Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч А.Энхтуяа,

 шүүгдэгч *******,

 түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн .... Я-д холбогдох эрүүгийн 2131002380197 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нүдний групптэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Я, РД://;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Ар булаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2,5 метр урттай, 27 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ...... улсын дугаартай цэнхэр өнгийн “.........” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Ар булаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2,5 метр урттай, 27 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ........ улсын дугаартай, ....... өнгийн “............” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цахилгаан хөрөө минийх, тээврийн хэрэгсэл нь манай хүүгийнх байгаа юм. Өвөлжөөгөө сэлгэдэг юм уу гээд орон нутгаасаа зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч *******гийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* гэх хүнийг Ерөө сумын 1 дүгээр багийн иргэн гэдгээр танина. Хөдөө мал аж ахуй эрхэлдэг хүн юм. Ямар нэгэн харилцаа, садан төрлийн холбоо байхгүй. Уг газарт ямар нэгэн иргэдийн хурлаас хувиарлалт олгогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч *******ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний аав болох ******* нь тухайн өдөр миний эзэмшлийн 42-96 СЭА Бонго тээврийн хэрэгслийг ойр зуур хэрэгцээнд унаж байдаг. Би өөрөө Өмнөговь аймагт уурхайд ажилладаг болохоор тээврийн хэрэгслээ унаж ашигладаггүй, аавыг хөдөө гэртээ ойр зуур ашиглаж байх зориулалтаар үлдээсэн. Тэрнээс би аавд тээврийн хэрэгслийг зарж борлуулсан зүйл байхгүй.Тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байдаг. Би өөрийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“ Манайх Ерөө сумын “Ар булаг” гэх газарт мал маллахаар 2011 оноос суурьшин амьдарч байна. Би нөхөртэйгээ хамт Ядамсүрэнгийн зусааны араас унасан хус авахаар очиход зөндөө олон нойтон босоо нарс мод унагаасан байсан. Ачиж явсан талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ядамсүрэн нь Ерөө сумын 1 дүгээр багийн иргэн гэдгээр нь таньж мэднэ. Хамаатан садангийн холбоо байхгүй. ******* гэх хүн мод бэлдэх эрхийн бичиг огт аваагүй. Хэрэглээний мод иргэдэд бичилт олгодоггүй. Хэрэглээний модыг мэргэжлийн байгууллага иргэдийн хурлаас баталсан хувиарын дагуу хэрэглээний мод бэлтгэх эрхтэй байдаг. Нойтон мод бэлтгэх эрхийн бичиг огт олгохгүй байгаа. Зөвхөн түлээний зориулалтаар хуурай модонд бичилт хийж байгаа юм” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ядамсүрэн гэх би хүнийг сайн танихгүй. Хамаатан садангийн холбоо байхгүй. Ерөө сумын 1 дүгээр баг “Арбулаг” гэх газарт Ерөө бүс сум дундын ой ангиас тус газарт талбайн тусгаарлалт хийгээгүй. “Арбулаг” гэх газраас мод бэлтгэж болохгүй. Иргэд тус газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ба байгаль орчин хяналтын тасгаас бичилт хийгээгүй. ******* гэх хүн 2.50 метрийн урттай, нойтон нарс модны эрхийн бичиг огт аваагүй. Нойтон болон хэрэглээний модонд мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй. Нойтон мод бэлтгэх эрхийн бичиг огт олгохгүй байгаа юм. Зөвхөн түлээний зориулалтаар хуурай модонд бичилт хийж байгаа. Ойн мэргэжлийн байгууллага нь сум, орон нутгийн иргэдийн хурлаас баталсан модны хувиарын дагуу, арчилгаа цэвэрлэгээ, үндсэн огтлолт, цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхтэй ба иргэд хэрэглээний нойтон мод бэлтгэх эрхгүй юм. Иргэдэд зөвхөн түлээний зориулалтаар хуурай модонд эрхийн бичиг олгодог” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* Ерөө сумын 2 дугаар багт мал маллаад удаж байна. Зан харилцааны хувьд түргэн ууртай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг. Бусдаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч ******* 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* Ерөө сумын 2 дугаар багт мал маллаад удаж байна. Зан харилцааны хувьд түргэн ууртай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг. Бусдаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч *******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Ерөө суманд ирээд хэдэн жил болсон гээд бид нар ойр дотно болсон. *******гийн эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тариа бригад дээр бид нар хамт ажилладаг байсан. Ажилдаа сайн хөдөлмөрч хамт олон дунд бид нар ч гэсэн ажиллаж явлаа. ******* мод бэлтгэж тээвэрлэн сумын иргэдэд зарж борлуулдаггүй. Сая юу болсон талаар сонслоо. ******* мал аваад мал дээр эхнэрийн хамт амьдарч байгаа. Өвөлжөөний хэдэн шонгийн модоо янзлахаар уулнаас мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан гэж сонслоо. Айл хөрш олон жил болсон. Архи дарс уугаад гэр бүлээ зовоогоод байдаггүй. Дөрвөн сайхан хүүхэдтэй болоод хүүхдүүд нь тус тусдаа гараад амьдарч байгаа. Хөдөлмөрч иргэдтэй зөв боловсон харьдаг, хэн нэгэнтэй маргалдаад байдаггүй, эелдэг зөөлөн харьцдаг...” гэх мэдүүлэг[9],

10.Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №1000873 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “*******ын эзэмшлийн ........ улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн “.........” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021-09-17-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,300,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[10],

11.2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №18-04-015/52 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн *******гийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 540,988 х 3=1,622,964 төгрөг болж байна” гэх дүгнэлт[11],

12.Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТХҮ-621/1938 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний нийт бодит үнийг 70,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт[12],

13. Шүүгдэгч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Миний хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ар булаг нэртэй газар зусаж өвөлдөө “Гэрэлт хайлааст” нэртэй газар өвөлждөг. Би зусаж байсан газраа өвөлжөөний хэдэн шонгийн модоо засаж янзлахаар газар зусаж 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Ар булаг”-ийн урд байдаг хэсэг мод руу ороод 8 ширхэг ургаа мод унагаагаад 2.50м урттайгаар бэлдэхэд нийт 27 ширхэг мод бэлдээд 3-4 хоног бэлдсэн газар нь байлгаж байгаад гэрийнхээ гадаа буулгасан. Ерөө сумын экологийн асуудал хариуцсан байцаагч гээд залуу ирсэн. Би ууланд байгаа модыг бэлдсэн гэдгээ хэлсэн. Би модоо шар маниултай, мөнгөлөг хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад өөрөө хэмжиж хөрөөдөөд 42-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад гэрийнхээ гадаа буулгасан. Хөрөө нь миний эзэмшлийн хөрөө байгаа. Би одоогоос 5 жилийн өмнө Дархан сумын зах дээрээс 90.000 төгрөгөөр энэ хөрөөг авч байсан. 42-96 СЭА улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл нь манай хүү Оргилболдын тээврийн хэрэгсэл. Манай хүү машинаа одоогоос 4 жилийн өмнө 2018 онд худалдаж авсан. Би хүүхдэдээ “машинаар чинь мод татаадахъя” гэж хэлээд машиныг нь авсан. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчим бэлдсэн. Ачихдаа 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачиж гэрийнхээ гадаа буулгасан...” гэх мэдүүлэг[13],

14.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж хуульчилсан.[21]

Шүүгдэгч ******* нь 1,622,964 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун жаран дөрөв/-н төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[22]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-96 СЭА улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Ядамсүрэн овогтой Оргилболдод буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ам бүл-3, амьжиргааны доогуур түвшингийнх, 1 нүд нь хардаггүй, группид байдаг, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хохирлоос хасч тооцож өгөх, мөн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож өгөхийг тус тус хүссэн....Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ашиглалтын бүсээс мод бэлтгэсэн, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[23]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг харгалзан үзсэн. Техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 1,300,000 төгрөгийг хохиролд тооцож өгөхийг хүсэж байгаа нь үндэслэлгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.[24]

Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан хэм хэмжээний дотор ял оногдуулах нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч, хэрэгт битүүмжилсэн 27 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн тус тус худалдан борлуулж, Улсын төсөвт орлогод оруулбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их зуутраг овогт Содовтүмэнгийн Ядамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их зуутраг овогт Содовтүмэнгийн Ядамсүрэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан нийт 1,622,964 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун жаран дөрөв/-н төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ******* нөхөн төлснийг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 42-96 СЭА улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ядамсүрэн овогтой Оргилболдод буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 1,300,000 / нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч, хэрэгт битүүмжилсэн 27 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн тус тус худалдан борлуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРГЭРЭЛ