| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0100/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/14 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Б.Эрдэнэмөнх, шүүгч Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Б.Мөнхнаран,
улсын яллагч А.Энхтуяа,
хохирогч Б.Бат-Эрдэнэ,
хохирогчийн өмгөөлөгч Н.Энхцэцэг,
шүүгдэгч Л.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Л.Цуурай,
шинжээч эмч Ц.Ганболд /онлайнаар/,
гэрч Ж.Мөнхбат нарыг тус тус оролцуулан шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн .......... Э-т холбогдох эрүүгийн 1831002400039 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл
хамт ....... тоотод оршин суух хаягтай, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, ...... овогт . Э. /РД: /;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харгана” гэх газарт хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн эсгий гэрт 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08-09 цагийн орчим насанд хүрээгүй 17 настай Б.Энхбаясгаланг “хоол, унд нэхлээ” гэх шалтгаанаар цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчин тус газарт нь нэг удаа цохиж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Эрдэнэбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эрдэнэбаярын өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өглөө 11 цагийн үед тухайн хэрэг болсон. Тэр үед манай бага хүүхэд 11 настай байсан. Би гол дагуулж яваад буцаад гэрт ирэхэд хойд талын орон дээр талийгаач хэвтсэн байсан. Хажууд нь Мөнхбат цаашаа харсан унтсан байдалтай байсан. Тэгээд манай бага хүү миний араас гэрт орж ирсэн. Тэгээд талийгаачийн ахыг дуудаж гэрт оруулж ирээд “хүүхдийг унаж татдаг өвчтэй юу? гэж ээж рүү нь залгаж асуугаадах” гэж хэлсэн. Тэрний дараагаар машинтай хүнийг гуйгаад хамгийн ойрхоноор нь Бугант руу цаг яваад хүрэх байсан. Ерөө сум руу явахын бол дор хаяж 3-4 цаг яваад хүрэх байсан. Тэгээд 80 машинаар Бугант руу аваад явсан. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь аль хэдийн өнгөрчихсөн байсан. Тэгээд Бугант тосгоны цагдаа нар хамт байсан хүүхдүүдээс нь мэдүүлэг авсан. Надаас бол мэдүүлэг аваагүй. Тэгээд хүмүүс ирж шинжилгээ аваад байсан. Цагдаа нар надаас мэдүүлэг аваагүй би гадаа нь сууж байгаад ирсэн...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Б.Бат-Эрдэний 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Талийгаач Б.Энхбаясгалан нь миний 2 дахь хүү байгаа юм. ...2018 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгсөж, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн Авто инженерийн хуваарь авсан. Манай том хүү Л.Энхбат, эхнэр Л.Түмэнбаярын төрсөн ах Л.Эрдэнэбаярын хүү Э.Эрхэмбаярын бичил уурхай дээр ажиллаж, их сургуулийн төлбөр олох зорилгоор анх явсан. Харин араас нь талийгаач хүү маань 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр зуны амралтаараа мөнгө олох зорилгоор явсан. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед би Л.Түмэнбаярын хамт гэртээ байж байхад эхнэрийн гар утас дуугараад хэн нэгэн хүнтэй утсаар ярилцаад байсан. Ингээд юу яриад байгаа талаар эхнэрээс асуухад “...Уурхайгаас Э.Эрхбат залгаж байна. Манай Б.Энхбаясгалангийн бие муудаж татаад байна. Урьд өмнө нь татдаг өвчтэй байсан уу?” гэж надаас асуугаад байна гэхээр нь би “манай хүү ямар нэгэн татдаг өвчин байхгүй, эрүүл саруул хүүхэд байгаа юм” гэж миний утсаар ярьж байгаад тасарчихсан юм. ...Үүнээс хойш 30 гаран минутын дараа “Бугант” тосгон руу орж, эрүүл мэндийн төвд очсон боловч талийгаач Б.Энхбаясгалан нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна гэж манай эхнэртэй Э.Эрхбат утсаар ярьсан юм. ...Талийгаач нь урьд өмнө гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Хүүгийн маань бие эрүүл, ухаан санаа саруул, ямар нэгэн өвчингүй, зүгээр байсан. Миний хүү Б.Энхбаясгалан нь учир битүүлгээр нас барсан болохоор энэ хэргийг сайн шалгуулах хүсэлт гаргаж байна” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Л.Энхбатын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хамаатны дүү Э.Эрхболд /11 настай/ намайг дуудаад “хурдан гэр лүү ороод ир” гэхээр нь ороход талийгаач дүү Б.Энхбаясгалан гэрт орон дээр дээшээ хараад хэвтчихсэн амьсгалж чадахгүй, амнаас нь хөөсөрхөг шүлс гарчихсан юм ярьж чадахгүй хэвтэж байхаар нь би сандраад хиймэл амьсгал хийгээд цээжин дээр нь дарахад ганц нэг амьсгалаад ухаан алдсан. Тэгээд энэ үед бид нартай хамт гадаа байсан хамаатны ах Л.Эрдэнэбаяр, Э.Эрхбат нар орж ирээд бид нар машинд оруулж хэвтүүлээд шууд “Бугант” тосгоны эмнэлэг авч явах замд ямар ч хөдөлгөөн байхгүй байсан. Бид нар хоорондоо хэрэлдэн маргалдаж, зодолдсон асуудал байхгүй. Манай дүү ямар нэгэн байдлаар хүнд зодуулсан, цохиулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Л.Оюунжаргалын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өглөө эмнэлэг дээрээ хүн үзээд байж байхад “Харгана” гэх газраас ухаан алдсан хүн ирж байна. “20-ын даваан” дээр тосоод авчих гэж байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би хувийн машинаараа тосох гээд явж байхад манай сувилагч Цэцэгмаа над руу утсаар залгаад “дуудлага өгсөн хүн хүлээн авах дээр ирчихлээ” гэж хэлсэн. Буцаад эмнэлэг дээр ирэхэд ухаангүй байдалтай 17 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Үзэхэд хүүхэн хараа өргөссөн, амьсгал, зүрхний үйл ажиллагаа бүрэн зогссон, царай цонхигор цагаан, хөлийн үзүүр хөрсөн байдалтай байсан. Талийгаачийн биед ил гэмтэл, шархгүй байсан. ...Талийгаач Б.Энхбаясгалан нь эмнэлэг дээр ирэхэд нас барсан байсан” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Ж.Мөнхбатын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгана” гэх газарт очиж, иргэн Л.Эрдэнэбатаас урьд өмнө нь надаас зээлж авсан 250.000 төгрөгийг авах зорилгоор Л.Эрдэнэбаяр гэдэг хүний уурхай дээр анх очсон юм. Тэгтэл Л.Эрдэнэбаярын дундах хүү Батука “та манай уурхай дээр өдрийн 100.000 төгрөгийн цалинтай тогоочийн ажил байна. Манайд хэд хоног тогооч хийгээд өгөөч” гэхээр нь би тэр өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тогоочоор цалинтай ажиллаж байгаад ирсэн юм. Хэрэг явдал болсон өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 04-ний өглөөний 07 цагийн үед сэртэл гаднаас талийгаач Б.Энхбаясгалан орж ирээд “Мөөгий ахаа, та өглөөний хоол цайгаа чанахгүй юм уу?” гэж надаас асуусан. Энэ үед би “ах нь одоо бослоо” гээд орны урьд тайлчихсан байсан өөрийн хувцсыг өмсөж байхад гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан Л.Эрдэнэбаяр босож ирээд “та муу сайн юмнууд ажил төрөл хийж чадахгүй байж юун хоол нэхээд байгаа юм” гээд талийгаачийг хойд нааран дээр сууж байхад нь баруун гараараа талийгаачийн цээжин тус газарт нэг удаа цохиж байгаа харагдсан. Ингээд талийгаач Б.Энхбаясгалан нь цээжин тус газарт цохиулах үедээ нэг сонин дуу гаргаад хойшоо нааран дээр хэвтээд өгсөн юм. Удалгүй эргэж босож ирээд “Л.Эрдэнэбаяр ахаа миний бие нэг сонин болчихлоо” гэж хэлээд эргээд нааран дээр хэвтээд өгсөн. Энэ үед Л.Эрдэнэбаяр нь талийгаачийг өргөж аваад энэ хүүхэд чинь татаж унадаг өвчтэй юм уу? гээд сэгсрээд байсан. Би гүйж очоод талийгаачийн хамрын доор хэсэгт баруун гарын эрхий хуруугаараа хүчтэй дарсан, мөн нааран дээр дээшээ харуулж байгаад цээжин дээр нь 1-2 удаа зүрхний хэмнэлээр 1-2 удаа дарсан боловч ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй, мөн амьсгалгүй байсан юм. ...Тэгтэл гэрт байсан Л.Эрдэнэбаярын бага хүү Э.Эрхболд гарч гүйгээд гадаа ажил хийж байсан Л.Эрдэнэбаярын төрсөн дүү Л.Эрдэнэбат, Л.Эрдэнэбаярын төрсөн хүү Батука, Эрхэмээ, мөн талийгаачийн төрсөн ах Л.Энхбат нарыг дагуулаад ороод ирсэн. Энэ үед Л.Эрдэнэбаяр намайг гэрээс гарч бай гэхээр нь би гэрээс гарахад гэрийн гадна Э.Оргилболд, М.Энх-Оргил нар техник дээр засвар үйлчилгээ хийж байхаар нь хажууд нь очоод зогсож байхад талийгаачийг гэрт байсан хүмүүс өргөж гаргаж ирээд машинд суулгаад “Бугант” тосгон руу аваад явсан. Л.Эрдэнэбаяр нь талийгаач Б.Энхбаясгаланг “ажил төрөл хийж чадахгүй байж юундаа хоол нэхээд байгаа юм бэ?” гэж хэлээд талийгаачийг гэрийн хойморт сууж байхад нь баруун гараараа нэг л удаа цээжинд нь цохиж байгаа харагдсан өөрөөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал огт байхгүй. Хэрэг явдал болсон өдрөөс хойш хэргийн газарт цагдаа нар ирж үзлэг хийх гэж байгаа болохоор Э.Оргилболд, М.Энх-Оргил бид гурвыг өөр гэр рүү очоод байж бай гээд Л.Эрдэнэбаяр нь тухайн үед гар утсаар хэлсэн. Үүнээс хойш би Улаанбаатар хотод ажилд ороод одоо л завтай болж байгаа болохоор ирж хэргийн талаар мэдүүлж байна. Надад гэрчийн эрх үүрэг болон хүлээх хариуцлагын талаар тайлбарлан өгсөн. Би зөвхөн харсан үзсэн зүйлийн талаар мэдүүлэг өгч байна” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч М.Энх-Оргилын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр уурхай дээр Л.Эрдэнэбаяр, Л.Эрдэнэбат, Э.Эрхбат, Э.Эрхболд, талийгаач Б.Энхбаясгалан мөн түүний төрсөн ах Л.Энхбат, тогооч Ж.Мөнхбат, Э.Оргилболд бид нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. ...2018 оны 08 дугаар сарын 03-ны орой 20:00 цагийн орчим хоолоо идэж дуусаад Э.Оргилболд, Л.Энхбат, талийгаач бид нар уурхайн баруун урд талын гэрт орж зурагтаар кино үзэж байгаад 22:00 цагийн орчимд амарцгаасан юм. Ингээд Э.Оргилболд, талийгаачийн төрсөн ах Л.Энхбат бид гурав техник дээр очиж засвар үйлчилгээ хийж байхад Л.Эрдэнэбаяр ахын дунд хүү Э.Эрхбат гэр рүү сандарсан байдалтай орж гараад байсан. Би гэрт ортол гэрийн хойд талын нааран дээр талийгаач дээшээ хараад хэвтэж байсан. Харин хажууд нь талийгаачийн төрсөн ах Л.Энхбат, Л.Эрдэнэбаяр, Л.Эрдэнэбат, Э.Эрхболд нар гар хөлийг нь барьчихсан зогсож байсан. Харин баруун талын орон дээр тогооч Ж.Мөнхбат сэрчихсэн гартаа архи барьчихсан орон дээр сууж байгаа харагдсан. Би тэр үед юу болсон эсэхийг мэдэхгүй гэрээс гарсан. Э.Оргилболд бид хоёрыг техник дээр засвар хийж байхад талийгаачийг ухаан орохгүй байна гээд “Бугант” тосгоны эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Б.Одонцэцэгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Гэртээ байж байхад манай бэр Оюунцэцэг “Энхбаясгалан нас барчихлаа” гэж уйлсаар орж ирсэн. Ингээд бид нар сандралдаад хаана, ямар байдалтай нас барсан талаар асуухад тодорхой зүйл хэлэхгүй Бугант тосгоны эмнэлэг дээр байгаа” гэж хэлсэн. Ингээд Ерөө сумаас би Идэрболд ахтай хамт талийгаачийн ээж Л.Түмэнбаяр, түүний аав Лхамжав нарын хамтаар Бугант тосгонд очсон. Бид нарыг Бугант тосгон руу орж явахад Л.Эрдэнэбат гэж дүү нь Л.Түмэнбаяр, Лхамжав нарыг машиндаа суулгаад аваад явсан. Ингээд бид нар хүлээгээд ирэхгүй удаад байсан ба энэ үед манай бэр Солонго утсаар яриад “Энхбаясгалангийн задлан шинжилгээ орчихсон байна. Та юу хийгээд байгаа юм бэ? очиж харсан уу?” гэхээр нь бид хоёр эмнэлэг дээр яваад очиход задлан шинжилгээ дуусчихсан байна гээд Лхамжав гуай гарч ирээд “гадны нөлөө байхгүй, би өөрөө харчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед эмчээс асуухад “гадны нөлөө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар талийгаачийн шарилыг аваад Ерөө сум руу явсан. Оршуулгын үйл ажил болоод дууссаны дараа аавынх нь талын ах дүү нараас нь хүн оруулж харуулаагүйгээс болж сэжиг төрж дахин шалгуулах болсон” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Э.Оргилболдын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр өглөө 9-10 цагийн үед босоод бид нар ажилд гараад Б.Энхбаясгалан гэрийн гадна талд байдаг саравчинд цай чанаад байсан. Энхүүлээ, Энхүүш бид нар экскаваторын шанаган дээр гэрэл зоож байсан. Нөгөө талын экскаватор дээр Батука, жижиг Эрка нар тосолгоо хийж байсан.Гэр дотор Л.Эрдэнэбаяр ах, хүүхэд нь Ж.Мөнхбат нар байсан, гадаа Б.Энхбаясгалан саравчинд сууж байгаад гэр лүү орсон. Удалгүй хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгсэн чинь Б.Энхбаясгалангийн ах Энхүүлээ уйлчихсан байсан ба би гэр дотор ороход Л.Эрдэнэбаяр ах хиймэл амьсгаа хийж байсан. Миний нүдэн дээр ямар ч байсан зодож цохисон хүн байхгүй. Яагаад нас барсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед Ж.Мөнхбат ах архи уучихсан гэрт унтаж байсан. М.Энх-Оргил, Ж.Мөнхбат ах бид гурав үлдээд гэр болон техникүүдийг харж үлдсэн. Бид нарыг тэнд байхад хүмүүс утсаар яриад одоо цагдаа нар очиж хэргийн газрын үзлэг хийнэ. Тэгэхээр та 3 хүний хөлөөс холхон бай гэж утсаар хэлсэн. Ингээд бид гурвыг “доошоо яв” гэж хэлэхээр нь уурхайн айлд очиж нэг хоноод маргааш нь ирсэн. Гэр дотор Л.Эрдэнэбаяр ах хүүхэдтэйгээ, Ж.Мөнхбат ах энэ хэд байсан. Б.Энхбаясгалан саравчинд цай чанаж байгаад гэр рүү ороод удаагүй хүмүүс орилолдоод явчихсан. Миний янзалж байсан экскаватор гэрээс 10 орчим метрийн зайд байсан. Ямар ч байсан бид нарыг хол бай гэж хэлсэн бид нар айлд хоноод маргааш нь ирсэн. Утсаар хэн ярьсан талаар мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс бүгд ах дүү нар байсан. Садан төрөл биш хүмүүс гэвэл Ж.Мөнхбат, М.Энх-Оргил бид 3 байсан” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Ж.Мөнхтөгсийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ж.Мөнхбат ах надад Ерөө суманд алтны уурхай дээр тогооч хийж байх үед том Эрка буюу Л.Эрдэнэбаяр нь хүүхдийн цээж рүү цохисон чинь нөгөө хүүхэд үхчихсэн юм. Түүнийг хүнд хэлээгүй мөн Л.Эрдэнэбаяр бид нарыг цагдаагаас нуугаад байсан юм. Түүнээс болоод шөнө зүүдлээд байгаа юм болов уу? гэж хэлсэн” гэх мэдүүлэг[9],
10. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн “1.Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаачийн биед задлан шинжилгээний явцад ямар нэгэн хурц болон архаг хууч өвчин илрээгүй бөгөөд эд, эсийн шинжилгээгээр уушги гуурсан хоолойн үрэвсэл илэрсэн ба энэ нь үхэлд нөлөөгүй. 3.Талийгаачийн зүрхний зүүн ховдлын ашиг чадвар буурч зүрхний хэм алдагдал үүссэнээс зүрхний шалтгаантай гэнэт нас баржээ. Энэ нь эсийн шинжилгээгээр фибрилляци /зүрхний булчингийн чичирхийлэлт/ үүссэнээр харагдаж байна. 4.Талийгаачийг нас барахад хүргэсэн “зүрхний гэнэтийн үхэл” нь эрүүл мэндийн асуудалгүй, сүүлийн 24 цагийн дотор ямар нэг зовиур шаналгаагүй байсан үед хүн зуурдаар нас барах эмгэг болно. 5.Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. 6.Талийгаачийн цусны бүлэг В III байна” гэх дүгнэлт[10],
11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, шинжээч эмч Б.Даваасүрэн, Ш.Цэцэгмаа нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаартай: “1.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай дүгнэлтийн 1, 3, 4 дүгээр хариултуудаас бусад нь үндэслэлтэй байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2.Талийгаач нь зүрхний гэнэтийн үхлээр нас бараагүй байна. З.Зүрх орчимд цохих, доргих үед зүрх доргиж чичирхийлж нас бардаг. 4.Талийгаачид шинжилгээгээр зүрхний булчингийн ширхгийн голомтлог цус харвалт, цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба талийгаач нь зүрх доргисны улмаас зүрх чичирхийлж нас баржээ” гэх дүгнэлт[11],
12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Б.Энхбаясгалангийн биед учирсан уг гэмтэл нь цээжний зүүн хэсэгт хүч үйлчлэх буюу цохих, доргих үед үүснэ. Энэ нь өвчний улмаас үүсэх боломжгүй. ...Талийгаач Б.Энхбаясгалангийн биед учирсан уг гэмтэл нь нэг удаагийн гараар цохих үед үүсэж болно. ...Эд, эсийн шинжилгээгээр зүрхний булчинд цус харвалтууд байсан. Энэ хэвийн үед байдаггүй. Булчингийн ширхэг завсарт цус хуралт илэрсэн. “Талийгаач Б.Энхбаясгалангийн биед үхэлд хүргэх өөр ямар нэгэн өвчин эмгэг байхгүй байсан” гэх мэдүүлэг[12],
13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Т.Сэлэнгэ нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1304 дугаартай “1.Талийгаач Б.Энхбаясгалангийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүрхний булчингийн ширхгийн голомтлог цус харвалт, цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчингийн цус хуралт гэмтэл тогтоогджээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач Б.Энхбаясгалан нь дээрх гэмтлийн улмаас зүрх доргиж, улмаар зүрхний чичирхийлэлт үүсэн нас барсан байх бөгөөд энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Шинжилгээгээр талийгаач Б.Энхбаясгаланд архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Талийгаач Б.Энхбаясгалан нь өвчний улмаас нас бараагүй байна. 5.Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны эмч Д.Туяагийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай дүгнэлтийн 5, 6 дугаар хариултаас бусад нь үндэслэлгүй, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 6.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, Б.Даваасүрэн нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 7.Талийгаач Б.Энхбаясгалан нь зүрх доргиж, зүрхний чичирхийлэлт үүссэнээс зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Энэ нь цээжин тус газар хүчтэй цохисноос үүссэн байх боломжтой. Түлхэх, унах зэргээс үүсэх боломжгүй” гэх дүгнэлт[13],
14.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын ахлах шинжээч, мэргэжлээрээ 22 жил ажилласан эмч М.Энхбаярын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч эмч Ч.Эрдэмболор, шинжээч эмч Т.Сэлэнгэ нарын бүрэлдэхүүнтэй 1304 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дархан-Уул аймгийн шинжээч эмч Д.Туяа нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай дүгнэлтдээ талийгаачийн зүрхний зүүн ховдлын агших чадвар буурч, зүрхний хэм алдагдал үүссэнээс, гэнэт нас барсан байна гээд талийгаачийн нас барсан шалтгаан нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэж үзсэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: Б.Энхбаясгалангийн цээжин тус газарт цохисноос зүрхний хэм алдагдал үүсэж, зүрхний шалтгаантай холбогдон нас барсан байх боломжгүй гэж урьд гарсан дүгнэлтийг батлан гаргасан байсан. Шинжээч эмч Д.Туяагийн эд эсийн шинжилгээний хариуд зүрхний цусны эргэлтийн алдагдал, зүрхний чичирхийлэл хэм алдагдал үүссэн, мөн булчинт голомтот томрол үүссэн байсан учраас ийм дүгнэлт гаргасан байх гэж бодож байна. Харин 2019 оны 03 дугаар сард талийгаачийн цогцсыг оршуулсан газраас нь гаргаж дахин шинжилгээ хийсний үндсэн дээр ШШҮХ-ийн шинжээч нар нь 210 дугаартай дүгнэлт гаргасан байдаг. Энэ шинжилгээгээр зүрхний доргилт оношлогдсон. Энэ нь эд, эсийн шинжилгээгээр баталгаажсан байсан бөгөөд бид эд, эсийн шинжилгээг дахин нягтлан харуулж энэ дүгнэлт үндэслэлтэй байна гээд, харин шинжээч эмч Д.Туяагийн зүрхний гэнэтийн нас баралт гэмтэлтэй холбоогүй гэснийг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан юм. Яагаад үгүйсгэсэн бэ? гэвэл давтан шинжилгээнд цээжний зүүн хэсэг, цээжний булчинд цус хуралт байсан, эд эсийн шинжилгээгээр зүрхний булчинд цус харвасан байсан. Хавтаст хэргийн материалтай танилцахад тухайн хэргийн нөхцөлд цээжний хэсэгт нэг удаа цохиулаад талийгаач нас барсан гэж үзэх нөхцөл байдал байсан. Бид шинжээч эмч Д.Туяагийн 87, 98 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзсэн. Ер нь зүрхний доргилт гэх оношийг тавихад тухайн хэргийн байдалтай уялдуулах дээрээс нь эд эсийн шинжилгээг маш сайн нягтлан үзэх шаардлагатай байдаг учраас шинжээч алдаа гаргах тал байдаг. Харин бид хавтаст хэргийн материал анхны болон давтан хариунд шинжилгээ хийсэн дүн, эд эсийн шинжилгээний хэд хэдэн хариуг үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн. Хэргээс харахад талийгаач Б.Энхбаясгалан нь эрүүл чийрэг, 18 настай, ямар нэг гэмтэл аваагүй өөрөөр хэлбэл зүрх доргиогүй бол гэнэт нас барахгүй байхаар байсан байдал юм. ...Илэрхий том гэмтэл байхгүй байсан учир мөн эд эсийн шинжилгээгээр зүрхний булчинд цус харвасан гэж бичигдээгүй байсан учир шинжээч эмч Д.Туяа нь зүрхний доргилтыг сэжиглээгүй байж болно. Зүрхний доргилт, гэмтлийг оношлох нь шинжээчээс мэдлэг, ур чадвар, туршлага шаарддаг бөгөөд шинжээчийн хувьд нилээн төвөгтэй шинжилгээнд ордог юм. Бид бол зүрхний доргилт онош тавьсан нь баттай нотолж чадсан гэж бодож байна. ...Бид санал нэгтэй энэ дүгнэлтийг гаргасан. гэх дүгнэлт[14],
15. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[17],18.Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол[18], 19.Цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглдэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 20.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[20], 21.Гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[21], 22.Шүүгдэгч Л.Эрдэнэбаярын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг[22], 23. Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23], 24.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[24], 25.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[25], 26.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], 27.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[27] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй болно.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлж, энэ хэргийг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч шүүгдэгчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Мөнхбатын “...Хэрэг явдал болсон өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 04-ний өглөөний 07 цагийн үед сэртэл гаднаас талийгаач Б.Энхбаясгалан орж ирээд “Мөөгий ахаа, та өглөөний хоол цайгаа чанахгүй юм уу?” гэж надаас асуусан. Энэ үед би “ах нь одоо бослоо” гээд орны урьд тайлчихсан байсан өөрийн хувцсыг өмсөж байхад гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан Л.Эрдэнэбаяр босож ирээд “та муу сайн юмнууд ажил төрөл хийж чадахгүй байж юун хоол нэхээд байгаа юм” гээд талийгаачийг хойд нааран дээр сууж байхад нь баруун гараараа талийгаачийн цээжин тус газарт нэг удаа цохиж байгаа харагдсан.
Ингээд талийгаач Б.Энхбаясгалан нь цээжин тус газарт цохиулах үедээ нэг сонин дуу гаргаад хойшоо нааран дээр хэвтээд өгсөн юм. Удалгүй эргэж босож ирээд “Л.Эрдэнэбаяр ахаа миний бие нэг сонин болчихлоо” гэж хэлээд эргээд нааран дээр хэвтээд өгсөн. Энэ үед Л.Эрдэнэбаяр нь талийгаачийг өргөж аваад энэ хүүхэд чинь татаж унадаг өвчтэй юм уу? гээд сэгсрээд байсан. Би гүйж очоод талийгаачийн хамрын доор хэсэгт баруун гарын эрхий хуруугаараа хүчтэй дарсан, мөн нааран дээр дээшээ харуулж байгаад цээжин дээр нь 1-2 удаа зүрхний хэмнэлээр 1-2 удаа дарсан боловч ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй, мөн амьсгалгүй байсан юм.
...Энэ үед Л.Эрдэнэбаяр намайг гэрээс гарч бай гэхээр нь би гэрээс гарахад гэрийн гадна Э.Оргилболд, М.Энх-Оргил нар техник дээр засвар үйлчилгээ хийж байхаар нь хажууд нь очоод зогсож байхад талийгаачийг гэрт байсан хүмүүс өргөж гаргаж ирээд машинд суулгаад “Бугант” тосгон руу аваад явсан” гэсэн мэдүүлэг[28],
-гэрч Э.Оргилболдын “...Бид нарыг тэнд байхад хүмүүс утсаар яриад одоо цагдаа нар очиж хэргийн газрын үзлэг хийнэ. Тэгэхээр та 3 хүний хөлөөс холхон бай гэж утсаар хэлсэн. Ингээд бид гурвыг “доошоо яв” гэж хэлэхээр нь уурхайн айлд очиж нэг хоноод маргааш нь ирсэн. Гэр дотор Л.Эрдэнэбаяр ах хүүхэдтэйгээ, Ж.Мөнхбат ах энэ хэд байсан. Б.Энхбаясгалан саравчинд цай чанаж байгаад гэр рүү ороод удаагүй хүмүүс орилолдоод явчихсан. ...Тэнд байсан хүмүүс бүгд ах дүү нар байсан. Садан төрөл биш хүмүүс гэвэл Ж.Мөнхбат, М.Энх-Оргил бид 3 байсан” гэсэн мэдүүлэг[29],
-гэрч Б.Одонцэцэгийн “...бид нар хүлээгээд ирэхгүй удаад байсан ба энэ үед манай бэр Солонго утсаар яриад “Энхбаясгалангийн задлан шинжилгээ орчихсон байна. Та юу хийгээд байгаа юм бэ? очиж харсан уу?” гэхээр нь бид хоёр эмнэлэг дээр яваад очиход задлан шинжилгээ дуусчихсан байна гээд Лхамжав гуай гарч ирээд “гадны нөлөө байхгүй, би өөрөө харчихлаа” гэж хэлсэн. ...Оршуулгын үйл ажил болоод дууссаны дараа аавынх нь талын ах дүү нараас нь хүн оруулж харуулаагүйгээс болж сэжиг төрж дахин шалгуулах болсон” гэсэн мэдүүлэг[30],
-гэрч Ж.Мөнхтөгсийн “Ж.Мөнхбат ах надад Ерөө суманд алтны уурхай дээр тогооч хийж байх үед том Эрка буюу Л.Эрдэнэбаяр нь хүүхдийн цээж рүү цохисон чинь нөгөө хүүхэд үхчихсэн юм. Түүнийг хүнд хэлээгүй мөн Л.Эрдэнэбаяр бид нарыг цагдаагаас нуугаад байсан юм. Түүнээс болоод шөнө зүүдлээд байгаа юм болов уу? гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг[31],
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, шинжээч эмч Б.Даваасүрэн, Ш.Цэцэгмаа нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаартай: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2.Талийгаач нь зүрхний гэнэтийн үхлээр нас бараагүй байна. З.Зүрх орчимд цохих, доргих үед зүрх доргиж чичирхийлж нас бардаг. 4.Талийгаачид шинжилгээгээр зүрхний булчингийн ширхгийн голомтлог цус харвалт, цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба талийгаач нь зүрх доргисны улмаас зүрх чичирхийлж нас баржээ” гэсэн дүгнэлт[32],
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн. “...Талийгаач Б.Энхбаясгалангийн биед учирсан уг гэмтэл нь цээжний зүүн хэсэгт хүч үйлчлэх буюу цохих, доргих үед үүснэ. Энэ нь өвчний улмаас үүсэх боломжгүй. ...Талийгаач Б.Энхбаясгалангийн биед учирсан уг гэмтэл нь нэг удаагийн гараар цохих үед үүсэж болно. ...Эд, эсийн шинжилгээгээр зүрхний булчинд цус харвалтууд байсан. Энэ хэвийн үед байдаггүй. Булчингийн ширхэг завсарт цус хуралт илэрсэн. “Талийгаач Б.Энхбаясгалангийн биед үхэлд хүргэх өөр ямар нэгэн өвчин эмгэг байхгүй байсан” гэсэн мэдүүлэг[33],
-хохирогч Б.Бат-Эрдэний “манай хүү ямар нэгэн татдаг өвчин байхгүй, эрүүл саруул хүүхэд байгаа юм” ...Талийгаач нь урьд өмнө гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Хүүгийн маань бие эрүүл, ухаан санаа саруул, ямар нэгэн өвчингүй, зүгээр байсан” гэсэн мэдүүлэг[34],
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Т.Сэлэнгэ нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1304 дугаартай “1.Талийгаач Б.Энхбаясгалангийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүрхний булчингийн ширхгийн голомтлог цус харвалт, цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчингийн цус хуралт гэмтэл тогтоогджээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач Б.Энхбаясгалан нь дээрх гэмтлийн улмаас зүрх доргиж, улмаар зүрхний чичирхийлэлт үүсэн нас барсан байх бөгөөд энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Шинжилгээгээр талийгаач Б.Энхбаясгаланд архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Талийгаач Б.Энхбаясгалан нь өвчний улмаас нас бараагүй байна. 5.Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны эмч Д.Туяагийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай дүгнэлтийн 5, 6 дугаар хариултаас бусад нь үндэслэлгүй, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 6.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, Б.Даваасүрэн нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 7.Талийгаач Б.Энхбаясгалан нь зүрх доргиж, зүрхний чичирхийлэлт үүссэнээс зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Энэ нь цээжин тус газар хүчтэй цохисноос үүссэн байх боломжтой. Түлхэх, унах зэргээс үүсэх боломжгүй” гэх дүгнэлт[35],
14.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын ахлах шинжээч, мэргэжлээрээ 22 жил ажилласан эмч М.Энхбаярын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч эмч Ч.Эрдэмболор, шинжээч эмч Т.Сэлэнгэ нарын бүрэлдэхүүнтэй 1304 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дархан-Уул аймгийн шинжээч эмч Д.Туяа нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай дүгнэлтдээ талийгаачийн зүрхний зүүн ховдлын агших чадвар буурч, зүрхний хэм алдагдал үүссэнээс, гэнэт нас барсан байна гээд талийгаачийн нас барсан шалтгаан нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэж үзсэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: Б.Энхбаясгалангийн цээжин тус газарт цохисноос зүрхний хэм алдагдал үүсэж, зүрхний шалтгаантай холбогдон нас барсан байх боломжгүй гэж урьд гарсан дүгнэлтийг батлан гаргасан байсан. Шинжээч эмч Д.Туяагийн эд эсийн шинжилгээний хариуд зүрхний цусны эргэлтийн алдагдал, зүрхний чичирхийлэл хэм алдагдал үүссэн, мөн булчинт голомтот томрол үүссэн байсан учраас ийм дүгнэлт гаргасан байх гэж бодож байна. Харин 2019 оны 03 дугаар сард талийгаачийн цогцсыг оршуулсан газраас нь гаргаж дахин шинжилгээ хийсний үндсэн дээр ШШҮХ-ийн шинжээч нар нь 210 дугаартай дүгнэлт гаргасан байдаг. Энэ шинжилгээгээр зүрхний доргилт оношлогдсон. Энэ нь эд, эсийн шинжилгээгээр баталгаажсан байсан бөгөөд бид эд, эсийн шинжилгээг дахин нягтлан харуулж энэ дүгнэлт үндэслэлтэй байна гээд, харин шинжээч эмч Д.Туяагийн зүрхний гэнэтийн нас баралт гэмтэлтэй холбоогүй гэснийг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан юм. Яагаад үгүйсгэсэн бэ? гэвэл давтан шинжилгээнд цээжний зүүн хэсэг, цээжний булчинд цус хуралт байсан, эд эсийн шинжилгээгээр зүрхний булчинд цус харвасан байсан. Хавтаст хэргийн материалтай танилцахад тухайн хэргийн нөхцөлд цээжний хэсэгт нэг удаа цохиулаад талийгаач нас барсан гэж үзэх нөхцөл байдал байсан. Бид шинжээч эмч Д.Туяагийн 87, 98 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзсэн. Ер нь зүрхний доргилт гэх оношийг тавихад тухайн хэргийн байдалтай уялдуулах дээрээс нь эд эсийн шинжилгээг маш сайн нягтлан үзэх шаардлагатай байдаг учраас шинжээч алдаа гаргах тал байдаг. Харин бид хавтаст хэргийн материал анхны болон давтан хариунд шинжилгээ хийсэн дүн, эд эсийн шинжилгээний хэд хэдэн хариуг үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн. Хэргээс харахад талийгаач Б.Энхбаясгалан нь эрүүл чийрэг, 18 настай, ямар нэг гэмтэл аваагүй өөрөөр хэлбэл зүрх доргиогүй бол гэнэт нас барахгүй байхаар байсан байдал юм. ...Илэрхий том гэмтэл байхгүй байсан учир мөн эд эсийн шинжилгээгээр зүрхний булчинд цус харвасан гэж бичигдээгүй байсан учир шинжээч эмч Д.Туяа нь зүрхний доргилтыг сэжиглээгүй байж болно. Зүрхний доргилт, гэмтлийг оношлох нь шинжээчээс мэдлэг, ур чадвар, туршлага шаарддаг бөгөөд шинжээчийн хувьд нилээн төвөгтэй шинжилгээнд ордог юм. Бид бол зүрхний доргилт онош тавьсан нь баттай нотолж чадсан гэж бодож байна. ...Бид санал нэгтэй энэ дүгнэлтийг гаргасан” гэсэн мэдүүлэг[36]зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харгана” гэх газарт хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэрт 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08-09 цагийн орчим 17 настай Б.Энхбаясгаланг “хоол, унд нэхлээ” гэх шалтгаанаар цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчин тус газарт нь нэг удаа цохиж амь насыг хохироосон нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.Эрдэнэбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчээс 16,120,000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч өмнөх шүүх хуралдааны шатанд 1,200,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдаж, 4,935,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоод 3,735,000 төгрөгийн оршуулгын зардлыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах” хүсэлтийг гаргаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардал 3,735,000 /гурван сая долоон зуун гучин таван мянга/-н төгрөгийг шүүгдэгч Л.Эрдэнэбаяраас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нийт 1,200,000+3,735,000=4,935,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн зардал 10,000,000 /арван сая/ төгрөг, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь:
Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь өмгөөлөгч, иргэд, хуулийн этгээд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгддэг иргэний эрх зүйн хэлцэл юм. Сайн дурын үндсэн дээр хийгддэг тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцохгүй. Үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлж байгаа асуудал бөгөөд үйлчлүүлэгчийн чөлөөт сонголт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Бат-Эрдэний өмгөөлөгчийн хөлс хамаарахгүй. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт: “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар хуульчилсан.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Иймд дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын журамд заагдсанаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлс хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Л.Эрдэнэбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Эрдэнэбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Харин шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт нь шууд санаатай хэлбэртэй байх боловч хүрэх үр дагавар, хор уршигт шууд бус санаатай хандсан, оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;” бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Харин Л.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн тул энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэг. 9 дүгээр зүйлд. Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл тодорхой хуульчилсан ба мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Хүнийг алах” /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/ хамаарч байх тул өршөөлд хамаарахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтжээ.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн ялын санал болгосон хорих ялын хэмжээнээс доош татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 08 жилийн хорих ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, ялтан Л.Эрдэнэбаярын биечлэн эдлэх ялын хэмжээг 09 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярын энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 18 сарыг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Ялтан Л.Эрдэнэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярт 08 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, ялтан Л.Эрдэнэбаярын биечлэн эдлэх ялын хэмжээг 09 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Л. Эрдэнэбаярын эдлэх 09 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярын энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 18 сарыг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардал 3,735,000 /гурван сая долоон зуун гучин таван мянга/-н төгрөгийг шүүгдэгч Л.Эрдэнэбаяраас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснээс 1,200,000+3,735,000=4,935,000 /дөрвөн сая есөн зуун гучин таван мянга/-н төгрөгийг шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нөхөн төлснийг дурьдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн зардал 10,000,000 /арван сая/ төгрөг, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Ялтан Л.Эрдэнэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.