Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1999

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/01999

 

 

Б.Ө ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ө ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнд холбогдох,

 

Ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө  нь 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 06 тоот Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын тушаалаар Түүх хэл шинжлэлийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилогдож ажилд орсон юм. Ийнхүү уг ажилд томилогдсоноос хойш тасралтгүй 10 орчим жил тогтвор сууршил, үр бүтээлтэй ажилласан юм.

Б.Ө ийг ажилд авахдаа түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Тус газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Б.Ө ийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Энэхүү тушаалыг гаргахаас өмнө Ойрад казак судлалын секторын эрхлэгч, доктор Г.Золбаярын и-мэйл хаягаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 33 тоот мэдэгдэл явуулж, уг мэдэгдэлд тушаалыг жич хүргүүлнэ гэсэн боловч мөн Г.Золбаярын и-мэйл хаяг руу Б.Ө ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг явуулснаар гардуулсанд тооцож, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй ба 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн.

Ийнхүү ажлаас чөлөөлөхдөө Япон улсын иргэн Токо Фужимотогийн гаргасан гэх үндэслэлгүй, нэг талыг барьсан, хувийн гомдолыг шалгахгүйгээр шууд түүнийг үндэслэж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа байж ёс зүйн алдаа гаргасан гэж буруутган ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал, уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, /сахилгын зөрчлийг давтан гаргасан асуудал байхгүй/, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ /хөдөлмөрийн гэрээ анхнаасаа байгуулаагүй/-нд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн 40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн нь /мөнгө болон эд хөрөнгө итгэмжлэн хариуцагч биш бөгөөд энэ талаар гэрээ байхгүй, үүнтэй холбоотой үйлдэл эс үйлдэл тогтоогдоогүй тул/ хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Б.Ө ийг ШУА-ийн харьяа Философийн Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Японы хүмүүнлэгийн ухааны үндэсний хүрээлэнгийн этнологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Токо Фужимота Баян-Өлгий аймагт хээрийн судалгаа хийхээр болсон тул Шинжлэх ухаааны академийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Г.Золбаяр, эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө т хамтран ажиллах үүрэг даалгавар өгч ажиллуулсан.

Гэвч судалгааны явцад төвийн удирдлагаас томилсон эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө  нь Т.Ф-Г-Гэзгүй зэлүүд хөдөө газар зүй бусаар авирлан доромжилж хүчирхийлэх, айлгаж дарамтлах, хууль бусаар мөнгө авах зэргээр ёс суртахууны зөрчил гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт Эрдэм шинжилгээний ажилтаны ёс зүйн ерөнхий дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах заалтыг тус тус зөрчиж, ёс зүйн ноцтой үйлдэл хийсэн асуудлаар Токо Фужимота Улсын прокурорын газар, ШУА-ийн удирдлагад 2013, 2017 онд 2 удаа хандсан. Японы иргэн Токо Фужимота мөн 2011 онд Япон улсын элчин сайдын яаманд хандаж зөвөлгөө аваад 2016 онд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт гомдол гаргаж хандсан байдаг.

Б.Ө  одоог хүртэл ажил төрлөө хэвийн хийж байгаад доктор Токо Фужимота нэн их гайхан харамсаж буйгаа илэрхийлээд удаа дараа гомдол гаргаж, Б.Ө т хариуцлага тооцож, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч ШУА-ийн удирдлагуудаас хүссэн.

ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 08 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө т үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.

Монгол Улсын ШУА, түүний эрдэмтдийн нэр хүндийг ноцтой унагасан, цаашилбал 2 орны харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлж болохуйц энэ зохисгүй үйлдэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Ө т хууль журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд зохих хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг ШУА буюу удирдах дээд байгууллагаас үүрэг болгосны дагуу ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт Эрдэм шинжилгээний ажилтаны ёс зүйн ерөнхий дүрмийн 5.1, 5.2 дах заалтыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан тул Б.Ө ийг ажлаас нь чөлөөлсөн.

Япон улсын иргэн Токо Фужимотогийн удаа дараа гаргасан гомдолтой холбогдох баримтыг үндэслэн зохих байгууллагаар хэлэлцэж шийдсэний үндсэн дээр болон Б.Ө  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ёс зүйн ноцтой зөрчлийн асуудалд орсон, хууль тогтоомжийг зөрчсөн тул сахилгын арга хэмжээг шат дараалан авч, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймээс нэхэмжлэгч Б.Ө ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Ө ийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Академийн харьяа Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засаг судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтаны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын шинжлэх ухаан академийн харьяа Философийн хүрээлэнгээс 3 185 008,75 төгрөгийг гаргуулж Б.Ө т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Ө ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Улсын шинжлэх ухаан академийн харьяа Философийн хүрээлэнгийн удирдлагад үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 65 910 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Ө ийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын ШУА, түүний эрдэмтдийн нэр хүндийг ноцтой унагасан, цаашилбал 2 орны харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлж болохуйц энэ зохисгүй үйлдэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Ө т хууль журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд зохих хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг ШУА буюу удирдах дээд байгууллагаа үүрэг болгосны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт “Эрдэм шинжилгээний ажилтаны ёс зүйн ерөнхий дүрэм"-ийн 5 дугаар зүилийн 5.1, 5.2 дахь заалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, Б.Ө  Япон улсын иргэн Т.Ф-Гэзгүй зэлүүд хөдөө газар зүй бусаар авирлан доромжилж хүчирхийлэх, айлгаж дарамтлах, хууль бусаар мөнгө авсан гэх гомдлыг Япон улсын иргэн Токо Фужимотогийн удаа дараа гомдол гаргасан талаар цагдаа прокурорын баигууллагаар олон удаа шалгагдаж энэ асуудал нь Монгол Улсын ШУА, цаашилбал 2 орны эрдэмтэдийн харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлж болохуйц ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул ШУА-иин Философийн хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй.

ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгиин судалгааны төвийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах” тухай 08 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө т үндсэн цалинг 2 cap 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.

Япон Улсын иргэн Т.Ф-гийн удаа дараа гаргасан гомдлыг холбогдох байгууллагаар шалгуулсаны үндсэн дээр болон Б.Ө  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, хууль тоггоомжийг зөрчсөн тул сахилгын арга хэмжээг шат дараалан авч, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Б.Ө  ажлаас чөлөөлөгдөөд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүртлэх цалин 2017 оны ээлжийн амралтын мөнгө болох 619 750 төгрөгийг хүлээлгэн авсан тул түүний ажилтай байсан хугацааны цалин хөлс болох 3 185 008 төгрөгииг ШУА-иин Философийн хүрээлэн төлөх хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт нийцээгүй хууль зөрчиж шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсгийг зөрчиж, шүүх хурал 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болж шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, шүүхийн шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр заалтад холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь заалтын тайлбарыг харгалзан үзээгүй нь шүүгч хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлээгүй холбогдох бусад хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хэргийг шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай, хууль зөрчиж, хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ө  нь хариуцагч Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнд холбогдуулан ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шинжлэх ухаан академийн харьяа Баян-Өлгий аймаг дахь нийгэм эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот тушаалаар Б.Ө ийг түүх хэл шинжлэлийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтанаар томилогдсон байна.

 

            Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнгийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар ажилтан Б.Ө ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Токо Фужимотогийн гаргасан хувийн гомдол, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/87 тоот албан тоот, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт болох Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2 дахь заалтыг баримтлан түүнийг гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.

 

            Ажилтан Б.Ө  нь Япон Улсын иргэн Т.Ф-г хүчиндсэн гэх гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар хүлээн авч шалгаж, тус аймгийн Прокурорын газраас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5/425 тоот тогтоолоор Б.Ө д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэлгүй гэж заажээ.

           

            Хариуцагч байгууллагын 15 тоот тушаалын үндэслэлийг Б.Ө  гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэж заасан боловч ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон сахилгын зөрчлийг шалтгаж тогтоосон ажиллагааг явуулаагүй байна.

 

            Зөрчлийг тогтоогоогүй тул зөрчилд ногдуулсан шийтгэл үндэслэлгүй болно.

 

Харин ажилтан Б.Ө ийг 2011 оны 9 дүгээр сард Алтай Улаан хус сумын нутгаар явахдаа гадаадын иргэнд хилийн ойролцоо бүс нутагт түр нэвтрэх зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар  үндсэн цалинг 2 сар буюу 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан талаар баримт нотлох баримтын шаардлага хангаагүй боловч уг үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй. Энэ тушаалаар ажилтанд сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргаснаас хойш 1 жил өнгөрсөн тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй юм.

 

Мөн ажилтан Б.Ө  нь эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир ажлаас чөлөөлсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг баримталсан нь буруу болжээ.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ө ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсны үр дагавар болох олговрыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн 3 185 008 төгрөгөөр тогтоож хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Б.Ө  нь ажлаас чөлөөлөгдөөд 2017 оны ээлжийн амралтын мөнгө 619 750 төгрөгийг хүлээж авсан тул уг олговрыг анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговорт 3 185 008 төгрөгөөс хасч шийдвэрлэх байсан гэжээ. Ээлжийн амралтын мөнгийг олгосон гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй бөгөөд төлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тооцуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА