтэл 4 жилийн дараа 2015 онд ирчихээд байгууллагадаа хандаагүй, яам, тамгын газраар явсан гэж байна. 2016 онд буюу төгсөж ирснээсээ хойш 1 жилийн дараа нэхэмжлэгч хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өөрийгөө үндэслэлгүй халагдсан гэж ү байгаа бол 1 сарын дотор шүүхэд энэ талаар хандана гэсэн заалт зөрчигдсөн. Иймд үндсэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Галиндэвийг "Биокомбинат" ТӨААТҮГазрын технологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 826 486 /нэг сая найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгийг хариуцагч "Биокомбинат" ТӨААТҮГазраас гаргуулан, нэхэмжлэгч Б.Галиндэвд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч "Биокомбинат" ТӨААТҮГазарт даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сургалтын урамшуулалд байгууллагаас олгосон 5 720 000 төгрөгийг Б.Галиндэвээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчийн урьдчилан төлсөн 106 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 44 174 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00636 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Галиндэвийг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын технологийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. Учир нь Б.Галиндэвийг тус үйлдвэрийн газарт технологичийн ажилд эгүүлэн тогтоох ямар ч боломжгүй бөгөөд түүнийг түр хугацаагаар ажиллаж байсан хуучин орон тоо буюу чанарын хяналт, шинжилгээний лабораторт “технологич” гэсэн орон тоо буюу ажлын байр байхгүй билээ. Үүнтэй холбоотой хангалттай нотлох баримтуудыг хариуцагч талын зүгээс шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.Галиндэв нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа болох 1 сарыг хэтрүүлэн, нэхэмжлэлээ гаргасан. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв тухайн ажилтны орон тоо нь цомхтголд орсон, байхгүй болсон тохиолдолд өөр адил чанарын ажилд оруулж болохоор зохицуулсан. Гэтэл өөр адил чанарын ажил буюу орон тоо байхгүй бөгөөд жилийн эхэнд бүх орон тоо, цалингийн хэмжээ зэргээ дээд байгууллагаар батлуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Галиндэв нь хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГазарт холбогдуулан технологичийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг сургуульд явахдаа тэтгэлэг авсан боловч гэрээгээ дүгнэж, судалгаа шинжилгээгээ манай үйлдвэрт хэрэгжүүлээгүй, өмнө эрхэлж байсан албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон гэх үндэслэл заан маргаж, нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагаас үндэслэлгүй авсан гэж 5 720 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл шаардсан.

 

            Нэхэмжлэгч Б.Галиндэв нь 2003 оны 9 сараас 2011 оны 8 сар хүртэл хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГазартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, чанарын хяналт, шинжилгээний лабораторт шинжлэгч эмчээр, ийнхүү ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-д докторантурт суралцаж, ийнхүү суралцах хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл вакцин үйлдвэрлэлийн 2 дугаар цехэд технологичоор түр томилогдон ажиллаж байсан нь хэрэгт авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Биокомбинат” ТӨААТҮГазрын захирлын 29 тоот тушаал, цалингийн хүснэгт, шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн даалгавар гэсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх.83-88/

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гадаадад суралцах гэрээг байгуулж, сургалтын төлбөрт 1 440 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх.11-12/

Нэхэмжлэгч сургуулиа төгсөж ирээд ажилдаа эргэн орох тухай хүсэлтээ “Биокомбинат” ТӨААТҮГазарт, Сангийн яам болон Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд өргөдөл гаргаж, хариуцагч байгууллагаас сул орон тоо бий болмогц томилох талаар хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Галиндэвийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /хх.17-18/ Нэхэмжлэгчийн тайлбар, Сангийн яамны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13-1/2699 дугаартай “Биокомбинат” ТӨААТҮГазрын захирал В.Онолбаатарт хаягласан албан бичиг /хх.5/, Хүнс хөдөө аж ахуйн яамны 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1209 дугаартай Сангийн яаманд илгээсэн албан бичиг, Б.Галиндэвийн гаргасан өргөдөл зэрэг баримтаар нотлогдож байх тул /хх.17, 58/ нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар “Биокомбинат” ТӨААТҮГазарт захидал /хх.3/ илгээснээс хойш 14 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Ажилтныг ажлаар хангахгүй байгаа нь тухайн ажилтныг чөлөөлсөнтэй адил нөхцөл байдал учраас анхан шатны шүүх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

           

            Хариуцагч байгууллагаас сургалтын урамшуулалд олгосон 5 720 000 төгрөгийг Б.Галиндэвээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд тус байгууллага нь нэхэмжлэгч Б.Галиндэвт 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Биокомбинат” ТӨААТҮГазрын захирлын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.3, Хөдөлмөрийн гэрээний 10б заалтыг тус тус үндэслэн Б.Галиндэвт суралцах хугацаанд нь докторантурын 1 жилийн сургалтын төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг жил бүр үйлдвэрээс гарган олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан сургалтын гэрээний 2.4-т ажилтан сургуулиа амжилттай төгссөний дараа үйлдвэрт ажиллахаар, хөдөлмөрийн гэрээний 11б-д сургалтын төлбөрийн зохих дэмжлэг үзүүлэхээр тус тус заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох тэтгэмж, олговор олгож болохоор зохицуулсан байдаг.

Иймд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан хөдөлмөрийн дотоод журмын зохих заалтыг үндэслэн 1 жилийн сургалтын төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн нь 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Биокомбинат” ТӨААТҮГазрын захирлын 185 тоот тушаалаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг уг мөнгөн хөрөнгийг хууль, гэрээнд заасан үндэслэлгүйгээр хариуцагчаас авсан гэж үзэхгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг тогтоох хэсэгт баримтлаагүй байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөгүй байх тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ