Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2239

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

    Дугаар101/ШШ2017/02239

Улаанбаатар хот

 

            

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...................нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...................... тоотод байрлах, “Ч” ХХК-д /РД: ......../ холбогдох

10.945.921.481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Ч” ХХК-ийн 3.641.936.199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Б.Минжбадам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат,

Гэрч Ч.Лхагважав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамны сайд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зам, тээврийн яам /хуучнаар/ нь гүйцэтгэгч “Ч” ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 83 дугаар гэрээг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд мөн уг гэрээг шинэчлэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ххххххххххх дугаар гэрээ байгуулсан.

 Гүйцэтгэгч “Ч” ХХК-иас 2014 оны 8 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид  чанар байдлын дүгнэлт гаргах баг замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг даалгавар өгсөн.

Дээрхи зам  барилгын ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засаж дуусгасан тул уг авто замыг улсын  ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулах хүсэлт ирүүлсэн.

Үүний дагуу Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй гэж дүгнэсэн тул ашиглалтанд оруулах боломжгүй бөгөөд өмнө нь илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанид дахин өгсөн.

Түүнчлэн  Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх“ ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан “Зам тээврийн хөгжлийн төв“ төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг  замын барилгын ажлын талбай дээр ажиллаж дүгнэлт гаргасан.

Уг ажлын хэсгийн дүгнэлтэд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэж эдгээр ажлыг 10.945.921.481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан байна.

Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч “Ч” ХХК аваагүй болохыг тогтоосон.

Ийнхүү гүйцэтгэгч “Ч” ХХК нь тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байх тул уг гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5207 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Гүйцэтгэгч “Ч” ХХК-ийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул захиалагчийн зүгээс улсыг хохиролгүй болгох, хохирлыг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Тус компани нь дараах хууль тогтоомжийн заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд:

1. “Ч” ХХК нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ххххххххххх дугаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь уг гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчиж байна.

2. Мөн тус компанийн барьж дуусгасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хучилт их хэмжээгээр эвдэрч, осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж замын барилгын ажил гүйцэтгэсэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна” гэсэн заалттай нийцээгүй байна.

3. Мөн тус яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгавар болон гэрээ цуцлах мэдэгдлийн талаар гүйцэтгэгч “Ч” ХХК ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна.

Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай 10.945.921.481 төгрөгийг хариуцагч “Ч” ХХК-иас гаргуулж улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг “Н” ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилтээ авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэх ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж манай “Ч” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр оролцон тендерт ялсан.

Ингээд Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12.565.165.875,36 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулж гэрээ хийгдсэний дагуу авто зам барилгын ажлаа эхлэн ажиллуулахад далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага огт хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд гарч ирсэн билээ.

Энэ зөрчлийн талаар цаг тухай бүрд нь хугацаа алдахгүйгээр Зам, тээврийн яаманд албан ёсоор цаг тухайд нь мэдэгдэж байсан. Хэрвээ далангийн ажил чанаргүй муу байсныг албан ёсоор мэдсэн бол манай зүгээс энэ ажлыг авахгүй, тендерт оролцохгүй байсан.

Бид Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалд зааснаар тендерийн тодруулга болон өөрчлөлтийн  талаар буюу далангийн ажлын талаархи тодруулга авах боломжгүй байсан.

“Н” ХХК нь далан болон хоолойнуудын ажлаа улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн боловч улсын комиссын актыг өнөөдрийг хүртэл манай компанид Зам тээврийн яамны зүгээс өгөөгүй.

Зам тээврийн яам нь “Н” ХХК далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлж мэдсээр байсан атлаа уг замын ажлыг “Н” ХХК-иар нэгмөсөн хийлгэж дуусгахгүйгээр гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилтээ өгсөн.

Гэвч манай  “Ч” ХХК-ийн хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл ажиллахдаа 2014 оны 7 дугаар сараас замын хөдөлгөөн нээгдсэн ч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирснээс гадна өөрийн хөрөнгө 2.3 тэрбум төгрөгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй 2.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн яам өгөхгүй байгаа болно.

Харин замын ажлыг дутуу чанаргүй хийсэн гэж 10.9 тэрбум төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагчийн зүгээс  уг замын чанарт өдөр тутмын хяналтын инженерийг томилон хяналт тавиулж өдөр тутмын хяналтын инженерийн удирдлаган дор манай компани ажилласан.

Авто тээврийн хөгжлийн төв улсын үйлдвэрийн газар болон захиалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд байгуулан буталсан чулуун суурь, асфальт бетон  хучилтын ажлын чанарт удаа дараа дүгнэлтүүд гаргаж байсан.

Зам тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. Ийнхүү замын хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж ажлын тайланг тухай бүр гаргаж байсан.

Гэтэл урьдах “Насны  Зам” ХХК-ийн ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж  3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил хийлгэх гэсэн нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэлд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальтан хучилтыг шинээр хийх 37 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэхэд эдгээр ажлыг 10.945.921.481 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж ямар ч үндэслэлгүй тооцоо гаргасан байна.

2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн яамны ажлын хэсгийн ахлагч Ц.Батжаргалын ажлын тайлан дүгнэлтэд “50 км замын  асфальтбетон хольцны орц алдагдсан, нийт уртад барзгар, торон хагарал ихтэй учир 3 см-ээр нийтэд нь хучих шаардлагатай“ гэжээ.

2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 07/096/210 тоот дүгнэлтэд “Далангийн материалын урсалтын хязгаар 35 хувь, уян налархай индекс 6 хувиас их, ачаа даацын харьцаа 30 хувиас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн байна“ гэжээ.

Хөндлөнгийн шинжээч “Л” ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Ч.Лхагважавын 2015 оны 6 дугаар сард гаргасан дүгнэлтэд “2010 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд буюу “Н” ХХК-ийн авто зам барилга гүйцэтгэж байх үед Ц.Батжаргалыг өдөр тутмын хяналтын инженерээр томилон ажиллуулж байжээ. Ц.Батжаргал, н.Уранчимэг, н.Өлзийсайхан нар туршилт хийхгүйгээр далангийн үеүүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулан өгч байсан байна. “Н” ХХК болон хяналт хийсэн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шаваргүй материалыг ялгаж салгаж чадахгүй 10-45 хувийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт хөлдөлтөөс хамгаалах үеийг барьсан байна. Ёс суртахуунгүй, хэнэггүй, хийсэн ажилдаа хариуцлага хүлээж сураагүй, ажлаа мэдэхгүй, хяналтын багийн инженерүүд ажилласан байна. Гүйцэтгэгчийн хийж буй шинжилгээ талбайн ажлыг хянах чадваргүй инженерүүдийг томилсноос болж бүх асуудал үүссэн байна. Цаашид далан, хөлдөлтөөс хамгаалах үед хэсэгчилсэн буюу бүрэн солилт хийсний үндсэн дээр асфальт дэвсэх шаардлагатай гэж үзэж байна“ гэжээ.

2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 тоот Зам тээврийн яамны Хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газраас ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа “Далангийн дүүргэлтийн материал нь 10-45 хувийн шаварлаг уян налархай индекс 7-22 хувь байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа тул 12.8 км замын даланг 60-100 см гүнд хөлдөлтөөс хамгаалах үед болон буталсан чулуу суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх,37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх шаардлагатай“ гэжээ.

Манай компани далантай холбоотой ажлыг огт хийхгүйгээр зөвхөн хучилтын ажил  хийхээр анх гэрээ хийсэн. Гэтэл эдгээр дүгнэлтүүдээс харахад бүгд далан муу гэж дүгнэсэн байна. 

Иймд далангийн ажил муу хийгдсэнээс болж ийм байдал үүссэнийг манай компанид тулган тохож төлбөр тавьж байгаа нь шударга биш гэж үзэж байна. Бидний зүгээс Зам тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай хийсэн гэрээний заалтуудыг үндэслэх ёстой.

Харин далангийн асуудлаар Зам тээврийн яам нь “Н” ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Асфальтбетон хучилтын ажил хийсэн манай компани нь автзамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлаа хүлээх ёсгүй.

Шинжээч нь мэргэжлийн байгууллага, эсхүл тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн уг хэргийн талаар хувийн болон албаны ямар нэгэн сонирхолгүй этгээд байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал буюу Зам тээврийн яам 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр авто замын чанар байдлын дүгнэлтийг анх гаргахад 2010 онд Авто замын хяналт  шинжилгээ судалгааны төвд хяналтын инженерээр ажиллаж байхдаа яг энэ авто замын даланг барихад хяналт тавьж байсан Ц.Батжаргал гэгч нь ажлын чанар байдлын дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ.

Одоо Ц.Батжаргал нь Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн болчихоод чанар байдлын талаар өөрөө удирдаж гаргасан дээрхи дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга биш гэж үзэж байна.

2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгсөн  ба бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд ажлаа хийж гүйцэтгэсэн.

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн яамнаас улсын комисс томилогдон 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн.

Гэвч манай компани уг замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгснийг үндэслэлгүй гэж үзэж холбогдох тайлбарыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Манай компани захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох багийн өгсөн үүрэг даалгаврын дагуу асфальбетон хучилтанд торон хагарал үүссэн хэсгүүдэд засварын ажлыг хийсэн.

Энэхүү хагарал үүссэн шалтгаан нь өмнө нь ажил гүйцэтгэсэн “Н” ХХК-ийн замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэнээс болсон. Гэсэн ч бид торон хагарал үүссэн хэсгүүдэд шаардлага хангахгүй далангийн материалыг ухаж зайлуулан шаардлага хангасан материалаар сольж нягтруулан нэмэлт 3 см хучилтын хийсэн.

Авто замын хучилт нь далангийн чанраас ихээхэн шалтгаална. Замын далан техникийн шаардлагад нийцсэн технологи, зааврын дагуу хийгдээгүй, зохих хэмжээнд нягтралаа аваагүй, ашигласан материал нь шаардлага хангахгүй тохиолдолд дээр нь хийгдэх замын хийцүүдийн чанарт шууд нөлөөлдөг.

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн ерөнхий инженер талбайд дахин шалгалт хийхэд нилээд торон хагарал үүссэн байсан ба эдгээр эвдрэлийн ихэнхи нь 2014 онд илэрсэн далангийн материал шаардлага хангахгүй хэсгүүдэд үүссэн нь тогтоогдсон.

Авто замын болон бусад ямар ч барилгын ажлыг гүйцэтгэхэд тухайн ажлыг чанартай хийлгэхийн тулд захиалагч байгууллагаас хяналтын инженерийг томилон гүйцэтгэгчийн ажилд өдөр тутмын талбайн хяналт тавьж технологийн болон материалын чанарыг шалган хийсэн ажлыг нь баталгаажуулах үүрэгтэй ажилладаг.

Олон улсад тухайн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн шалтгааныг хяналтын инженертэй шууд холбож үздэг. Бид энэ ажлыг дан ганцаараа дур мэдэн хийгээгүй, захиалагчийн хяналтын дор гүйцэтгэсэн ба чанаргүй асуудлыг хяналтын инженерүүд тайлбарлах ёстой гэж үзэж байна.

2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, тус төвийн итгэмжлэгдсэн төв Лратори зэрэг бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг  мөн манай талбай дээр хяналт шалгалт хийсэн ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 07/056/210 тоот дүгнэлтээр нилээд хэсгүүдэд техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн.

2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 5-ны хооронд Зам тээврийн яамны ажлын хэсэг манай замд чанар, байдлын эцсийн дүгнэлт гаргах зорилгоор ажилласан ба уг дүгнэлтэд талбайд үүсч байгаа эвдрэл нь далангийн материалаас шалтгаалсан гэж үзэн 12.832 урт метр газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэж дүгнэсэн.

Уг дүгнэлтэд 12.8 км замын даланг 60-100 см гүнд, хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийн хамт сольж асфальбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх гэсэн байсан.

Үүнийг манай компани зөвшөөрөхгүй бөгөөд манай компани өмнө нь замын далан, хиймэл байгууламж, хоолойг гүйцэтгэсэн компанийн ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгасан хэдий ч бидэнд бараг 50 км зам дахин барих хэмжээнд үүрэг өгсөн байна.

Одоогийн байдлаар 1 км асфальтбетон хучилттай авто замын өртөг 800.000.000-900.000.000 төгрөг бөгөөд бидний хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний дүн 12.5 тэрбум төгрөг ба ойролцоогоор 250.000.000 төгрөгөөр гүйцэтгэсэн.

Зам тээврийн яамны Зам тээврийн хөгжлийн төвийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 тоот дүгнэлтэд 12.8 км тодорхой хэсэгт эвдрэл ихтэй, эвдэрсэн хэсгүүдэд зарим газарт далангийн материалыг бүрэн сольж шинэчлэлт хийсэн боловч дахин эвдэрсэн, зарим газарт даланги солилгүй нөхөөс хийсэн гэжээ. Бид өмнөх компанийн барьж байгуулсан даланг бүхлээр нь солих боломжгүй.

Нийт замын уртад асфальтбетон хучилт дэвсэх үед технологийн горим зөрчсөнөөс барзгаржилт үүсч асфальтбетон хучилтын нягтрал хангалтгүй байна гэжээ. Далангийн чанар муугаас хучилтад нөлөөлсөн, технологийн болон өдөр тутмын хяналтыг захиалагч байгууллагын хяналтын инженерүүд гүйцэтгэж, тэдний хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн учир шууд буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

12.8 км замын даланг 60-100 см гүнд, хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх гэсэн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Зам тээврийн яамны хөгжлийн төвийн дүгнэлтэд дурьдсанаар далангийн дүүргэлтийн материал 10-45 хувийн шаварлаг, уян налархайн индекс 7-22 хувь байгаа нь техникийн  шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа гэсэн нь өмнөх компанийн ажлын чанартай шууд холбоотой.

Нэгэнт далан шаардлага хангахгүй, чанар муутай байхад 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгээд ч нэмэр байхгүй, ирэх жилээс өнөөдрийн үүсээд байгаа торон хагарал  бусад хагарлууд үүсэх болно. Өмнө нь 12.832 урт метр газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэсэн бол одоо 60-100 см гүнд болгосон нь өмнөх компанийн ажлын чанарыг илүү тодотгож өгсөн байна.

Бодит байдал ийм байхад тухайн автозамын гол эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн буюу даланг чанаргүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, захиалагчийн өдөр тутмын хяналт тавьж байсан хяналтын инженерт хариуцлага тооцон нэхэмжлэхгүйгээр харин асфальтбетон дэвссэн аж ахуйн нэгжээс 10.945.921.481 төгрөгийг нэхэмжилж байгаа хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальбетон хучитын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн гэрээнд тусгагдаагүй боловч даланг засах нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж ажлын зардал 1.800.136.187,49 төгрөг болсныг зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн.

Авто замын хучилтын торон хагарлын шалтгаан нь ажил гүйцэтгэсэн өмнөх компани замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн болох нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн төвийн 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтүүдээр давхар батлагдаж байна.

Хэдийгээр ажлын гологдол нь өмнөх компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас хамааралтай байвч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1.3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391.602.471,68 төгрөг, 2015 онд 161.799.757,17 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18.826.696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13.054.600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2.385.419.712 төгрөийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул үүнийг Зам тээврийн хөгжлийн яамнаас нэхэмжилж байна.

            Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн бөгөөд одоо санхүүжигдээгүй үлдсэн 10 хувь болох 1.256.516.487 төгрөг дээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн дээрх 2.385.419.712 төгрөг, нийт 3.641.936.199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Ч” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн бөгөөд одоо санхүүжигдээгүй үлдсэн 10 хувь болох 1.256.516.487 төгрөг, өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын зардал болох 2.385.419.712 төгрөгийг тус тус Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргуулна гэжээ.

Гэтэл гүйцэтгэгч “Ч” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучиллтай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ххххххххххх дугаар гэрээний  2.3 дахь заалтын дагуу 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулахаар үүрэг хүлээсэн байтал өнөөдрийг хүртэл улсын ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй байна.

Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн “Э” ХХК-ийн 8 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд гүйцэтгэгч хяналтын зөвлөхийн хамтарсан үзлэгийг бүх зам, хиймэл байгууламжид дахин хийж, засаж сайжруулах шаардлагатай гэж үзэж уг 50 км хатуу хучилттай авто замыг улсын ашиглалтанд оруулах боломж огт хангагдаагүй бөгөөд зураг төслийн шаардлагын хэмжээнд хүргэхэд ихээхэн ажил, санхүүжилт шаардагдах төлөвтэй байна гэж дүгнэсэн.

Тус компанид зөрчил дутагдлаа арилгаж авто замыг улсын ашиглалтанд оруулах талаар тус яамнаас удаа дараа албан бичиг хүргүүлж байсан ч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Энэ нь ххххххххххх дугаар гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд  “Чайна Гео

 

 Инженеринг Корпораци” ХХК нь санхүүжигдээгүй 10 хувь 1.256.516.487 төгрөгийг тус яамнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Тус компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын зардал 2.385.419.712 төгрөг нэхэмжилсэн тухайд Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 311 дүгээр тушаалаар байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажилд техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтээр нийт 9 зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд энэ нь техникийн шаардлагын дагуу хийгдээгүй болохыг тогтоосон бөгөөд тус компани энэхүү зөрчлийг одоог хүртэл арилгаагүй.

Мөн нэхэмжилсэн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар хэргийн материалд ямар ч нотлох баримт авагдаагүй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна”, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн заалтуудыг хариуцагч “Ч” ХХК зөрчсөн тул нэхэмжилж буй 3.641.936.199 төгрөгийг тус яамнаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан авто зам ашиглалтанд оруулахад шаардлагатай 10.945.921.481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Ч” ХХК нь 3.641.936.199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

           

            Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам”-ын барилгын ажлыг “Н” ХХК гүйцэтгэж байгаад Зам, тээвэр, хот байгуулалтын сайдын 2011 оны 111 тоот тушаалаар гэрээг цуцлан ажил хүлээлцэх хэсэг үлдэгдэл ажлын тоо хэмжээг гарган уг үлдэгдэл ажлын тоо, хэмжээгээр замын барилгын ажлыг үргэлжлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газар 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар авто замын ажлын тоо, хэмжээг зарласан 12.565.164.875,36 төгрөгт багтаан гүйцэтгэхээр ирүүлсэн “Ч” ХХК-ийн тендер шалгарч гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

            /ХХ-ийн 155-161, 911-917, 226-227 дугаар тал/

 

            “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажлын тоо, хэмжээ, үнийн саналын талаар талууд хэн аль нь маргаагүй.

            /ХХ-ийн 156, 912 дугаар тал/

 

 

 

 

 

 

Захиалагч Зам тээврийн яам нь гүйцэтгэгч “Ч” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 83 тоот “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам”-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний нийт дүн 12.565.164.875.36 төгрөг, улсын төсвөөс 2013 онд 6.260.000.000 төгрөг, 2014 онд 6.305.164.875.36 төгрөгөөр тус тус санхүүжихээр, ажлыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор эхэлж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар тохирчээ.

            Мөн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр захиалагч Зам, тээврийн яам, гүйцэтгэгч “Ч” ХХК, санхүүжүүлэгч Хөгжлийн банк уг замын  ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар гэрээ байгуулан нийт төсөвт өртөг 12.565.164.875.36 төгрөгөөс 6.789.600.000 төгрөгийг санхүүжүүлэгч Хөгжлийн банк энэхүү гэрээний дагуу олгох, замын барилгын ажилтай холбоотой гарах аливаа нэмэлт ажил болон үнийн өсөлтийн зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй гэжээ.

            /ХХ-ийн 5-35, 136-154, 588-601, 611-630 дугаар тал/

 

            Уг замын барилгын ажлын явцад гүйцэтгэгч “Ч” ХХК-д 2013.07.16-2013.08.31-ний өдрүүдийн гүйцэтгэлд 392.553.756 төгрөг, 2013.09.01-2013.09.22-ны өдрүүдийн гүйцэтгэлд 1.115.498.526 төгрөг, 2013.09.23-2013.10.14-ний өдрүүдэд 1.389.071.858 төгрөг, 2013.10.15-2013.10.31-ний өдрүүдэд 1.708.523.490 төгрөг, 2014.06.17-2014.07.02-ны өдрүүдэд 1.631.161.033,43 төгрөг, 2014.07.03-2014.07.28-ны өдрүүдэд 6.216.300.057,87 төгрөгийн гүйцэтгэлийг захиалагч болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн байгууллага хэн аль нь зөвшөөрч, хянасны дагуу дээрхи гүйцэтгэлүүдийг олгосон байна.

ХХ-ийн 578-587, 961-967, 987 дугаар тал

 

            Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын үе шатны ажлын явц, чанар байдалд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК 2014 оны  8 дугаар сараас 13-наас 18-ны өдрүүдэд захиалагч болон гүйцэтгэгч талыг байлцуулан хяналт хийн дараахь дүгнэлтийг гаргажээ.

Үүнд: ...замын тэнхлэгийн байрлал, түвшин болон геометр хэмжээсүүд зөрүүтэй хийгдсэн, хиймэл байгууламжийн бетоны батбэхийн үзүүлэлт хангалтгүй, асфальтбетон хучилтын засварын ажил хийсэн талбайн хэмжээ техникийн шаардлагад заасан хэмжээнд хүрэхгүй, төмөрбетон дугуйн хоолойн цагирагны арматуржилт, торны байрлал нь зураг төсөлд зааснаас өөр байснаас гадна зохиогчийн дүгнэлтэд тусгагдсан 31 төрлийн зөрчлийг арилга гэжээ. 

            Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 311 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг уг авто замын техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргахаар  2014 оны 8 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд уг газарт ажиллан дараах дүгнэлтийг гаргажээ.

Үүнд: өөрийн болон ухмалын, уулыг хажуугийн шуудуу засаж зураг төслийн дагуу хийх, төмөрбетон хоолойны орох, гарах амсар бөглөрснийг цэвэрлэх, толгой далбааны эмтэрсэн хэсгийг засах, хөвөөний чулууны ялгарал болон дутуу хэсгийг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хийх, замын тэмдэглэгээг хэмжилт хийж засах, км-ын заалт, дохионы шонг зураг төслийн дагуу хийх, замын торон хагаралтай хэсгүүдийн далангийн материалыг техникийн шаардлагад нийцсэн материалаар сольж засах, замын асфальтбетон хольцны орц алдагдсан, нийт уртад барзгар, торон хагарал ихтэй учир 3 см-ээр нийтэд хучих, замын зурваст цэвэрлэгээ хийж дээр зөрчил дутагдлыг арилгах гэжээ.

/ХХ-ийн 36-46, 163-174, 547-555, 556-561, 631-686, 687-892 дүгээр тал/

 

            Захиалагч Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэгч “Ч” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/2507 тоот гэрээ цуцлах мэдэгдэлд:

”...ажлыг гүйцэтгэх явцдаа технологийн болон техник алдаа гарган замын чанарт нөлөөлж эвдрэл ихээр гарсан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зам барилгын ажлын чанар байдлын дүгнэлтэд заасан ажлыг гүйцэтгээгүй, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтанд оруулах комиссийн чанар байдлын дүгнэлтээр гаргасан зөрчлийг бүрэн арилгаагүй, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохиогчоос хяналт хийж чанар байдлын дүгнэлтээр илрүүлсэн зөрчлийг засаагүй, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан ажлын хэсгийн шалгалтын чанар байдлын дүгнэлтээр гарсан алдаа дутагдал, мөн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 347 тоот тушаалаар томилогдсон ашиглалтанд оруулах комиссоос 2015 онд бодитоор хийгдсэн ажлын биелэлт ирүүлэх, хийгдэх зам засварын ажилд техникийн шаардлагад заасан битум ашиглах, замаа 3 см-ээр хучих, замын тэгш байдлыг хангуулах зэрэг зөрчил, дутагдлыг заасан хугацаанд арилгаагүй, зам засварын ажлыг зураг төсөл, техникийн шаардлага, бусад холбогдох норм, стандартын дагуу хийх үүргээ биелүүлээгүй зэргийг үндэслэн гэрээ цуцлах болох”-ыг мэдэгдэж байна гэжээ.

            /ХХ-ийн 47-48 дугаар тал/

 

            Мэргэжлийн хяналтын ерөнхий  газрын 2015 оны хяналт шалгалтын ажлын нэгдсэн төлөвлөгөө, удирдамжийн дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын байдалд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч захиалагч, гүйцэтгэгч талын төлөөллийг оролцуулан 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шалгалт хийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 07/096/210 тоот дүгнэлт гаргажээ.

            Үүнд: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальтбетон хучилт, буталсан суурь болон суурийн доод үеийн материалаас дээж авч Лраторид туршилт шинжилгээ хийхэд ...далангийн материалын урсалтын хязгаар 35 хувь, уян налархайн индекс 6 хувиас их, ачаа даацын харьцаа 30 хувиас бага байгаа нь замын тухайн хэсэгт техникийн шаардлага хангаагүй материалаар далангийн дүүргэлтийн ажил гүйцэтгэгдсэн нь торон хагарал үүсч эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэжээ.

          /ХХ-ийн 182-185 дугаар тал/          

         

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болон 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд захиалагч, гүйцэтгэгч нар захиалагчийн байранд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан асуудлын талаар буюу чанарын шаардлага хангахгүй битум ашигласны улмаас үүссэн эвдрэлийг засахтай холбоотой асуудлыг хэлэлцэн эвдрэлийг хэзээ, хэрхэн засах талаар албан бичиг ирүүлэхийг гүйцэтгэгч “Ч” ХХК-д даалгажээ.

            /ХХ-ийн 988-992 дугаар тал/  

           

Захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талын бүрэлдэхүүнүүд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг дүгнэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр акт үйлдсэн ба гүйцэтгэгч нь улсын комисс, ажлын хэсгийн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй тул Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/2507 тоот мэдэгдлийг үндэслэн уг замын барилгын ажлын гэрээг цуцлан цуцалсантай холбоотой барилгын ажлын талбайг чөлөөлж үлдэгдэл ажлын тоо хэмжээ, зардлын тооцоог гаргах ажлын хэсгийг байгуулан үлдэгдэл ажлыг актаар хүлээлцэж эцсийн тооцоог хийхээр шийдвэрлэсэн байна.

            /ХХ-ийн 239 дүгээр тал/

                       

Гүйцэтгэгч “Ч” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын чанар байдалтай холбоотой дээр дурьдсан байгууллагуудын дүгнэлтэд заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул захиалагч тал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны гэрээг дүгнэн, акт үйлдэн гэрээг цуцлажээ.

 

Гэрээ цуцалсантай холбоотой замын ажилд гүйцэтгэгч “Ч” ХХК-д гэрээний хугацаанд хэдий хэмжээний санхүүжилт олгосон талаар захиалагч Зам, тээврийн яам, санхүүжүүлэгч Хөгжлийн банк, гүйцэтгэгч “Ч” ХХК нар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд нийт 10.961.462.593 төгрөгийн санхүүжилт олгогдсон байх ба талууд энэ талаар хэн аль нь маргаагүй.

 /ХХ-ийн 105 дугаар тал/

 

             Гэрээ цуцлахаар шийдвэрлэсэн тул гэрээ цуцалсантай холбоотой барилгын ажлын талбайг чөлөөлж үлдэгдэл ажлын тоо хэмжээ, зардлын тооцоог гаргах ажлын хэсгийг байгуулан үлдэгдэл ажлыг актаар хүлээлцэж эцсийн тооцоог хийхээр шийдвэрлэсэн хэдий ч захиалагч нь үлдэгдэл ажлын тоо, хэмжээ, зардлын тооцоог гаргах ажлын хэсэг байгуулаагүй, үүнтэй холбоотой акт үйлдээгүй, үлдэгдэл ажлыг актаар хүлээлцээгүй байна.

Гүйцэтгэгчид нийт 10.961.462.593 төгрөгийн санхүүжилтийг олгосон ба санхүүжилтийг гэрээний 13.3, 13.4-д заасны дагуу захиалагчийн баталгаажуулсан санхүүжилтийн хүсэлтийг үндэслэн нягтлан шалгаж, захиалагч болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн байгууллага хэн аль нь зөвшөөрч, хянасны дагуу дээрхи гүйцэтгэлийг олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

 

Дээр дурьдсан байдлаас дүгнэхэд гүйцэтгэгч “Ч” ХХК-ийг Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилтай авто замын ажлыг бүхэлд нь чанаргүй гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй тул 10.945.921.481 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч талын ирүүлсэн уг замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай гэх 10.945.921.481 төгрөгийн төсөв нь дээрхи авто замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай төсөв бус харин уг замын барилгын ажилд хийх засвар шинэчлэлтийн ажлын төсөв байгаагаас гадна төсөв зохиоход дээрхи авто замын эвдрэлийг тогтоох ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч хэзээ үйлдэгдсэн ямар дүгнэлтийг үндэслэсэн нь тодорхой бусаас гадна уг төсөв 2016 оны хэдий хугацаанд зохиосон нь тодорхойгүй тул хариуцагч байгууллагаас уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй.

/ХХ-ийн 49-80 дугаар тал/

 

Захиалагч нь гэрээний 4.1-т зааснаар ажлыг үр дүнтэй, чанарын шаардлагын дагуу гүйцэтгэхэд хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, захиалагчийн томилсон зөвлөх гүйцэтгэгчийн ажлын өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавих үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх үүргээ хэрэгжүүлж байсантай холбоотой баримтыг ирүүлээгүй болно.

           

            Хариуцагч “Ч” ХХК нь ажлын гологдол өмнөх компанийн ажлаас хамааралтай байсан боловч захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу асбальтын зузаан хангалтгүй цэгт асбальт дэвссэн, торон хагарал үүссэн газарт дахин хучилт хийсэн ажлын зардалд 2013 онд 1.529.727.295,89 төгрөг, 2014 онд 270.408.891,63 төгрөг, гэрээнд тусгагдаагүйн хоолойн ажил 18.826.696 төгрөг, 2014 онд 391.602.471,68 төгрөг, 2015 онд 161.799.757,17 төгрөг, 2014 онд хяналтын инженерийн зардал 13.054.600 төгрөг, бүгд 2.385.419.712 төгрөг, үлдэх 10 хувийн санхүүжилт 1.256.516.487 төгрөг, нийт 3.641.936.199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            /ХХ-ийн 115-116, 126-127, 199-200, 212-213, 216-219, 228-231, 234-236 дугаар тал/

 

Хариуцагч нь өөрийн хийсэн ажлыг өмнөх компани ажлаа чанаргүй хийснээс үүдэлтэй гэх боловч өмнөх компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг ажлын хэсэг хүлээн авсан тул хариуцагч “Ч” ХХК-ийн дээрхи тайлбар үгүйсгэгдэж байна.

            /ХХ-ийн 226-227 дугаар тал/

 

Гүйцэтгэгч буюу хариуцагч “Ч” ХХК нь нэмэлтээр болон гэрээнд-төсөвт тусгаагүй илүү ажлыг хийсэн хэмээн зардлын жагсаалтуудыг ирүүлсэн хэдий боловч уг зардлыг гаргасантай холбоотой баримтаа ирүүлээгүй.

 

Гүйцэтгэгчийг гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр захиалагчийн хүсэлтийг үндэслэн гэрээ цуцалсан, үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч тал маргаагүйгээс гадна гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан удаа дараагийн дүгнэлт, Ч.Лхагважавын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

           

            Иймд Зам, тээврийн хөгжлийн яамны  нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 10.945.921.481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Ч” ХХК-ийн 3.641.936.199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Зам тээврийн хөгжлийн төв“ төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд уг газарт ажиллан дүгнэлт гаргасан гэх ба нэхэмжлэгч тал “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын чанар байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн товч танилцуулга” гэж нийт 10 хуудас баримтыг ирүүлсэн бөгөөд хариуцагч тал мөн дээрх тушаалаар томилогдсон бүрэлдэхүүний гаргасан дүгнэлт хэмээн 4 хуудас баримт ирүүлсэн талуудын хүсэлтийн дагуу Зам, тээврийн хөгжлийн төвд хадгалагдаж буй дээрх баримтад үзлэг хийсэн бөгөөд уг ажлын хэсгийн дүгнэлт 2 өөр байдлаар үйлдэгдэн захиалагч болон гүйцэтгэгчид хүргэгдсэн байх тул уг тушаалын дагуу томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гэх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдлаа.

            ХХ-ийн 187-191, 977-986, 1004-1013, 1016-1020 дугаар тал/

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энэрэлсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Отгонцэцэг нар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яамны  нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 10.945.921.481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Ч” ХХК-ийн 3.641.936.199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Ч” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18.367.631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.САРАНГҮН