Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 58

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Шүүгдэгч Н.А

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой, 1828000000013 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын  давж заалдах гомдлоор 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

        Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7 дугаар баг ........................ оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Их өргөө овгийн Н.А , регистрийн дугаар ...................         

         Н.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ..................... хашааны гадна Д.Б гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Н.А н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их өргөө овгийн Н.А г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А гийн урьдчилан цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ерөөл архины 0,75 литрийн шил 1 ширхэг, Ерөөл архины 0,5 литрийн шил 2 ширхэг, Ерөөл архины 0,33 литрийн шил 2 ширхэг, талийгаач Д.Б гийн өмсөж явсан хөх өнгийн цамц 1 ширхэг, шүүгдэгч Н.А гийн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, срочкин цамц 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон марал 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцос зөөх, цогцсын ерөнхий байдлыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди /CD/ 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О т оршуулгын зардалд 5 400 000 төгрөг төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Н.А  давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Н.А гийн шууд санаатай үйлдлээс хохирогч Д.Б гийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Н.А г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир өөрт холбогдох хэргийг дахин хянуулах, хэргийн бодит үнэнийг үнэн зөвөөр тогтоолгохыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийсний улмаас надад хорих ял оногдуулсан гэж үзнэ. 2018 оны 01 дүгээр 14-ний өдөр юу болсон талаараа хавтаст хэргийн 188, 191 дүгээр хуудсанд ялагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэргийн болсон зүйлийн талаар бодит үнэнийг мэдүүлсэн.

           Хамгийн сүүлд намайг гэрээс гарахад талийгаач миний араас гарч явсан, надад тэр хүнтэй маргах, зодолдох шалтгаан байгаагүй учир би хашаанаас гараад шууд зүүн тийшээ гэр лүүгээ явсан. Ард пид хийх чимээ гарсан. Тэгэхэд талийгаач доошоо хараад газар уначихсан байсныг би түүн дээр ирээд дээш нь харуулаад гэр лүү өргөж хамт оруулсан.

         Надад талийгаачийн амь насыг хохироох, санаатайтайгаар алах ямар нэгэн шалтгаан байгаагүй, талийгаачийн амь насыг би хохироогоогүй. Гэтэл шүүх насанд хүрээгүй гэрч Энхмэндийн мэдүүлгийг илүүтэй үнэлж, хэргийн бодит үнэнийг насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр гуйвуулан болоогүй зүйлийг болсон мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Насанд хүрээгүй гэрч Энхмэндийн мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт байхгүй, харин гэрч Э.Мөнхтулгын хх-ийн 84 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэгт:...О ын хүү Э-гээс архийг нь асуусан. Тэгсэн чинь мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгээд архи олох тухай ярьж байгаад Н.А  би л архинд явахаас гээд босоод гарсан. Гарахад нь талийгаач Баасанхүү гарсан, ...хх-ийн 86 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ:...гадаа ямар нэгэн хүмүүс зодолдсон тийм дуу чимээ сонсоогүй гэх, гэрч О , Хүрэлбаатар нарын өгсөн мэдүүлгээс гэрт ямар нэгэн маргаан болоогүй зэрэг мэдүүлгүүд авагдсан байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр насанд хүрээгүй гэрч Энхмэндийн мэдүүлэг няцаагдаж байхад шүүх хэт нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт хийсэн.

          Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн....хашааны шархийх чимээ гарсан гэж мэдүүлдэг. Миний хувьд талийгаач хашаа налаад тийм чимээ гаргасан байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл би талийгаачийн эрх чөлөөнд халдаагүй учир ойр орчны хавьд хашаа ойрхон байсан тул хашааг налаад талийгаач өөртөө гэмтэл авах боломжтой байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд тэр дундаа хэрэг учралын талаар мэдүүлэг өгсөн хүмүүс талийгаачийн гэр бүл, хамаатан садан төрлийн холбоотой хүнийг гэрчээр байцаасан. Миний хувьд гэрчүүд үгсэн хуйвалдаж, болоогүй зүйлийг болсон мэтээр намайг гүтгэх боломжтой гэж үзнэ. Тэгэхээр гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд эргэлзээг бий болгоно.    

          Дээрх нөхцөл байдлуудыг дахин нягтлан үзвэл шууд санаатай үйлдлээс хохирогч Д.Б гийн амь нас хохирсон шалтгаант холбоотой үйлдэл надад байхгүй тул шүүгч та шүүн тунгааж хэргийн үнэнийг тогтоож өгнө үү” гэжээ.         

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлийн хувьд: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь эрх бүхий албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдал, нотлох баримт бүрдүүлсэн нь хууль зөрчөөгүй гэдэгт өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцээгүй.

          Харин хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтаар хэрэг бүрэн дүүрэн нотлогдоогүй эргэлзээ төрүүлж байна, иймээс хэргийг цагаатгуулах мөн хэргийг цагаатгах үндэслэлгүй гэж үзвэл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх эрх зүйн үндэслэл байгаа талаар  өмгөөллийн дүгнэлтээ хэлсэн.

          Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ дээрх хуулийн зүйл заалтыг зөрчиж үндэслэлтэй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэж чадаагүй. Энэ нь доорх байдлаар няцаагдан нотлогдоно.

          А. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх шинжлэн судалсан үнэлсэн нотлох баримтуудыг бүгдийг нэг бүрчлэн дурдсан ба эдгээр нотлох баримтуудаас зөвхөн нэг нотлох баримтыг илүүтэй үнэн зөвд тооцож Н.А гийн хэргийг нотолж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрч О.Э ийн мэдүүлгийг үйл баримтыг насанд хүрээгүй гэрч О.Э  харж, сонсож байсан анхдагч гэрч бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэхэд насанд хүрээгүй гэрч О.Э ийн мэдүүлгийг үгүйсгэх, үнэлэхгүй байх, эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.

          Нийт 20 гэрчийн мэдүүлгээс хэрэг учрал болох үед гэрт хамт байсан гэрчүүд болох А.О , Г.Х , М , Я.А  нарт хууль сануулж гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан. Гэтэл яагаад эдгээр мэдүүлгээс илүү насанд хүрээгүй гэрч О.Э ийн мэдүүлгийг үнэлээд бусад гэрч нарын мэдүүлгийг анхааран үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна.

          О.Э  шүүх тогтоолд дурдсан “...харж, сонсож байсан анхдагч гэрч...” биш юм. Тухайн хэрэг учрал болох үед хашааны гадаа зөвхөн миний үйлчлүүлэгч Н.А  зүүн тийш алхаж байсан, харин ард нь талийгаач цамцаа тайлаад удалгүй газар унасан, пид хийх чимээнээр Н.А  эргэж харж түүн дээр ирсэн байдаг. Энэ хүнийг анх харсан гэх насанд хүрээгүй гэрч О.Э  байгаа ч үгүй, хараа ч үгүй.

          Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

          А. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 хавтаст бүхий 311 хуудас бүхий нотлох баримтууд цугларсан байдаг. Эдгээр 311 хуудас бүхий нотлох баримтаас шүүх хх-ийн 100,

33 дугаар хуудсанд авагдсан 2018.02.13-ний өдрийн 9, 2018.03.16-ний өдрийн 9 тоот бүхий Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг анхааран үзээгүй.

          Б. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар шүүх Н.А  согтуугаар хохирогч Д.Б тэй хоорондын үл ойлголцсон маргааны улмаас маргалдсан гэх дүгнэлтийг хийсэн. Тухайн өдөр гэрт байхад талийгаач Д.Б  нь Н.А тэй ямар нэгэн байдлаар маргалдаж, зодолдсон зүйл байгаагүй талаар хэрэгт авагдсан гэрч А.О , Г.Х , Э.М , Я.А ын мэдүүлгээс тодорхой нотлогддог. Эдгээр нотлох баримтыг шүүх анхааран үзсэнгүй. Эдгээр мэдүүлгээр Н.А  нь талийгаачтай маргаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

           Дээрх нөхцөл байдлыг шүүгч та бүхэн дахин анхааран үзэж, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр 1829000000013 дугаартай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх шаардлага хангаагүй  байна.

  1. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.  

          Мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хийсэн анхны шинжилгээний явцад хийсэн үзлэг, шинжилгээний тэмдэглэлд “...нэмэлт шинжилгээ:  ...14 зүсэм эд, 4 судас авав...”, “...нэмэлт шинжилгээний хариу...” гэж тэмдэглэгдсэн байх боловч хаана, хэн, хэзээ, ямар баримтыг үндэслэн ямар төрлийн нэмэлт шинжилгээ хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Цогцост шинжилгээ хийх журам”-ын 3.8-т заасны дагуу шинжилгээг хийсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 100 дугаар хуудас/

            Прокурорын тогтоолын дагуу дахин хийсэн шинжилгээгээр шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар дүгнэлтийн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэснээс бусад нь үндэслэлтэй гэх дүгнэлт гарсан байх боловч уг 09 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжилгээний объект нь тогтоолоос өөр зүйл байгаагүй нь уг дүгнэлт, шинжээч томилох мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 102, 103 дугаар хуудас/ 

Мөн энэ хэргийн материалыг үндэслэн гарсан дахин шинжилгээний шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцад эд, эсийн шинжээч Д.Долгормаагийн гаргасан ХӨ-69 шинжээчийн дүгнэлтийг шинжилсэн гэх  мэдээлэл авагдсан байх боловч хэрэгт ийм дүгнэлт байхгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 157 дугаар хуудас/

Дээрх ямар объектод шинжилгээ хийсэн нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлтүүд нь    Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.”шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг хэлнэ гэсэнтэй нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ нь шинжээчийг  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд 15.1.4-т зааснаар хориглосон  шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах ажиллагааг явуулж дүгнэлт гаргасан гэж үзэх эргэлзээг үүсгэж байна. 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг “...хуучин шарх дээр цохисон. Тэгэхээр тэр гэмтэл нь гүн харагдаж байгаа. Хуучин эдгэж байсан гэмтэл дээр цохисон учраас гүн гэмтэлтэй болсон...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа  “...Хэргийн хүрээнд авагдсан талийгаачид учирсан гэмтлийн хэлбэр, хэмжээ тогтсон тав, нөхцөл байдлыг илүү анхаарч үзээрэй...хуучин шарх дээр нэмж цохисон гэж үгүй юм. Хуучин шарх нь духан дээр байгаа...” гэж талийгаачийн нүүрэн тус газар учирсан гэмтлийн талаар, талийгаачийн нас барсан байж болох хугацааны талаар прокурор “...нэг нь нас барсан байдалтай олдсон, ...Аль хэдийн талийгаачийг өнгөрчихлөө гэдгийг мэдсэн хүн бол Н.А  байгаа....”  гэж  мэтгэлцсэн.

Шүүгчийн “...Үхлийн цохилт авсан, энэ цохилтоос  хойш талийгаач хэдэн хугацаанд амьд явах боломжтой байсан бэ?...” гэсэн асуултад прокурор “... Ийм нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй байсан. Яагаад гэвэл талийгаач өөрөө ухаангүй хэвтэж байсныг дамжлаад оруулсан” гэж хариулсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаачийн нас барсан хугацаа, түүний нүүрэн тус газар учирсан гэмтлийн аль нь шинэ, аль нь хуучин байсан, талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл юунаас учирсан байж  болох зэрэг нь тогтоогдохгүй байна. Шийтгэх тогтоолд “хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцос зөөх, цогцсын ерөнхий байдлыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди /CD/ 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй” гэж заасан боловч уг бичлэг нь давж заалдах шатны шүүхэд хэргийн хамт ирээгүй учраас хэргийн бүх үйл ажиллагаа шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянах боломжгүй байна.  

  1. Шийтгэх тогтоол ойлгомжтой, эргэлзээгүй бичигдэж чадаагүй байна.

Шүүх тогтоолдоо амь хохирогч Д.Б , шүүгдэгч Н.А нарын хооронд таарамжгүй харьцаа үүсэж, Н.А нь Д.Б г дагуулан гарч, хашааны гадна гараараа цохисон, цохисны улмаас амь насанд аюултай гэмтэл учирч Д.Б гийн амь хохирсон үйл баримт тогтоогдсон гэх дүгнэлт хийсэн боловч энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар бичээгүй байна. /хэргийн 2 дугаар хавтас, 122 дугаар хуудас/

Мөн шүүх тогтоолдоо Н.А гийн“... хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзлээ” гэж бичсэн байх боловч “дараах” гэх нотлох баримтад хамаарах нотлох баримтыг заагаагүй байна. /хэргийн 2 дугаар хавтас, 123 дугаар тал/

Түүнчлэн нэмэлт, дахин шинжилгээ хийгдсэн байхад аль дүгнэлтийг хэрэгт авагдсан ямар баримттай харьцуулан нүүрэн тус газарт цохисны улмаас амь хохирсон гэж үзсэн нь тодорхойгүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн унаснаас цус харвасан байж болох, талаар мэтгэлцэж буй мэдүүлэг, тайлбарыг няцаасан дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байна.

Мөн мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь хэрэгт ач холбогдолтой ямар үйл баримтыг тогтоож байгаад шүүх дүгнээгүй байна.

Тухайн учрал болохоос өмнө тэнд байсан хүмүүс нөгөө гэрт орж гарсан үйл баримт тогтоогддог боловч хэн, хаана, ямар хугацаагаар байсан зэрэг тухайн цаг мөчид байсан гэрч нарын байршлыг нарийвчлан тогтоох нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой байж болохыг шүүх анхаараагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг тодруулаагүйгээс гадна шүүхийн шийдвэр мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан шаардлагыг хангасан, энэ зүйл, хэсэгт заасан дарааллын дагуу үйлдэгдэж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШТ/06 дугаартай, шүүх хуралдааныг завсарлуулж, Н.А д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн тогтоолд шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Г.Мөнхбат гэж гарын үсэг зурагдсан боловч уг тогтоолын удиртгал хэсэгт шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Г.Мөнхбат нарын нэрийг бичээгүй байх тул уг шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1828000000013 тоот эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА