Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02278

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02278

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 102 дугаар байранд байрлах, “Нуган трейд” ХХК-ийн

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М, Г.Н нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “Нуган трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь иргэн Н.Бтой 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тоног төхөөрөмж нийлүүлэхээр харилцан тохиролцож, зээл, барьцааны гэрээ байгуулан, 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатай, сар бүрийн 0,324 хувийн хүүтэйгээр, 300,000,000 төгрөгийн зээл олгосон. Н.Б-р нь зээлийн барьцаанд Ц.М, Г.Н нарын итгэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр 21-ний өдөр дууссан боловч зээлдэгч Н.Б нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.М, Г.Н нарыг хариуцагчаар татаагүй шалтгаанаа нэхэмжлэлд дурдаагүй байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч Цэрэндоржийн Майцэцэг нь иргэний үнэмлэх дээрээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, 67 дугаар байрны 62 тоотод оршин суух хаягтай байх ба өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө, 105 дугаар байрны 52 тоот байрыг зээлийн барьцаанд тавьсан боловч энэ хаягууд дээрээ оршин суудаггүй юм байна.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч Гочоосүрэнгийн Норжмаа нь иргэний үнэмлэхийн хаягаараа Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4-А байрны 42 тоотод оршин суух хаягтай ба өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4-А байрны 42 тоотод байрлалтай 42 м.кв 3 өрөө байр, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 184 тоотод оршин байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг тус тус барьцаалсан боловч мөн л энэ хаягууд дээрээ оршин суудаггүй юм байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой болохын тулд зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу барьцааны гэрээний нэг тал болох Ц.М, Г.Н нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Нуган трейд” ХХК нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М, Г.Н нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ц.М, Г.Н нар нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Нуган трейд” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Ц.М, Г.Н нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М, Г.Н нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Ц.М Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, 67 дугаар байрны 62 тоотод оршин суух хаягтай, Г.Н нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, …байрны …тоотод оршин суух хаягтай, нэхэмжлэгч байгууллага …, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал … дугаартай болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА