| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0076/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/07 |
| Огноо | 2022-01-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Д.Бямбацогт,
түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 2031002740041 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б, РД://;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Бямбацогт нь 2020 оны 08 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутагт байрлах “Ахын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Бямбацогт нь 2020 оны 08 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутагт байрлах “Ахын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Бямбацогт гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бямбацогт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Л.Болормаагийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилуулж өгөх албан бичгийн дагуу намайг тухайн хэрэгт хохирогчоор оролцуулахаар шийдвэр гаргасан байх тул уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Надад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй байна. Урд нь хохирогчоор оролцож байсан Х.Дэлгэрмаа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, чөлөөлөгдсөн байгаа тул би хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон. Миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын орлогч даргаар томилогдсон болохоор энэ хэргийн талаар сая л таниас сонсож байна. Уг хэргийн талаар миний хувьд ямар нэгэн мэдсэн, харсан, сонсож байсан зүйл байхгүй. Гэхдээ сая таны надад танилцуулж байгаа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг өөрийн биеэр уншиж танилцсан. Хэргийн талаар хэлж ярих зүйл байхгүй. Дээрх дүгнэлтийн талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тэрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч болон гэрээ хийх эрх бүхий мэргэжлийн хүмүүс нь мэдэх байх. Надад хэлж ярих зүйл байхгүй, гэм буруутай хүнээс байгаль-экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг[2],
3.Иргэний нэхэмжлэгч Т.Алтанбагана 020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний экскаваторыг битүүмжилсэн гэдгийг сонсоод цагдаа дээр очиж уулзана гэхэд Д.Бямбацогт ах “байж бай, би уулзаагүй байгаа" гэж хэлээд намайг уулзуулаагүй. Эхнэр ажилгүй гэртээ хүүхдээ хараад байдаг. Би өөрөө ажилгүй. Хааяа нэг гар аргаар ашигт малтмал олборлож мөнгө төгрөг олж амьдралаа авч явдаг. Өвөлдөө хөрөө рам дээр мод зүсч мөнгө олдог. Амьдралаа авч явах гээд ядаж байхад ийм асуудал Д.Бямбацогт ах хутгаад миний техникийг битүүмжүүлсэн байна. Надад хамаагүй учир миний техникийг битүүмжилсэн байгаагаас болиулж авах хүсэлтэй байна. Тэгээд энэ хүнд нь авах арга хэмжээг нь хуулийн дагуу авч өгнө үү” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Батцэнгэлийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ ухашийг миний төрсөн аав Д.Бямбацогт “ух” гэж хэлээд Т.Алтан-Эрдэнэ гэж залуу ухсан. Манай Д.Бямбацогт аав манай ээжээс 10 гаруй жилийн өмнө салсан. Тэгэхдээ би аавтайгаа холбоотой байдаг. Ц.Алтан-Эрдэнийг Бугант тосгоны залуу гэдгээр нь мэднэ. Ураг төрөл, найз нөхдийн холбоо харилцаа байхгүй. Би ажилгүй, хийсэн зүйлгүй байхад манай аав Д.Бямбацогт над руу яриад хийсэн зүйлгүй байгаа гэдгийг мэдээд “уул руу ажилд явна хамт яв” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны төвөөс алтан шар өнгийн “Hyundai” маркийн техник Т.Алтан-Эрдэнэ жолоодоод Д.Бямбацогт аав Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод би машинд нь суугаад “Харгана” нэртэй газар луу явж байхад аав “Харгана” дээр шалгалт байна, техникийг нь нэг газар бөөгнүүлээд байна гэнэ, хажуу талын ам руу оръё” гээд “Ахын ам” гэх нэртэй газар луу орсон. Тэнд шалгалт явахыг хүлээгээд 2 хоноод байж байхад 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аав болон Т.Алтан-Эрдэнэ ах 2 хоорондоо юм ярьж байгаад байрлаж байгаа газраас 300 гаруй метрийн зайд газрын хөрс хуулалт хийгээд эхэлсэн. Би хоол хийгээд байрлаж байгаа байраа янзалж гадуур нь майхнаараа бүтээгээд цай чанаж хөргөөд Т.Алтан-Эрдэнэ ахад өгөх түлшийг нь дөхүүлж өгөх жижиг сажиг ажил хийж байгаад амрах үед Т.Алтан-Эрдэнэ аав 2 унталгүй Алтан-Эрдэнэ ах газар ухаж байсан. Унтаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө сэрэхэд аав босчихсон Бугант тосгоны төв явна гэхээр нь цай чанаж өгөхөд аав Д.Бямбацогт цай уугаад Бугант тосгон руу явсан. Би хэсэг байж байгаад шөлтэй хоол хийгээд Т.Алтан-Эрдэнэ ахыг дуудаж хоол идүүлээд цагийн дараа гар утсаараа оролдоод сууж байхад цагдаагийн ажилчид ирсэн. Ашигт малтмал олборлох зорилгоор Т.Алтан-Эрдэнэ ах “Hyundai” маркийн техник хэрэгсэл хажууд нь хар бараан өнгийн гар аргаар хийсэн төмөр гитаран алт угаах төхөөрөмж байрлуулсан байсан. Т.Алтан-Эрдэнэ ах сарын цалин аваад ажиллахаар болсон техникийн оператор юм байна лээ. Харин техник нь хэний эзэмшлийн техник гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Э.Одгарав 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сум нөхөрлөлүүдтэй гэрээ хийхээр 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №А98 дугаартай захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Түүний дагуу ажлын хэсэг ажиллаж нөхөрлөлүүдээс ирсэн холбогдох баримт бичгийг авч шалгуур үзүүлэлтийн дагуу аймгийн тусгай хэрэгцээт газар 9 нөхөрлөлтэй гэрээ хийсэн. Сум, орон нутгаас урд нь нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн акт, нийгмийн даатгал, татвар төлсөн эсэх, 2019 онд гэрээ хийсэн эсэх, сумын засаг даргын захирамжаар гэрээ цуцалсан жагсаалтад байгаа эсэх, гишүүдийн иргэний үнэмлэх нөхөрлөлийн дүрэм үйл ажиллагаа явуулж байсан, нийгмийн даатгал төлсөн, урьд өмнө гэмт хэрэгт шалгагдаж байсан эсэх гэсэн 7 шалгуур үзүүлэлт гаргаж түүн дээр хамгийн өндөр оноо авсан 9 нөхөрлөлтэй гэрээ хийсэн. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг Аймгийн Засаг даргад уламжилдаг. Манай сумын тамгын газарт болон надад иргэдээс Бугант тосгоны Агуйт, Ахын ам нэртэй газарт гэрээ байгуулахаар гаргасан өргөдөл байхгүй. Бугант тосгоны Ахын ам нэртэй газрыг аймгийн тусгай хэрэгцээнд аваагүй, ашигт малтмал, газрын тосны газраас ямар нэгэн дүгнэлт гараагүй. Бямбацогт, Алтан-Эрдэнэ нар нь нөхөрлөлийн гишүүн болж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах хүсэлт өгсөн эсэхийг мэдэхгүй. Ерөө сумын нутаг дэвсгэрт байгаа эвдэгдсэн эвдэгдээгүй тусгай хэрэгцээнд авсан эсэхийг манай сумын газрын даамал гаргаж өгсөн. Ажлын хэсэг гэрээ хийсэн талбайг зааж өгөх ёстой байсан. Ахын аманд ямар нэгэн нөхөрлөлтэй гэрээ хийгээгүй. Ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй иргэн Ахын аманд байхгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Н.Бумбаяр 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон. Харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан, зүй зохистой ашиглуулах байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Ялбагийн голын постонд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд постонд үүрэг гүйцэтгэсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн техник хэрэгсэл оруулаагүй бөгөөд техник хэрэгсэл орохоор ирээгүй. Техник хэрэгсэл миний байсан пост тал буюу Мандал сумаас 60км зайтай, даваа гүвээ ихтэй. Энэ хугацаанд постоор техник хэрэгсэл оруулахгүй байхад анхаарсан. Бороо ус ихтэй байсан учраас баргийн техник хэрэгсэл очоогүй. Т.Алтан-Эрдэнэ, Д.Бямбацогт нарыг танихгүй. Найз нөхөд, ах дүү, ураг төрлийн холбоо харилцаа байхгүй. Би миний ажиллаж байсан постноос хамаарахгүй газар нутаг байна. Би постноос буугаад Ерөө сумын төвд очиж ажилласан. Энэ хугацаанд хяналт шалгалтаар яваагүй ба эргүүл шалгалтаар хэсгийн төлөөлөгч, экологи хариуцсан байцаагч нартай хамтарч ажиллаж байсан. Бугант тосгоныг хариуцсан байгаль хамгаалагч тусдаа байдаг. Хяналт шалгалтаар явдаг төлөвлөгөө, удирдамжийн талаар мэдэхгүй. Би ажилд ороод удаагүй болохоор мэдэхгүй байна. Ой онгойгоод мод бэлтгэх эрхтэй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа болон иргэдийн мод бэлтгэлд хяналт тавьж ажиллаж байсан. Уул уурхайгаар хяналт шалгалтаар яваагүй” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Б.Ууганцэцэг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2019 оны 07 дугаар сард ажилд орсон. Харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан, зүй зохистой ашиглуулах байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч Одгарав нь нөхөрлөлүүдтэй 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ хийсэн. Ерөө сумын тамгын газраас ажлын хэсэг гаргаж, нөхөрлөлүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, нийт 9 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан байсан. Би өөрөө 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс амралтаа аваад 2020 оны 08 дугар сарын 24-ний өдөр ажилдаа орж байна. Би энэ хугацаанд суманд байгаагүй учраас юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Д.Алтантулга 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ерөө сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одгарав ажлын хэсэг байгуулах А/98 дугаартай захирамжийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 86 нөхөрлөлөөс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг өгсөн. Ажлын хэсэг хуралдаад 86 өргөдөлд шалгуур тавихаар болоод 7 шалгуур үзүүлэлтийг гаргаж ирээд түүндээ оноо өгөөд хамгийн өндөр оноотой нийт 9 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан. Шалгуур үзүүлэлтэнд сум, орон нутагт урд нь нөхөн сэргээлт хийж байсан эсэх, хүлээлгэж өгсөн акт, нийгмийн даатгал, татвар төлсөн эсэх, 2019 онд гэрээ хийсэн эсэх, сумын засаг даргын захирамжаар гэрээ цуцалсан жагсаалтад байгаа эсэх, гишүүдийн иргэний үнэмлэх, нөхөрлөлийн дүрэм үйл ажиллагаа явуулж байсан эсэх, нийгмийн даатгал төлсөн, урьд өмнө гэмт хэрэгт шалгагдаж байсан эсэх 7 шалгуур үзүүлэлтийг гаргасан. Д.Бямбацогт, Т.Алтан-Эрдэнэ нарын талаар мэдэх зүйл байхгүй. Найз нөхөд, ах дүү, ураг төрлийн харилцаа холбоо байхгүй. “Ахын ам” гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгонд байдаг учраас Бугант тосгоны газар нутагт хяналт шалгалтыг Ерөө сумаас явуулдаггүй. Ахын ам гэж байдаг гэдгийг мэднэ. Хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулснаас хойш Ерөө сумын тамгын газраас хяналт шалгалтаар яваагүй. Тухайн үед бороо ороод зам харгуй боогдоод машин явах боломжгүй, шавар, шавхайтай болсон учраас хяналт шалгалтаар яваагүй болно” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Т.Алтан-Эрдэнэ 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хийсэн ажилгүй модны үйлдвэр дээр ажиллаж байхад Д.Бямбацогт ах надтай уулзаад “экскаватор бариад надтай хамт ажиллаад өг, эхлээд экскаватороо авч явна, араас чинь нөгөө ээлжинд чинь хамт ажиллах хүн олж өгнө, цалин 1,200,000 төгрөг, ажлын бүтээмжээс хамаараад цалинг чинь нэмнэ” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны төвөөс алтан шар өнгийн “Hyundai” маркийн техник жолоодоод “Харгана” нэртэй газар луу явж байхад Д.Бямбацогт ах “Харгана дээр шалгалт байна” гэж байна гээд дагуулаад “Ахын ам” гэх нэртэй газар луу орсон. Тэнд шалгалт явахыг хүлээгээд 2 хоноод байж байхад 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Бямбацогт ах бид нарын байрлаж байсан газраас хажууханд байх газар заагаад “шуруп ухаж үзнэ, энд алт байна уу шалгана” гэж хэлээд надаар ухуулсан. Ухаж байгаа газраа дараа өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөө хүртэл ухаж үзээд алт угаах төхөөрөмж рүү ухсан шороогоо хийж алт байгаа эсэхийг шалгахад баяжмал байгаагүй учраас ухахаа болиод амарсан. Намайг амарч байх хооронд Д.Бямбацогт ах Бугант тосгон руу явсан. Тэгээд унтаж байхад нэг хүн сэрээхээр нь сэрээд харахад цагдаагийн алба хаагч байсан. 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр “Гитар” нэртэй гар хийцийн алт угаах төхөөрөмжөө тавиад явсан. “Hyundai” маркийн техник хэрэгслийг өөрөөр нь явуулсан. Би экскаваторыг жолоодоод Д.Бямбацогт өөрийн хүү Б.Батцэнгэлийн хамт Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид 3-аас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Х.Байгалмаа 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай сум, орон нутагт олон жилийн өмнөөс ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрууд их байдаг. Манайх 2015 онд эвдэгдсэн газрын судалгааг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр хийлгэж байсан. Манай тосгоны хэмжээнд Их өлөнт, Бага өлөнт, Өлөнт, 35-н ам, Гозон шар, Толгойт, Шаварт, Их алт, 10-н даваа, 13-н даваа Хэрийн гол, Сангийн гол нэртэй газрууд нь олон жилийн өмнө ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаад эвдэгдэж нуур, овоолго шороо, ухагдсан нүх, суваг шуудуу үлдэж, ургамал ногоо ургахгүй, мал амьтан явах боломжгүй болсон. Урд жилээс хойш тухайн газар орноор хяналт шалгалтаар яваагүй учраас мэдэхгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гараагүй. Аймаг сумын тусгай хэрэгцээнд тухайн газар орныг аваагүй. Энэ газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийгдээгүй газар юм. Хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг[10],
11.Шүүгдэгч Д.Бямбацогт 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би хэн нэгэнтэй хамтарч хууль бус үйл ажиллагаа хийгээгүй. Уул нь “Харгана” нэртэй газар очиж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан хүмүүстэй хамтарч ажиллана гэсэн зорилготой явсан. Хууль бусаар ашигт малтмал олборлосон нь миний буруу” гэх мэдүүлэг[11],
12. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №18-05-038/23 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Д.Бямбацогтын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол, түүнийг нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (153,066+4,172,400+898,000) нийт 5,223,466 (таван сая, хоёр зуун хорин гурав, дөрвөн зуун жаран зургаа)-н төгрөгийн хохирол байгаль-экологид учирсан байна” гэх дүгнэлт[12],
13. Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18-04-003/12 актанд: “Ерөө сумын “Ахын ам” гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль-орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132/112 дугаар тушаалын “Хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.4.3 дахь заалтуудыг үндэслэн тооцоход 5,223,466 төгрөг болж байна” гэх байгаль орчинд учруулсан хохирлын тухай акт[13],
14.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Бямбацогтын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Болормаа нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар[21] энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Бямбацогтын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал нийт 5,233,466 /таван сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[22]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Робекс” 300ЛС маркийн экскаватор нь шүүгдэгч Д.Бямбацогтын өмчлөлийн экскаватор биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Төрбадрах овогтой Алтанбаганад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 13,000,000 /арван гурван сая/-н төгрөг, алт угаах төхөөрөмж 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Бямбацогтоос гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналтай. Битүүмжилсэн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, түүний үнэ болох 13,000,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох саналтай байна. Мөн гар аргаар үйлдвэрлэсэн алт угаах төхөөрөмжийн үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах саналтай байна” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг хэлсэн байна.[23]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн хувьд 2020 оны 08 дугаар сард хөрс хуулж олборлолт явуулсан гэх гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс хохирлын асуудал дээр маргаан байхгүй. Бүрэн төлсөн. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хавтаст хэргийн 134-141 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд байна. Энэ хүсэлтээр ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байна. Бямбацогт нь 6 хүүхдийн эцэг бөгөөд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэр бүлийн баталгаа зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өгнө үү. Өөрийн гар аргаар үйлдвэрлэсэн алт угаах төхөөрөмжийг улсын орлого болгоход санал нэг байгааг илэрхийлж байна. Торгуулийн хувьд 3 жилийн хугацаанд төлүүлэх саналтай байна. Хуулийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн” өмгөөллийн дүгнэлтийг хийжээ[24].
Шүүх шүүгдэгч Д.Бямбацогтод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бямбацогтын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Бямбацогтод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч Д.Бямбацогт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдвал зохино.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Дашпунцагийн Бямбацогтод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Бямбацогтын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал нийт 5,233,466 /таван сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Хьюндай Робекс” 300ЛС маркийн гар аргаар сэргээн засварласан, экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Төрбадрах овогтой Алтанбаганад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 13,000,000 /арван гурван сая/-н төгрөг, алт угаах төхөөрөмж 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Бямбацогтоос гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч Д.Бямбацогт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүгдэгч Д.Бямбацогтод урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ