Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/МА2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0176 |
Огноо | 2014-05-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2014/0176
|
|
“Л.Н.П.С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор, “Л.Н.П.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч “Л.Н.П.С” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Н.П.С” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг баталсан байна. Уг бүсэд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь орсон тул хүчингүй болсон нь үндэслэлтэй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актыг шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг /хуулийг/ буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж ирсэн.Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актыг алдаатай гарсан гэж үзэхгүй хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг хэрэглэсэн.
Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03 өдрийн 37 дугаар тогтоолоор “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ" гэж заасан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийн талаар цаашид тодруулах, зайлшгүй нэмж тогтоовол зохих нөхцөл байдал үүсээгүй байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг хэрэглэн захиргааны байгууллага албан тушаалтнаас шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл: Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах зайлшгүй шаардлагатай талаар дүгнэлт өгөөгүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомжид нийцээгүй гэж дүгнэсэн боловч актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хөндсөн шийдвэр болсон.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06 өдрийн 27 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Л.Н.П.С” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн өөрт
холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг захирамжаар “ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Хөлийн гол гэх газарт амины орон сууцны зориулалтаар тус дүүргийн 11 дүгээр хороонд газар эзэмшүүлжээ.
1 .Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаар захирамжаар ундны эх үүсвэрийн тэжээлийн мужийн хамгаалалтын бүсийг тогтоосон байх бөгөөд 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар Нийслэлийн Засаг дарга ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоох эрхтэй байна.
Нэхэмжлэгчээс “мужийн бүсийг тогтоох эрх Засаг даргад олгогдоогүй” хэмээн гомдож байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд 2011 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамгаалалтын бүсийг тогтоох эрх олгосон байх боловч Засаг даргын тухайд энэ хууль үйлчлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны хуулийн дагуу хамгаалалтын бүсийг тогтоосон байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
Тодруулбал нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гэх маргаан бүхий газар нь ундны эх үүсвэрийн тэжээлийн мужийн хамгаалалтын бүсийн хаана оршиж, хэрхэн хиллэж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь ундны усны эх үүсвэрт хэрхэн нөлөөлөх тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй буруутай байна.
Бодит байдалд маргаан бүхий газар нь ундны усны тэжээлийн мужид, хамгаалалтын бүсэд оршиж байгаа бол Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хэн нэгний эзэмшилд олгохгүй байх ёстой.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн а/406 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг Эрчим хүчний яаманд эзэмшүүлжээ.
Байгаль орчин, ногоон хөгжпийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/6610 тоот албан бичигт[2] “станц барихаар төлөвлөсөн байршлын солбицлын цэгүүдийг ус зүйн мэдээллийн системд оруулахад ундны эх үүсвэрийн тэжээлийг бүсэд хамааралгүй болно” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгчээс энэхүү албан бичгийг үндэслэн “манай газар ундны тэжээлийн мужид хамаарахгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд уг албан бичиг нь дулаан цахилгаан станц барихаар төлөвлөсөн газрын талаар тодорхойлсон болохоос нэхэмжлэгчийн газартай холбоотой үйл баримтыг тодорхойлоогүй болно.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/3225 тоот албан бичгээр[3] “нэхэмжлэгчийн эзэмшил газрын барилгажсан хэсэг нь эрчим хүчний хамгаалалтын зурвас дотор оршиж байгаа” гэсэн байхад Өмчийн харилцааны газрын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/7999 тоот албан бичигт[4] “5 дугаар цахилгаан станцын барилгын эскиз зураг батлагдаагүй тул “Л.Н.П.С” ХХК-ийн эзэмшил газрын барилгажсан хэсэг нь хамгаалалтын зурваст орсон эсэхийг тогтоох боломжгүй” гэж, захиргааны байгууллагуудын гаргасан шийдвэрүүд өөр хоорондоо зөрүүтэй, маргаан бүхий асуудлыг шийдвэр гаргахаасаа өмнө сайтар судлаагүй болох нь тогтоогдож байна.
Дээрх албан бичиг нь бодит байдалд нийцсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тодруулбал уг албан бичигт “нэхэмжлэгч барихаар төлөвлөж буй хорооллын ерөнхий төлөвлөгөө, инженерийн /бохирын/ шугам сүлжээний зураг төслийг хавсаргаж ирүүлээгүй тул харьцуулан дүгнэлт гаргах боломжийг хязгаарласан” гэснээс үзэхэд хэргийн үйл баримтын талаар үнэн зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчийн “Усны хэрэг эрхлэх газрын албан бичгийг шүүх үнэлээгүй” тухай гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн “шүүх маргаан бүхий акт нь хууль тогтоомжид нийцээгүй гэж зөв дүгнэсэн боловч актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийн хөндсөн шийдвэр болсон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон “ундны усны тэжээлийн мужид хамаарч байгаа” гэх үндэслэл хэрэпг авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, захиргааны байгууллагаас судалгаа, шинжилгээ хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан буруутай байх боловч маргаан бүхий газар нь ундны усны тэжээлийн муж, хамгаалалтын бүс болон эрчим хүчний хамгаалалтын газарт байгаа эсэхийг нарийвчлан тогтоосны эцэст газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь хэсэгт нийцнэ.
Шүүхийн “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэдэг нь маргаан бүхий газар нь ундны усны тэжээлийн муж болон хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэхийг хянан үзэж, хил заагийг тодруулж, байгаль орчин, ундны усанд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргуулах, Эрчим хүчний яаманд олгосон газартай хэрхэн давхцаж байгаа, эрчим хүчний хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэхийг нарийвчлан тогтоох замаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, “шинээр акт гаргах” гэдэг нь хэрвээ маргаан бүхий газар нь ундны ус тэжээлийн муж болон эрчим хүчний хамгаалалтын зурвас газарт хамаарахгүй бол маргаан бүхий актын үйлчлэлийг сэргээх, хэрэв хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа бол нэхэмжлэгчийн эзэмшил газрын барилгажсан хэсгийг хэрхэх, нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршлыг харилцан тохиролцож, өөрчилсөн захиргааны акт гаргах ёстой болно.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.