| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01926/И |
| Дугаар | 1817 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 1817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Богд Ар хороолол 7а байрны 44 тоотод байрлах Отто сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Богд Ар хороолол 3а байр 48 тоотод оршин суух, 1968 онд төрсөн 49 настай, Урианхан овогт Чоймболын Отгонбаяр /РД-ХГ68010660/
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.037.570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Шүрхүү, хариуцагч Ч.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Б.Шүрхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Отто сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороолол дахь орон сууцыг хариуцан ажилладаг. “Отто” Сууц өмчлөгчдийн холбооны 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 02 тоот тогтоолоор 2013 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Санхүүгийн үйл ажиллагаа нилээд дорд орсон байсан. Өнгөрсөн хугацаанд барилга байгууламжийн чанарын тухай холбогдох төрийн байгууллагуудтай болон уг хорооллыг барьсан Богд холдинг ХХК-тай харьцан нилээдгүй ажлыг хийлгэснээс гадна дотоод нөөц бололцоог ашиглан 13 орцонд их засвар хийлгэх, байр болгоны гадна талд зориулалтын хогны савтай болгох, гадна дотор гэрэл гэрэлтүүлгүүдийг сайжруулан шинэчлэх, орцны гаднах болон дотрох хаалга үүдийг солих, коджуулах, үйлчлэгч жижүүрүүдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулан ариун цэврийн өрөөтэй болгон усанд оруулдаг болгосон зэрэг нилээдгүй ажлуудыг хийж ирсэн. Хариуцагч Ч.Отгонбаяр нь 3а байр 48 тоот хаягт оршин суудаг бөгөөд 2007-2017 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардал 1.037.570 төгрөгийг төлөөгүй. Хуульд зааснаар нийтийн ашиглалтын өмч хөрөнгө гэж байдаг бөгөөд эдгээр хөрөнгөд тухайн барилгын шугам сүлжээ, орц, цэвэрлэгээ гэх мэт ордог. Тухайн байрны оршин суугчид нь нийтийн зориулалттай өмч хөрөнгийг ашигласан төлбөрөө төлөх үүрэгтэй тухай заалт хуулинд бий. Сууц өмчлөгдчийн холбоо бүх гишүүдийн 50 хувийн саналаар үүсгэн байгуулагдаж, гүйцэтгэх захирал томилон ажиллуулж, хурлаа хийж тайлангаа тавьдаг. Бүх гишүүдийн хурал, тайлан хэлэлцэх хуралд хариуцагч Ч.Отгонбаяр ирдэггүй. 3а байранд жижүүр ажиллаж орц хонгилыг цэвэрлээд явж байна. Холбоо орцны хаалгыг сольж коджуулсан. Бид санхүүгийн байдлаа харгалзан дээвэр засах, орцны засвар үйлчилгээг ээлж дарааллан хийж байна. Хамгаалалт суурилуулах, үлдсэн байрнуудын дээврийг засах зэргийг санхүүгийн асуудлаар шийдвэрлэдэг. Ч.Отгонбаяр сууц өмчлөгдчийн холбооны үйлчилгээг авч байгаа мөртлөө төлбөрөө төлдөггүй. Бид гишүүдийн хурал хийх, тайлангийн хурал хийх зарыг оршин суугчид мэдэгдэл өгч мэдэгдэн жижүүрүүд хаалгыг нь тогшин хурлын зарыг хэлдэг. Тайланг бүх айлаар хувилан тараадаг. 2013 онд гүйцэтгэх захирал болсноос хойш би энэ айлаас төлбөрийг нэхэж байгаа. Иймд хариуцагч Ч.Отгонбаяраас 1.037.570 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Отгонбаяр миний бие нэхэмжлэлд дурьдсан хаягт амьдарч байхдаа агааржуулагчийн хоолой даган дээврээс цас борооны ус жилийн жилд гоожиж, дулааны улиралд орон гэргүй хүмүүс дээвэр дээр амьдарч байгаа талаар контор, сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж байсан боловч арга хэмжээ аваагүй. Энэ нь материалын болон сэтгэл санааны хохирол учруулсаар байдаг. Би энэ сууц өмчлөгчдийн холбоог сонгоогүй, хуралд нь оролцоогүй, Б.Шүрхүү гэж хүнийг захирлаар сонгоогүй. Миний хувьд Үндсэн хуульд заасан эрхийн дагуу ямар холбоонд нэгдэх эрхээ өөрөө шийдэх бүрэн эрхтэй. Би заавал энэ сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээ авах албагүй бөгөөд энэ нь миний сонголтын эрхийн асуудал. Энэ сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхтэй юу, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдэг асуудал энд яригдана. Сууц өмчлөгчдийн холбоонд Татварын шалгалт оруулах хүсэлтэй байна. Энэ холбоонд намайг албадан оруулж мөнгө нэхэмжлэх эрх байхгүй. Манай орцонд жижүүр ажилладаггүй. Хаалга үүд шинэчиллээ гэж ярьж байна. Анх төмөр хаалга байсанг сольж ямар ч элэгдэл хорогдолгүй зүгээр байсан хаалгыг солих шаардлага байгаагүй. Хуучин хаалгыг авч шатны хөндийг хааж цоожилсон. Байранд жижүүр ажиллаж тэндээ ТҮЦ ажиллуулдаг. Жижүүр тусдаа хөлс авдагийг ойлгохгүй байна. Дээвэр дээр хонодог хүмүүсийг би цагдаа дуудна гэж айлгаж байж буулгасан. Явган хүний зам дээр байнга машин тавьдаг. Энэ нь хүний эрхийг зөрчиж зам тээврийн осол гарах нөхцөлийг 100% бүрдүүлж байна. Би сууц өмчлөгчдийн холбооны хуралд суугаагүй, сонгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудын шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Отгонбаярт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.037.570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ч.Отгонбаяр нь 2007 оны 03 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.037.570 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайларласан тайлбар, Хаан банкнаас гаргаж өгсөн орон сууцны төлбөр, Төрийн банкны нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь “сууц өмчлөгчдийн холбоог сонгоогүй тул төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлан маргадаг боловч Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-д зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбоог сонгоогүй, гишүүдийн хуралд оролцдоггүй, тайлангийн хуралд очдоггүй зэрэг нь түүнийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т заасан дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох эрх, үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагч Ч.Отгонбаяр нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон гарсан зардлыг нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй юм.
“Отто” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Отто сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Б.Шүрхүүг гүйцэтгэх захиралаар томилсон болох нь гэрчилгээ, СӨХ-ны даргыг томилох тухай №02 дугаартай тогтоолоор тогтоогдсон байна.
Ч.Отгонбаяр нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3, 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2007 оны 03 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын дуусталх хугацааны төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс 1.037.570 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааны буюу 2014 оны 04 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 366.480 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ч.Отгонбаяраас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчигээний хөлс 366.480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 671.090 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Ч.Отгонбаяраас 366.480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 671.090 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.451.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Отгонбаяраас 11.644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА