Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00011

 

 

 

 

 

“Ц Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03854 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 471 дүгээр магадлалтай,

“Ц Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

БЗД-ийн ЗДТГт холбогдох

Хохирол, олох байсан орлогод 245 068 739.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2010 онд Төрийн банкнаас 196 000 000 төгрөгийн зээл авч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 м.кв газартай, 312 м.кв үйлчилгээний талбай бүхий Солонгос рестораныг 2014 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Дүүргийн мэргэжлийн хяналтын газраас уг ажлын байрыг шаардлага хангасан гэж дүгнэж байсан. 2011 онд хуулийн дагуу рестораны тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар авч, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 онд 41 000 000, 2012 онд 63 300 000 төгрөг, 2013 онд 65 700 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр улиралд 9 500 000 төгрөг, 2014 оны 2 дугаар улиралд 0, 2014 оны 3 дугаар улиралд 0, 2014 оны 4 дүгээр улиралд 5 100 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр улирлаас хойш одоог хүртэл 0 төгрөгийн борлуулалтыг хийсэн байна. Жил ирэх тусам үйлчлүүлэгчид болон компанийн борлуулалтын ашиг нэмэгдэж байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийг сунгаагүйгээс компанид эдийн засгийн хүнд нөхцөл үүссэн. 2013 онд зөвшөөрлөө сунгуулахаар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст очиход рестораны гадуур хашаа барьсны дараа сунгана гэсэн тул хашаагаа барьчихаад дахин очтол энэ жилийн зөвшөөрөл сунгах хугацаа дууссан тул 2014 оны 4 дүгээр сард зөвшөөрлийг асуудалгүй сунгаж өгнө, тэр хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн тул зөрчил гаргалгүй рестораны үйл ажиллагаагаа явуулсан. Ресторандаа их засвар хий гэх мэт олон өөр, өөр шаардлага тавьж хүндрэл учруулж байсан тул ажилчдаа халж, зээл төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээний эхлэх дуусах оны цифрийг штрихээр дарсан ойлгомжгүй, зөвхөн пиво, вино зарах кафегаар ажиллах эрхтэй гэрээ өгсөн ба үүнийг үндэслэн үйлчилгээ эрхлэх боломжгүй, нотариатаар батлуулах боломжгүй байсан. Хуульд заасан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллагаас 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, сунгах асуудлыг шийдвэрлээгүй. Үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалтай болж их хэмжээний алдагдалд орж, компани дампуурахад хүрсэн. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүххариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн. Иймээс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гарсан бүх зардал, олох байсан орлогод нийт 245 068 739.3 төгрөгийг БЗД-ийн ЗДТГаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус үйлдлийг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоосон гэжээ. Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нь “Ц Х”ХХК-ийн өргөдлийг хуулийн хугацаанд захирагчийн ажлын албанд танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон. Тусгай зөвшөөрлийг захирагчийн ажлын алба олгодог тул захиргааны хэргийн 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийг олгоогүйгээс бид олох ёстой байсан ашгаа алдсан, зардал гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт “Ц Х”ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг эрх бүхий этгээдэд танилцуулснаар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны үүднээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сэргэх боломжтой гэжээ. 141 666 000 төгрөг ямар хугацаанд олох ёстой байсан орлого гэж шаардаж байгаа, хариуцагчийн ямар хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол зэрэг нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүсэх үндэслэл нь хариуцагчид гэм хор учруулсан үйлдэл, хохирол, үйлдлийн улмаас учирсан шалтгаант холбоо юм. Хугацаа сунгах тухай хүсэлт гаргаснаас хойш хариуцагч 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад аттестатчиллын шалгалтыг компаниас гаргасан өргөдлийг шийдвэрлэх эсэхтэй холбоотойгоор хийж, 93 оноо авах ёстой байснаас 53.6 хувьтай дүгнэгдсэн. Энэ үнэлгээний дүнтэй нэхэмжлэгчийн төлөөлөгч танилцаж, гарын үсэг зураад зөвшөөрсөн. Аттестатчиллын шалгалтаар тогтоосон стандартын шаардлага хангаагүй байсан тул олох ёстой байсан орлогыг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас гарсан цэвэр бохир усны зардал, интернетийн зардал, утасны төлбөр, банкны зээлийн хүүгийн зардалд 106 402 073 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь дээрх зардал нь нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарч гарах зардал юм. Олох байсан орлого, зайлшгүй гарах ёстой зардал гэж тус тусд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах нь зүйтэй. Учир нь уг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хариуцагчийн эрх зүйн хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй гэсэн байна. Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татсан бөгөөд өмнө хүсэлт гаргаад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 7 дугаар тогтоолоор батлуулсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг нотлох баримтаар гаргуулсан. БЗД-ийн ЗДТГ нэхэмжлэгчийн маргаж буй асуудалтай холбоогүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодоггүй тул хариуцагч биш. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийг солих боломжтой гэж үзэж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан журмаар Засаг даргын Тамгын газар олгодоггүй, харин Худалдаа үйлчилгээний зөвлөлөөс олгодог гэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор А.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал гурван шатны захиргааны хэргийн шүүхээр хариуцагч талын зөвшөөрлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээс манай байгууллагад хохирол учирсан гэжээ. Захиргааны хэргийн шүүхээр хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй болох нь буруутайг тогтоосон. Үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгоогүй гэж шийдвэрлээгүй. Заавал тусгай зөвшөөрөлтэй бол үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөл олгоогүй тул үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Хариуцагч тал зөвшөөрөл олгосон боловч ирж аваагүй гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал асуудлыг шийдвэрлэсэн атал нэхэмжлэгч тал авахгүй, 3 жил явж байгаа. 2014-2016 онд олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй эсэх, Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа нь буруутай гэж үзсэн бол хууль зүйн хувьд нээлттэй байсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03854 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 300 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 471 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очир хяналтын гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн олох ёстой байсан орлогыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...үйл ажиллагаа бүтэн явуулсан 2011-2013 оны санхүүгийн тайлангаас үзэхэд алдагдалтай буюу татварын дараах ашиг нь хасах дүнтэй гарсан, олох байсан орлого гэдэг нь татварын дараах цэвэр ашгаар бодит хохирлыг тооцох үндэслэлтэй...” гэх зэргээр дүгнэсэн байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу бодит хохиролд бодитоор гарсан зардлууд болох 103 402 073 төгрөг, олох ёстой байсан орлогод 141 666 666 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардлага гаргасныг хооронд нь хольж хутган тайлбарласан байхын зэрэгцээ бодит хохирол гэдгийг бол ашгийн дараах ашгаар тооцох үндэслэлтэй боловч олох ёстой байсан орлого гэдгийг татвар төлсний дараах ашгаар тооцох нь дээрх хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ашиг гэдэг нь тайлант хугацааны олсон орлого гаргасан зардлын зөрүүгээс 10 хувийн татвар авсны дараах ашгийг цэвэр ашиг гэдэг, харин орлого гэдэг нь тухайн татварын жилд татвар ногдох аливаа орлого олсныг орлого гэж ойлгодог. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс дүгнэхдээ “...2011-2013 оны татварын тайлангаас үзэхэд, тус хуулийн этгээдийн татвар төлсний дараах ашиг хасах дүнтэй буюу ашиг, орлого нь эерэг үзүүлэлттэй гарсан гэж үзэхээргүй байна, энэ хугацаанд нэхэмжлэгч орлого олох байсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд олох байсан цэвэр ашгийг хариуцагчаас нэхэмжлээгүй, харин олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байхад орлого олоод тэрнээсээ зардал гаргаад татвараа төлөөд үлдсэн ашгийг тооцон гаргуулж нэхэмжилж байгаа мэтээр дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл олох байсан орлого гэдэг нь хариуцагч байгууллагаар дамжин эрх бүхий этгээдээс олгогдох тусгай зөвшөөрлийг үндэслэн үйл ажиллагаа явуулснаар бодитоор тус компанид орж байгаа мөнгө бөгөөд түүнийгээ л хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас алдсан учраас энэхуү нэхэмжлэлийг гаргасан Хэрвээ ашиг гэж ярьж байгаа бол гарсан зардлын баримтууд ч хэрэгт авагдсан олох ёстой байсан орлогын хэмжээ ч тодорхойлогдсон байхад тэрний зөрүү нь ядаж ашиг байна гэж үзэх боломжтой байхад бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд нь дээрх олсон орлогоосоо ямар хэмжээний зардал гаргах нь тухайн этгээдэд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд олсон орлогоо зарцуулаад, түүнээсээ улбаалаад татвараас хасагдах дүнгээ тооцоод үлдэх олсон орлогодоо хамаарах татвараа улсдаа тушаасны дараа мөнгө үлдвэл тэр нь цэвэр ашигт тооцогдож, үлдээгүй байсан ч орлогоороо зардлаа нөхөж ажиллах нь компани, хуулийн этгээдийн үндсэн зарчим юм. Нэхэмжлэгч компанийн хувьд 2011-2013 оны хооронд дунджаар 170 орчим сая төгрөгийн орлого олж, түүгээрээ компанийн эрхэлдэг үйл ажиллагаа болох ресторандаа хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, үйл ажиллагаагаа сайжруулж, улам их ашиг олох үүднээс тоног төхөөрөмж, тавилга худалдаж авах, засвар үйлчилгээ хийх, удирдлагын зардлыг нэмэгдүүлэх зэргээр зарцуулсан бөгөөд энэ онуудын татварын тайлангаас олсон орлого нэмэгдэхийн хэрээр гарсан зардлын хэмжээ дагаад асар ихээр өсөж байгааг харж болохын зэрэгцээ үйл ажиллагаа явуулаагүй жилүүдийн татварын тайлангаас орлого буурахыг дагаад зардал ч буурсан байгааг харж болно. Ер нь татварын тайлан гэдэг нь нийт ашиг алдагдал нь хасах дүнтэй байсан ч орлого олоогүй гэх утга биш бөгөөд олсон орлого байна, гарсан зардал байна, түүний зөрүүгээр тооцогдох ашиг олсон уу үгүй юу гэдгийг татварын байгууллагад харуулдаг баримт, түүнийг нь татварын байгууллага үзээд хэрэв ашигтай ажилласан бол татвараа тооцож ногдуулдаг баримт юм. Нэхэмжлэгч компанийн хувьд 2011-2013 оны хооронд бодит байдал дээр орлого олоогүй гэж үзэж байгаа бол яаж, хаанаасаа 170 сая төгрөгөөс давсан зардлыг гаргах билээ, 100 гаруй м.кв талбайтай рестораны үйл ажиллагааг яаж 3 жил тасралтгүй явуулсан байх вэ гэдгийг тооцож үзэж, дүгнэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иргэний хуулийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн болохоос биш олох байсан орлогоос зардал, татварыг хасаад үлдсэн ашгийг нэхэмжлэх эрхгүй, шүүхэд тийм нэхэмжлэл ч гаргаагүй бөгөөд гагцхүү олох байсан орлогоо үйл ажиллагаа явуулсан 2011-2013 оны татварын тайлангийн борлуулалтын орлогоор тооцож нэхэмжилсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал нэхэмжлэгч нь 141 666 666 төгрөгийн орлого олох ёстой байсан бөгөөд түүнээсээ урсгал зардал болон бусад шаардлагатай зардлаа төлөөд явах байтал хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан уг зардлуудаа нөхөж чадахгүйд хүрч хохирч байгаа гэдэг үүднээс олох байсан орлогоо нэхэмжилснийг шүүхээс хуульд заасан нэр томъёог тайлбарлан хэрэглэхдээ үгийн шууд утгаар нь ойлгох хэрэглэх талаар хуульд тусгайлан заасныг зөрчиж, орлого гэдгийг ашиг гэдэг үгтэй дүйцүүлэн тайлбарласан нь үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд компани, хуулийн этгээдийн санхүүгийн байдлыг дүгнэхэд уг татварын тайлангийн ганцхан үзүүлэлтээр нь дүгнэх боломжгүй бөгөөд компанид орлого орж ирсэн ч тэр орлогоороо компани оршин тогтнохын тулд заавал төлөх ёстой татвар, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зайлшгүй зардлаа төлж байж цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг тул зардлаа төлж ажилладаг нь түүнийг орлогогүй гэж үзэж үндэслэл биш юм. Хамгийн ойрын тод жишээ дурдахад Улаанбаатар хотыг бүхэлд нь цахилгаанаар хангаж, Улаанбаатар хотын бүх иргэдээс цахилгааны төлбөрийг сар бүр тогтмол авдаг байгууллага гэхэд л тухайн жилдээ хүчин чадлын өргөтгөл эсхүл томоохон засвар үйлчилгээ хийхэд л татварын тайлан нь тухайн жилдээ хасах дүнтэй гардаг байхад уг цахилгаан станцад жилдээ 12 удаа буюу сар бүр цахилгааны төлбөрөө айл бүр төлсөөр л ирсэн байдаг, орлого орсоор байсан байдаг бөгөөд түүгээрээ гарсан зардлаа төлж ажилладаг. Мөн автомашин лизингээр худалдан авч, таксинд явдаг иргэд ашгаа хураахаасаа урьдаар таксинд явсан мөнгөөрөө /орлогоороо/ автомашиныхаа үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд хийдэг бөгөөд орлого олоогүй бол тэр үйлчилгээг хийх боломжгүйн зэрэгцээ лизингийн төлбөр, орлогоороо үйлчилгээ хийсэн төлбөр зэргээр зарлага нь өссөн хэдий ч түүнийг орлого олоогүй гэх боломжгүй байдагтай энэхүү иргэний хэрэг яг адил байгаа юм. Түүнчлэн шинжээчээр томилсон эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлд дурдсан хэмжээний орлогыг олох боломжтой байсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж, түүнтэй хариуцагч маргаагүй бөгөөд гагцхүү хариуцагчаас болж нэхэмжлэгч нь хохироогүй буюу олох байсан орлогоо алдаагүй, шалтгаант холбоо байхгүй талаар зөвхөн маргасныг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид учирсан хохирол, хариуцагчийн хууль бус үйлдэл 2-ын хооронд шалтгаант холбоо байхгүй гэж маргасан бөгөөд хохирлын хэмжээний талаар огт маргаагүй болно. Иймд шийдвэр, магадлалуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “...олох байсан орлого 141 666 666 төгрөгийг гаргуулах” гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ц Х”ХХК нь хариуцагч БЗД-ийн ЗДТГт холбогдуулан БЗД-ийн ХҮХийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохиролд 245 068 739 төгрөг гаргуулах нэхэмжлэл  гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо цэвэр, бохир усны зардал 2014 оноос 2016 онд 168 289.02 төгрөг, нийт 551 500.27 төгрөг, шатахууны зардал 2014 оноос 2016 онд нийт 4 986 500 төгрөг, Төрийн банкны зээлийн хүүд 2014 онд 2016 онд нийт 80 226 012.09 төгрөг, интернетийн зардалд 2014 оноос 2016 онд нийт 276 000 төгрөг, цахилгааны зардалд 2014 оноос 2016 онд нийт 5 392 620 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал 2014 оноос 2016 онд нийт 10 802 750 төгрөг, гар утасны зардал 2014 оноос 2016 онд нийт 1 166 690 төгрөг, бүгд 103 402 073 төгрөгийн зардал, 2011-2013 онд жилд дунджаар 56 666 666 төгрөгийн орлого олж байсан, уг дүнгээр тооцвол тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй 2,5 жилийн хугацаанд олох байсан орлого 141 666 666 төгрөг нийт 245 068 739 төгрөг гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0219 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор /2-р хавтас 417-433/ “Ц Х”ХХК-ийн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд танилцуулж, шийдвэрлүүлээгүй Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон байна.

Хариуцагчийн гэм буруу тогтоогдсон боловч нэхэмжлэгчид учирсан хохирол, хариуцагчийн үйлдэл хоорондоо шалтгаант холбоогүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх замаар гэм хорыг арилгаж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ. Өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, тэрчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон ба гэмтээсэн бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого хохиролд тооцогддог байна.

“Ц Х”ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 26 947 578 төгрөг /хх2-396/, 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 10 173 783 төгрөг /хх2-385/, 2014 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 26 682 043 төгрөг /хх2-381/ -ийн алдагдалтай ажиллаж байсан боловч үйл ажиллагааны зайлшгүй зардлаа төлдөг байснаас гадна тоног төхөөрөмж, эд хөрөнгөө нэмэгдүүлж хөрөнгөө сайжруулж байсан, үүний улмаас орлого нэмэгдэж байсан талаар маргаж, санхүүгийн тайлан, шинжээчийн дүгнэлт баримтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь алдагдалтай ажиллаж байсан хэдий ч тогтмол зардлуудыг үйл ажиллагааны орлогоос төлдөг байсан нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлээс 2014, 2015 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 7 561 925 төгрөгийг үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр төлөх боломж байсан, хариуцагчийн буруугаас үйл ажиллагаа явуулж, төлөх боломжгүй болсноор татварыг өөрөөсөө гаргах нь эд хөрөнгийн алдагдал болох тул хохиролд тооцогдоно гэж үзнэ. Энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт орууллаа. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр кафе ажиллуулах тусгай зөвшөөрөл олгогдсон байхад нэхэмжлэгч аваагүй байх тул 2016 оны хохирлыг гаргуулах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заажээ. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 7 561 925 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 471 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03854 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч БЗД-ийн ЗДТГаас 7 561 925 төгрөгийг гаргуулж “Ц Х”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 237 506 814 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй олгосгуай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “1 383 300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй...” гэснийг “1 383 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 866 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА