| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 104/2017/00123/и |
| Дугаар | 102/ШШ2017/02024 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02024
| 2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/02024 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Эрх чөлөөний гудамж, 51-15 тоот хаягт оршин суух, Жамбалын Мөнхбаатар /РД: ЛЮ71052131/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 23 дугаар байр, 17 тоот хаягт байрлах, Хосдалай фүүдс ХХК /РД:5823218/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 16.035.307 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Мөнхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус компанийн захирал Х.Баяндалайтай 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 3.6 тонн мах буюу 26.453.307 төгрөгийн мах нийлүүлсэн. Дээрх нийлүүлсэн махны үнээс 10.418.000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 16.035.307 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй хохирч байна. Захирал Х.Баяндалайгаас удаа дараа мөнгөө нэхэж, 99069943, 99069942 гэсэн утас руу холбогдоход төлнө гэж хэлсээр сүлдээ утсаа авахаа больсон. Иймд хариуцагчаас 16.035.307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 6.035.307 төгрөгийг хасч, хариуцагч нь үлдэх 10.000.000 төгрөгийг хүлэн зөвшөөрч, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэв.
Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхбаатар нь хариуцагч “Хос далай фүүдс” ХХК-д холбогдуулан 16.035.307 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6.035.307 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 10.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.127 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119.064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй “Хос далай фүүдс” ХХК-д холбогдох 16.035.307 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6.035.307 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 10.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.127 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Хос далай фүүдс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 119.064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ