Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2240

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

   Дугаар 101/ШШ2017/02240

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

      Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, М.Дгийн /РД: ........../ нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: ..............тоотод оршин суух, Ш.Шт /РД: ............/ холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 4.875.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва,     

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ш.Ш нь М.Дгээс мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу тэд 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.950.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй,10 сарын хугацаатай зээлсэн.

            Гэвч Ш.Ш нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүг нэг ч удаа төлөөгүй бөгөөд зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан шаардсан ч элдэв шалтаг тоочсоор өдийг хүрсэн.

            Гэрээнд зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор заасан тул Ш.Шээс зээлсэн мөнгөө хүү, алдангийн хамт нэхэмжилж байгаа.

            1.950.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн бөгөөд дараа нь үүнийгээ баталгаажуулан гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчийн тухайд зээлийн хүүг мөнгө өгсөн өдрөөс бус сүүлд гэрээ байгуулсан өдрөөсөө тооцсон.

            Ш.Шээс 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр буюу үндсэн зээл 1.950.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны хүү 1.950.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тооцсон алданги 975.000 төгрөг, нийт 4.875.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ш.Ш нь зээлийн гэрээ байгуулснаас хойш М.Дгийн эхнэр Ц.Агийн дансанд 130.000 төгрөг төлснийг зээлийн төлбөрөөс хасч тооцож болох юм. Тус шүүхэд анх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 5356 дугаартай шүүгчийн захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр М.Дгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд М.Д өөрийн биеэр нэхэмжлэлд дурьдсан хаягт очиж үзэхэд тэрээр хашаандаа гэр барин амьдарч байсан бөгөөд харьяалах хорооноос нь лавлахад түр оршин суугчаар бүртгэлтэй байна гэсний дагуу засаг даргынх нь тодорхойлолтыг нэхэмжлэлд хавсаргасан гэв.

 

Хариуцагч Ш.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Дгийн эхнэр Ц.Агаас Ш.Ш нь 2013 оны 5 дугаар сард 2.000.000 төгрөг зээлсэн. 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгөндөө хүү, алданги тооцьё гээд уг өдрөө зээлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу мөнгө өгч авалцсан. 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэхдээ энэ гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаан байхгүй.

2013 оны 5 дугаар сард зээлэн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү, алданги тооцсон гэрээний дагуу зээлсэн 2.000.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг хариуцагч Ш.Ш төлсөн. Энэ 1.950.000 төгрөг дээр 2014 оны 11 дүгээр сарын 8-ны зээлийн гэрээ байгуулсан.

Ш.Ш нь нэхэмжлэгч талд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд нийт 550.000 төгрөг төлсөн бөгөөд мөн бэлнээр 2.050.000 төгрөг, бүгд 2.600.000 төгрөг төлсөн. М.Дгийн эхнэр Ц.Агийн дансанд мөнгө төлж байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Ш.Шт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Үндсэн зээл 1.950.000 төгрөг, зээлийн хүү 1.950.000 төгрөг /2014.11.08-2015.09.27 хүртэл/, алданги 975.000 төгрөг/  

 

М.Д, Ш.Ш нар нь харилцан тохиролцож, Ш.Шт 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1.950.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэн талууд үүнийгээ хожим баталгаажуулж дээрх нөхцлөөр 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Ш нь гэрээний дагуу 1.950.000 төгрөгийг хүлээн авсан болохоо баталгаажуулж өөрийн гарын үсгээ зурсан ба мөнгө хүлээн авсан тухай гарын үсэг Ш.Шийнх мөн эсэх талаар болон дээрхи 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй гэсэн болно.

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Ш.Шт мөнгийг шилжүүлэн өгсөн ба талууд дээрх гэрээнд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон хэн аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,

282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”,

232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Ш.Ш нь гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч М.Дгийн эхнэр Ц.Агийн Капитал банк дахь дансанд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 30.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 30.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг, нийт 130.000 төгрөг төлсөн байх ба үүнийг нэхэмжлэгч тал авсан хэмээн тайлбарласнаас гадна хасч тооцоход татгалзах зүйлгүй гэсэн болно.

/ХХ-ийн 32-36 дугаар тал/

 

Хариуцагч Ш.Ш нь Ц.Агийн Капитал банк дахь дансанд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөг тус тус төлсөн ба энэ нь нэхэмжлэгч М.Дгээс 1.950.000 төгрөгийг зээлэхээс өмнөх хугацаанд хийгдсэн төлбөрөөс гадна энэ зээлийн гэрээний үүргийн төлбөр гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлгүй. 

/ХХ-ийн 28-31 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ш.Ш нь нэхэмжлэгч талд  нийт 2.600.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн, уг 1.950.000 төгрөг 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээний дагуу төлөх мөнгө биш гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

 

Хариуцагч Ш.Ш нь гэрээгээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч М.Д түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Д нь зээлийн хүүг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс бус  2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс тооцсон болохыг дурьдлаа.

 

Хариуцагч Ш.Шийн гүйцэтгэх ёстой үүрэг 2014 оны 11 дүгээр сарын 8-н өдрийн гэрээ ёсоор:

-Үндсэн зээл-1.950.000 төгрөг,

-Хүү-1.950.000 төгрөг /2014.11.08-2015.09.27 хүртэл, 1 сарын хүү 195.000 төгрөг/,

-Алданги 957.000 төгрөг.

Нийт 4.875.000 төгрөг.

 

Хариуцагч Ш.Шийн нийт төлөх ёстой төлбөр 4.875.000 төгрөгөөс нэхэмжлэгч М.Дгийн эхнэр Ц.Агийн дансанд төлсөн 130.000 төгрөгийг хасч тооцон хариуцагч Ш.Шээс 4.745.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Ш.Ш нь М.Дтэй 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнээс 2.000.000 төгрөг, мөн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 900.000 төгрөг тус тус зээлсэн гэх зээлийн гэрээ байх ба нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Ш.Штэй 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан 1.950.000 төгрөг зээлсэн талаарх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа тул өөр бусад дээр дурьдсан гэрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Хариуцагч тал 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу  зээлсэн 900.000 төгрөгийг дүү Ш.Отгонбаярт авч өгсөн, энэ талаар тус шүүх 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 1952 дугаар бүхий шийдвэрээр шийдсэн гэх боловч уг өдрийн дээрх шийдвэрээр Ш.Отгонбаяраас 1.850.000 төгрөг гаргуулан Ц.Ад олгож шийдвэрлэсэн байгааг дурьдлаа.

/ХХ-ийн 37 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон        

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Шээс 4.745.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Шээс 90.870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН