Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02123

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 27 өдөр                  Дугаар 102/ШШ2017/02123                              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байр, 39 тоот хаягт оршин суух, Шарууд овогт Цэдэндамбын Бат-Эрдэнэ /РД:УЗ73032738/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байр, 12  тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэдэвийн Сувдчимэг /РД:НЫ74031568/-т холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү /ШТҮД: 1986/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Сувдчимэгтэй 2011 оны 4 дүгээр сард танилцаж 2014 оны 3 дугаар сараас эхлэн нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд түүний ээжийн бие тааруу байсан бөгөөд Ц.Сувдчимэг ажил хийдэггүй байсан. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр миний охин Б.Энх-Үжин төрсөн. 2015 оны 9 дүгээр сар хүртэл Ц.Сувдчимэг охиноо гэртээ харсан. Гэтэл 9 дүгээр сараас эхлэн "...чиний цалин хүрэхгүй байна, би ажил хийнэ" гээд ээжийнхээ гэрийн хажуу байранд үсчин түрээслэнэ гэсэн. Хүүхдээ хэн харах вэ гэхэд ээж дээр оруулж өгч харуулаад байж болно гэсэн. Ингээд би өглөө ажилдаа явахдаа Ц.Сувдчимэгийн ээжид нь охиноо хүргэж өгөөд орой ажлаа тарахдаа аваад харьдаг байсан. Харин Ц.Сувдчимэг их орой ирдэг байсан. Үсчин ажиллуулснаас хойш оройтох нь ихэсдэг болсон. Би энэ байдлыг нь ажлын шаардлага гэж ойлгож юм хэлдэггүй байсан. Гэтэл оройтох нь улам ихэсч хааяа согтуу ирж хэрүүл хийдэг болсон. Шөнө 11, 12 цаг өнгөрч байхад ажил дээр хүн хүлээж байна гээд ирдэггүй байсан. Би түүнд "... шөнийн 12 цаг өнгөрч байхад хүн үсээ засуулна гэж юу байх вэ. Эртхэн гэртээ ирж охин бид хоёртой хамт бай" гэж хэлдэг байсан. Ингэж хэлэхэд ажил хийлгэхгүй байна гэж уурлаж маргаан үүсгэдэг байсан. Энэ ярианаас болж оройтох нь бүр ихэсч согтуу ирж агсам тавьж охиныг унтаж байхад нь сэрээж айлгадаг болсон. Нэг орой ирэхэд нь шаардлага тавихад уурлаж хашгичсан. Тухайн үед би согтуу байгаа юм болов уу гэж бодоход архи үнэртэхгүй байсан болохоор уурандаа ингэж байна гэж бодсон. Маргааш өглөө нь охиноо аваад явна гээд хувцас хунараа бэлдээд тавьчихсан байсан. Тэгээд гарч яваад үүдэнд охиноо тэврээд суугаад байхаар нь ээжийнд нь хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө орой ирж охиноо авна гэж хэлсэн. Ээжийндээ байх хугацаандаа “...охиныг маань авах юм бол чамайг цагдаад” өгнө гэж сүрдүүлдэг байсан. Нэг өдөр охин таталт өгөөд байна гэж залгасан. Тэгээд очиход түүний ээж нь ”..Ц.Сувдчимэг согтуудаа аваад шидчихээгүй байгаа даа” гэж хэлж байсан. Ингээд охиноо авч яваад эмнэлэгт хэвтүүлээд 7 хоногийн дараа гарсан. Түүнээс хойш өглөө надас түрүүлээд гараад явчихдаг болсон. Тийм болохоор би охиноо хараад гэртээ үлдэж ажлаа хийж чадахгүй байдалд хүрсэн. Ажилдаа явахын тулд сарын 400,000 төгрөгөөр хүүхдийн асрагч авч охиноо харуулж байсан. Энэ хугацаанд би ажлаасаа ирээд асрагчийг явуулаад охинтойгоо 2-уулаа цагийг өнгөрөөдөг байсан. Харин Ц.Сувдчимэг өглөө гараад явна. Шөнө оройгоор ирэх нь бүр ихэссэн. Ингээд маргаан гардаг байсан. Асрагч маань 4 сараас эхлэн хүүхэд харах боломжгүй болсон. Дахин асрагч олъё гэж бодож хэсэг хугацаанд Ц.Сувдчимэгийн ээжийнд аваачиж өгч өмнөх шигээ байдалтай байдаг байсан.  Гэтэл нэг өдөр Ц.Сувдчимэг “..ээж ядраад байна. Хүүхэд харж чадахгүй. Тэгэхээр нэг бол чи ажлаасаа гар, эсхүл асрагч ол” гэсэн. Ингээд нь 5 дугаар сараас охиноо хувийн цэцэрлэгт өгсөн. 9 дүгээр сараас эхлэн Ц.Сувдчимэгийн түрээслэж байсан үсчингийн газар нь цааш түрээслэхгүй болж бид хоёр түүнд ажил хайж эхэлсэн. Ц.Сувдчимэг нь БНСУ руу явж ажиллана гэсэн. Эхний удаа виз мэдүүлж татгалзсан хариу авсан. Дахин нэг орж татгалзсан хариу авбал ажилд орно гэсэн. Тэрээр ажилгүй байх хугацаандаа ч гэсэн охиноо асарч халамжилж байгаагүй. Өдөржин гэртээ байж байгаад намайг ирэхээр зөрөөд гарч яваад найз нөхөдтэйгөө нийлж архи ууж согтуу ирдэг байсан. Би энэ байдлаас залхаж сүүлдээ юм хэлэхгүй чимээгүй байдаг болсон. Охин маань ээжтэйгээ унтдаггүй хөндийрсөн байсан. Ингээд Ц.Сувдчимэг дахин виз мэдүүлж татгалзсан хариу авсан. Би түүнд “...ажил хайгаад ажил олж хийх хэрэгтэй” гэхэд гадагшаа л явна гэдэг байсан. Ц.Сувдчимэг нь өөрөө том болсон 2 хүүхэдтэй юм. Согтуу үедээ “... би 2 хүүхэдтэй хүн. Наад хүүхэд чинь надад хэрэггүй” гэдэг байсан. Тэр хүний хувьд манай гэр орон ирж амардаг, шарталт, хордлогоо тайлдаг л газар байсан. Түүний ар гэрийнхэн нь биднийг зүгээр болж бүтээд амьдраад байна гэж боддог байсан. Учир нь би гэрийнхэнд нь өөрийнх нь байгаа байдлын талаар хэлдэггүй байсан. Шөнө согтуу орж ирж агсам согтуу тавьдаг байсан тул би охиноо дарамт хүчирхийлэлд өртөж байна гэж бодсон. 2016 оны 11 дүгээр сард нэг шөнө согтуу залгаад “... би шөнийн клубт байна” гэхэд нь би түүнд “..чиний энэ байдал хэрээс хэтэрч байна. Чи нэг бол наад хүмүүстэйгээ нийлээд бид хоёроос сал, нэг бол наад хүмүүсээ орхиод гэртээ бай” гэхэд за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд шөнийн 3 цагт ирсэн. Би юу ч хэлэлгүй хаалга тайлж өгөөгүй. Түүнээс хойш дахиж ирээгүй. Тусдаа байх хугацаанд охинтойгоо уулзмаар байна гэхэд нь би байнга уулзуулдаг байсан. Аваад ир гэхэд нь аваачиж өгдөг байсан. Заримдаа өөрөө ирж уулздаг байсан. Сүүлд 6 дугаар сарын 23-ны өдөр БНСУ руу явахаар боллоо гэхэд нь 21-ний өдөр сүүлийн удаа охиноо аваачиж уулзуулсан. Энэ бүхнээс шалтгаалж бид хамтран амьдрах боломжгүй болсон. Би охиноо цэцэрлэгт бүртгүүлэх гэхээр өөр хорооны хүүхэд бүртгэхгүй гээд авдаггүй. Мөн төрийн өөр бусад үйлчилгээ авах асуудал дээр боломжгүй болоод байгаа тул охиноо өөрийн асрамжинд авах нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь өөрийн биеэр ирж нэхэмжлэлийг гардан авч хэргийн материалтай танилцсан. Мөн хариу тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Ц.Сувдчимэг нь охин Б.Энх-Үжингийн төрсөн эх нь мөн учир эргэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь үлдээж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ нь хариуцагч Ц.Сувдчимэгт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Сувдчимэг нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.

Зохигчид 2011 онд танилцаж, 2014 оны 3 дугаар сараас  хамтран амьдарсан ба 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Энх-Үжинг төрүүлсэн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч охиныг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна. Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс тусдаа амьдарч байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу төрсөн цагаасаа эцгийн  асрамжид байгаа, хариуцагч нь асрамжийн талаар тайлбар ирүүлээгүй зэргийг харгалзан 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Энх-Үжинг эцэг Ц.Бат-Эрдэнийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

            Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Энх-Үжинг эцэг Ц.Бат-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

2.  Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сувдчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ