Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Б.Тэмүүлэн нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. Т.д холбогдох эрүүгийн 2131002630204 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шунхлай” ХХК-нд шатахуун түгээгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ...... тоотод оршин суух,

-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоосон байх ба 01 жилийн хугацаа биечлэн эдэлж, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө сулласан, Т, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 2 дугаар 60 айлын байрны гадна Г.Гэгээндуулгын нүүрэн тус газарт нь өшиглөж хамар ясны хугарал, хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Тэмүүлэн нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 2 дугаар 60 айлын байрны гадна Г.Гэгээндуулгын нүүрэн тус газар нь өшиглөж, хамар ясны хугарал, хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Тэмүүлэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “...Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эхлээд намайг нийлж зодсон. 820,000 төгрөг хохиролд бэлнээр төлсөн. Тэр үед архи уусан, миний буруу байсан.” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Г.Гэгээндуулга 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 28-ны шөнө гэртээ амарч байхад 00 цаг өнгөрч байхад манай ажлын Даваасүрэн, Эрдэнэболд нар миний утас руу холбогдоод “хүрээд ирээч, ганц шил архи ууя” гээд байхаар нь би гэрээсээ ганцаараа гараад 7 давхар байранд Эрдэнэболдын гэрт очиход Даваасүрэн, Эрдэнэболд нар байсан. Бид 3 нийлээд 1 шил архи уучихаад шөнийн 01 цаг өнгөрч байхад Даваасүрэн бид хоёр Эрдэнэболдын гэрээс гараад манайх руу явсан. Манайхаар орчихоод буцаад Даваасүрэнгийн гэр рүү явж байтал төмөр замын 60 айлын сагс тоглодог шийдний хажууд явж байхад нэг танихгүй залуу ирээд Даваасүрэн бид хоёртой өдсөн байрын үгээр харьцаад хэрүүл өдөөд байсан. Танихгүй залуу Даваасүрэнтэй маргалдаад цохилцоод байхаар нь Даваасүрэн бид хоёр салж зугтаасан. Тэгээд би 2 дугаар 60 айлын урдуур явж байтал араас нэг залуу ирээд цохих шиг болоод би тэнцвэр алдаад газар унахад нөгөө танихгүй залуу миний нүүрэн тус газарт цохиж эхлэхээр нь би нүүрээ хаатал хэд хэд цохиж байгаад цаашаа зугтаагаад явчихсан” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Д.Даваасүрэнгийн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шөнийн 1 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, 60 айлын орон сууцны хажууд Гэгээндуулгатай хамт явж байхад үл таних нэг залуу ирээд бид хоёрыг үгээр идээд янз бүрээр хэлж “намайг таних уу? мэдэх үү?” гэх өгүүлэлтэй зүйлс ярьж байгаад миний шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь 60 айлын орон сууцны голд байрлах саравчинд очтол тэнд дөрвөн залуу, бид хоёрыг дуудсан, таван залуу босч ирээд бид хоёрыг зодохоор дайрсан. Тэгэхээр нь бид хоёр тэр залуучуудтай зодолдсон. Тухайн үед би нэгдүгээр 60 айлын 1 дүгээр орц руу найз Учралыг дуудахаар Гэгээндуулгыг тэр газарт үлдээгээд орхиод орсон. Намайг орц руу орох гээд зугатааж байхад араас орилоод хөөж байсан. Би найз Учралын хаалгыг нь нүдсэн боловч хаалгаа тайлж өгөөгүй. Тэгэхээр нь би тухайн орцны шатан дээр сууж байгаад унтчихсан байсан. Нэг сэрээд хартал миний шоорт, пүүз, гар утас гэх зүйлс алга болчихсон байсан. Алга болсон утас нь намайг зодолдож байхад газарт унах шиг болсон. Тэгээд би гэр лүүгээ ороод шоорт, тавчик өмсөөд цагдаа руу явсан. Тэрний дараа зодолдсон газартаа эргээд очоод үзтэл манай гэрийн түлхүүр, асаагуур гэх зүйлс байсан” гэх мэдүүлэг[3],

4.Насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 29-ний 01 цаг 30 минутын орчим би найз Энхцэнгэлтэй төмөр замын байрнуудын голын модон саравчинд сууж байсан юм. Тухайн үед Улаанаа гэж дууддаг Бат-Оргил, Тэмүүлэн ах нар сааданд ирж хамт юм ярьж суусан. Тэмүүлэн ах ганцаараа 33 дугаар 60 айл руу уруудаад алхсан ба 5 минутын дараа гүйгээд хүрээд ирсэн. Гэтэл араас нь 2 үл таних 2 эрэгтэй хүн гүйгээд ирсэн. Бат-Оргил, Тэмүүлэн нар дээгүүр өмссөн хувцсаа тайлаад шууд зодолдоод эхэлсэн. Бат-Оргил ах цагаан подволктой ахтай зодолдоод, Тэмүүлэн ах хар подволк, шорттой ахтай зодолдсон” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч М.Батмөнхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү Тэмүүлэн нь 2017 онд 12 дугаар анги төгсөөд 2019 онд Төмөр замын коллежид сурч байгаад ар гэрийн гачигдлаас болоод сургуулиас гарсан. Манай эгчийн бага хүү болох Тэмүүлэнг би багаас нь л мэднэ. Хүн амьтан зодоод байх хүүхэд биш байгаа юм. Б.Тэмүүлэн одоо аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг. Харин найз нөхдийн хувьд гэвэл хэн хэнтэй нийлж нөхөрлөдөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Б.Тэмүүлэн өмнө нь нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан гэж сонсож байсан, харин яг ямар хэрэг гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Б.Отгонжаргалын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2016 онд тэтгэвэрт гарсан, Б.Тэмүүлэнгийн нагац эгч нь байгаа юм. Манай Тэмүүлэн аав, ээж, эгч нарын хамт амьдардаг ба айлын бага хүүхэд дээрээ нэг эгчтэй, эгч нь Улаанбаатар хотод сурч байгаа. Тэмүүлэнгийн аав Болдбаяр нь группэд байдаг. Харин ээж нь Олон улсын худалдааны төвд худалдагч ажилтай. Би Б.Тэмүүлэнг ямар учраас Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг нь мэдэж байна өөрөө надад хэлэхдээ: шөнө явж байгаад хүмүүстэй маргаад намайг цохихоор нь зөрүүлж цохиод, одоо шалгагдаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг[6],

7.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Г.Гэгээндуулгын биед хамар ясны хугарал, хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8.Хохирогч Г.Гэгээндуулга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Даваасүрэн бид 2 Сүхбаатар сумын 2 дугаар 60-н айлын орчим явж байгаад хэдэн залуучуудтай маргаж улмаар Б.Тэмүүлэн гэх залуу ганцаараа миний нүүрэн тус газар 2-3 удаа хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Тэрнээс бол Б.Тэмүүлэн нь бусадтай нийлж намайг зодсон асуудал байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа би ажлаа хийж байгаа. Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Ш.Эрдэнэболдын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажилгүй гэртээ амарч байгаад хэдэн найз нарын хамт Сүхбаатар сумаас урагшаа Тужийн нарс орж салхинд сууж байгаад 19 цагийн орчим гэртээ ирсэн. Надтай хамт манай ажлын Даваасүрэн гэх залуу ганцаараа ирсэн. Тэгээд манай эхнэр хоол хийж өгөөд нэг шил 0,5 литрийн “Эдэн” нэртэй архи задалсан. 20 цагийн орчим хамт ажилладаг Гэгээндуулга гэх залуугийн 88851580 гэсэн дугаар луу нь 99033708 гэсэн дугаараас залгатал утсаа аваагүй. Даваасүрэн өөрийнхөө утсаар залгатал Гэгээндуулга утсаа авахаар нь “манайд хүрээд ирээч” гэтэл удалгүй Гэгээндуулга манайд ирээд Даваасүрэн, Гэгээндуулга бид 3 өмнө нь ууж байсан 1 шил архиа хувааж уусан. Тэгээд манай гэрээс 21 цагийн орчим Даваасүрэн, Гэгээндуулга нар хамт гарсан. Харин би шууд амарсан, гадагшаа гараагүй” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч Л.Бат-Оргилын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би өнчин цэнхэр байрны хажууд дан байранд ганцаараа байсан. Би халдвар авсан байж магадгүй гэж бодоод өөрийгөө гэрийнхнээсээ тусгаарлаж байсан юм. Тухайн үед би халуураад байсан болохоор ээж намайг “гадаа хүн байхгүй байна, жаахан салхинд суучих” гэхээр нь гараад сааданд суух гээд очтол зүс таних Тэмүүлэн, Жижгээ нар сууж байсан. Бид 3 юм яриад сууж байтал төмөр замын 60 айлын голд байдаг саадны орчим зодоон болоод байхаар нь сонстол манай найз Тэмүүлэн байх шиг байсан. Тэгээд очоод салгаад Тэмүүлэнг аваад явсан өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг[10],

11.Шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад гомдол санал байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг[11],12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[12], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь хохирогчид эмчилгээний зардалд 820,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Тэмүүлэнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон түүний хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гарамжав овогт Болдбаярын Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ