| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00237/и |
| Дугаар | 102/ШШ2017/02124 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/02124
| 2017 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/02124 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, “Үлэмж” ХХК-ийн байранд байрлах, “Үлэмж гросерс” ХХК /РД: 5719666/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 28 дугаар байр, 08 тоот хаягт оршин байх, Факт.мн сайт,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Ногоон талбай 2 дугаар гудамж, 19 тоот хаягт оршин суух, Хагшууд шарайд овогт Батжаргалын Мөнхзул /РД: ЖЯ92051400/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 56 дугаар байр, 29 тоот хаягт оршин байх “Онлайн хүрээ” ХХК /РД: 5658071/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга няцаалт хийхийг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч бөгөөд хариуцагчын төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагч “Онлайн хүрээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, иргэдийн төлөөлөгч Х.Нинжинааш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Гүүд прайс нэрийн дэлгүүрийг ажиллуулдаг. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Факт.мн сайт нь өөрийн вэб хуудсандаа “Гүүд прайс дэлгүүр нь хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байна” гэсэн нийтлэл гаргасан. Энэ мэдээллийг Ардчилал.мн, Блог.мн, Залуус.мн зэрэг вэб сайтууд тэр чигт нь хуулбарлан тавьсан. Мөн Факт.мн сайт нь өөрийн Факт.мн гэсэн фэйсбүүк хуудсандаа энэ мэдээллийг бичсэн. Гүүд прайс дэлгүүр нь хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр биш, харин ч өдөр бүр шинэ, шинэлэг бүтээгдэхүүн худалддагаараа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дэлгүүр юм. Бизнесийн байгууллагын хувьд нэр хүнд гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Факт.мн сайт нь ийм мэдээллийг нь шинэ жилийн үеэр тараасан нь хэн нэгэн санаатайгаар дэлгүүрийн нэр хүндийг унагаах зорилготой нийтэлсэн мэдээлэл байж болзошгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Факт.мн сайт нь худал мэдээлэл тарааж “Үлэмж гросерс” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, гутаасан мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр буюу өөрийн Факт.мн сайт болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан залруулга няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэнээс гомдол ирсэн. Тухайн иргэн хэлэхдээ Гүүд прайс дэлгүүр хугацаа дууссан бараа авсан тохиолдолд тухайн бараагаа кассын ажилтанд хүлээлгэн өгч, шинэ хугацаатай ижил нэг бүтээгдэхүүн авна уу гэсэн зар тавьсан байна. Гүүд прайс дэлгүүр хугацаа дууссан бараа зарж байна. Энэ мэдээллийг олон нийтэд мэдээлж өгөөч гэж хэлсэн. Тиймээс манай сэтгүүлч энэхүү мэдээллийг нийтэлсэн. Мэдээний талаар сэтгүүлчээрээ яриулмаар байна. Бид энэхүү нийтлэлээ Гүүд прайс дэлгүүрийн нэр хүндэд халдах зорилготойгоор нийтлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч “Онлайн хүрээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь “Онлайн хүрээ” ХХК-тай яаж холбогдож байгаа талаар нэхэмжлэгч тал тайлбар хэлэхгүй байна. Ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь яаж нотлогдоод байгаа юм бэ. Үүнийг тодруулах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Үлэмж гросерс” ХХК нь хариуцагч Факт.мн сайтад холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга няцаалт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхзул нэр төрийг гутаах зорилгогүй, хардах эрхийн дагуу сэрэмжлэг нийтэлсэн гэж, хариуцагч “Онлайн хүрээ” ХХК тус мэдээтэй хамааралгүй, хариуцах этгээд биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Үлэмж гросерс” ХХК нь Улааныбаатар хотод “Гүүд прайс” нэрийн сүлжээ дэлгүүр ажиллуулдаг болох нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.
Факт.мн сайт нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Гүүд прайс маркет хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байна” гэсэн гарчиг бүхий мэдээллийг нийтэд түгээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан сайтын болон Факт.мн фэйсбүүк хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдлоо.
Дээрх гарчиг бүхий мэдээлэлд “…хэрэглэгчээ хүндэлдэггүй, хугацаа дууссан бараагаа илт зарлан борлуулж буй Гүүд прайс дэлгүүрийг Мэргэжлийн хяналтын газар хяналт хийн шалгаж, авах ёстой арга хэмжээг авч иргэдэд мэдээлэл хийхийг хүсч байна. Мөн тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдэд худалдан авалтандаа анхааралтай хандах үүднээс сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээг хүргэж байна...” гэж нэхэмжлэгч “Үлэмж гросерс” ХХК-ийн Гүүд прайс дэлгүүрийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан болох нь уг мэдээгээр тогтоогдож байна.
Дээрх мэдээг нийтэлсэн гэрч У.Батсайхан нь “нэхэмжлэгч компанийн дэлгүүрт тавигдсан “Хэрвээ үйлчлүүлэгч та хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг манай дэлгүүрээс олсон тохиолдолд тухайн бараагаа кассын ажилтанд хүлээлгэн өгч шинэ хугацаатай ижил 1 ширхэг барааг үнэгүй авах эрхтэй боллоо” гэх зарлалыг хардах эрхийнхээ хүрээнд иргэдэд сэрэмжлүүлэг болгож бичсэн бөгөөд өөрөө хугацаа нь дууссан бараа олж хараагүй” гэж мэдүүлсэн, хариуцагч Б.Мөнхзул нь иргэнээс гомдол ирсэн гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй болно.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.1-т “хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу уг мэдээллийг нийтэд түгээсэн дээрх хэвлэл мэдээллийн байгууллага болох хариуцагч цахим мэдээллийн сайтын эрхлэгч нь уг мэдээллийн эх сурвалж нь хэн байхаас үл хамааран хариуцлага хүлээх үүрэгтэй байна.
Хариуцагч “Онлайн хүрээ” нь факт.мн сайтад нийтлэгдсэн дээрх мэдээллийг нийтэд түгээсэн болох нь түүнчлэн факт.мн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ажиллуулдаг болох нь нотлогдохгүй байх тул уг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч факт.мн сайт нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй, хариуцагч байж чадахгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийг нэр хүндийг гутаасан этгээд тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.
Иймд Б.Мөнхзул нь факт.мн сайтын эзэмшдэг, үйл ажиллагааг нь удирдан явуулдаг болох нь гэрч У.Батсайхан, хариуцагч Б.Мөнхзулын тайлбар, Харилцаа холбооны Зохицуулах хорооны албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч Факт.мн сайтын эрхлэгчийн хувьд Б.Мөнхзул нь “Гүүд прайс маркет хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байна” гэсэн мэдээлэлд нэхэмжлэгч “Үлэмж гросерс” ХХК-ийн Гүүд прайс дэлгүүрийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнд нийцээгүй мэдээлэл нийтэлж, олон нийтэд тарааж, түүний ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул ажил хэргийн нэр хүндийг сэргээж, эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Үлэмж гросерс” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч Б.Мөнхзулд “Гүүд прайс маркет хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байна” гэх мэдээллийг тараасан хэлбэр болох Факт.мн сайт, Факт.мн фэйсбүүк хуудсаар няцаалт хийхийг үүрэг болгож, нэхэмжлэгчийн шаардлагаас хариуцагч “Онлайн хүрээ” ХХК, Факт.мн сайтад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхзулаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Үлэмж гросерс” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Г.АРИУНАА