| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02509/И |
| Дугаар | 2280 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, өөрийн байранд байрлах, “МТ петролиум” ХХК /РД: 5043913/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 62 дугаар байр, 47 тоотод оршин суух, Нарванчин овогт Чимэдбаатарын Лхагвасүрэн /РД: ЧП79051678/-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Жей Кей Си" ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 52/14 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу шатахуун худалдан авсан. Тус компани нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 62 дугаар байр, 47 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөртөө тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр уг орон сууц нэхэмжлжгч “МТ Петролиум” ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Уг орон сууцанд хариуцагч Ч.Лхагвасүрэн нь өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 62 дугаар байр, 47 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаарө байрны 47 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд нэмэмжлэгч “МТ петролиум” ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар захирамжаар хариуцагч “Жэй Кэй CM” ХХК болон нэхэмжлэгч “МТ петролиулм” ХХК нар нь график гарган эвлэрч захирамж гаргуулсан байдаг. Дээрх захирамжинд миний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулах, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар загаагүй бөгөөд тус 2 компанийн өр төлбөрийн асуудалыг шийдсэн. Дээрх шүүгчийн захирамжинд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах ажиллагаа явуулсан. Гэтэл нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-ийн зүгээс хүсэлт гарган танай компани барьцаа орон сууцыг манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөөд 2017 оны 5, 6 дугаар сард манай компанид барилгын ажил гүйцэтгэж дуусаад буцаан шилжүүлэн ав гэж “Жэй Кэй Сй” ХХК-д хандсан. Үүний дагуу Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу өмчлөж буй миний өмчлөлийн орон сууцыг ямарч зөвшөөрөлгүй “Жэй Кэй Сй” ХХК нь дур мэдэн “МТ петролиулм” ХХК-д шилжүүлсэн нь өмчлөгч миний эрхийг тус 2 компани нь зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд хууль бусаар өмчлөж буй “МТ петролиулм” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК нь хариуцагч Ч.Лхагвасүрэнд холбогдуулан Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоотын орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...миний бие орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын бүртгэлийн Ү-2205011335 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-ийн өмчлөлийн орон сууц мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000574597 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх 12 дугаар тал/
Дээрх орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нь тухай орон сууцыг эзэмших эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзалын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоот орон сууцыг бусдын буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх” хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 47 тоот орон сууцыг хариуцагч Ч.Лхагвасүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН