Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2000

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02000

 

 

“АИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч”АИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сангийн яаманд холбогдох,

 

Энгийн векселийн хүүгийн төлбөрт 40 454 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах" тухай 282 дугаар тогтоолын дагуу манай компанийн тухай төсвийн жилд санхүүжигдээгүй “Геомоддиализийн ус цэвэршүүлэгч систем" нийлүүлсэн гэрээний төлбөр болох 336 000 000 төгрөгийг Сангийн яамнаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн жилийн 14,941 хувийн хүүтэй энгийн векселиэр олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Уг энгийн векселийг Хаан банкаар дамжуулан мөнгөжүүлэх байсан боловч тодорхой шалтгааны улмаас мөнгөн хэлбэрээр авч чадаагүй ба Сангийн яаманд хүсэлт тавьсны үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 336 000 000 төгрөгийг авсан боловч жилийн 14,941 хувийн хүүгийн төлбөрийг авч чадаагүй болно.

Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болно” 13 дугаар зүйлд “Векселд заасан төлбөр нь сарын эсхүл жилийн хүүтэй байж болно. Хүүгийн хэмжээг талууд харилцан тохиролцоно. Энэ тухай уг векселд тэмдэглэсэн байна” гэж тус тус заасны дагуу жилийн 336 000 000 төгрөгт 14,941 хувиар хүү тооцож, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрийг Сангийн яамнаас манай компанид төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна.

Сангийн яаманд бичгээр хүсэлт гаргасан боловч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 9/726 тоот албан бичгээр Хаан банкинд төлөх ёстой байсан бөгөөд танай компанид хүү төлөхгүй гэж хариу өгсөн болно.

Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол банкинд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, векселийн хүүгийн төлбөрийг Сангийн яамны Монгол банкин дахь данснаас гаргуулж өгөхийг хүссэн. Монгол банкнаас уг хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн а-7/198 тоот албан бичгээр хүчин төгөлдөр вексель /эх хувь/ байхгүй тул төлбөр гүйцэтгэх боломжгүй тухай хариу өгсөн.

Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу манай компани 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 301 хоногийн, 12,04 хувийн хүүгийн төлбөрт 40 454 400 төгрөгийг Сангийн яамнаас шаардах эрхтэй болсон. Иймд Векселийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.2.1-т заасныг баримтлан Сангийн яамнаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн энгийн векселийн хүүгийн төлбөрт 40 454 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэнд, спортын сайд /хуучин нэрээр/-ын багцад нэхэмжлэл гаргагч “АИ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил болох "Аймгуудын эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нэртэй ажил 1 050 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс 2015 онд санхүүжих дүн 525 000 000 төгрөгөөр анх батлагдсан бөгөөд уг компани 336 000 000 төгрөгийн гэрээ бүхий багц ажлын гүйцэтгэгчээр ажиллаж, 2015 онд батлагдсан санхүүжилтээ авч чадаагүй.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан УИХ-ын 108 дугаар тогтоолын 2-т "Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, урьдчилсан гүйцэтгэл нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг нь бүрэн олгож чадаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2016 онд векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авч, төлбөрийг Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд тусгах"-ыг Монгол улсын Засгийн газарт даалгасан.

Дээрхи Улсын Их хурлын тогтоолын дагуу Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолоор 2016 онд векселиэр төлбөр гүйцэтгэх ажлын жагсаалтыг баталсан. Уг тогтоолын хавсралтанд "“АИ” ХХК-ийн ажил XYI 1.3.2 дугаартай батлагдсан. Үүний дараагаар 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан Сангийн яам, Хаан, банк хоорондын "Төлбөр баталгаажуулах гэрээ"-нд Айвико интэрнейшнл" ХХК зэрэг бусад бүх компанийн Векселийн төлбөрийг Хаан банк мөнгөжүүлж, мөнгөжүүлсний төлбөрт жилийн 14.941 хувийн хүүг Сангийн яамнаас авахаар заасан байдаг. Уг гэрээний 1.5-д үүнийг тодорхой заасан. Гэрээний хавсралтын 26. дахь дугаартай ажилд "“АИ” ХХК-д 336 000 000 төгрөг төлөхөөр заасан байдаг.

Сангийн яам, Хаан банк хооронд байгуулсан дээрх Төлбөр баталгаажуулах гэрээнд зааснаар "“АИ” ХХК нь Сангийн яамнаас 2016 оны 02 дугаар сарын 29-нд бичүүлж авсан Векселийг Хаан банканд худалдаж, 336 000 000 төгрөгийг авах ёстой байсан боловч тодорхойгүй шалтгаанаар /магадгүй тус банканд "“АИ” ХХК нь өр, төлбөртэй байсан байж болзошгүй/ Хаан банканд хандаагүй байсан бөгөөд Векселиэ мөнгөжүүлж авахгүйгээр 2016 оны 12 дугаар cap хүртэл явсан байна.

Улсын Их хурлаас баталсан 2016 оны Төсвийн тодотголд векселийн төлбөрийн арилжааны банкнуудад төлөх үндсэн төлбөр, хүүг шийдвэрлэхээр тусгасан бөгөөд "“АИ” ХХК нь Хаан банкнаас векселиэр мөнгөжүүлж аваагүй байсан тул Улсын төсвөөс үндсэн төлбөрийн батлагдсан хөрөнгөөс 2016 оны 12 дугаар сарын 20-22-нд тус компанийн авлага болох 336 000 000 төгрөгийг бүрэн барагдуулсан юм. Тус компаниас 2017 оны 01 дүгээр сард ирүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжлэх тухай албан бичигт Сангийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 9/726 тоот албан бичгээр хүүг уг компанид төлөх үүрэг биш болох, Хаан банканд гэрээгээр хүлээсэн төлөх төлбөр гэдгийг тодорхой тайлбарласан болно.

"“АИ” ХХК-ийн гаргасан нэхэмжпэхтэй холбоотой хүүгийн төлбөр нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Сангийн яам, тус компанийн хооронд нэхэмжлэлд дурдсан 40 454 400 төгрөгийг төлөх ямар ч үүрэг аль ч гэрээгээр хүлээгээгүй болно. Иймд "“АИ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ийн 1/-т заасны дагуу энгийн вексельд ногдох 301 хоногийн хүүгийн төлбөр 40 454 400 төгрөгийг хариуцагч Сангийн яамнаас гаргуулан нэхэмжлэгч “АИ” ХХК-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэзж, хариуцагч Сангийн яамнаас 360 222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АИ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Сангийн яам болон Хаан банкны хооронд байгуулсан “Төлбөр баталгаажуулах гэрээ” зөвхөн 2 талын гэрээ тул "Айвико интернэйшнл" ХХК-д хамааралгүй мөн тус компани нь вексельд бичигдсэн хүүг тооцуулан авах эрхтэй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь "“АИ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил болох “Аймгуудын Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж” нэртэй ажил 1 050 000 000 төгрөг төсөвт өртөгтэй, үүнээс 2015 онд санхүүжих дүн 525 000 000 төгрөгөөр анх батлагдсан бөгөөд уг компани 336 000 000 төгрөгийн гэрээ бүхий багц ажлын гүйцэтгэгчээр ажиллаж, 2015 онд батлагдсан санхүүжилтээ авч чадаагүй.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Улсын Их хурлын 108 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолоор 2016 онд векселиэр төлбөр гүйцэтгэх ажлын жагсаалтыг баталсан.

Үүний дараагаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сангийн яам, Хаан банк хоорондын 32 дугаартай "Төлбөр баталгаажуулах гэрээ" гэрээгээр "“АИ” ХХК болон бусад бүх компанийн векселийн төлбөрийг Хаан банк мөнгөжүүлж, мөнгөжүүлсний төлбөрт жилийн 14.941 хувийн хүүг Сангийн яамнаас авахаар заасан байдаг. Уг гэрээний 1.5-д үүнийг тодорхой заасан. Гэрээний хавсралтын 26 дугаартай ажилд "“АИ” ХХК-д 336 000 000 төгрөг төлөхөөр заасан байгаа нь тус компани нь гэрээнд хамааралтай байгаа нь тодорхой байна.

Улсын Их хурлаас баталсан 2016 оны Төсвийн тодотголд векселийн төлбөрийн арилжааны банкнуудад төлөх үндсэн төлбөр, хүүг шийдвэрлэхээр тусгасан бөгөөд "“АИ” ХХК нь Хаан банкнаас Векселиэ мөнгөжүүлж аваагүй байсан тул Улсын төсвөөс үндсэн төлбөрийн батлагдсан хөрөнгөөс 2016 оны 12 дугаар сарын 20-22-нд тус компанийн авлага болох 336 000 000 төгрөгийг тус компанитай холбоо тогтоон бүрэн барагдуулсан. Харин вексельд бичигдсэн хүү нь векселийг тус компани Хаан банканд өгч мөнгөжүүлснээр Хаан банкинд төлөгдөх бөгөөд тус компани нь хүү тооцуулан авах ямар ч эрхгүй юм.

Иймд Сангийн яам, тус компанийн хооронд нэхэмжлэлд дурдсан 40 454 400 төгрөгийг төлөх ямар ч үүрэг аль ч гэрээгээр хүлээгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “АИ” ХХКнь хариуцагч Сангийн яаманд холбогдуулан

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Сангийн яаманд бичсэн энгийн векселийн дагуу төлөх 301 хоногийн хүүгийн төлбөрт 40 454 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сангийн яам 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр энгийн вексель бичиж “Айвико Интернэшнл” ХХК-д олгосон. Энгийн вексель хүчин төгөлдөр байна.

 

            Энгийн вексельд үндсэн төлбөр 336 000 000 төгрөг, жилийн хүү 14,941 хувь, төлбөр хийгдэх хугацааг 344 хоногоор тодорхойлж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлөх үүргийг Сангийн яам хүлээжээ.

 

            Вексель эзэмшигч “АИ” ХХКнь төлбөр хариуцагч Сангийн яамнаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөр 336 000 000 төгрөгийг хүлээж авсан талаар талууд маргаагүй.

 

            Иймд Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн байх бөгөөд төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болно гэж заасантай нийцжээ.

 

            Талууд векселийн хүү тохирч вексельд тэмдэглэсэн нь Векселийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасантай нийцсэн ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар хүүг шаардах эрхтэй.

 

            Уг шаардах эрхийг алдах, хязгаарлах үндэслэл, журмыг талууд тохиролцоогүй.

 

            Сангийн яам нь гуравдагч этгээд Хаан банктай байгуулсан гэрээ нь энгийн векселиэр хүү төлөхөөр хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэл талуудын хооронд векселиэр гүйцэтгэх төлбөр тооцооны тохиролцоо болон хуулиар тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Иймд анхан шатны шүүх векселийн жилийн хүү 14,941 хувийг вексель бичгдсэн үеэс үндсэн төлбөр гүйцэтгэсэн хугацааг 301 хоногоор /2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл/ тогтоож нэг өдрийн хүүг 0.04 хувь буюу 134 400 төгрөгөөр тооцож, 40 454 400 төгрөг /336 000 000ч/14,941ч365Ч301//-өөр тодорхойлсон нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасантай нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давз заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сангийн яам улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА