Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02158

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02158

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гуламж, хд 45 дугаар байр, 16 тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ИЮ88012300, Сартуул овогт Санжаажавын Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 13 дугаар байр, 74 тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЙГ77040313, Монгол овогт Цэдэнсодномын Нямсүрэнд холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие  нь 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол овогтой Цэдэнсодномын Нямсүрэнтэй анх танилцсан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэр бүлийн харилцаа тогтоож, улмаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Хүслэн, 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин Алагбэх нарын 2 хүүхэдтэй болсон. Миний бие Ц.Нямсүрэнтэй гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд тэрээр намайг жирэмсэн байхад хүү Хүслэнг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж хаяж явсан тул түүний хүү Хүслэнг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр До шар овогтой Батчулууны Лхагвабаяраар овоглуулсан. Харин охин Алагбэхийг өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрөөрөө овоглосон. Одоогоор Ц.Нямсүрэн нь эхнэр Н.Соёлгэрэл болон нэг хүүхдийн хамт амьдардаг. Харин миний бие Л.Хүслэн, Н.Алагбэх нарын 2 хүүхдийн хамт өрх толгойлж амьдарч байна. Миний бие 10 сартай охин Н.Алагбэх, 2 настай хүү Л.Хүслэн нарын 2 нялх хүүхдээ хардаг тул одоогоор ажил хийх боломжгүй байгаа бөгөөд төр засгаас хүүхдийн тэтгэмж 20.000 төгрөг өгөхөө больсон, ямар нэгэн тэтгэмж, орлогын эх үүсвэргүй тул хамаг эд зүйлсээ ломбардаж дуусаад бор хоног шар өдрүүдийг арай гэж өнгөрөөж байна. Иймд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Хүслэнг Ц.Нямсүрэнгийн хүүхэд мөн болохыг тогтоож, Ц.Нямсүрэнгээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Бямбасүрэн нь иргэн Ц.Нямсүрэнд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14.30 цагт зарлагдсан боловч биечлэн очих боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  С.Бямбасүрэнгийн хүү Л.Хүслэнг өөрийн хүү хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин охин Н.Алагбэхийг өөрийн охин гэж үздэг тул овоглосон юм. Иймд Л.Хүслэнг миний хүү болохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх лабораторын шинжилгээ хийлгэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Нямсүрэн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамжид гомдол гаргахгүй тул шүүх хуралдааныг зарлаж, хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь хариуцагч Ц.Нямсүрэнг хүү Л.Хүслэнгийн эцэг мөн болохыг тогтоолгож, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хүү Л.Хүслэнгийн эцэг биш гэж маргаж байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасынг баримтлан зохигчдыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.

Зохигчид 2004 оны 9 сард танилцаж,  2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс гэр бүлийн харилцаатай болж, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Хүслэн, 2016 оны 7 дугаар сарын 14-нд охин Алагбэх нарыг төрүүлсэн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүүг эхээр нь овоглож, охиныг эцэг нь хүлээн зөвшөөрсөн тул эцгээр нь овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан байна.

Хариуцагч хүү Л.Хүслэнг өөрийн хүүхэд биш гэж маргасан тул шүүхээс  шинжээч томилж, шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5812 тоот дүгнэлтээр Ц.Нямсүрэн нь Л.Хүслэнгийн биологийн эцэг байх боломжтой гэсэн дүгнэлт ирж, улмаар хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ц.Нямсүрэнг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Л.Хүслэнгийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дах хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Л.Хүслэн, 2016 оны 7 дугаар сарын 14-нд охин Н.Алагбэх нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Монгол овогт Цэдэнсодномын Нямсүрэнгээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол овогт Цэдэнсодномын Нямсүрэнг  2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү До шар овогт Лхагвабаярын Хүслэнгийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Л.Хүслэн, 2016 оны 7 дугаар сарын 14-нд охин Н.Алагбэх нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг эцэг Ц.Нямсүрэнгээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

      

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ