Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1800

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 45 байр, 142 тоотод оршин суух, Зэлмэ овогт Балдоржийн Цогбадрах /РД:ФМ86032359/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганзоригийн Батмагнайг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                               

                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 12 дугаар байр 86 тоотод оршин суух Г.Батмагнай нь 2015 оны 05 сарын 14-ний өдөр Toyota corolla axio автомашиныг зээлээр худалдан авсан. Мөн 2014-2015 оны хооронд гурав хувааж 1.900.000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийн төлбөрөө удаа дараа шаардахад тэрээр холбоо барихгүй байсан тул 2017 оны 05 сарын 08-ны өдөр шуүхэд хандсан. Гэтэл шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй, эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганзоригийн Батмагнайг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Цогбадрах нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганзоригийн Батмагнайг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2017/07058 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Цогбадрахын нэхэмжлэлтэй Г.Батмагнайд холбогдох 13.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганзоригийн Батмагнайг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Батмагнайг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагч Б.Цогбадрахтай холбоо барих утас: 99003709, 95644444 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Цогбадрахын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганзоригийн Батмагнайг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Цогбадрах нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Б.Цогбадрахтай холбогдох

утас: 99003709, 95644444 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА