Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 улсын яллагч А.Энхтуяа,

 шүүгдэгч *******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* Ө*******д холбогдох эрүүгийн 2131001080127 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг, Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* Ө*******, РД:/МЕ89121818/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд аймгийн Ерөө сумын “Харганы ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд аймгийн Ерөө сумын “Харганы ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Тэмүүлэн, Цанлиг, Өнөрсайхан нарын экскаватор байсан. Хохирлыг нөхөн төлнө. Амьдралаа дээшлүүлэх зорилготой байсан юм. 3гр орчим алт олсон 130,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг[1],

2. Иргэний нэхэмжлэгч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн “Харганат” гэх газар иргэд хууль бусаар ашигт малтмал явуулдаг гэдгийг мэдэж байна. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэд хууль бусаар манай сумын 2 дугаар багийн “Харганат” гэх газар ашигт малтмал, олборлолт явуулсан эсэхийг сайн мэдээгүй байсан. Миний мэдэхийн 2019 оноос эхлээд алт олборлох чиглэлээр гэрээ байгуулахаар сумын захиргаагаар “гэрээ байгуулна” гэсэн хүмүүс явдаг болсон юм. “Харганат” гэх газар иргэд 2019 оноос эхлээд хууль бусаар алт олборлож эхэлснийг сумын төвийн төрийн албан хаагч нар болон сумын оршин суух иргэд, мөн 2 дугаар багийн малчид бүгд мэдэж байгаа юм. Миний хувьд Ерөө сумын засаг даргын орлогчоор томилогдон ажиллаад хагас жил болж байна. Ерөө сумын газар нутаг дэвсгэрт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй холбоотой гарсан өргөдөл, гомдолтой холбогдуулан гэмт хэрэгт хохирогчоор тооцож өгнө үү” гэсэн албан тоотыг сумын засаг дарга Б.Сэргэлэн нь холбогдох цагдаагийн байгууллагад гарган өгдөг юм. Миний хувьд 2 дугаар багийн “Харганат” гэх газар иргэд алт ухаж байгааг яг очиж харж байгаагүй юм. Сумын орон нутгийн байгаль орчинтой холбоотой хууль бус асуудалд хохирогч болж төлөөлж байгаа бөгөөд хохирлыг сумын орон нутгийн Төрийн сангийн 100130200914 тоот дансанд шилжүүлэн авч хохирлыг хурдан барагдуулмаар байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид нийт 6,107,097 төгрөгийг хохирол учирсан гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч *******ийн 2021 оны 04  дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* гэдэг хүнийг танина. Нэг нутаг усны хүн гэдгээр мэднэ. Хамаатан садны холбоо харилцаа байхгүй. Би Ерөө сумын “Харганат” гэх газар ирээд 3 хонож байна. *******ы ажиллуулж байгаа экскаваторын операторын ажил хийхээр ирсэн. Намайг энэ газарт ирснээс хойш газрын хөрсийг 20 орчим метр ухаж олборлолт хийж байсан. Өөр газарт олборлолт хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******ын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* гэдэг хүнийг танина. Нэг нутаг усны хүн гэдгээр мэднэ. Хамаатан садны холбоо харилцаа байхгүй. Би Ерөө сумын “Харганат” гэх газар ирээд 5 хонож байна. *******ы удирдлага доор эксковаторын операторын ажил хийхээр ирсэн. Намайг энд ирснээс хойш урт нь 25 метр, өргөн нь 25-30 метр, өргөн нь 5 метр орчим ухаж, ашигт малтмал олборлосон. Өөр газар ухсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *******тай аман гэрээ байгуулж, аймгийн Ерөө сумын “Харгана” гэх газарт байрлах ашигт малтмал олборлодог нөхөрлөлд оператороор ажилд орсон. Энд ирснээс хойш 2 өдөр Ө*******ы зааж өгсөн газраас шороо олборлож ажилласан. Энд 7 хүн ажилладаг. Техникийн хувьд 3 ширхэг экскаватор, 1 ширхэг Зил 131, усан буу 1 ширхэг, дизель хөдөлгүүр 1 ширхэг ажилладаг” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газар ирээд 2 хонож байна. Ө*******ы экскаваторын засварлах ажлыг хийж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],

7. Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №21/05 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Иргэн ******* алт ашиглах үйл ажиллагаа явуулсны улмаас дээрх (1-р асуултад өгсөн) координат бүхий талбайд 1277.9м2 буюу 0.13га нэг ухаш, 691.1 м2 буюу 0.07 га нэг овоолго үүсгэж нийт 1969.1м2 буюу 0.2 га газар, хөрс эвдрэлд оруулсан байна. 2.Голын гольдрол өөрчлөөгүй, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон боловч, хохирол учруулаагүй байна. Харин ойн сан бүхий газарт орсон, хохирол учруулсан байна. 3.Тус талбай нь тусгай зөвшөөрлийн ямар нэгэн талбайтай давхцалгүй байна. 4.Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.2 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход:

-газрын хэвлийд 2,129,000 төгрөг,

-эдэлбэр газарт 23,200 төгрөг,

-хөрсөн бүрхэвчид 612,720 төгрөг,

-ургамлан нөмрөгт 2,139,500 төгрөг,

-ойн санд 1 202,677 төгрөг, нийт 6,107,097 (Зургаан сая нэг зуун долоон мянга ерэн долоо)-н төгрөгийн хохирол учруулсан байна. 5.Тус газарт 4302 м3 эзлэхүүн бүхий (ухашийг налуулах, овоолгыг хэлбэршүүлэх, шимт хөрсөөр хучилт хийх) талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба техникийн нөхөн сэргээлт хийхэд 3,412,930 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 390,260 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 266,200 төгрөг, нийт 4,069,410 (дөрвөн сая жаран есөн мянга дөрвөн зуун арав) төгрөг зарцуулагдах тооцоо гарсан болно” гэх дүгнэлт[7],

8. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай Дүгнэлт хэсэгт: “CAT-330D2L” маркийн экскаватор /хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг, “Hyundai Robex-260LC9S” маркийн экскаватор /хуучин, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг “Hyundai Robex-2800k” маркийн экскаватор /хуучин ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 1 ширхэг зэрэг механизмын зах зээлийн өнөөгийн үнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи механизмын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны байдлаар 18,000,000 төгрөг байна” гэх дүгнэлт[8],

9. Шүүгдэгч *******ы 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Харганат” гэх газар 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр очоод 08-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. Би ажиллах хүнээ зар тавьж дуудуулсан. Нарангэрэл, *******, , , , нарын хамт ажилласан. Бага зэргийн алт гарч ирсэн. Би граммлаагүй. Хүнээр Ө******* руу явуулж тушаагаад өгөөч гэж явуулсан. Би зөвшөөрөлгүй газар ухвал хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[9],

10. Иргэний нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би аймгийн Ерөө суманд өөрийн эзэмшлийн “Hyundai Robex2800” маркийн шар өнгийн хуучин, эвдрэлтэй экскаватор байсныг үлдээгээд өөрөө барилгын ажил эрхэлдэг болохоор тэнд нь үлдээчихсэн байсан. *******д би уг экскаватороо засаж сэлбээд Дархан руу дөхүүлээд өг. Би тэндээс тосож аваад хот руу оруулж ажил хийлгэе” гэж байсныг надад хэлэлгүй өөрөө дур мэдэж ажиллуулсан байна. Би Ө*******ыг ашигт малтмал олборлох чиглэлээр ажилласан эсэхийг мэдээгүй байсан. Улсын дугааргүй, шар өнгийн хуучин экскаватор байгаа юм. “Бадрах  мандал шим” ХХК-ны нэр дээр байдаг. Уг компани нь миний компани, захирал нь би байгаа юм. Би Ө*******тай гэрээ хэлэлцээр хийгээгүй, манай хуурай дүү гэж явдаг болохоор итгээд ахдаа засаад дөхүүлээд өг гээд үлдээсэн, уг энэ экскаватороо 5-6 жилийн өмнө хүнээс худалдаж авч байсан, бичиг баримт байхгүй. Би өөрийн экскаватороо буцаагаад авчихвал надад гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг[10],

11.Иргэний нэхэмжлэгч ы 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 04 дүгээр сард манай Ерөө сумын гэх залуу над руу залгаж “би урагшаа /урагшаа гэдэг нь Харганы амыг хэлдэг юмI яваад ирлээ, танай дүү Өлзий чамд юм өгчих гэж байна” гэхээр нь би очоод уулзахад тамхины цаасан ороосон зүйл өгөхөөр нь үзтэл алт байсан. Тэгэхээр нь би Дархан-Уул аймагт ирээд зах дээр очоод захын ченж нарт /хэн гэдэг нэртэй ченж байсныг мэдэхгүй, харвал таньж магадгүй/ үзүүлэхэд 4,6 грамм болж байсан санагдаж байна.  540 гаруй мянган төгрөг /540.000/ болж, мөнгийг нь өөртэй хэрэгцээтэй зүйл авч дуусгасан. Би дүүгээ алт ухаж байна гэж ер гадарлаагүй, мөн миний экскаваторыг нь ашиглаж байна ч гэж огт бодоогүй. ******* хэзээ, хэнтэй “Харганы ам” гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр ажилласан талаар би мэдэхгүй, мөн хэний хэдэн ширхэг техник байсныг ч мэдэхгүй. Дараа нь ******* надад миний “Харганы ам” гэх газарт үлдээсэн. байсан “Хюндай-260” маркийн экскаваторыг хөдөлгөж ажилласан талаар хэлсэн, Үүнээс өөр зүйл би мэдэхгүй. “Хюндай-260” маркийн экскаваторын бичиг баримт биед байхгүй, Ерөө суманд гэрт бий. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрийн экскаваторыг л авмаар байна, хэргийн материалтай танилцахгүй, биеийн байдал муу байгаа, шүүх хурал суухгүй” гэх мэдүүлэг[11],

12.Иргэний нэхэмжлэгч гийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Улсын дугааргүй шар өнгийн “CAT330D2L” маркийн экскаватор нь одоогоор миний өөрийн эзэмшилд байгаа, 2019 оны 07 дугаар сарын үед Жанчивдорж гэдэг хүнд зарсан. Тухайн үедээ Жанчивдорж “Би авсан экскаватороо зарчихлаа, нэрээ шилжүүлж аваад банкинд тавьмаар байна” гэж яриад байсан. Тэр хүн миний сая мэдсэнээр Ө******* гэдэг хүн байсан байна” гэх мэдүүлэг[12],

13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгч *******ы гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эврэлд өртсөн 0,2га талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Хохирлын үнэлгээ, төгрөгөөр

1

Эдэлбэр газар

23,200 төгрөг

2

Газрын хэвлийд учруулсан хохирол

2,129,000 төгрөг

3

Усны нөөцөд учруулсан хохирол

-

4

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол

612,720 төгрөг

5

Ойн санд учруулсан хохирол

1,202,677 төгрөг

6

Ургамалд учруулсан хохирол

2,139,500 төгрөг

7

Амьтанд учруулсан хохирол

-

8

НИЙТ

6,107,097 төгрөг

Хүснэгт22 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[20]

            Тус талбайд 4302м3 эзэлхүүн бүхий техникээр нөхөн сэргээхэд 3,412,930 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 390,260 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 266,200 төгрөг, нийт 4,069,410 төгрөг шаардлагатай байна гэжээ.

Шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн энэхүү гэмт хэргийн улмаас байгаль-экологид шүүгдэгч *******ы учруулсан хохирол 6,107,097 /зургаан сая нэг зуун долоон мянга, ерэн долоо/-н төгрөг, техникээр нөхөн сэргээхэд 3,412,930 төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 390,260 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 266,200 төгрөг зарцуулахад нийлбэр 4,069,410 /дөрвөн сая жаран есөн мянга дөрвөн зуун арван/-н төгрөг, нийт 10,176,507 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Байгаль орчны уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[21]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Робекс” 2800ЛС маркийн экскаватор нь шүүгдэгч *******ы өмчлөлийн экскаватор биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч иргэний нэхэмжлэгч овогтой буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3,000,000 / гурван сая/-н төгрөг,

-CAT-330D2L маркийн экскаваторыг хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Ганбаярын Тэмүүлэнд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000

-“Хьюндай Робекс” 260ЛС9S маркийн экскаваторыг ууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Мягмар овогтой Өнөрсайханд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 5,000,000 төгрөг, нийт 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсан болно.

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ы өмчлөлийн дугаартай,....тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг экскаваторын компьютер нь Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байх тул хууль ёсны эзэмшигчид нь буцаан олговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

5.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Энэхүү гэмт хэргийн улмаас байгаль-экологид учруулсан хохирол 6,107,097 /зургаан сая нэг зуун долоон мянга, ерэн долоо/-н төгрөг, техникээр нөхөн сэргээхэд 3,412,930 төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 390,260 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 266,200 төгрөг зарцуулахад нийлбэр 4,069,410 /дөрвөн сая жаран есөн мянга дөрвөн зуун арван/-н төгрөг, нийт 10,176,507 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Хьюндай Робекс” 2800ЛС маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч овогтой буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3,000,000 /гурван сая/-н төгрөг, “CAT-330D2L” маркийн экскаваторыг Ганбаярын Тэмүүлэнд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөг, “Хьюндай Робекс” 260ЛС9S маркийн экскаваторыг Мягмар овогтой Өнөрсайханд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 5,000,000 /таван сая/ төгрөг, нийт 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

8.Шүүгдэгч *******ы өмчлөлийн ... дугаартай,........ тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг экскаваторын компьютер нь Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байх тул хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ