Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0557

 

 С.Ш*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагч Г.Э******* нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ш*******ын нэхэмжлэлтэй, Х*******,*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х*******, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х*******, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ш*******ын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг Х*******, аялал жуулчлалын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х*******,******* Г.Э******* давж заалдах гомдолдоо: Төсвийн шууд захирагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалыг хууль бус гэж үзэн, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар ажилд томилогдоогүй Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагч С.Ш*******т байгууллагын цалингийн сангаас цалин хөлсийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Байгаль хамгаалагч С.Ш******* нь 2016 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх “байгаль хамгаалагчийг сумын Засаг дарга томилох нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалаар байгаль хамгаалагч С.Ш*******ыг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт болон 1 албан хаагчийг 2 байгууллага зэрэг томилох хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул ажлаас чөлөөлсөн.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “төсвийн шууд захирагч цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, албан хаагчдын цалин хөлсийг тогтооно” гэж заасан тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар томилогдоогүй албан хаагчид цалин олгож, хангалт эдлүүлэх нь хуульд нийцэхгүй. Иймд С.Ш*******ыг Төсвийн тухай хуулийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

С.Ш*******ыг томилсон сумын Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа тул түүний үүрэгт ажлаа гүйцэтгэх үйл ажиллагаа хэвээр үлдсэн. Иймд ажилласан цалин хөлсөө сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх хэрэгтэй.

Шүүхийн шийдвэрт Төсвийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулахгүй гэжээ. Гэвч уг хууль нь хөдөлмөрийн харилцааны салшгүй хэсэг бөгөөд цалин хөлс болон бусад төсөвтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Цалин хөлс болон бусад хангалтыг эдлүүлж байгаа тухайн байгууллагын төсвийн шууд захирагч нь албан хаагчдаа томилж, тэдгээрт хяналт тавьж ажиллах нь амьдралд илүү нийцнэ.

Байгаль хамгаалагчид сумын Засаг даргын захирамж болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар зэрэг томилогдож байсан нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь сумын Засаг даргын томилсон байгаль хамгаалагчийг Байгаль орчин,******* давхар томилох ямар ч зохицуулалт байхгүй.

Мөн шүүхийн шийдвэрт өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь илт хууль бус гэжээ. Гэвч энэ нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудал огт биш. Учир нь байгаль хамгаалагчид нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд ажиллаж, аймгийн Засаг даргын 2015 оны “Бүтэц дүрэм батлах тухай” Б/18 дугаар захирамжийн 2.4, 2.7.4 дэх заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар томилогдож, чөлөөлөгдөж, тус байгууллагаас цалин хөлс авдаг. Мөн Байгаль орчин,*******тай үр дүнгийн гэрээ байгуулж дүгнүүлдэг. Иймд байгаль хамгаалагч С.Ш*******ыг өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн гэх нь үндэслэлгүй.

Байгаль орчин,******* нь төсвийн шууд захирагч бөгөөд Төсвийн тухай хуулийг мөрдөн хэрэгжүүлж, байгууллагын албан хаагчдыг томилох, чөлөөлөх, томилогдсон албан хаагчтай Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэх, ажиллах нөхцөлөөр хангах бүхий л асуудлыг шийдвэрлэх эрх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 425 тоот тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог тогтоосон бөгөөд сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын орон тоонд багтааж бүтэц, зохион байгуулалтаа захирамжилж, ажиллах албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах, төсвийн болон бусад хуулийг мөрдөн хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэвч сумын Засаг дарга одоог хүртэл бүтэц орон  тоог тогтоосон  захирамж гаргаагүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байгаль хамгаалагчдын орон тоо, цалингийн сан байгаа учраас Төсвийн тухай хуулийн дагуу Байгаль орчин,******* байгаль хамгаалагч нарыг томилж чөлөөлж цалин олгож, ажиллах нөхцөлөөр хангаж байсан ч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагч С.Ш*******ыг томилсон сумын Засаг даргын шийдвэр шүүхийн шийдвэрээр хэвээр үлдсэн тул тэрээр тухайн сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах нь зүйтэй” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагч Х*******, аялал жуулчлалын газрын даргыг өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Ш*******ыг ажлаас чөлөөлсөн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-д заасантай нийцэхгүй байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын байцаагчийг дараах байдлаар томилж, чөлөөлнө” гээд 4-д “байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга” гэж заасны дагуу тухайн сумын Засаг дарга байгаль хамгаалагчдыг томилж, чөлөөлөхөөр зохицуулжээ.

Гэтэл Х*******,******* 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг үндэслэн байгаль хамгаалагч С.Ш*******ыг “сумын Засаг даргын захирамжаар ажилд томилогдсон нь шүүхийн шийдвэрээр хэвээр үлдсэн, төрийн албан хаагчийг 2 байгууллага ажилд авах эрх зүйн үндэслэл байхгүй” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасан тул “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар томилогдоогүй албан хаагчид цалин хөлс олгох боломжгүй учир ийнхүү ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлах боловч уг заалт нь Байгаль орчин,*******д байгаль хамгаалагчийг томилж, чөлөөлөх эрх олгосон заалт биш юм.

Ийнхүү Х*******,*******д байгаль хамгаалагчийг томилж, чөлөөлөх эрхийг хуулиар олгоогүй тул С.Ш*******ыг ажлаас чөлөөлсөн Х*******, аялал жуулчлалын газрын даргын тушаалыг илт хууль бус гэж үзнэ.

Мөн шүүхээс С.Ш*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон олгохыг Х*******, аялал жуулчлалын газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН