Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Б.Долгион,                    

хохирогч: А.Баярпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

шүүгдэгч: С.Энхтөр, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

  Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасгууд овгийн Сайнбуянгийн Энхтөрд холбогдох эрүүгийн 201526021693 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цаг уурч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Техник технологийн дээд сургуульд аж ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 109 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, “Багшийн алдар” тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, ОР74062213 регистрийн дугаартай, Хасгууд овогт Сайнбуянгийн Энхтөр.

 

Холбогдсон хэргийн талаар:

С.Энхтөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Техник технологийн дээд сургуулийн хашаанд /уг сургуульд сантехникийн слесарь ажилтай/ А.Баярпүрэвтэй “ахыгаа утасдуулсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдох үедээ А.Баярпүрэвийг түлхэн унагах, гар руу нь өшиглөх зэргээр бие махбодид нь баруун сарвууны алганы 2 дугаар шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхтөр мэдүүлэхдээ:

Хохирогчоор мэдүүлэхдээ үнэн зөв ярьсан. Шүүгдэгчээр мэдүүлэг өгөхгүй. Би тухайн өдрийн өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Орой ажил дээрээ ирэхэд эрүүл болсон байсан. Би энэ гэмт хэргийг хийгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Баатархүү мэдүүлэхдээ Баярпүрэв намайг газар унагаад миний дээр суусан байсан гэж мэдүүлсэн байгаа. Баярпүрэв өөрөө намайг цохихдоо гэмтэл авсан гэж бодож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баярпүрэв мэдүүлэхдээ:

Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Манай сургуулийнхан зугаалганд яваад би үлдсэн. Орой сургуулийнхан ирээд архи задалсан. Тэр үед Энхтөр надад хандаж “чамтай уулзах уулзаатай” гэсэн. Би маргаан болох нь гэж бодоод гадаа гагнуур хийж байсан хүмүүс дээр очиход намайг бариул аваад ир гэсэн. Би бариул авах гээд буцаад очиход чамтай ярих яриатай гээд хэрүүл өдөөд байсан. Би дотуур байраар явж байгаад эргээд ирэхэд Энхтөр чи юу солиороод байгаа юм бэ гээд намайг заамдаж авсан. Би чи миний илүү цагийн мөнгийг бодоогүй байсан гэхэд намайг цохиж унагаасан. Миний нүүр рүү өшиглөх байх гэж бодоод би гараараа хаасан. Тэгээд Энхтөр Сэргэлэнтэй хамт машинд суугаад явсан. Би цаг орой болсон байсан тул сургууль дээрээ унтаад өглөө нь ахынх руугаа явсан. Гар маань хавдсан байсан. Маш их гомдолтой байна. Ажилгүй болсон, хагалгаанд хоёр удаа орсон, байнга эм тариа авч байгаа, группт байгаа, хүнд юм өргөхөд хэцүү байгаа. Өвөл болоход даараад өвдөнө. Цалингийн зөрүү, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн зардал зэрэг нийт  4,521,486 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Баатарын өгсөн:

“ ... 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай сургуулийн ажилчид ойрхон салхинд гарцгаасан. Сургууль дээр ирээд зугаалганаас үлдсэн жаахан айраг, хорхог зэргийг дулааны шугам засаад үлдсэн Ихбаяр, Баярпүрэв нарт амсуулахаар узелийн өрөөнд ороход Ихбаяр, Баярпүрэв нар байсан ба араас дарга Энхтөр, мужаан Сэргэлэн 2 орж ирээд, хэнийг нь мэдэхгүй байна, нэг нь архи задалсан юм. Би тухайн үед согтуу байсан ба архинаас нь уучихаад гарахад узелийн гадаа аж ахуйн дарга Энхтөр, слесарь Баярпүрэв 2 хоорондоо бие биенээ заамдалцаад Баярпүрэв Энхтөрийн дээр гарчихсан заамдсан байдалтай байхаар нь “та 2 одоо яах гээд байгаа юм бэ” гээд дотогшоо узелийн өрөөнд байсан хүмүүс рүү “энэ 2 чинь зодолдох гээд байна шүү дээ” гээд орилсон. Тэгээд дотроос Ихбаяр гарч ирж байсан санагдаж байна. ... Үүнээс цааш юу болсныг санахгүй байна. ... Ямар ч байсан 2 дахь өдөр нь Баярпүрэвийн гар хавдчихсан, сургуулийн эмч Энхмаад үзүүлээд хамт гэмтлийн эмнэлэг рүү явж байсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 116-р хуудас/

 

  Мөрдөн байцаалтад гэрч О.Сэргэлэнгийн өгсөн:

 “... Энхтөр  босоод зогсчихсон, Баярпүрэв  хагас суучихсан  Баатар ах дунд нь салгасан бололтой зогсож байсан. ... Узель дотор байхад Энхтөр дарга Баярпүрэвийг “чи яахаараа илүү цагийн мөнгө бодсонгүй гэж яриуллаа” гээд маргасан. Харин гадаа гарахад тэр хоёр зодолдсон байдалтай амьсгаадчихсан хоорондоо юм яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Базарсадын өгсөн:

“... 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай сургуулийнхан салхинд гарцгаасан ба би сургуулийн баруун хаалган дээр харуулд гарч байсан юм. Тэгээд салхинд гарсан ажилчид харуй бүрий болж байхад ирцгээсэн бөгөөд аж ахуйн дарга Энхтөр намайг “дулааны узелийн өрөөнд яваад оч жоохон мах авч ирсэн байгаа” гэхээр нь араас нь яваад очсон. Тэгэхэд узелийн өрөөнд мужаан Ихбаяр, слесарь Баярпүрэв, мужаан Сэргэлэн, аж ахуйн дарга Энхтөр, байрны жижүүр Балдан нар байцгаасан. Тэгээд Балдан бид хоёр авч ирсэн махнаас нь идчихээд буцаад ажлын байран дээрээ очсон. Тэгээд маргааш, нөгөөдөр нь бууж амарчихаад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ ирэхэд Баярпүрэв, Ихбаяр хоёр манай харуулын байранд орж ирээд Баярпүрэв Баатарыг “та л энэ зодооныг мэдэж байгаа ш дээ” гэхэд Баатар “би ерөөсөө мэдэхгүй, чи ер нь аж ахуйн даргын дээр нь гарчихсан цохиж зодож байсан шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд л гараад явцгаасан. ... Намайг ажил дээрээ ирэхэд аж ахуйн дарга Энхтөрийн нэг нүд нь хөхөрчихсөн байсан, харин Баярпүрэвийн гар сойлттой, гараа цагаан боолтоор боосон байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батнасангийн өгсөн:

“... 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай сургуулийнхан салхинд гарцгаасан ба би хамт яваад орой бүрэнхий болсон байхад аж ахуйн дарга Энхтөрийн машинд цахилгаанчин Баатар, харуул Төмөр-Очир, үйлчлэгч Оюунчулуун бид хэд суугаад сургуулийн үүдэнд бууцгаасан юм. Тэгээд Энхтөр дарга “сургууль дээр ажилтай үлдсэн Баярпүрэв, Базарсад, Батсуурь нарт мах амсуулъя, айраг уулгая" гээд дотогшоо орцгоосон юм. Тэгэхээр нь би гэртээ яваад орчихсон юм. Манай гэр сургуулийн дотуур байранд байдаг юм. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа намайг харуулын байран дээрээ байхад цахилгаанчин Баатар орж ирээд “тэр өдөр Баярпүрэв, Энхтөр дарга хоёр зодолдоод Баярпүрэв дээр нь гарчихсан цохиод байхаар нь би очиж салгасан” гэж ярьж байсан юм. Тухайн үед Базарсад ах лав миний хажууд байсан, өөр бас ганц нэг хүмүүс байсан, би одоо яг хэн байсныг нь санахгүй байна. ... зугаалганаас ирэхдээ ер нь бүгд л ууцгаасан байсан, Энхтөр дарга уусан эсэхийг нь мэдэхгүй байна, машиныг нь би барьж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Энхбаярын өгсөн:

“... 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай Техник технологийн дээд сургуулийн ажилчид салхинд гарсан бөгөөд амралтын өдөр байсан. Тэгээд Баярпүрэв, Базарсад, Балдан бид сургуулийн хажуугийн траншейний дулааны шугам сольсон ба орой 20 цагийн үед ажлаа дуусгаад байж байтал зугаалганыхан ирцгээсэн. Зулгаалганаас ирсэн аж ахуйн дарга Энхтөр авч ирсэн айраг, хорхог махаа авч ирээд зугаалганд яваагүй Баярпүрэв бид хоёрыг дуудаад узелийн өрөө рүү орцгоосон. Тэгээд Энхтөр дарга 1 шил архи гаргаж ирээд Энхтөр дарга, Сэргэлэн, Баатар бид архинаас уусан ба Баярпүрэв архинаас уугаагүй. Тэгээд архиа ууж дуусчихаад мужаан Сэргэлэн гарч 1 шил архи авч ирээд, тэр архийг нь хувааж ууцгаасан. Тэгээд нэлээн орой болоод явахаар болоод Баярпүрэв түрүүлээд гарсан ба удалгүй араас нь Энхтөр дарга гараад хэсэг хугацааны дараа Баатар гарсан. Сэргэлэн бид хоёр 00-ын өрөө орчихоод гарахад Энхтөр дарга, Баярпүрэв нар бие бие рүүгээ дайраад барьцалдаж аваагүй зогсчихсон нэг нэг рүүгээ хараалын үг хэлээд байсан ба би “юу болоод зодолдоод байгаа юм бэ” гэж хэлэхэд араас Сэргэлэн гарч ирсэн. Тэр үед Баатар тэр хоёрын хажууд зогсож байсан шиг л санагдаж байна. Тэгээд би гартаа гялгар ууттай бялуу барьчихсан байсан болохоор тэр хоёртой зууралдаж чадаагүй. Сэргэлэн Энхтөр хоёр цаашаа яваад Энхтөрийн машинд суугаад явсан. Би Баярпүрэвтэй үлдээд Баярпүрэвийг оройтчихлоо гэхээр нь “эндээ хоно” гэж үлдээгээд явсан. Баатарыг хаачсаныг мэдэхгүй. ... Тэгээд нэг дэх өдөр ажил цуглахад Энхтөр даргын нүд бага зэрэг хөхөрчихсөн, Баярпүрэв “гар хавдчихлаа” гээд явж байсан ба дараа нь цагдаа сэргийлэх болсон сураг байсан. ... Баатар нэлээн согтчихсон, Сэргэлэн үг нь олширчихсон байсан. Миний хувьд нэлээн халамцчихсан байсан. Энхтөр дарга халамцуу байсан. Гэхдээ хир согтсоныг нь мэдэхгүй байна. ... Намайг гарч ирэхэд Энхтөр, Баярпүрэв нар өөд өөдөөсөө харчихсан зодолдсон байдалтай амьсгаадчихсан нэг нэг рүүгээ хараалын үг хэлээд зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхтайваны өгсөн:

“... Баруун сарвууны алганы 2 дугаар шивнүүрийн хугарал гэмтэл нь унах, цохигдох аль алинд нь үүсэх боломжтой. Жишээлбэл алгаар дарж унах үед үүсэх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-р хуудас/

Энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эдгэх хугацааны хувьд нарийвчлан хэлэх боломжгүй. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаална ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Нямжавын өгсөн:

“... Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 174/135 тоот хамтарсан тушаалаар батлагдсан жагсаалтын 10.13-т бороолоогүй эсвэл зөрөө ихтэй бороолж, сарвууны атгах ажиллагаа алдагдсан бол хөдөлмөрийн нөхцөл солих эсвэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтооно гэсэн байдаг. А.Баярпүрэвийн хувьд атгах ажиллагаа алдагдсан тул энэ жагсаалтад орж байгаа. Энэ 6 сарын хугацаанд яс бороолж эдгэвэл хугацаа цуцлагдана ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Баярбаатарын мэдүүлсэн:

“... Би А.Баярпүрэвийн төрсөн ах нь бөгөөд би эхээрээ овоглодог юм. Тэр зодоон, маргаан болсных нь маргааш нь байх амралтын өдөр бүтэн сайн өдөр байсан юм. А.Баярпүрэв манайд өглөө эрт ажлаасаа ирж байна гээд ирсэн юм. Тэгээд дуу муутай урвагар царайтай юм ажлынхаа аж ахуйн даргад зодууллаа, согтуу ирчихээд дээрэлхээд боогоод өшиглөлөө гээд гараа үзүүлж байсан. Намайг харахад гар нь пэмбийгээд хавдчихсан байсан ба би үзчихээд давстай хар цайгаар шавш гэж хэлсэн. Миний харснаар баруун гарын сарвуугаар хавдчихсан байсан. Тэр хэрэг гарахаас хэд хоногийн өмнө намайг А.Баярпүрэвийн гэрт очиход Баярпүрэв дэлгүүрээс хүнсний зүйл авахаар гарсан хойгуур гар утас нь дуугарахаар нь авахад “чи чинь яагаад ажилдаа ирдэггүй хулгайч вэ” гэсэн утгатай дээрэнгүй загнаад байхаар нь “чи чинь яахаараа хүн загнаад байдаг юм бэ, цалин мөнгийг нь гүйцэд өгөхгүй байж, яаж наад хүн чинь ажлаа хийдэг юм бэ” гэж хэлээд л тасалсан. Тэгээд Баярпүрэвийг орж ирэхээр нь нэг хүн залгаад дарга чинь юм уу, загнаад байна шүү гээд хэлээд өнгөрсөн. Өмнө нь Баярпүрэв надад “цалин мөнгө өгөхгүй дутуу бодсон” гэж ярьж байсан болохоор тэр асуудлыг нь утсаар ярьсан хүнд хэлсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 233-р хуудас/

 

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбаатар, хохирогч А.Баярпүрэв нарыг нүүрэлдүүлэн байцаахад гэрч Б.Мөнхбаатарын өгсөн:

 “...тухайн үед Ихбаяр, Баярпүрэв ах бид 3 юм яриад тамхи татаад сууж байхад би А.Баярпүрэв ахаас “таны гар яасан юм бэ” гэж асуухад Баярпүрэв ах дуугараагүй бөгөөд хажуунаас нь Ихбаяр ах “хагас, бүтэн сайнд  ажил хийж байгаад юм унагачихсан юм” гэж хэлсэн юм. Бид 3 оюутны байрны үүдэн дээр сууж байсан юм. Би аль гар нь хавдсаныг санахгүй байна, ямар ч байсан нэг гар нь хавдчихсан байхаар нь би асууж байсан юм. Ихбаяр өөр юм яриагүй, тэр өдөр Ихбаяр ах, Баярпүрэв ах хоёр надтай нээх юм дуугараагүй, яагаад гэвэл би нуруун дээрээ том юм унагачихаад хэд хоног ажил хийгээгүй, тэгээд тэр багш, ажилчдын салхинд гарах үед нь хамт яваад Ихбаяр, Баярпүрэв ах хоёр  үлдсэн юм. 2015 оны 03 дугаар сард мартын 8, цэргийн баярыг аж ахуйн салбараараа нийлж тэмдэглэхээр болсон.Тухайн үед манай дарга Бямбаа гэж хүн байсан ба намайг хорхог хийж байхад нь туслаад байж байтал гаднаас Баярпүрэв ах орж ирээд “пизда минь гагнуурын аппарат хаана байна” гэхээр нь “юун пизда вэ” та зүгээр хэлчихэж болдоггүй юм уу гээд маргаад муудалцаад салсан.Маргааш нь би Баярпүрэв ахаас ээлж авах гээд ажлын өрөөнд хувцасаа солиод сууж байхад Баярпүрэв ах “чи ямар том юм бэ” гэж гэж хэлээд намайг зодож цохиж байсан. Би энэ өдрөө сургуулийн хүний нөөцөд өргөдөл бичиж өгсөн. Би тэр өргөдөл дээрээ миний ажлын байрыг өөрчилж өгнө үү гэсэн өргөдөл бичиж өгсөн ...” гэх,

   хохирогч А.Баярпүрэвийн өгсөн:

            “... Би тэр үедээ дуугараагүй юм. Мөнхбаатарыг аж ахуйн албаны даргатай нийлээд яваад байдаг болохоор нь миний уур хүрээд дуугараагүй юм. Би тэр үеийн юу гэж ярьж байсныг тодорхой сайн санахгүй байна.Тэр өдөр Ихбаяр, Мөнхбаатар бид 3 ямар ч байсан хамт сууж байсан, гэхдээ тэгж хоорондоо юм яриагүй юм. Би одоо бодохоор эмчид үзүүлэх гээд оюутны байрны үүдэн дээр сууж байсан. 2015 оны 03 дугаар сард намайг дотуур байрны үүдэнд явж байгаад Б.Мөнхбаатараас гагнуурын аппарат асуугаад “хэрэглэсэн юм бол буцаагаад тавьчихаж болдоггүй юм уу гэж  хэлээд маргасан. Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр байх хугацааг нь санахгүй байна, намайг ажлын өрөөндөө ирэхэд цай чанадаг саван дотор бохирын худагт орохдоо өмсдөг гутлын үдээс хийчихсэн байсан. Тэгэхээр нь би “чи яагаад хүн доромжлоод байнаа” гэж хэлээд заамдаад дугтарсан чинь Б.Мөнхбаатар урагшаа гараад гүйчихсэн. Тэгээд хурлаар ороод надад сануулга өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 235-236-р хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14667 тоот дүгнэлтэд:

1. Баярпүрэвийн биед баруун сарвууны алганы 2-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

 - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 236-р хуудас/

 - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар /хавтаст хэргийн 64-р хуудас/

 - Технологийн дээд сургуулийн хүний нөөцийн менежерийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар А.Баярпүрэв нь 2015.10.13-19 хугацааны №797684, 2015.10.20-ноос 2016.11.16 хугацааны №790438 дугаартай эмнэлгийн хуудсыг авчирч цалин бодуулсан болно гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 66-р хуудас/

- Технологийн дээд сургуулийн нягтлан бодогч П.Энхбилэгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 345 тоот А.Баярпүрэв нь сарын үндсэн цалин 354,016 төгрөг болно гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 70-р хуудас/

- Хохирогч А.Баярпүрэвийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 77-85, 125-р хуудас/

- Технологийн дээд сургуулийн нягтлан бодогч П.Энхбилэгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 тоот ХЧТА-ын нийт 328,042 төгрөгийг /2015.10.13-10.19, 2015.10.20-11.06/ А.Баярпүрэвийн 5000621204 тоот дансанд шилжүүлсэн. Одоо 235,289 төгрөгийн лист /2015.11.17-12.21/ БГД НДХ-т бодолтыг өгсөн байна гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 91-р хуудас/

- А.Баярпүрэвийн Хас банкны дансны хуулга /хавтаст хэргийн 92-95-р хуудас/

- А.Баярпүрэвийн Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хавтаст хэргийн 96-107-р хуудас/

- Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр А.Баярпүрэвт ердийн өвчний жагсаалтын 1-10-13 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар буюу 6 сараар тогтоож шийдвэрлэв гэжээ /хавтаст хэргийн 126-р хуудас/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 132, 162-164-р хуудас/

- А.Баярпүрэвийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хавтаст хэргийн 134-136, 166-168-р хуудас/

- С.Энхтөрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 137-160-р хуудас зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.Энхтөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Техник технологийн дээд сургуулийн хашаанд /уг сургуульд сантехникийн слесерь ажилтай/ А.Баярпүрэвтэй “ахыгаа утасдуулсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдох үедээ А.Баярпүрэвийг түлхэн унагах, гар руу нь өшиглөх зэргээр бие махбодид нь баруун сарвууны алганы 2 дугаар шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч А.Баярпүрэвийн “... Би дотуур байраар явж байгаад эргээд ирэхэд Энхтөр чи юу солиороод байгаа юм бэ гээд намайг заамдаж авсан. Би чи миний илүү цагийн мөнгийг бодоогүй байсан гэхэд намайг цохиж унагаасан. Миний нүүр рүү өшиглөх байх гэж бодоод би гараараа хаасан. Тэгээд Энхтөр Сэргэлэнтэй хамт машинд суугаад явсан. Би цаг орой болсон байсан тул сургууль дээрээ унтаад өглөө нь ахынх руугаа явсан. Гар маань хавдсан байсан. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ч.Баатарын “... узелийн гадаа аж ахуйн дарга Энхтөр, слесарь Баярпүрэв хоёр хоорондоо бие биенээ заамдалцаад Баярпүрэв Энхтөрийн дээр гарчихсан заамдсан байдалтай байхаар нь “та 2 одоо яах гээд байгаа юм бэ” гээд дотогшоо узелийн өрөөнд байсан хүмүүс рүү “энэ 2 чинь зодолдох гээд байна шүү дээ” гээд орилсон. ... Ямар ч байсан 2 дахь өдөр нь Баярпүрэвийн гар хавдчихсан, сургуулийн эмч Энхмаад үзүүлээд хамт гэмтлийн эмнэлэг рүү явж байсан” гэх,

гэрч О.Сэргэлэнгийн “... Узель дотор байхад Энхтөр дарга Баярпүрэвийг “чи яахаараа илүү цагийн мөнгө бодсонгүй гэж яриуллаа” гээд маргасан. Харин гадаа гарахад тэр хоёр зодолдсон байдалтай амьсгаадчихсан хоорондоо юм яриагүй” гэх,

гэрч Ч.Энхбаярын “...Намайг гарч ирэхэд Энхтөр, Баярпүрэв нар өөд өөдөөсөө харчихсан зодолдсон байдалтай амьсгаадчихсан нэг нэгрүүгээ хараалын үг хэлээд зогсож байсан” гэх,

гэрч О.Баярбаатарын “...Тэгээд дуу муутай урвагар царайтай юм ажлынхаа аж ахуйн даргад зодууллаа, согтуу ирчхээд дээрэлхээд боогоод өшиглөлөө гээд гараа үзүүлж байсан. Намайг харахад гар нь пэмбийгээд хавдчихсан байсан ба би үзчихээд давстай хар цайгаар шавш гэж хэлсэн. Миний харснаар баруун гарын сарвуугаар хавдчихсан байсан. Тэр хэрэг гарахаас хэд хоногийн өмнө намайг А.Баярпүрэвийн гэрт очиход Баярпүрэв дэлгүүрээс хүнсний зүйл авахаар гарсан хойгуур гар утас нь дуугарахаар нь авахад “чи чинь яагаад ажилдаа ирдэггүй хулгайч вэ” гэсэн утгатай дээрэнгүй загнаад байхаар нь “чи чинь яахаараа хүн загнаад байдаг юм бэ, цалин мөнгийг нь гүйцэд өгөхгүй байж, яаж наад хүн чинь ажлаа хийдэг юм бэ” гэж хэлээд л тасалсан” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14667 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар, А.Баярпүрэвийн Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Энхтөрд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаар:

Хохирогч А.Баярпүрэв нь нийт 4,521,486 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд дүгнэхэд эмчилгээний зардалд 302,304 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөг /хх 192-р хуудас/ нийт 802,304 төгрөгийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс хохирогч А.Баярпүрэвийн 3,719,182 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Үүнд хохирогч А.Баярпүрэв нь цалин, листийн зөрүүг хавтаст хэрэгт авагдсан А.Баярпүрэвийн Хас банкны дансны хуулгыг үндэслэн тооцоолох боломжгүй бөгөөд хохирогч нь бичилт хийгдэж баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гарган өгч тооцуулах нь зүйтэй,

мөн хохирогч А.Баярпүрэв нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг 1,500,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан хэдий ч үлдэгдэл төлбөрөө төлсөн зохих баримт хэрэгт авагдаагүй, хохирогч хагалгаанд орсон гэдэгч ямар хэмжээний зардал гарсан талаар баримт гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь шууд тооцоолох боломжгүй юм. Иймд  хохирогч А.Баярпүрэв нь цаашид гарах зардлаа хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Энхтөрд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

 

 Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хасгууд овогт Сайнбуянгийн Энхтөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтөрийг 251 (хоёр зуун тавин нэг) цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар С.Энхтөр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

 

4. С.Энхтөр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Энхтөрөөс 802,304 төгрөг гаргуулж хохирогч А.Баярпүрэвт олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 28 хуудас материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт  хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Энхтөрд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Энхтөрд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ